Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТОЛИНД ОЙСОН ДҮРС

  Хүн насан туршдаа суралцаж, шинэ мэдээлэл хүлээн авч, танин мэдсээр байдаг. Бие хүн болон төлөвшсөний дараа гэр бүлтэй болж, аав, ээж хэмээн дуудуулаж огт өөр хэв маягаар амьдарч, бусдын төлөө хариуцлага хүлээж эхэлдэг. Мэдээж хамгийн хайртай хүмүүстээ цаг заваа зориулж, тэднийг өсгөж хүмүүжүүлэх нь юутай ч зүйрлэмгүй жаргалтай ажил. Заримдаа төөрч, будилах үе ч тохионо. Энэ үедээ өөр нэгэн туршлагатай хүн болон мэргэжилтнээс зөвлөгөө авч, засаж залруулдаг. Тиймээс бид энэ удаа “Сэтгэлийн толь” төвийн сэтгэлзүйч Х.Хандсүрэнтэй хамтран хүүхдийн хүмүүжлийн талаар нийтлэл бэлтгэлээ. Манай сонинд хаяглан ирсэн хоёр захидлыг эхлээд хүргэе.

ТАМХИ ТАТАЖ ТОГЛОХ БОЛЛОО

Би ажилтай ихтэй байдаг болохоор охиноо ээжээрээ харуулдаг юм. Ээж маань олон жилийн өмнөөс тамхи татдаг болсон л доо. Харин одоо гурван настай охин маань шүдэнзийг тамхи шиг зууж, гараа ташаандаа тулж зогсоод л эмээгээ санагдуулам үйлдэл хийх боллоо. Ингэлээ гээд ээжийгээ буруутгах эрх надад байхгүй. Хүүхдэдээ цаг зав зориулж чаддаггүй, түүнд эергээр нөлөөлөх зүйл хийхгүй байгаа миний л буруу. Хүүхдийн хүмүүжилд дэргэд нь байгаа хүмүүс нөлөөлдгийг би ойлгосон. Яваандаа энэ зуршлаа орхиж, мартах болов уу. Хүүхэд хэдэн насны дурсамжаа санадаг юм бол?

                                                                                                                                                                                                                      25 настай ээж Н.Т

ӨӨРИЙГӨӨ ХЯНАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Нөхөртэйгөө хэрэлдэж, уурлаж бухимдсан үедээ би өөрийн мэдэлгүй хүүхдэдээ хайхрамжгүй зан гаргадаг. Загнана, асуултад нь хариулахгүй цааргална, цаашаа бай гэж дургүйцнэ. Энэ нь буруу гэдгийг мэддэг ч яг уурлаж байхдаа өөрийгөө хянаж чаддаггүй. Хэвлийдээ хүүхэд тээж байхдаа уурлаж, бухимдвал хүүхэд уйланхай болдог гэдэг. Тэгвэл ухаан орсон үед нь ийм таагүй ааш зан гаргаж байгаа миний байдал түүнд сөргөөр нөлөөлөх вий гэхээс айж байна. Би яах ёстой вэ?

                                                                                                                                                                                                                           30 настай ээж С.С

ЭХЛЭЭД ӨӨРИЙГӨӨ ХҮМҮҮЖҮҮЛ

Хүүхдүүд яагаад хэтэрхий их сахилгагүй, уур уцаартай, эцэг эхийнхээ үгийг сонсдогг үй болдог тухай та анзаарч, бодож байсан уу. Харамсалтай нь, дийлэнх эцэг эх бүх бурууг хүүхдээсээ л хайдаг. Хүүхдийн хүмүүжил эцэг эхийн зан харилцаанаас эхэлдэг. Та хүүхдийнхээ дэргэд бусдад худал хэлж, тэднийг үл ойшоож, сонсдоггүй бол хүүхэд тань аажмаар буруу алхам хийж эхэлдэг. Тиймээс аав, ээж болсон та бүхэн тэдэнд зөвөөр үлгэрлэж, бахархал нь болохыг зорих ёстой. Үүний тулд гэнэтхэн ид шидээр өөрчлөгдөхгүй нь ойлгомжтой. Аажмаар суралцаж, зөв үйлдэл хийдэг сайн аав, ээж болохын тулд хичээх нь зүй. Энэ нь маш энгийн зүйлээс л эхэлнэ. Эхлээд хүүхдээ сонсож, тэдэнд дэмжлэг үзүүлээрэй. Хүүхэдтэйгээ харилцаж, өдөр юу хийсэн, сэтгэл санаа нь ямархуу байсан талаар орой бүр асууж ярилцаарай.

