Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын гишүүд өчигдөр төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийлээ. Мөн Гацууртыг стратегийн ордын жагсаалтад багтаах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан. Гэвч МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ийн бүлгээс Гацууртын ордын асуудлаар ажлын тав хоног завсарлага авах горимын санал гаргасныг УИХ-ын дарга хүлээн авсан юм. Шинээр эмхлэн байгуулсан Засгийн газар төсвийн зардлыг 900 гаруй тэрбум төгрөгөөр танаж өргөн барьсан. Тухайлбал, 620 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг 300 тэрбум төгрөгөөр танажээ. Сангийн сайд Ж.Эрдэнэбат төсвийн зардлыг нэг их наяд төгрөгөөр хасаад байхад л өнөө жил Засгийн газар 700 тэрбум төгрөгийн зээл авахаас өөр аргагүй гэж тайлбарласан. Төсвийн тодотголоор хүүхэд, оюутан, эхчүүдэд олгодог тэтгэмжийг танахаар болсон нь нийгмийн анхаарлыг татаж байгаа. Хэлэлцүүлгийн үеэр тэтгэмж хасах шийдвэрийг хуралд оролцсон гишүүдийн олонх нь шүүмжилсэн юм.

Тухайлбал, Л.Эрдэнэчимэг гишүүн “Эмзэг бүлгийн бүсийг чангалж байхаар дээрээсээ эхэлсэн нь дээр байх. Өөрсдөө цалингаа хасуулъя. Засгийн газар данхайсан бүтэц, зардлаа таная. Тэтгэврийн хөгшчүүдийн одонгийн мөнгийг танах хэрэггүй. Тэд хамгийн бага тэтгэвэртэйгээр амьдарч байгаа”, Ё. Отгонбаяр “Төсвийг танасан нь зөв. Сангийн сайд яам, агентлагаас хүмүүс хална гэж байна. Цааш нь улсын үйлдвэрийн газрууд, төвүүдийн ажилчдыг цөөлмөөр байна. Хүүхдийн мөнгө, эхчүүдийн мөнгө руу дайрч байхаар хогны уут тараахаа болж, хотод цэцэг тарихаа азная л даа”, Ч.Хүрэлбаатар “Төсвийн үргүй зардлыг эргэж харахгүйгээр хамгийн амархнаар нь хүүхэд, эхчүүдийн мөнгө руу дайрч байгаа нь утгагүй зүйл” гэсэн юм. Ингээд төсвийн тодотголыг хоёр дахь удаагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.