Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.БААТАРХҮҮ: БИ ТЭР БҮР ХҮНТЭЙ ДОТНОСООД БАЙДАГГҮЙ БҮРЭГ ИЧИМХИЙ ХҮН

Соёлын тэргүүний ажилтан, хошин урлагийн “Эмоци” продакшны Б.Баатархүүг зочноор урилаа. Эгэл гүдэсхэн эр, эрээ цээрээ алдсан архичин, мафийн толгойлогч, марзан атаман гээд олон дүрээрээ үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсэн тэрбээр амьдралын бэрх нугачааг урлагийн буянаар, найз нөхөд, олон түмний хүчээр давсан нэгэн.

-Шинэ жилийн баяраар урлагийнхан завгүй байдаг. Танай продакшн хэчнээн байгууллага хамт олны шинэ жилийн баярт зочилж, инээд хөөр бэлэглэсэн бэ?

-Манай хамт олон өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр шинэ жилийн арга хэмжээгээ эхэлсэн. Харилцагч байгууллагынхаа баярт оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Мөн телевизүүдийн баярын нэвтрүүлэгт оролцож цэнхэр дэлгэцээр үзэгчдийнхээ гэрт зочиллоо.

-“Х-ТҮЦ” продакшны залуу уран бүтээлчид “Эмоци”-ийг байгуулсан. Тэдэнд тань шиг туршлагатай, авьяастай уран бүтээлчийн нөмөр нөөлөг хэрэгтэй байсан болов уу. Тэгээд таныг хамтлагтаа урьсан байх, тийм үү?

– Төтө над руу холбоо бариад “Баатархүү ах аа, дүү нар нь тусдаа гарах гэсэн юм. Та бидэнд туслаад хамт тоглолтод орооч” гэж гуйсан. Бид өмнө нь “Х-ТҮЦ”-д хамтарч явсан, сайхан ах дүүс. Одоо тэдэнтэй хамт тоглоод, гэрээт жүжигчнээр ажиллаж байна.

-“Эмоци” продакшны уран бүтээлүүдээ үзэгчдэд хүргэсээр, өөрийн орон зайтай болчихлоо. Нэлээд тоглолт хийж, олон ангит хоёр ч кино бүтээлээ. Гэхдээ шинэ юм эхэлнэ гэдэг хэцүү?

-Өөрсдөө бие дааж гараад, толгой мэдэж тоглолт зохион байгуулна гэдэг маш хэцүү л дээ. Манай хамтлагт олонд танигдаагүй шинэ залуучууд бий. Бүжигчид, тайз засалчид гээд олон хүнээс бүрддэг. Тэр бүх хүн Төтө, Нарансолонго, Тэмка би дөрвийг л харж байгаа шүү дээ. Хамтлагаа байгуулаад бид Спортын төв ордны хажууд нэг жижигхэн өрөө түрээсэлсэн юм. Нэг ширээ, компьютер, буйдан тавиад л зайгүй болсон. Ариун цэврийнхээ өрөөнд жижиг сажиг зүйлээ оруулаад овоолчихсон. Бүгдээрээ тэр өрөөндөө орж багтахгүй. Зун байсан болохоор залуус гадаа бэлтгэлээ хийгээд л бид дотор бэлдээд л. Тайзан дээр тавих аяга таваг, сандал ширээ гээд жижиг хэрэглэл байхгүй. Өмсөх тайзны хувцас ч байхгүй хэцүү л эхэлж байлаа. Тэгээд дээр нь тоглолтын танхим олдохгүй. Хошин урлагийн тоглолт явуулдаг МҮЭСТО, Соёлын төв өргөөг бусад продакшн жилээр нь түрээслээд авчихсан байсан. Гэлээ ч бид бор зүрхээрээ зүтгэсээр одоо нэг чингэлэг дүүрэн жижиг хэрэглэлтэй, тайзны зөндөө хувцастай, бүгдээрээ багтах өрөөтэй болсон. Тэндээ ус буцалгагч, хөргөгч гээд цахилгаан хэрэгсэлтэй. Бас нэг хоосон төмөр сейфтэй. Уг нь тэндээ мөнгө хадгална л гэж бодож байгаа юм.

