Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХАВТГАЙРСАН ХАЛАМЖААС ТАТГАЛЗЪЯ

2008 оны сүүлчээр дэлхий нийтийг нөмөрсөн эдийн засгийн хямралын үеэр манай сонин “Хавтгайрсан халамжаас татгалзаж, хямралыг гэтэлье” хэмээн олон нийтийг уриалан бичиж, энэ талаарх иргэдийн санал бодол, дуу хоолойг хүргэж байлаа. Олон нийт ч түүнийг уриалгахан хүлээж авсан учраас иргэдийн саналыг бид төр засгийн удирдлагуудад сонордуулан, тодорхой үр дүнд хүрсэн билээ. Тэр үед “Шинээр гэрлэлтээ батлуулсан хосод өгдөг 500 мянган төгрөгтэй, төгрөггүй бид амьдралаа аваад явчихаж чадна. Гол нь хүм үүс биднийг зарим нэг хос шиг энэ мөнгөнөөс болж гэрлэсэн гэж ойлгох вий хэмээн санаа зовж байна” хэмээн нүдээ олоогүй халамжийг шүүмжлэх хүмүүс ганц нэгээр тогтохгүй байсан юм. Бас боломжийн амьдралтай эцэг, эхч үүд “Хүүхдийн мөнгийг бүх нийтээр нь хавтгайруулан өгөх нь туйлын буруу. Шаардлагатай хэсэгт нь л түүнийгээ өгмөөр юм. Манай хүүхдийн нэр дээр хэдэн төгрөг орсныг би лав мэдэхгүй. Шалгадаг ч үгүй” гэж үнэн байдлыг нэмэр хачиргүйгээр хэлсэнсэн. Энэ мэтээр халамж хэмээх “төөрсөн” их мөнгөний урсгалыг шүүмжилсэн иргэдийн үгийг дуулгавартай хүлээн авч, алдаагаа засаж залруулж байсан улстөрчид 2012 оны сонгуулийн сургаар дахиад л өөрсдөө олон түмнийг уруу татсан билээ. Түүний уршгаар өнөөдөр юунд хүрснийг бид харж байна. Халамжийг урьдынхаас нэмэхдээ нэр төрлийг нь бүр олшруулсан ч харамсалтай нь нүдээ олсон нь тун цөөн. Тиймээс хэдийгээр өнгөрс өн борооны хойноос цув нөмөрч байгаа ч гэсэн дахиад бороо орохгүй гэх баталгаа байхгүй учраас шийдлийн Засгийн газрын тэрг үүний дэвш үүлсэн халамжийг багасгах саналыг бид ч бас хоёр гараа өргөн дэмжиж байна. Сурсан, сураагүй нь хамаагүй, оюутан сэтэртэй бүгдэд толгой дараалан 70200 төгрөг өгдөг болсныг олон хүн шүүмжилдэг. “Оюутнуудад ажлын байр хэрэгтэй болохоос архины мөнгө хэрэггүй” гэх үг гашуун ч гэсэн үнэн. Дээр үед Сүхбаатарын нэрэмжит цалингийн төлөө оюутнууд өрсөлдөн, хичээл номдоо идэвхийлэн шамддаг байсан гэдэг. Тиймээс оюутны тэтгэмжийг зөвх өн онцсайн сурлагатнуудад олгодог болгохоос хэмнэлтийг эхлэх нь хамгийн зөв шийдвэр юм. Тэгэхгүй бол оюутны халамж арай л дэндүү хавтгайрлаа. Нэг танилын маань дүү өнгөрсөн намар дээд сургуульд орохоор бүртгүүлсэн ч сэтгэлд нь нийцээгүй учраас өнөөхөө орхиод, нутаг руугаа одсон юм. Гэтэл одоо хүртэл нөгөө “оюутны” нэр дээрх 70200 төгрөг сар бүр найзын маань дансанд орсоор байгааг мань хүн нэлээд санаа зовсон байдалтай хэлэв. “Эдийн засаг хэцүүдлээ, хэмнэнэ, танана гэчихээд энэ мэт хачин тогтолцоогоо өөрчлөхгүй болохоор хэлсэн ярьсан нь яаж ажил хэрэг болох вэ дээ. Энэ мөнгийг нь хаана аваачиж тушаах ёстой юм бол” хэмээн амихандаа сэтгүүлч надаас асууж байгаа ухаан нь тэр. Шударга, зарчимч найзыгаа иймэрхүү зүйл дээр худал хэлэхгүйг мэдэх ч үнэндээ би олигтой зөвлөгөө өгч чадаагүй. Сургуулиа хаясан оюутны нэрийг хасаад тооцчих сэтгэлгүй сургуулийн нягтланг дэмий л зүхээд өнгөрсөн.

