Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эзэнгүйдэл: БОЛОВСРОЛГҮЙ ИРЭЭДҮЙ

Цуврал №8

Бид газар доорх баялгаа хөгжил гэж харахаа хэзээ болих вэ. Монгол хүн өөрөө Монголын баялаг. Хүнгүй, хүн нь боловсролгүй бол Монгол Улс юу ч биш. Иргэн нь эрүүл, боловсролтой байж гэмээнэ улс хөгжинө. Гэтэл нийслэлд гэхэд цэцэрлэггүй 18, сургуульгүй 46 хороо байна. Энэ тоо цаашид ч нэмэгдэх магадлалтай. Учир нь шаардлага хангахгүй, буулгах шаардлагатай, хэзээ мөдг үй нурж мэдэх сургууль, цэцэрлэг нийслэлд 45 бий. Үүний 16-г нь нураах шийдвэр гурван жилийн өмнө, бүр түүнээс ч эрт гарсан байтал өнөөдөр нэг нь ч шинэ байртай болж чадаагүй. Тэр бүү хэл, ашиглалтын шаардлага хангахгүй байрандаа арга буюу хичээллэж байгаа сургууль, цэцэрлэг ч байна. Шалтгаан нь энгийн. Мөнгө байхгүй. Гэсэн хэрнээ насанд хүрсэн, хүслээрээ их сургуульд сурч байгаа оюутнуудад гурван жилийн хугацаанд 307 тэрбум төгрөг өгсөн байх юм. Оюутнуудад өгөх мөнгө 300 цэцэрлэг барихаас чухал гэвэл түүн шиг худал зүйл үгүй. Тэд автобусаар үнэгүй зорчиж байхад хүүхдүүд 200 төгрөг төлдөг нь яавч зөв жишиг биш. Үүнээс хүүхдүүд сонгууль өгөхгүй болохоор тэднийг алагчилж, сонгуулийн насанд хүрсэн оюутнуудад “авлига” өгч байна гэж сэрдэж болмоор, сэрдэх ч гэж, үнэн юм чинь.

Нийт 32 мянган ортой нийслэлийн 180 цэцэрлэгт 61.452 хүүхэд хүмүүжиж, цэцэрлэг үүд хүчин чадлаасаа хоёр дахин олон хүүхэд авч байхад нурааж, шинээр барих цэцэрлэгийн тоо цаашид ч нэмэгдэх нь тодорхой. Эх орны ирээд үйн эзэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших цэцэрлэг, сурах сургуультай байж гэмээнэ аав, ээж нь ажлаа тайван хийнэ. “Манай хүүхдийг харах хүнгүй. Би гэртээ харьчихаад ирмээр байна” гэсэн хүнд ажил даалгах хүн хэр олон бол. Тийм ч учраас хувийн хэвшлийнхэн эмэгтэй ажилтнуудтайгаа “2-5 жил хүүхэд төрүүлэхгүй” гэсэн гэрээ байгуулж байна. Дээрээс нь шийдлийн Засгийн газрын тэргүүн жирэмсний, амаржсаны, хүүхдийн мөнгийг танах талаар ярьж эхэллээ. Жирэмсэн болоод хүүхдээ төрүүлэхэд төрөөс нь дэмжлэг үзүүлэхгүйн дээр, хүүхэд нь сурах цэцэрлэг, сургуульгүй байхад хэн хүүхэдтэй болохыг хүсэх вэ. Удахгүй “хөгшин” Монгол гэгддэг болохыг үгүйсгэхг үй нь. Хүмүүн баялагтаа, ирээдүйдээ хөрөнгө оруулдаггүй улс хөгжинө гэдэг юу л бол.

Бид нурааж, шинээр барихаар болсон сургууль, цэцэрлэгүүдийг цувралаар сурвалжилж байгаа билээ. Нураах шаардлагатай гэж мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан таван цэцэрлэгийг өмнөх цувралдаа онцолсон. Харин энэ удаа үлдсэн тавынх нь мэдээллийг хүргэж байна. Нурааж, шинээр барих 10 цэцэрлэгийн нэг нь хэзээ мөдгүй нурчихаж мэдэх байрандаа үйл ажиллагаагаа явуулж байгаа бол зургаан цэцэрлэгийг нурааснаас дөрвийг нь шинээр барьж эхэлжээ. Харин нураагаагүй гурван цэцэрлэг байна. Эдгээр цэцэрлэг чухам хэзээ ашиглалтад орох нь таавар төдий.

1. Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр цэцэрлэгийнхэн нураах шийдвэр гарсан байрандаа эрсдэлийг үл хайхран үйл ажиллагаа явуулж байна. Ингэхээс ч өөр арга тэдэнд байхгүй. Учир нь ойролцоох 18 дугаар цэцэрлэгийг тэднийхээс өмнө буюу 2013 оны наймдугаар сард нураахаар болсон ч өнөөдөр ганц ч тоосго буулгалгүй хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж буй. Иймээс нэг хорооны хоёр цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоочихвол хүүхдүүд хэцүүдэх учраас их засвар хийн, цэцэрлэгийнхээ үйл ажиллагааг явуулж байгаа аж. Одоо нураагаагүй цэцэрлэгийг барих хүртэл багагүй хугацаа шаардлагатай. Тэр хүртэл дөрөвдүгээр цэцэрлэгийнхэн нурж магадгүй байрандаа үйл ажиллагаа явуулах нь. Барилгын хана, суурь нэлэнхүйдээ хагарч, цуурсныг бэхэлгээ хийж түр тогтоожээ.

