Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“АМЬДРАЛЫН ОД” 90 НАС ХҮРЛЭЭ

  Улаанбаатарын гудамжаар түргэний машин дохиогоо дуугарган яаран давхина. Энэ машин дотор амьдрал, үхлийн заагт амь тэмцэн яваа хүн-эрдэнэ байгаа билээ. Тэрхүү үхэл амьдралын заагт буй хүмүүн эсвэл уяхан замбуулинд мэндлэх гэж ядаж байгаа, Монголын гурван сая дахь, магадгүй ирээдүйн гучин сая дахь иргэн ч ийм үед ингэж л давхих байх. Түргэний машин дээрх зургаан талт хөх тэмдэг бол дэлхий дахинд “Амьдралын од” хэмээн нэрлэгдсэн түргэн тусламжийн таних тэмдэг юм. Америкийн анагаах ухааны холбоо ба Эрүүл мэндийн яамнаас 1977 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн “Star of life” буюу “Амьдралын од” хэмээх энэхүү эмблемийг түргэн тусламжийн таних тэмдгээр баталснаас хойш дэлхий дахинаа мэдэх болсон билээ. Одны зургаан тал нь тус бүртээ агуулгатай бөгөөд эмнэлгийн яаралтай тусламжтай холбоотой. Тухайлбал, Илрүүлэх, түгш үүр авах, хариу арга хэмжээ авах, газар дээр нь болон тээвэрлэх явцад тусламж үзүүлэх, дараагийн тусламж хүртэл тээвэрлэх гэсэн үндсэн зургаан үүргийг төлөөлөх ажээ. Эмчлэх, анагаахын бэлгэ тэмдэг болох таяг ороосон могой дотор нь байдаг. “Асклепийн таяг” буюу Асклепи нь эртний Грекийн анагаах ухаан, эмчлэх үйн ухааны бурхан юм. Ийм нэгэн домог байдаг. Газрын дундад тэнгист орших Крит арлын хаан Минос хүүгээ үхлээс аврахаар Асклепийг дууджээ. Тэрбээр таягаа тулан очиж явтал түүний таягийг нэгэн могой ороон өгсөв. Асклепи бурхан түүнийг алсан байна. Гэтэл түүний дараа дахин нэг могой өгссөн бөгөөд амандаа өвс зуусан байлаа. Тэр өвсөөр хоёр дахь могой эхний могойг анагаасан аж. Анагаах, эмчлэхүйн ухааны бурхан Асклепи уг өвсийг олж өвчлөгсдийг эмчилж, үхэгсдийг аврах болжээ. Тэрхүү таягийг саваагаар төлөөл үүлэх болсон бөгөөд саваа нь могой, эмч хоёрыг холбосон нэг ёсондоо анагаах, эмчлэн сэргийлэх бэлгэ тэмдэг билээ.

ЭМНЭЛГИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН БАЙГУУЛЛАГА ХЭРХЭН БИЙ БОЛСОН БЭ?

Эмнэлгийн яаралтай тусламж хэмээх алба нь 1881 оны арванхо ёрдугаар сарын 8-нд Австрийн Вена хотын дуурийн театр шатаж, 479 хүн нас барсан гамшигт үйл явдлын дараа анх үүсчээ. Тэр үед Вена хотод өндөр зэрэглэлийн олон эмнэлэг байсан боловч театрын дотор, гадна шатсан болон өндрөөс үсэрч бэртэж гэмтсэн хүмүүс бүтэн өдөр эмнэлгийн тусламж авч чадалгүй байсаар амиа алдсан байна. Энэ аймшигт гамшгийн үед газар дээр нь ажилласан Германы профессор, мэс засалч Яромира Мунди цасан дээр амь тавьж буй тэр олон хүнд тусалж чадаагүйдээ сэтгэл шимшрэн шаналжээ. Я.Мунди эмч маргааш нь Вена хотын сайн дурын тусламж үзүүлэх нийгэмлэг байгуулахаар зориг шулуудсан байна. Энэ үйл хэрэгт гүн Ганс Гильчек 100 мянган гульден хандивлажээ. Энэхүү нийгэмлэгийн харьяанд гал команд, завьт эргүүл бүхий Золгүй явдалд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх төв болон салбар цэгүүд байгуулсан байна. Вена хотын яаралтай түргэн тусламжийн станц байгуулагдсан анхны жилдээ 2067 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд бригадад эмч, анагаахын оюутнууд ажиллаж байв. Удалгүй Берлин хотод профессор Фридрих Эсмарх яаралтай тусламжийн станц байгуулжээ.

