Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

795 сая төгрөг төсөвт оруулахгүй байх эрх олгосон хүчингүй тушаал

  Засгийн газар солигдох бүрт халаа сэлгээ, томилгоо гээд албан тушаалын дажин өрнөдөг. Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулж, Шийдлийн нэртэй Засгийн газар байгуулсны дараа ч мөн л энэ байдал давтагдав. АН төрийн эрх барих болсон үед өмнөх Засгийн газрын бодлогын залгамж чанар алдагддаг нь харамсалтай. Тухайлбал, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг үгүй хийж, Хууль зүйн яам, харьяа агентлагуудынх нь оффис болгон, өмнөх Засгийн газрынхаа бий болгосон зүйлийг нураасныг олон хүн санаж буй. Эмч нар нь ч энэ шийдвэрийг хүчтэй эсэрг үүцэж, жагсаж байсан юм. С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын үед “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого гаргаж, улмаар хуулийг нь баталж, Цөмийн энергийн газрыг байгуулж байв. Энэ бодлогод тусгаснаар цацраг идэвхт ашигт малтмалын нөөц баялгаа гүнзгийрүүлэн судлах, түүнийг энхийн зорилгоор олборлогч, боловсруулагч, экспортлогч тэргүүлэгч орны нэг болох, улмаар цөмийн энергийг эдийн засаг, нийгмийн салбарт өргөн хүрээнд ашиглах, хүний эрүүл мэндэд аюулгүй, экологийн хувьд цэвэр, байгаль орчинд ээлтэй технологиор цөмийн эрчим хүч үйлдвэрлэхэд оршино хэмээн тусгасан байгаа.

Харин Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн Засгийн газрын үед энэ бодлогын залгамж чанар алдагдаж, ЦЭГ-ыг өнгөрсөн оны арванхо ёрдугаар сарын 15-ны 387 дугаар тогтоолоор татан буулгачихсан билээ. Ямар ч байсан цөмийн энергийн талаар төрөөс баримтлах томоохон бодлого, хөтөлбөртэй, бас дээр нь хуулиар эрх дарх нь тогтоогдсон байгууллагыг алга урвуулахын төдийд, хэдхэн цагийн дотор татан буулгаж болдог гэдгийг энэ Засгийн газар харууллаа. Улс оронд төсөв мөнгө хэмнэх хэрэгтэй болоод тус газрын татан буулгалаа гэж бодсон чинь нөгөө агентлаг нь үйл ажиллагаа явуулаад, дарга нь янз бүрийн тушаал шийдвэр гаргаад байгаа тухай мэдээлэл бидэнд ирэв. Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр албаны унаагаа унаж, хүн ажилд томилох, албан тушаалаас чөлөөлөх, лицензийн хөнгөлөлт үзүүлэх гээд олон арван шийдвэр гаргажээ. Татан буугдаж буй байгууллагын үйл ажиллагааг маш яаралтай шинэчлэн зохион байгуулж төрийн ажлыг саадгүй явуулах нөхцөлийг бүрд үүлэх үүрэг шийдвэр гаргагчдад байлтай. Гэтэл шийдвэрээ ажил хэрэг болгох талаар Засгийн газар хойрго ажилласны гороор хууль бус үйлдэл гарч байгаа бололтой. “Чоно борооноор, муу хүн самуунаар” гэгчээр ЦЭГ-ыг татан буулгасны дараа дарга асан Н.Тэгшбаярын гаргасан тушаал шийдвэр “но” ихтэй.

