Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХОЁР ЖИЛД 957.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АРИЛЖАА ХИЙЖЭЭ

  Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог олон улсын жишигт хүргэн, бараа бүтээгдэхүүнийг биржийн арилжаагаар дамжуулан эдийн засгийн эргэлтэд оруулахаар 2013 онд Хөдөө аж ахуйн бирж байгуулсан. Хоёр жил болж буй ч тус биржийн үйл ажиллагаа төдийлэн өргөжөөгүй, иргэд тэр бүр мэдэхгүй хэвээр л байна. Гэтэл “Биржээр хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд арилжсанаар зах зээлд бодит үнэ ханш тогтож, биржийн арилжаанд оролцогчдын идэвх сэргэж, түүхий эдийн бэлтгэл, тээвэрлэлт, хадгалалт, боловсруулалтад чанарын өөрчлөлт гарч байна” гэж тус биржийнхэн дүгнэж буй. Уг ажил хэр үр дүнтэй байгаа, сүүлийн хоёр жил ямар ажил амжуулсан бол. Хөдөө аж ахуйн бирж өдгөө голдуу спот буюу шууд арилжих хэлбэрээр арилжаа явуулж байгаа аж. Энэ нь бараа, түүхий эдийг тогтсон үнэ ханшаар талууд харилцан тохиролцож, шууд худалдах хэлбэртэй.

Биржийн арилжааны системд хэлцэл хийснээр талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулах бөгөөд бирж гэрээний төлбөрийн үүрэг, эрсдэлийг тодорхойлж, төлбөр тооцоог өөрийн системээр дамжуулан гүйцэтгэнэ. Тус бирж арилжааны хэлбэрийг нэмэгдүүлэхээр фьючерс буюу гэрээний арилжааг туршилтын журмаар зохион байгуулах болжээ. Биржийн арилжааны хоёр дахь төрөл болох фьючерс гэрээ нь тогтсон хугацаанд тохиролцсон үнээр бараа нийлүүлэх нөхцөлтэй. Ийм төрлийн арилжаа нь талууд тодорхой бараа, түүхий эдийг тогтоосон хугацаанд тогтсон үнэ ханшаар нийлүүлэх, арилжаанд оролцогчид үнийн эрсдэлээ өөрөө удирдах, санхүү бизнесээ богино хугацаанд төлөвлөх боломж олгох юм байна. Хөдөө аж ахуйн бирж 2014 оны дөрөвдүгээр сард фьючерсийн туршилтын арилжааг амжилттай явуулжээ. Энэ үеэр ямааны самнасан цагаан ноолуур, нэг хонь арилжсан байна. Биржээр 11 төрлийн ноолуур, 19 төрлийн тэмээний ноос, 19 төрлийн хонины ноос, хоёр төрлийн тосны ургамал арилжих боломжтой гэсэн салбарын яамны шийдвэр бий. Үүнээс одоогоор долоон төрлийн ноолуур, тэмээний ноосны зургаа, хонины ноосны хоёр, тосны ургамлын хоёр, ямааны хоёр, тэмээний, хонины нэг төрлийн ноос, мөн мал арилжжээ.

Биржийн шинэчлэн баталсан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийг хангасан, Улаанбаатар хотод ноолуур самнах, угаах, ноос угаах үйлдвэр үүдийн агуулах, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг тухайн брокер буюу зуучлагч компанийн агуулахад итгэмжлэл олгож буй. Хөдөө аж ахуйн биржийн гишүүн брокерын компаниуд аймаг бүрт үйл ажиллагаа явуулдаг юм байна. Гэрээ байгуулсан 30 гаруй брокер байдаг ч идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь 5-6 л байдаг аж. Цаашид биржийн арилжаанд оролцогчдын тоог нэмэгдүүлэх, зайнаас оролцох сонирхлыг нь харгалзан программ хангамж, сүлжээгээ өрг өтгөж, технологийн шинэчлэл хийснээр цахим арилжаа явуулах гэнэ. Дэлхийд тэргүүлэгч биржүүдийн үйл ажиллагаандаа ашиглаж буй арилжааны болон төлбөр тооцооны цогц системийг худалдан авч суурилуулахаар төлөвлөжээ. Тус биржийн 2013 онд болон 2014 онд гүйцэтгэсэн ажлыг харьцууллаа.

Ч.ЗУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.