-Та урлагийн гараагаа “Х-ТҮЦ” продакшнаас эхэлсэн. Найман жил хамт ажилласан байх аа?

-Тийм ээ, анх “Инээдмийн ТҮЦ”, “Өнгөт инээд” гэсэн хошин урлагийн хоёр хамтлаг байлаа ш дээ. Одоо хошин урлагт хүчин зүтгэж буй, өөр салбарт орсон бүх л уран бүтээлч энэ хоёр продакшнд байсан. Ч.Найдандорж багш маань “Х-ТҮЦ”-ийн тоглолтыг найруулаад явж байхад Аглуу, Дооёо бид гуравт дүр олдохгүй, тийм л олон жүжигчин байсан. Хэрвээ үйлдвэр гэж ярих юм бол энэ продакшн олон мундаг жүжигчнийг төрүүлсэн маш том үйлдвэр. Ааяа эгч, Дооёо, Төтө, Нарансолонго, Тэмка гээд л олон жүжигчин эндээс л гарч ирсэн. Баатархүү анх хэн байлаа, “Х-ТҮЦ”-д ороод уран бүтээлээ туурвиад хэн болсон билээ, энэ бүхэн тэдний минь л ач. Би тэр хамт олондоо баярлаж явдаг.

-Монголд хошин урлагийн про- дакшн байгуулагдаж байх үеийг одоогийнхтой харьцуулахад маш их ялгаа бий биз?

-Хошин урлагийн продакшны тоо нэмэгдэхийн хэрээр өрсөлдөөн бий болж байгаа л даа. Шинэ тоглолтын санаа, тайз засалт, хувцаслалт гээд л. Бүгд л үзэгчиддээ илүү сайн уран бүтээл хүргэхийг хүсэж байгаа. Аль нэг хамтлаг үзүүлбэртээ өвөрмөц хувцас өмссөн бол бид бүр илүү хувцас урлахыг хичээнэ. Нөгөө нэг нь үзэгчдийг зогсоо зайгүй инээлгэсэн бол бид илүү инээлгэхийг хүсдэг. Энэ өрсөлдөөнөөс үүдээд хөгжиж байна л даа. Анх бол тайз засалт гэж хоёр юм уу, гурван хөлтэй микрофон тавиад сандал ширээ байвал байна, байхгүй бол байхгүй. Эрэгтэйчүүд нь нэг цагаан цамц, хар өмдтэй. Эмэгтэйчүүд нь ихэнхдээ халаад өмсдөг, ийм л байсан. Одоо бол үзэгчид интернэтээр маш их мэдээлэл авч байна. Сонин хачин юм үзэж байна. Тухайн үеийнхээсээ өөр болсон. Үүнтэй адил бид ч бас хөгжиж, улам л бүр чанаржиж, жижиг зүйл дээр ч анхаарал хандуулж хөрөнгө зарж эхэлдэг болсон. Жишээ нь тайз засалт гээд л айлын өрөөнөөс эхлээд бүр гудамж хүртэл бэлдэж байна. Ая, дуу чимээг хүртэл маш өндөр түвшинд хийлгэж байна.

-Жүжигчин Хүрлээ, Амбий та гурав “Comedy art” продакшн байгуулж хоёр ч тоглолт зохион байгуулсан. Гэнэт яагаад таг больчихсон юм бэ?

-Тийм ээ. Дооёо, Зулаа гээд нэлээд уран бүтээлчийг гэрээгээр ажиллуулан гурван тоглолт зохион байгуулсан. Цаашдаа уран бүтээлээ туурвиад явах боломж байсан л даа. Даанч хаана тоглолтоо хийх вэ гэсэн танхимын асуудал гарсан. Тоглолтоо хэчнээн бэлдээд ч үзэгчдээ урих заалгүй байсан болохоор яалтай вэ дээ. Тэгээд л тарсан даа.

-Тайз, дэлгэцийн урлагийн хооронд маш том зай бий гэдэг. Гэхдээ та бол өдөр нь киноны зураг авалтад орчихоод л орой нь хошин урлагийн тоглолтод ордог хүн?