2. Эзнээ хүлээх аятай дүнсийх тоглоомын талбай, хөрөөдөж унагасан улиас л 137 дугаар цэцэрлэгийн газарт торойх аж. Тус цэцэрлэгт өөрийн гэсэн газар, барилга байхгүйгээс “ТЭЦ-3” ТӨХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, тэдний байранд үйл ажиллагаа явуулдаг байжээ. Ингэхдээ тус станцын хүүхдүүдийг голчлон авдаг байсан бөгөөд нийт хүүхдийн 70-80 хувийг эзэлдэг байж. Гэвч зориулалтын бус, модон ханатай нэг давхар байшингийн дээврээс ус гоожиж, хэзээ мөдгүй нурах аюултай болсон тул актлах шийдвэр гарснаар станцынхан барилгаа буулгажээ. Улсаас цэцэрлэг барьж өгөхийг хүлээвэл бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэгч болох тул станцын удирдлага цэцэрлэгт газар өгч, өөрсдийнхөө хөрөнгөөр цэцэрлэг барихаар болсон байна. Энэ дагуу тэд энэ онд цэцэрлэгийн барилгад 800 сая төгрөг төсөвлөсөн гэнэ.



3. Баянгол дүүргийн 20 дугаар хороо 34, 47 гэсэн 100 хүүхдийн багтаамжтай хоёр цэцэрлэгтэй. 47 дугаар цэцэрлэгийг нураах шийдвэр 2012 онд гарсан. Гэвч санхүүжилт саатсанаас хоёр жилийн дараа буюу өнгөрсөн аравдугаар сард л арай гэж нураажээ. Суурийг нь цутгасан бололтой цэнхэр гялгар цаасаар бүтээсэн байв. Гэтэл доороос нь утаа гарах аж. Суурийг нь хөлдөөхгүйн тулд гал түлэн “дулаацуулж” байгаа нь энэ гэнэ. Цэцэрлэгийг “Баярс констракшн” компани улсын хөрөнгөөр барьж буй. 34 дүгээр цэцэрлэгийн барилгыг ч мөн олон жил болсон учраас нураах шаардлагатай болжээ.


4.57 дугаар цэцэрлэгийг нураах шийдвэр 2012 онд гарсан ч өнгөрсөн зургадугаар сард л нураажээ. Шинэ цэцэрлэг барих ажил одоо 20 хувьтай яваа бөг өөд хүйтний улирал эхэлснээр ажил зогссоныг тус цэцэрлэгийн эрхлэгч ярилаа. 240 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэгийг нийслэлийн төсвийн 2.2 тэрбум төгрөгөөр “РСТ” ХХК барьж буй. Ирэх дөрөвдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулах ёстой ч долоо, наймдугаар сар хүргэх нь тодорхой болжээ.


5. Сонгинохайхан дүүргийн 19 дүгээр хорооны 26 дугаар цэцэрлэг өдгөө 65 хүүхэдтэйгээр гэрт хоёр дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Дөрвөн гэрт хоёр бүлэг хичээллэдэг бөгөөд хүүхдүүдийг түлэгдэхээс сэргийлж, пийшинг модон хашаагаар тусгаарлажээ. Худгаас ус зөөхөөс эхлээд хүндрэл их гардаг ч цэцэрлэгийнхэн Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд ийм цэцэрлэгтэй болсондоо баяртай байлаа. Гэхдээ гэр барих газар байхгүйгээс 23 дугаар хороонд буюу “Хүрээ” тоосгоны үйлдвэр байсан хашаанд үйл ажиллагаа явуулдаг. Хашаа болон хоол хийдэг байшинг сарын 200 мянган төгрөгөөр түрээсэлдэг гэнэ. Тус цэцэрлэгийн хуучин барилгыг нь нураах шийдвэр 2012 оны арванхоёрдугаар сард гарсан ч мөн л мөнгө нь шийдэгдэхгүй байсаар арайхийн өнгөрсөн наймдугаар сард нийслэлийн 111.2 сая төгрөгөөр нураажээ. Харин барилгыг нь улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгөөр барьж байгаа аж. 26 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Ариунаа “Барилгын ажил 40 хувьтай яваа. Манай цэцэрлэгийг яаралтай ашиглалтад оруулахгүй бол бусад цэцэрлэг хүүхдээ багтааж шингээх газаргүй хүнд байдалтай байна. Шинэ цэцэрлэг баригдахаар бид гэр цэцэрлэгээ хашаандаа ажиллуулна” гэв. Тус цэцэрлэгийг ирэх дөрөвдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулах гэрээтэй ч амжихгүй нь барилгын явцаас харагдаж байлаа.



Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.