Мэдээж тэдний насны онцлог, сэтгэлзүйд тохируулан харилцахын тулд нэг наснаас нөгөөд шилжихдээ хүүхдийн сэтгэл зүйн хөгжил хэрхэн өөрчлөгддөг тухай судалж, уншаарай. Бид болон тэдний хооронд асар их ялгаа, зааг байдаг учраас аливаа асуудлыг хоёр өөрөөр харж, тайлбарладаг байж болох юм. Мэдээж үүний тулд огт өөр мэргэжлээр дахин суралцаж, цаг зарцуулах хэрэггүй. Өөрийгөө бага зэрэг боловсруулахад л хангалттай. Цаашлаад та хүүхэдтэйгээ хамт суралцан, хөгжиж, харилцаагаа бататган улам туршлагажих болно. Хүүхдийнхээ дэргэд хэрэлдэхгүйгээс гадна тэднийг алдаа гаргахад хүлээцтэй хандаж, зөв, бурууг нь ялган тайлбарлаж байх нь зөв. Энэ тухай эхнэр, нөхрүүд хоорондоо ярилцаж, хүүхдэдээ итгэл, үнэмшил төрүүлэх хүмүүжлийн аргыг бодож олоорой. Гэр бүлээрээ явдаг аялал, эсвэл ямар нэг зүйлийг онцолсон нэрэмжит өдөр тэмдэглэх гээд харилцаагаа бататгах боломж олон бий. Бага насны хүүхдүүдэд ээжийнх нь сэтгэл санааны хямрал, бухимдал сөр гөөр нөлөөлдөг учраас анхаарах хэрэгтэй. Зарим ээж энэ бүхнийг мэддэг ч анхааралгүй орхидог. Энэ нь хүүхдийн зан төлөвшилд шууд нөлөөлдгийг эрдэмтэд хэдийнэ нотолжээ. Өөртөө итгэлгүй ээжийн хүүхэд зориггүй, дүнсгэр болох нь ч бий.Мөн хүүхдийнхээ хажууд нэг нь нөгөөгийнхөө сул талыг дөвийлгөн ярьж, муу зуршлуудыг нэрлэх нь зөв алхам биш. Хүүхдүүдийн хувьд эцэг, эх нь үлгэрлэж болох хамгийн сайн хүмүүс нь байдаг.

ДҮГНЭЛТЭЭ БУСДАД БҮҮ ХАМААТУУЛ

“Миний хүү аав шигээ түргэн ууртай”, “Манай охин ээжийгээ дуурайсан яриа” гэх мэтээр хүүхдийн гаргаж буй зан үйлийг заавал бусдад хамаатуулах дуртай хүмүүс байдаг. Энэ бол бас л алдаа. Хүүхэд бүр давтагдашгүй, цор ганц. Хувь хүний онцлог өөр нэгэнтэй бүх зүйлээрээ ижил байх нь үгүй. Түүний үзэл бодол, зан араншинг хайрцаглаж, тийм төсөөлөл бий болгох гэсэн таагүй оролдлого нь энэ юм. Буруу дадал зуршлууд генээр дамждагг үй. Харин “халдварладаг”. Хүүхдийн гаргаж байгаа буруу үйлдэл хэн нэгнээс авсан “халдвар” юм. Хүүхдийг сайн, зөв хүн болгон хүмүүжүүлэхэд тусгай программ хэрэггүй. Түүний оронд эцэг эхчүүд өөрсдөө л хүүхдийнхээ дэргэд биеэ хэрхэн авч явах, юу ярихаа дүгнэж цэгнэх ёстой.

ҮНЭТЭЙ ЦАГИЙГ ТАНЬ “ҮРЭХ” ЭРХ ХҮҮХДЭД Л БИЙ

Хүүхдэдээ зориулах хамгийн үнэтэй бэлэг бол тэдэнтэй хамт байх хугацаагаа аль болох ихэсгэх юм. Тэднийг сайн сургуульд сургаж, үлгэр жишээ найз нөхөд, багштай болгож тав тухтай орчинд амьдруулаад л бүх зүйлд цэг тавьж болохгүй. Хамгийн чухал нь гэр бүлийн “амьд” харилцаа юм. Орчин үеийн ээжүүд хүүхдэдээ гар утсаа өгч орхиод ажлаа амжуулдаг. Таныг хоол хийх зуур тэд утсаар тоглож суугаагаас биш тантай харилцаж чадахг үй байгаа шүү дээ. Японы эрдэмтэд “Техниктэй харилцаж, тоглож, гар утас байнга ашигладаг байсан хүүхэд хожим нь эцэг эх, гэр бүлдээ халамжгүй болдог” гэсэн дүгнэлтэд хүрчээ. Таны хамгийн энхрий, дотно, гэгээхэн цэцэгс гэрт тань дэлгэрч байгаа. Тэдэнд таны сэтгэл тэжээл, ус болж хүрнэ. Гар гараасаа барилцаж, сэтгэлээ нээж, тэдэнд ойр байж чадвал хожим нь тэд танаас холдон одохгүй. Хэн нэгнийг дагаж, буруу зуршилд автан, өөр зам сонгохгүй. Хамтдаа байхдаа хүүхдүүддээ хайраа зориулж илүү сайн хүн болгохын тулд та л үлгэрлэнэ. Тэд таны тусгал. “Хүүхэд хүмүүжүүлэх гэдэг нь цаг үргэлж л өөрийгөө хүүмүүжүүлэх хэрэг” хэмээн нэгэн суутан хэлсэн байдаг.

Та бүхэн гэр бүл, хайр дурлал, хүүхдийн хүмүүжлийн талаар мэргэжлийн сэтгэлзүйчээс зөвлөгөө авахыг хүсвэл bichita@mongolnews.mn хаягаар захидал бичээрэй.

Ж.СОЛОНГО

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.