-Ч.Найдандорж багш маань бидний суурийг их зөв тавьсан гэж боддог. Аглуу, Дооёо, Ч.Түвшинхүү гээд манай ангийн мундаг жүжигчид байна. Багш маань ангийнхаа хүүхэд нэг бүртэй тулж ажилладаг. Тухайн хүүхдийн зан ааш, дотор хүнд тохируулж хичээлээ заадаг байсан. Тиймдээ ч манай ангийн хүүхдүүд нэг нь ч зам зуур гээгдээгүй, бүгд төгссөн. Ч.Найдандорж багш маань бүх л талаараа төгс хүн. Би Ч.Найдандорж багш шигээ сайн багш болж, олон мундаг шавь төрүүлж, багшийнхаа ачийг хариулахыг эртнээс мөрөөдсөн. Энэ мөрөөдлөө бодит зүйл болгохоор хөөцөлдөж байгаа. Биелнэ гэж итгэж явдаг даа.

-Ардын жүжигчин Г.Мягмарнаран гуай охиноо оршуулсныхаа орой нь “Найрын ширээний ууц” инээдмийн жүжгийн гол дүрд тоглож байсан. Үзэгчдийг инээлгэж инээлгэчихээд тоглолт дууссаны дараа тайзны ард уйлж байсан юм билээ. Он гарахын өмнө танд бас уй гашуу тохиолдсон талаар сонссон. Гэлээ ч та шинэ жилийн баяраар үзэгчиддээ инээд хөөр бэлэглэж, явсан. Үүнийг хараад жүжигчин мэргэжлийн хүнд бэрхийг илүү ойлгож билээ?

-Тийм ээ, он гарахын өмнө аав минь бурхан болсон. Аав минь их өвөрмөц хүн байсан юм. Миний тоглолт киног үзье гэж хэлдэггүй. “Аав аа, та үз” гээд тасалбар аваад очихоор үздэг. Үзсэн хойноо Онон, Аглуу, Дооёо гээд айлын хүүхдүүдийг магтдаг мөртлөө намайг нэг ч удаа магтаж байгаагүй. Тэр үед аав минь миний мэргэжилд дургүй юм болов уу гэж бодоод их гомддог байлаа. Одоо бодоход “Миний хүү илүү хичээ” хэмээн цаанаа урамшуулдаг байж. Энэ сайхан өмөг түшиг болсон хүнээ алдчихаад надад их хүнд байсан. Гэлээ гээд шинэ жилийн баяраар үзэгчдээ хүндэлж баяр дээр нь баяр нэмэхгүй байж болохгүй. Энэ л бидний мэргэжлийн маш том онцлог доо.

-Та “Боолын гэрээ” кинонд Мөнхөөгийн буюу сөрөг талын дүрийг маш чадварлаг гаргасан. Мөн “Аз жаргал ба The bad boy”, “Омарын эрэлд” кинонд сайхан аавын дүр бүтээсэн. Энэ олон дүрээс Баатархүүтэй хамгийн ойр, илүү ойртож чадсан дүр аль нь вэ?

-“Аз жаргал ба The bad boy” киноны аавын дүрийг бүтээхдээ би амьдрал дээр хамгийн сайн мэддэг чаддаг бүхнээ гаргасан. Хэрвээ миний амьдрал ийм байсан бол, би хүүдээ юу гэж захиж хэлэх вэ, хэрхэн яаж хайрлах вэ гэж бодоод өөрөөрөө л тоглосон.

-Монголын кино урлаг мөхлийн ирмэгт ирлээ. Төдийлэн сайн кино гарахгүй байна гэсэн шүүмжлэл их гарсан. Нэг үеэ бодвол уран бүтээлчдийн чансаа сайжирч, сүүлийн үеийн техник хэрэгсэл ашиглан, зураг авалтаа гаднын улсад хийдэг, чанартай кино бүтээдэг болсон?