Оюутны мөнгийг тойрсон энэ мэт завхрал дахиад хэчнээн газарт байгааг даанч мэдэх арга алга. “Одонтой ээжүүдийн мөнгийг хавтгайруулан олгох нь зөв”, “Хүүхдийн мөнгийг алагчлалгүй өг, манайх ч бас “авна”, “Хэдэн муусайн ядарсан малчдыг минь малын хөлийн татвараар бүү дарж унагаарай” хэмээн Ерөнхий сайдын эсрэг энд тэндээс өрвөлзөх гиш үүд цөөнгүй байсан. Ирэх сонгуулийн их сунгааны тоосны үзүүрийг гярхай олоод харчихсан тэдэнд ард түмэндээ хачин “халамжтай” болж харагдах гэсэн жүжиг үзүүлэх нь чухал байх. Гэхдээ элгээрээ хэвтсэн эдийн засгаа өндийлгөхийн тулд бодит байдалтай эвлэрч, үнэнийг хүлээн зөвшөөрөх, хийсэн гэм буруугийнхаа хариуцлагыг хүлээх эр зориг бас байх хэрэгтэй бус уу. Хэн ч гуйгааг үй байхад л тэд л өөрсдөө түрүүлж амласан. Харин ч манай монголчууд уужуу ухаантай, холын бодолтой учраас тэдний өмнөөс “хариуцлага” хүлээн, хавтгайрсан халамжаас өөрсдийн саналаар татгалзаж чадахаа аль зургаан жилийн өмнө батлан харуулсан шүү дээ. Хүүхэд нь 18 нас хүрч, гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрсэн бол тухайн эхэд одонгийн мөнгө өгөхгүй байхад учиргүй буруудаад байх зүйлгүй билээ. Эрийн цээнд хүрсэн үр хүүхдээрээ тэжээж, тэтгүүлэх нь тэр ээжийн хувьд харин ч нэр төрийн хэрэг биз ээ. Малчид ч гэсэн “Манийгаа харж үзсэнгүй, та нар” гээд бослого тэмцэл гаргаж, чихнээс нь хонх уяж зовоосныг санахг үй байна. Тиймээс ард түмний нэрийг барьж, матрын нулимс унагадгаа болимоор юм, гишүүд ээ. Төрийн албан хаагчдыг олноор нь цомхтгох болсон “харгис” шийдвэрийг ч бид дэмжиж байгаа. Орон тоо бөглөсөн, ажлын цаг тарахыг хүлээн үүрэглэж суудаг алба хаагчид хэчнээн олон байдгийг мэдэхийн хувиар тэр юм. Бас төрийн жинхэнэ албан хаагчид тэтгэвэрт гарахдаа ажилласан жилээ 40 хувиар нэмэгдүүлж тооцуулдаг байсныг болиулсных нь төлөө Хөдөлмөрийн сайдад алга ташин баяр хүргэмээр байна. Шийдлийн Засгийн газрын тэргүүний амны уншлага болоод буй “Бүсээ чангал” гэдэг үгийг яамд, агентлагуудын хурган дарга нарт хамгийн их сануулмаар байдаг байсан юм.