Уг станц нь ард иргэдэд зайлшгүй шаардлагатай бөгөөд ашигтай байсан тул тэр цагаас хойш Европын олон хотод ээлж дараалан байгуулжээ. БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайдын 1925 оны нэгдүгээр сарын 10-ны 10 тоот тушаалаар Улаанбаатар хотын Төв больниц буюу одоогийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарыг өвчтэй хүмүүст гэрээр нь үйлчлэх шийд гаргасан нь ард иргэдэд эмнэлгийн түргэн тусламж үзүүлэхийг хуульчлан заасан эхлэл гэж үздэг. Нийслэл хотын түргэн тусламжийн албаны суурь нь 1925 онд тавигдаж, 1930 онд Төв эмнэлгээс бие даан эмнэлгийн түргэн тусламжийн салбар болсноос хойш 90 жил өнгөрчээ. БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах яамны сайдын 1930 оны тавдугаар сарын 23-ны өдрийн 85 тоот тушаалаар мөн оны аравдугаар сарын 20-ноос эхлэн Төв больниц буюу одоогийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нараас бага эмч, асрагч тус бүр гурав, нэг морин хөтчийг тийш шилжүүлэн түргэн тусламжийн бие даасан салбар болгож монгол гэрт үйл ажиллагааг нь эхлүүлсэн байна. Түргэн тусламжийн унаа болох морин тэргээр хотын доторх дуудлагад явдаг байсан гэдэг. Нийслэлийн бие даасан түргэн тусламжийн станцын даргаар Зөвлөлтийн мэргэжилтэн Б.П.Гиршевич ажиллаж, өөрөө дуудлагад явдаг байжээ. Тэр үед хүн эмнэлгийн техникумд сурч байсан ирээд үйн эрүүл мэндийн сайд Г.Туваан “Б.П.Гиршевичийг дагалдан морин тэргээр дуудлагад явж байсан” хэмээн дурсан бичсэн нь бий. 1930 оны тавдугаар сарын 5-нд БНМАУ-ын Ардын эрүүлийг хамгаалах яамны сайдын 84 тоот тушаалаар “Улаанбаатар хотын ард иргэдэд эмнэлгийн түргэн тусламжийг зохистойгоор үзүүлэхийн тулд 1930 оны тавдугаар сарын 5-наас эхлэн Төв больницийн дэргэдэх Түргэн тусламжийн газрыг тус хотын Эмчлэн сэргийлэх газарт шилж үүлсүгэй. Түргэн тусламжийн албыг тавдугаар сарын 5-наас эхлэн ажиллуулсугай. Төв больницын их эмч Петягийн биеийг гуравдугаар сарын 11-нд уул ажлаас чөлөөлж, түргэн тусламжийн эрхлэгчээр томилсугай” хэмээх тушаал гарснаар хоёр дахь дарга нь их эмч Петя гэдэг хүн болжээ.