-Тийм шүү. Арваад жилийн өмнө монгол кино хүндхэн байдалтай болсон уу гэвэл үнэн. Одоогийнх шиг сайн техниктэй студи ховор. Ийм нэг юм болж байсан юм. Нэг л хүн өргөгчтэй. Түүн рүү хоёр найруулагч зэрэг очоод өргөгчийг нь гуйж байгаа юм. Тэгсэн аль илүү мөнгө төлсөн нь түүнийгээ аваад явчхаар нөгөө найруулагч нь “Би чамд бараг жилийн өмнө захиж хэлж байхад” гээд л. Ингэж нэг хүн рүү хоёр гурваараа очиж юм гуйдаг, уран бүтээлчид хоорондоо муудалцдаг үе байсан. Одоо бол олон улсын стандартын камер, техник хэрэгслийг гадаадаас захиж авчран. Уран бүтээлдээ ашигладаг болсон. Энэ бүх техник хэрэгсэл хүрэлцээтэй байдлаа дагаад уран бүтээлийн чанар ч сайжирч байна. Өмнө нь бол хөрөнгө мөнгөгүй болохоор нэг компанийн захирал руу очиж мөнгө гуйдаг. Нөгөө хүн нь тусалж байгаагийнхаа хариуд охиноо, хүүгээ, хамаатнаа нь гээд мэргэжлийн бус хүнийг шахаагаар кинонд тоглуулдаг. Нөгөө хүн нь энэ ч болохгүй байна, би тэгмээр байна гээд кино зохиолд гар хүрдэг, найруулагчийн тавилтыг хүртэл өөрчилдөг тохиолдол байсан. Сүйрлээ, сөнөлөө гэж шүүмжлүүлж байсан Монголын кино урлагийг уран бүтээлчид маань маш богинохон хугацаанд хөл дээр нь босгоод ирлээ шүү дээ.

-Өнгөрсөн онд манай жүжигчид Холливудийн болон Азийн кинонд тоглож гадаадын зах зээлд хөл тавилаа. Манайхны ур чадвар гаднын жүжигчдээс дутахааргүй санагддаг?

-Тийм шүү. Жүжигчин Б.Амарсайхан Холливудад хийсэн “Марко Поло” кинонд монгол баатрынхаа дүрийг бүтээлээ. Жүжигчин Р.Анхням Азийн зах зээлд шуугиан тарьж буй “Чонон сүлд” кинонд тоглолоо. Тэд маань бараг Монголд нэг түүхэн кино хийх хэмжээний цалингаар хөдөлмөрөө үнэлүүллээ. Монгол жүжигчид ямар ч орны кинонд гологдохгүй тоглох авьяас чадвартай. Тулгамдаж буй ганц асуудал нь хэлний бэрхшээл байна. Намайг СУИС-д оюутан байхад жүжигчний ур чадвар болон мэргэжлийн хичээлийг түлхүү заадаг байсан. Миний бодлоор урлагийн сургуулийн оюутнуудад мэргэжлийн хичээлийн хажуугаар англи, орос, хятад хэлийг төрөлх хэл шиг нь зааж сургах хэрэгтэй.


-Та халуун тогоонд нь байдаг хүний хувьд яавал монгол кино Азид болон дэлхийд гарч ирэх талаар боддог уу?

-Зарим хүн монгол киног том орны кинонуудтай харьцуулаад байдаг л даа. Манай уран бүтээлчид үнэндээ мөнгөнийхөө хэмжээнд сэтгэж л кино хийж байна. Ёстой нөгөө баян хүн бэлчээрийнхээ хэрээр ядуу хүн ярныхаа хэмжээгээр гэдэг шиг манай зах зээл гаднынхны дэргэд жижигхэн. Гэлээ ч би кино урлагаа аль болох гэрэл гэгээтэй талаас нь харж, төсөөлдөг. Надад ийм нэг мөрөөдөл байдаг юм. Монголын урдаа барьдаг бүх найруулагч, кино зохиолч, зураглаач, гэрэлтүүлэгч, нүүр будагч, хөгжмийн зохиолч, жүжигчдээс бүрдсэн том баг бүрдүүлж Азид, Холливудад гаргах ганц сайн кино хийе. Жүжигчид нь тэр кинонд үнэрхэлгүй тоглоод өгдөг. Ард түмэн өөр өөрийн боломжоор хандив туслалцаа өгдөг. Зарим хүн төлбөртэй дугаарт мессэж бичээд хандив өргөдөг. Хөдөөгийн нэг малчин кино багийн хоол хүнсэнд нь гээд нэг хонио хандивладаг. Ногоо тарьдаг хүмүүс нэг шуудай төмс өгдөг ч юм уу. Улсаас хөрөнгө мөнгөөр дэмждэг. Ингэвэл уран бүтээлчид ч “Монголчуудын минь сэтгэл юм шүү, хамгийн сайнаараа хийх юм шүү” гээд маш хариуцлагатай ажиллах болно. Олны хүч оломгүй далай гэдэг шүү дээ. Ингэж бүх нийтийн хүчээр хийсэн кино хол явж чадна. Магадгүй муугаар бодоход эхнийх нь бүтэлгүйтлээ гэхэд шуугиан тарина. Бүгдээрээ дахиж хамтраад дахиад нэгийг хийнэ. Тэр кино нь Азидаа бүр дэлхийд шуугиан тарина гэж хүсдэг дээ.