Эцэст нь Ерөнхий сайдад ганц л зүйл захья. “Будаач будаач гэхээр сахлаа будав” гэгчээр бүхнийг хэмнэж, тайрч танах ёстой гээд ШУА-иараа оролдож, хэдэн эрдэмтдээ ад үзээд эхэлбэл тусгаар тогтносон, ардчилсан улсын нэр хүндэд цөвтэй гэдгийг мэргэд сануулсаар байгааг умартаж болохгүй мэт. Бас монголчуудыг олуулаа болоосой гэж үнэхээр хүсэж байгаа бол жирэмсэн болон хөх үүл эхчүүдэд олгодог тэтгэмжийн цөөх өн хэдэн төгрөгийг хасах нь тийм ч оновчтой шийдэл биш болов уу.

ОЮУТАН

Оюутны гараар дамжсан 70200 төгрөг

  Оюутан гэхээр л эвий энэ муу амьтан гэж өрөвддөг хүн хэдийнэ байхгүй болжээ. Ажил хийж буй аав, ээж нь үдийн хоолонд мантуун бууз, хуушуур төдийхөн ширхгийн хоол идэж байхад, их, дээд сургуулийн оюутан охид, хөвгүүд нь сая төгрөгөөр үнэлэгдэх ухаалаг утасны дэлгэц тогшиж, хэдэн зуун мянгаар хувцас авч, баар, караокены ширээг архи, дарсаар дүүргэн тансаглаж байхыг зөндөө харсан. Бүх оюутнууд ийм биш ч гэлээ энэ мэт үзэгдэл нүдэнд дасал болох нь. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр оюутны тэтгэлэг 70200 төгрөг дөрвөн сараар бодогдон олонх оюутны дансанд орсон. Баярын үе байсныг ч хэлэх үү баар, уушийн газар оюутнаар дүүрсэн. Гадаа бөөгнөрөн зогсох зарим оюутан “Чи юм аа ломбардад тавьчих. Эсвэл хүнээс мөнгө зээлчих. Удахгүй 70 орно” гэж ярилцана.

Оюутан бүр улсаас өгч буй тэтгэлгээ шоу цэнгээнд үрдэггүй ч гэлээ төсвийн “халааснаас” гарч буй 70200 төгрөг оюутны гараар дамжин хэнд очиж байна вэ. Тэтгэлгээ авсан оюутнуудаас мөнгөө хэрхэн зарцуулсныг нь асуухад “Мэдээж залуу хүн юм чинь мөнгөтэй болоод ангийнхан, найзуудтайгаа баар, цэнгээний газраар үйлчлүүлдэг.Мөн арван жилийн ангийнхантайгаа уулзаж, сургуулийн Шинэ жилийн баярт оролцох бэлтгэлээ хийсэн” гэв. Энэ мөнгөө сургалтын төлбөртөө нэмэрлэдэг оюутан цөөн ч гэлээ байлаа. Ихэнх оюутан ухаалаг утас, хувцас авч, 70200 орох сургаар тавьсан өр, зээлээ төлдөг аж. Харин маш цөөхөн оюутан эзэмшиж буй мэргэжлийнхээ ном, гарын авлага зэрэг сурахад хэрэгцээт зүйлсээ авсан гэж байв. Өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс Сургалтын төрийн сан өмнөх хичээлийн жилд хоёроос доош голчтой сурсан оюутнуудад тэтгэлэг олгохоо больсон. Энэ хичээлийн жилд хоёроос доош голчтой 4000 гаруй хүүхэд оюутны тэтгэлэг авахгүй юм.