Уншигч та зураг дээрээс 2014 оны арваннэгдүгээр сарын 11-ний А/174 гэсэн нэг ижил дугаар, огноотой хоёр тушаал байгааг харж байна. Нэг тушаал нь “Ланд круйзер” машинаа тоноглож хэрэглэх тухай, нөгөө нь “Тусгай зөвшөөрлийн хугацааг шилж үүлэн тооцох” гэсэн тушаал байв. Хоёр дахь тушаал гаргахын өмнө бичсэн төсөл (ноорог) дээр нь удирдлага дор нь ажиллаж байсан албан тушаалтнууд нь “Боломжгүй”, “Н.Тэгшбаяр, Д.Баатархүү нарын гуйлтаар гарын үсэг зурав” хэмээн бичсэн байлаа. Тэгэхээр нэг ижил дугаар, огноотой хоёр тушаалын сүүлчийнх нь ямар нэгэн ашиг сонирхлын үүднээс хуурамчаар гаргасан байж болзошгүй гэсэн хардлага төрүүлж буй юм. Аж ахуйн нэгжээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байсаар тамгаа хураалгахаасаа өмнө яаруу шийдвэр гаргасан болов уу гэмээр санагдсан. Гэхдээ энэ гаргасан тушаал нь хуульд нийцэхгүй байгаа юм. Арваннэгдүгээр сарын 11-ний А/174 дугаартай тушаалын нооргийн арын хуудаст Хуулийн хэлтсийн дарга Б.Мягмаржав нь “Энэ тушаалыг арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 19 цаг 30 мин-д гаргав” гээд тодруулчихсан байх юм. Ирсэн явуулсан бичиг баримт бүртгэдэг дэвтэртээ ч зассан байгаа аж. Тэгэхээр эндээс ямар нэгэн ашиг сонирхол “үнэртэж” байгаа нь ойлгомжтой.

2014 оны арваннэгдүгээр сарын 11-ний А/174 дугаартай “Тусгай зөвшөөрлийн хугацааг шилжүүлэн тооцох тухай” тушаалынх нь агуулгыг уншихаар нэг ч үндэслэл болох зүйл байхгүй гэдгийг Уул уурхайн яамны мэргэжлийн хүмүүс хэлж байна. Манай уул уурхайн салбар хөгж өөд овоо хэдэн жил өнгөрч, энэ салбарын хууль эрх зүйн орчин ч жил ирэх бүр гайгүй л болж дээрдэж байгаа гэхэд хилсдэхгүй. Гэтэл хууль, журамд байхгүй тушаал гаргаж “Ц- 003Х дугаартай тусгай зөвшөөрлийн 2014 оны дөрөв дэх жилийг 2015 онд шилжүүлэн тооцсугай” гэжээ. Тушаал гаргахдаа үндэслэл болгосон хууль, эрх зүйн баримт бичгээс харахад шилжүүлэн тооцох тухай нэг ч үг, өгүүлбэр байхгүй нь хачирхалтай. Ямар эрх зүйн баримт бичгийг үндэслэн ийм тушаал гаргасан нь ойлгомжг үй байгаа юм. Энэ тусгай зөвшөөрөл нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул явуулдаг “Монгол ураниум ресорс” компанийн эзэмшлийнх. Тус компанийг 2014 онд хайгуул хийлгээгүй учраас бүтэн нэг жилийн хайгуулын талбайн төлб өрийг 2015 онд шилжүүлэн энэ онд мөнгө төлүүлэхгүй болгож байгаа гэсэн үг. Ийм хууль бус гүйлгээг хулгайгаар хийгээд байвал энэ улс орны төсөв хөрөнгө яаж ч бүрдэх вэ дээ. Одоо чинь нийгмийн халамжаа танаж, төсөвтөө тодотгол хийхээр дээр доргүй л сүйд болж байна. 2014 онд Ц-003Х тусгай зөвшөөрөлтэй талбайд ажил явуулж хайгуул хийсэн байх ёстой зардлыг нэг ёсондоо тооцохгүй гэж үзвэл хамгийн багадаа 420 мянган ам.доллар улсын төс өвт оруулахгүй байх эрхийг энэ тушаалаараа “Монгол ураниум ресорс” компанид олгосон гэсэн үг. Өнөөдрийн ханшаар 795 сая төгрөг төсөвт орохгүй гэсэн үг. Ерөнхий сайдын харьяаны агентлаг гэж байсан ЦЭГ-ын удирдлага нь ийм хууль бус зүйл хийж, сиймхий ашиглаж байгааг Засгийн газрын гишүүд анхаарахгүй өнгөрч болохгүй байлтай. Өөрөөр хэлбэл, ЦЭГ-ыг татан буулгасан шийдвэрээ яаралтай ажил хэрэг болгохгүй бол үүнээс цааш олон хууль бус зүйл ар араасаа гарч ирж болзошгүй нь.

Д.ДАЙЧИН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.