-Маш сайхан мөрөөдөл байна. Хоёулаа сэдвээ урлагаас яриагаа урлагаас жаахан хөндийрүүлж, гэр бүлийн тань талаар ярилцъя. Урлагийнхны ялангуяа жүжигчний арын фронтыг хариуцна гэдэг маш бэрх хөдөлмөр. Ханьтайгаа анх хэрхэн танилцаж, юунд татагдсан бэ?

-Манай жүжигчдийн гэр бүлийн хүмүүс бидний мэргэжлийг ойлгодог болохоор ар гэрээ авч явах ёстой гэсэн бодол бат суусан байдаг. Бид чинь гадаадын улс руу, орон нутаг руу байнга тоглолт, киноны зураг авалтад хэдэн сараар явдаг. Тоглолтын бэлтгэл ажил гэсээр гэртээ байхаасаа байхгүй нь элбэг. Энэ бүх өдөр хоногуудад ардаа санаа зовохгүй ажилдаа бүх анхаарал, хүчээ төвлөрүүлэхэд хамгийн их өмөг түшиг болдог хүн миний хань. Би ханьтайгаа СУИС-ийн оюутан байхдаа танилцсан. Тэр үед эхнэр маань Багшийн дээд сургуулийн оюутан байлаа. Сургуулийнх нь урлагийн үзлэгт би тэдний ангийнхныг давтуулж бэлдсэн юм. Тэгээд анх хараад гар нь надад их таалагдаж билээ. Би нүдээ ч салгаж чадаагүй. Миний хань чинь дуу, зүйр цэцэн үгэнд гардаг шиг тийм гоё сүмбэн хуруутай хүн л дээ. Тэгээд сэтгэл татагдаад бас түүнийгээ шууд хэлж чадахгүй бэлдэж байгаа үзүүлбэрийнхээ гол дүрд тоглуулж, илүү анхаарал тавих зэргээр сэтгэлээ илчилсэн. Эхнэрийн минь анги ч урлагийн үзлэгтээ түрүүлсэн. Бид түүнээс хойш уулзаж, дотноссон.

-Аав хүний үүргээ хэр биелүүлдэг вэ?

-Би хоёр хүү, нэг охинтой. Том хүү маань СУИС-ийн РТДС-ийн оюутан. Бага хүү дунд ангид сурдаг. Охин маань цэцэрлэгт явдаг. Тэднийхээ сургууль, цэцэрлэгт очих, ядаж эцэг эхийнх нь хуралд сууж үзээгүй юм билээ. Том хүү маань “The Colors” гэж амьд хөгжмийн хамтлагтай. Хүүгийнхээ хамтлагийн дуулж байгааг сая үзлээ. Ажил гэсээр ийм сайхан жаргалтай мөчүүдийн хажуугаар тоолгүй өнгөрч гэдгээ ухаарч л суулаа. Мөн охиныхоо шинэ жилд очсон. Өөрөө үзэгч болоод суух, тэр дундаа үр хүүхдээ харах аав хүнд сайхан мэдрэмж төрүүлдэг юм билээ. Би гэртээ завтай байх хугацаандаа аль болох үр хүүхэдтэйгээ хамт байж, тэдэнтэйгээ хамт кино үзэж, гадуур явж аавын үүргээ нөхөж биелүүлэхийг хичээдэг.