АШУҮИС-ийн оюутан А.Билгүүн өмнөх хичээлийн жилд 1.9 гэсэн голч дүнтэй сурсан тул энэ улиралд оюутны тэтгэлэг аваагүй. Ангийнхан болон найзууд нь 70200 төгрөгөө дөрвөн сараар нь 280800 аваад мөнгөтэй болоход нь тэрбээр мөнгөгүй байхаасаа санаа зовоод зөөврийн компьютерээ ломбардад тавьжээ. Харин оюутны тэтгэлэг нь ороогүй байгаа оюутнууд “Сургаар нь нэлээд өр тавьсан. Хурдан буугаасай өрөө дарах юмсан” гэлээ. Төрийн банкинд данстай оюутнуудын 70200 нь орохгүй байна. Уг нь аль ч банкны дансаар тэтгэлгээ авч болох юм билээ. Гэтэл зарим сургуулийн оюутны зөвлөлийнхөн Төрийн банкнаас өөр банкаар авч болохгүй гэж хуурсан гэж ярилцаж байлаа. Энэ талаар Сургалтын төрийн сангийн мэргэжилтнээс лавлахад “Зарим оюутны тэтгэлгийг олгоогүй байгаа нь банктай ямар ч хамаагүй. Санхүүжилт дууссан болохоор ийм байдалтай байна. Сангийн яамнаас санхүүжилт орж ирвэл үлдсэн оюутны тэтгэлгийг шууд олгоно” гэсэн юм. Уг нь эрдэм мэдлэг эзэмшихдээ зориул гээд төрөөс өгч буй энэ мөнгийг дөрвөн сараар бөөнд нь авсан ихэнх оюутан долоо ч хонохгүй үрээд дуусгаж байна. Татвар төлөгчдийн мөнгө оюутнуудын гараар дамжин хаана очдог вэ.

ИНФОГРАФИК

ХАЛАМЖИЙГ ХЯЗГААРЛАНА

Одоогоор манай улсад 70 гаруй төрлийн халамж байдаг аж. Энэ оноос төсвийн зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлж зохистой түвшинд бууруулан халамжийн зарим үйлчилгээний зардлыг танаж буй.


АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

М.ЛХАГВАСҮРЭН: ХАЛАМЖИЙН 71 ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС ЯДУУ ИРГЭДЭД ХҮРЧ БАЙГАА НЬ ЗӨВХӨН ХҮНСНИЙ ТАЛОН

Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дарга М.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-Монгол Улсын хэмжээнд хэдэн төрлийн халамж байдаг вэ?

-Хүнсний талон болон цаатан иргэдийн тэтгэмж, хүүхдийн мөнгө нэмэгдээд халамжийн 71 төрлийн үйлчилгээ байдаг.

-Халамжийг анх хэзээнээс олгож эхэлсэн бэ?

-1995 онд анх Нийгмийн халамжийн тухай хууль батлагдаж, 1996 оны хоёрдугаар сарын 1-нд хэрэгжиж эхэлснээс хойш халамжийн үйлчилгээг иргэдэд хүргэх болсон.

-Хэн энэ үйлчилгээг авах эрхтэй вэ?

-Нийгмийн халамжийн болон Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хуульд заагдсан нөхцөл шаардлагыг хангасан иргэд авах эрхтэй.

-Халамжийн үйлчилгээ авсан иргэдэд ямар үр дүн гардаг вэ. Тухайлбал, хүнсний талон олгосон хүмүүсийн амьдрал ахуйд өөрчлөлт анзаарагддаг уу?

-Хүнсний талоныг хэрэглээ багатай, хүнд нөхцөлд амьдардаг хүмүүсийг эдийн засгийн хямралын үед эрсдэлээс сэргийлэх зорилгоор олгож эхэлсэн. Хүнд нөхцөлд амьдарч байгаа өрх үүдийн амьжиргаанд хүнсний талон нэлээд дэмжлэг үзүүлж байгаа. Нийгмийн халамжийн 71 төрлийн үйлчилгээнээс ядуу, хүнд амьдралтай иргэдэд хүрч байгаа цорын ганц үйлчилгээ нь хүнсний талон. Бусад нь хуульд заасан нөхц өлийг хангаж байгаа иргэдэд хүрдэг.

-Шийдлийн Засгийн газар халамжийг танах бодлого баримталж байгаа. Халамжийг танах нь хэр зөв бэ?

