Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Манай улс хиймэл дагуул байрлуулах байршлаа алдаж магадгүй болжээ

Монголчууд бид тун удахгүй малаа сансрын уудмаас тоолж, гал түймэр, гамшиг ослыг цаг алдалгүй мэдээлж, хугацаа алдахгүй арга хэмжээ авдаг болно, хиймэл дагуулын ачаар. Дэлхийд хиймэл дагуулаа хөөргөсөн 50 гаруй орон байдаг юм байна. Уг нь манайх энэ онд хиймэл дагуулаа хөөргөхөөр болж, судалгаагаа хийгээд, гадаадын орнуудтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэхдээ одоогийн байдлаар товлосон хугацаандаа амжин хөөргөж чадахгүйд хүрчээ. Энэ талаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаагаас тодрууллаа.

-Хиймэл дагуул хөөргөх ажлын явц ямархуу байна вэ. 2015 онд хөөргөнө гэж төлөвлөж байсан ч хойшлуулчихлаа. Тэгэхээр ирэх онд багтаагаад хиймэл дагуулаа хөөргөж чадах болов уу?

-Анх хиймэл дагуулын үндсэн бичиг баримт боловсруулахдаа 2016, 2017 онд үе шаттайгаар судалгааны болон харилцаа холбооны хоёр хиймэл дагуул хөөрг өх өөр төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын Ажлын албаны дэргэд Сансрын үндэсний зөвл өл байгуулан ажиллаж байгаа. Одоогоор бид дэлхийн шилдэг гэсэн улсуудаас туршлага судалж, үнэлэлт дүгнэлтээ хийгээд саналаа боловсруулчихсан. Үүнийгээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өргөн барьсан. Тэндээс тусгай, нарийвчилсан чиглэл өгөх юм. Одоо үүнийг л хүлээж байна. Ямар нэгэн чиглэл гаргаагүй байгаа учраас 2015 оны төсөвт мөнгө суулгаагүй.

-Ямар ямар улс уг төсөлд хамтран ажиллаж байна вэ?

-Оролцогч талууд тодорхойгүй байгаа учир одоохондоо энэ тэр улс гэж хэлэхэд эрт байна. Дэлхийд тэргүүлэгч улс орнуудад саналаа хүргүүлсэн. Найрсгаар хүлээж авч байгаа.

-Хиймэл дагуултай болсноор сансраас малаа тоолоод зогсохгүй олон давуу талтай байх нь ойлгомжтой. Үр дүнг нь хэрхэн харж байна вэ?

-Улсын хэмжээнд ач холбогдол нь маш өндөр байгаа. Одоогоор Монгол Улсад Ашигт малтмалын газар, Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн болон байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд төлбөр төлж, гадаадын орнуудын хиймэл дагуулыг ашигладаг. Хэрвээ бид өөрсдөө хиймэл дагуултай болчихвол их хэмжээний мөнгө хэмнэхээс гадна ямарваа нэгэн ажил явуулахад доголдол гарна гэж айх хэрэггүй болох юм. Өөрсдийн хэрэгцээтэй мэдээллээ хүссэн үедээ, өндөр технологийн дагуу боловсруулна. Хамгийн гол нь ямар мөнгөөр хиймэл дагуул хөөргөх нь асуудалтай болчихоод байна. Монгол Улсын гадаадын хиймэл дагуулд өгч буй төлбөр цаг ирэх тусам өсөж байгаа. Тиймээс өөрсдөө даруй хөөргөх нь чухал. Хиймэл дагуул хөөрснөөсөө хойш дунджаар 15-18 жил “насалдаг” бол сүүлийн үеийнх нь 20 хүртэлх жил сансарт хөвдөг. Тиймээс хиймэл дагуул “төрсөн” цагаасаа эхлэн сансарт байх хугацаандаа өөрийн зардлаа бүрэн нөхөөд зогсохгүй илүү ашигтай байх тооцоо судалгаа гарсан.

-Гадаадын өндөр хөгжилтэй орнууд хиймэл дагуулаа ашиглан, их мөнгө олдог юм билээ. Бид ч бас ашигтай ажиллаж болох нь. Хиймэл дагуул “босгоход” хэчнээн төгрөг зарцуулах тооцоо гаргасан бэ. Яг хэдийд хөөргөх боломж бүрдэх вэ?

-Хиймэл дагуулаа дэлхийн тойрог замд байршуулснаар тухайн орны хиймэл дагуулыг бусад улс ашиглах хүсэлт ирүүлдэг. Тиймээс их хэмжээний мөнгө тухайн улсын эдийн засагт орно гэсэн үг. Хиймэл дагуулд зарцуулах мөнгөн дүнг хараахан ярих болоогүй. Нууцын зэрэглэлд байдаг учраас мэдсэн ч хэлэх боломжгүй. Хугацааны хувьд энэ онд багтаагаад шийдвэр гарч, ажлаа явууллаа гэхэд 2018-2019 он хавьцаа хөөргөнө. Шийдвэр гарахгүй удах тусам хугацаа нь хойшлогдоод байгааг ойлгох хэрэгтэй. Бид аль болох хичээж байгаа ч шийдвэр гаргагчдаас бүх зүйл хамаарна. Өөр нэг асуудал бас санаа зовоож байна. Манайх 2012 оны арванхоёрдугаар сарын 12-нд Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас өргөргийн 113.6, уртрагийн 73 гэсэн байрлалд хиймэл дагуулаа хөөргөх санал өгч, эрх авсан юм. Саналын хүчинтэй хугацаа гэж бий. Ямар нэгэн шийдвэр гаргахгүй удвал энэ эрхээ алдах магадлал өндөр байгаа. Энэ байрлалд өөр олон улс санал өгсөн. Тэгэхээр дараагийн улсад эрхийг маань шилжүүлж мэдэх юм. Хугацаандаа амжчих юмсан л гэж бодож байна.

О.БАТ-УНДРАХ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.