-Танд тоглохыг хүсэж мөрөөддөг ямар дүр байна вэ?

-Тийм дүр олон бий. Драмын жүжигт тоглож үзэх юмсан гэсэн хүсэл байдаг. Хэрвээ тоглочих юм бол бүр давраад сонгодог жүжигт тогломоор байна. Түүхэн кино, жүжигт түүхэн дүр бүтээхийг мөрөөдөж явдаг. Гэхдээ би хэчнээн хүссэн ч баатрын дүр надад зохихгүй байх. Хэдий нэр маань баатар гэж байгаа ч Хятад, Солонгосын ноён ч юм уу эсрэг талын дүрд тохирно гэж боддог.

-Та кино урлагт сайн, муу, гол, туслах олон дүр бүтээлээ. Хошин урлагт ч мөн адил. Энэ олон дүрээс үзэгчдэд хамгийн их хүрсэн нь аль нь бол?

-Хошин урлагийн тоглолтын архичин, согтуу нөхрийн дүрээрээ үзэгчдэд их хүрсэн байх. Орон нутгаар тоглолтоор явах үеэрээ айлд зочлоход нөгөө согтуу нөхөр чинь ороод ирлээ. За нэг согтоод үзүүлчих гэх зэргээр тоглоом хийдэг.

-Жүжигчид олон дүрд хувирдаг, маш олон масктай болохоор жинхэнэ хүн нь яг хэн бэ гэдгийг үзэгчид төдийлэн таньдаггүй. Амьдрал дээрх жүжигчин Баатархүү ямар хүн бэ?

-Би тэр бүр хүнтэй дотносоод байдаггүй бүрэг ичимхий хүн л дээ. Энэ зангаасаа болоод төдийлэн өөрийнхөө төлөө явж, хүнээс юм гуйж чаддаггүй. Мөн аливаа баяр хөөр, зовлон гунигаа ил гаргадаггүй сэтгэлдээ л хадгалаад явдаг. Намайг сайн мэддэггүй хүмүүс Баатархүү их зантай гэдэг.

-Таныг гэрэл зураг авах хообийтой гэж дуулсан. Хэзээнээс гэрэл зураг сонирхох болсон бэ. Голчлон ямар зураг авдаг вэ?

-Хоёр жил гаруй болж байна. Уг нь сүүлийн үеийн сайн аппарат байгаа ч тэрийгээ яг бүрэн дүүрэн ашиглаж мэддэггүй. Тэгээд энэ тэнд киноны зураг авалтад орохдоо зураглаач нараар заалгаж, заавар зөвлөгөө их авдаг. Би ихэвчлэн хөдөө явж байхдаа байгалийн сайхныг зургийн хальсанд буулгах дуртай. Мөн тайзны ард, амралтын үеэрээ жүжигчдийнхээ зургийг их авдаг.

-Та хүнд өвчнийг даваад ялж гарсан хүн. Урлагийнхан, таны найзууд, Монголын ард түмэн танаар дутаж, таны орон зайг хоосон үлдээхгүй юмсан, таны авьяасыг аварч хамгаалж үлдэх юмсан гэсэн халуун сэтгэл таныг тэр бэрх үеийг давахад халуун дэм болсон. Та ч тэр бүх хүний ачийг хариулж урлагтаа эргэн ирсэн?

-Тухайн үед надад сэтгэлийн дэм дайсан 67000 мессэж, маш их хандив туслалцаа ирсэн. Германд гурван удаа хагалгаанд ороод эдгээд эх орондоо ирэхэд 8000 орчим хүн зогсоо зайгүй утсаар ярьж хурдан эдгээрэй гэж халуун дулаан үг хэлж байлаа. Би найзууд, урлагийнхан, Монголынхоо ард түмний халуун сэтгэлд нь баярлаж явдаг. Та бүхэн минь л намайг ахин амьдруулж, хөл дээр минь босгосон.

Т.БОЛОР-ЭРДЭНЭ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.