-Нийгмийн халамж гэдэг бол ядуу, хүнд амьдралтай, зорилтот бүлгийн иргэдэд хүрэх ёстой үйлчилгээ. Гэтэл ахмад настан бол боломжтой эсэх нь хамаарахгүйгээр халамж авдаг. Зорилтот бүлгийг тодорхойлох ажлыг шинэчлэлийн Засгийн газар 2013 онд хийсэн. Энэ ажлын үр дүнд зорилтот бүлгээ тодорхойлж, хүнд нөхцөлд байгаа иргэдэд халамжийн үйлчилгээ хүрэх суурь бүрдлээ. Мөн судалгаандаа суурилж, мэдээллийн бааз үүсгэсэн. Бид хууль эрх зүйн орчноо өөрчилж, энэ иргэдэд ямар үйлчилгээ тусламж хүргэх вэ гэдэг судалгаа хийж байна. Зорилтот бүлгээ, ядуу иргэн, өрх гэж хэн бэ гэдгийг тодорхойлсон учраас эрх зүйн орчноо өөрчилчихвөл халамжийн үйлчилгээ хүрэх ёстой эзэндээ очих суурь алхам хийгдэх юм.

-Халамж байх хэрэгтэй юү. “Халамж бол хүмүүсийг залхуу болгохоос хэтэрдэггүй” гэж үзэх хүмүүс байдаг.

-Зайлшгүй байх хэрэгтэй. Эрүүл мэндээсээ болоод хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа хүн, үр хүүхэдгүй, ганц бие өндөр настай хүн, олон жаахан хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйд халамжийн үйлчилгээ үзүүлэхгүй бол тэд яаж амьдрах вэ. Иймээс халамж зайлшгүй авах зорилтот бүлэгт үйлчилгээг хүргэх нь төрийн үүрэг.

-Зорилтот бүлэгт хэн орох вэ. Одоо байгаа халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт хандуулбал халамж авах хүний тоо хэдээр цөөрөх бол?

-2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар давхардсан тоогоор 630 мянга гаруй иргэн 220-иод тэрбум төгрөгийн халамжийн үйлчилгээ авсан. Одоо хуульд өөрчлөлт оруулж байна. Дараа нь санхүү, эдийн засгийн тооцоо, үр нөлөөг гаргана. Халамжийн үйлчилгээ зорилтот бүлэгтээ хүрснээр халамж хүртдэг хүмүүс төдөөр цөөрнө гэж хэлэх боломж өнөөдрийн байдлаар алга.

-Халамж хавтгайрлаа гэх хүн олон. Яаж хавтгайруулахгүй олгох вэ?

-Үнэндээ хуульд заасан үйлчилгээг хуулийн хүрээнд нь хүргэж байгаа. Жишээ нь, хуулиараа баян, ядуу хамаагүй бүх ахмад халамжийн үйлчилгээнд хамрагдах эрхтэй. Хуульд тэгээд заачихсан байхад бидэнд “Боломжтой хүнд халамжийн үйлчилгээ үзүүлэхгүй” гэх эрх байхгүй. Харин хуульд өөрчлөлт оруулж, зорилтот бүлэгт халамж олгох юм бол энэ үйлчилгээ хавтгайрахгүй.

-Хүрэх ёстой эзэндээ халамж очиж байгаа эсэхийг хэрхэн хянадаг вэ?

-Төрийн үйлчилгээ, төрөөс гарч байгаа мөнгө маш олон хяналт шалгалттай байдаг. Жишээ нь, хөндлөнгийн аудит, мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгана. Мөн Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар хяналт мониторингийн газартай, бүх хэлтэс хяналтын албатай. Түүгээрээ дамжуулан хяналт тавьдаг. Халамжийн үйлчилгээ авах иргэд олон бичиг баримт бүрдүүлдэг. Энэ нь эргээд нотлох баримт болдог учраас хяналт сайн гэж хэлж болно.

-Эрх бүхий хүн халамжийн үйлчилгээг авах ёсгүй хүнд нь өгсөн бол, эсвэл хуурамч бичиг баримт бүрдүүлсэн иргэнд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Эрх бүхий албан тушаалтныг ажлаас халах хүртэл, хуурамч бичиг баримт бүрдүүлэн халамжийн үйлчилгээ авсан иргэнээр уг мөнгийг нөхөн төлүүлэх, үйлчилгээг зогсоох, халамжийн санг хохиролгүй болгох зэрэг арга хэмжээ авдаг.

-71 төрлийн үйлчилгээнээс энэ нь шаардлагатай биш гээд хасах халамж бий юү?