Манай түргэн тусламжийн үндэсний, анхны их эмч бол Даваагийн Цэрмаа юм. Д.Цэрмаа нь БНМАУ-ын Ардын эрүүлийг хамгаалах яамны 141 тоот тушаалаар наймдугаар сарын 1-нээс Улаанбаатар хотын түргэн тусламжийн эмчээр томилогдон, 400 төгр өгийн цалинтай ажиллаж эхэлжээ. Д.Цэрмаа 1911 онд одоогийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг буюу Буриадын Хиагттай хил залгаа Цөх гол хэмээх газар Даваагийн гурав дахь хүүхэд болон төржээ. Аав Дэлэгийн Даваа нь манай анхны гал сөнөөгч байлаа. Д.Даваагийнх Орост гарсан Октябрийн хувьсгалын дараа 1918 онд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт суурьшсан байна. Д.Даваа нь хаант Оросын харьяат байхдаа Оросын шашны гимнази төгссөн, бичгийн өндөр чадвартай, оросоор эх хэл шигээ ярьдаг, ээж Аюушийн Балбар нь мөн бичгийн боловсролтой, унаган орос хэлтэй хүн байжээ. Тэд Нийслэл Хүрээний орос сургуульд хүүхдүүдээ суулгаж, боловсрол эзэмшүүлсэн байна. Тэднийх Б.Гончиг, Д.Тамжав, Д.Долгоржав, Д.Цэрмаа, Д.Цэрэннадмид, Д.Намжилмаа, Д.Пагма гэх долоон хүүхэдтэй. Гурван охин нь эмчийн мэргэжил эзэмшжээ.

Д.Тамжав нь 1937 онд Ленинград хотын Анагаах ухааны дээд сургууль төгссөн, манай хүүхдийн анхны эмч нарын нэг бөгөөд 1960 онд хүний гавьяат эмч цол хүртжээ. Тэрбээр манай нэрт орчуулагч ЭХЯны сайд Балжиннямын Гонгоржавын гэр бүл бол дүү Д.Цэрмаа нь Яаралтай түргэн тусламжийн үндэсний их эмч, Д.Цэрэннадмид нь арьс өнгөний анхны мэргэжилтнүүдийн нэг бөгөөд нэрт орчуулагч Б.Дашцэрэнгийн эхнэр аж. Д.Цэрмаа 1932 оноос ЗХУ-ын Омск хотын Анагаах ухааны дээд сургуульд суралцаж, 1937 онд хүний их эмчийн мэргэжил эзэмшжээ. Омск хотод сурч байхдаа ирээдүйн хань, Томск хотын цэргийн эмнэлгийн сургуулийн оюутан Батцэрэнтэй танилцсан байна. Сургуулиа дүүргэж ирээд нөхөр нь цэргийн эмнэлэгт мэс заслын эмчээр, Цэрмаа Төв эмнэлэгт эмчээр ажиллаж байв. Нөхөр Батцэрэнг нь 1937 онд хэлмэгдлийн хар шуурга хөмөрч, 10 жилийн хорих ял оноон хэлмэгдүүлсэн байна. Мөн аав Д.Давааг нь хилс хэрэгт гүтгэж баривчлан цаазалжээ. Эсэргүүний гэр бүл гэгдсэн тэр цагаас хойш Цэрмаа эмчийг хавчиж, Төв аймгийн Лүн суманд томилов. ЭХЯ-ны сайд, хүргэн ах Б.Гонгоржавыг нь “Зөвлөлтийн мэргэжилтнийг хүндэтгээгүй, үндсэрхэг үзэлтэй” хэмээн сайдын албанаас халсны дараа Цэрмаа эмчийг Төв аймагт ахин томилжээ. Цэрмаа дараа нь Сэлэнгэ, Бугант, Түнхэлд, 1961 онд нөхрийнхөө хамт илгээлтээр Шарын голын эмнэлэгт ажиллаж байгаад 1971 онд нас баржээ.

Дотоод явдлын яамны сайдын 1925 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 10 тоот тушаалаар Улаанбаатар хотын Төв больниц буюу одоогийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарыг өвчтэй хүмүүст гэрээр нь үйлчлэх шийд гарган ард иргэдэд эмнэлгийн түргэн тусламж үзүүлэхийг хуульчилснаас хойш ийнхүү 90 жил өнгөрчээ.

Ц.ПҮРЭВДАШ Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн захирал, клиникийн профессор

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.