-Халамжийн бодлогод төрөлтийг дэмжсэн бодлого орох шаардлагагүй. “Эхийн алдар” одонгийн мөнгө бол халамж биш. Сар бүр хүүхдэд олгодог 20 мянган төгрөг ч хүүхдийн хөгжлийг дэмжсэн, ирээдүйд зориулсан. Жирэмсэн, амаржсаны тэтгэмж гэхэд төрөлтийг дэмжсэн. Алдар цолтой ахмадууд гэхэд тэтгэвэр сайн авдаг. Эдгээр нь халамжийн үйлчилгээнд байж болохгүй. Харин “Олуулаа” хуулийн хүрээнд хүн амаа өсгөх, олон болгох бодлогоор ч юм уу, өөр хуулиар зохицуулах нь зүйтэй.

-Халамжийн үйлчилгээ зорилтот бүлэгтээ хэр хүрч байна вэ?

-Зорилтот 11 бүлэг байдаг. Шалгуураараа бол халамжийн үйлчилгээ эзэндээ хүрч байгаа.

-“Эхийн алдар” одон, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах иргэдээс шинээр материал хүлээж авахгүй байгаа гэсэн. Энэ үнэн үү?

-Тийм ээ, түр хүлээлгэж байгаа. УИХ 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцээгүй байна. Төсвийн тодотгол яаж батлагдахаас бүх зүйл шалтгаална.

-Халамж улсын төсвийн хэдэн хувийг эзэлдэг вэ?

-Монгол Улсын иргэн бүрт сард 21 мянган төгрөг олгож байхад дотоодын нийт бүтээгдэх үүний 7.8 хувийг эзэлдэг байсан. Халамжийн 71 төрлийн үйлчилгээ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 0.85 хувийг эзэлж байгаа.

-Жилд хэдэн төгрөг Халамжийн санд эргэлддэг бол?

-220-230-иод тэрбум төгрөг. Хүүхдийн мөнгө нэмэгдэхээр 450-иад тэрбум төгрөг болдог.

-Хамгийн их халамж олгосон үе хэзээ вэ?

-2011 он. Тухайн жил иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг олгосон. Халамжийн хавтгайрлын оргил үе. Тухайн жилд халамжаар 900 гаруй тэрбум төгрөг олгосон байдаг.

“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ

-Халамж хавтгайрсан гэдэгтэй та санал нийлэх үү. Хэрвээ халамжийг цөөрүүлбэл алийг нь хасах хэрэгтэй вэ?

Т.ДОЛГОРСҮРЭН (Баянзүрх дүүргийн XIII хорооны оршин суугч, сонсголын бэрхшээлтэй иргэн):

-Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтсэн энэ үед Ерөнхий сайд бүсээ чангалах бодлого барьж буйг дэмжиж байгаа. Гэхдээ нийгмийн эмзэг давхарга болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийг хасаж болохгүй. Би сард 115 мянган төгрөгийн халамж авдаг. Энэ мөнгө амьдралд минь хүрэлцдэггүй ч өөр орлогогүй бидэн шиг хүмүүст хамгийн хэрэгтэй. Хэдий би сонсголын бэрхшээлтэй ч ажил хийе гэхээр авах газар олдохгүй байна. Англи хэлтэй, компьютерийн мэдлэгтэй байгаад ч нэмэр алга. Хөгжлийн бэрхшээлтэй гэсэн ганцхан шалтгаанаар ажилд авахгүй юм. Оюутан залуус, төрийн албаныханд өгдөг элдэв халамжаа хасаад, түүгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр гаргаж өгвөл бид баялаг бүтээж чадна. АНУ гэхэд л тэргэнцэртэй хүмүүсээ томоохон худалдааны төвүүдэд худалдагч, тасалбар шалгагчаар ажиллуулдаг юм билээ.

Э.ЦОЛМОН (Баянгол дүүргийн XII хорооны оршин суугч):

-Санал нийлж байна. Оюутнуудын 70, хүүхдийн 20 мянган төгрөг бол сонгуулийн шоу төдий зүйл. Би бага насны хоёр хүүхэдтэй. Тэд маань сар бүр 20 мянган төгрөг авдаг. Гэхдээ үүнийг ойр зуурын идэж, уухдаа л зарцуулаад дуусдаг. Түүнээс хадгалж, хуримтлуулсан зүйлгүй. Ер нь 10 айлын хоёр нь л хүүхдэдээ хадгаламж нээлгэсэн болов уу. Мөнгөгүй болсон үедээ л эцэг эхчүүдийн олонх нь хүүхдийн 20 мянгыг санадаг байх. Түүнээс энэ мөнгөөр амьдралаа залгуулж байгаа нь цөөхөн. Тиймээс хүүхдэд хэрэгтэй зүйлд зориулна гэвэл 20 мянгаас татгалзахад бэлэн. Харин жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй хүнд өгдөг 40 мянган төгрөгийг байх ёстой гэж бодож байна. Гэртээ хүүхдээ харж суугаа ээж нарт энэ мөнгө их дэм болдог шүү дээ.

М.ДАВААСҮРЭН (“Ган хийц” компанийн ерөнхий захирал):

-Халамж үнэхээр хавтгайрчихаад байна. Монголын төр иргэдээ хөдөлмөрт сургаж, ажлын байраар хангахгүй бол 100 жилийн дараа ч ийм байдлаасаа гарахгүй. 2012 оны сонгуулийн дараа 327 тэрбум төгрөг халамжид тараасан. Монгол хүн бүр энэ халамжаас хүртсэн байх. Бэлэн мөнгө тарааж өгснөөр ард түмний амьдрал сайжирч, баяжиж, хөлжин, хөгжсөн нь хаана байна. Үүний оронд 327 жижиг үйлдвэр барьсан бол багаар бодоход 6540 хүн ажилтай болох байлаа. Гэхдээ халамж байх ёсгүй гэж хэлээгүй шүү. Хөдөлмөрийн чадвараа алдсан, ажил эрхлэх боломжгүй, харж хандах хүнгүй өндөр настнуудад өгөхөөс биш эрүүл саруул хүнд ингэж илүү мөнгө өгснөөр ажилгүйдэл бий болгохоос өөр зүйлгүй. Засгийн газраас үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, 32 компанид зээл олгосон. Энэ зээлээр манай компани гэхэд тоног төхөөрөмжөө сайжруулж, төмөр хийц, бетон, сэндвичэн хавтан зэргийг эх орондоо үйлдвэрлэж байна. Гэтэл бараг худалдана авагчгүй боллоо. Энэ нь манай төр засаг аливаа зүйлийг цогцоор нь шийдэж чадахгүй байгаатай холбоотой. Мөн улсад төлж байгаа татварын 50 хувийг тухайн компанид нь буцааж халамжийн сан бүрдүүлэх хэрэгтэй. Ингэвэл ажилчдын ая тухтай ажиллах орчныг сайжруулж, эрүүл мэндэд нь анхаарах болно.

П.БАТТУЛГА (Дорноговь аймгийн АШУИС-ийн эмчилгээний IV курсийн оюутан):

-Оюутанд 70.000 өгдөг болсноос хойш өр тавих нь ихэссэн. Сургуулийнхаа цайны газрын хүн, найз нөхдөөсөө гээд зээлсэн мөнгөө нөгөө 70.000 буухаар өгнө шүү дээ. Хот газар биш болохоор тэтгэлгээ наргиж цэнгэхэд зарцуулах нь бараг үгүй. Гэхдээ энэ мөнгийг заавал авах гээд байх юм алга. Эдийн засаг хүнд байгаа энэ үед тэтгэлгийн мөнгийг хасвал би хувьдаа эсэргүүцэхгүй. Энэ мөнгийг өгдөггүй байхад болоод л байсан. Одоо ч болно гэж бодож байна. Гэхдээ Улаанбаатар, орон нутаг, гадаадад сурч байгаа оюутнуудад төр адил тэгш хандах хэрэгтэй. Хотын оюутнууд нийтийн тээвэрт үнэгүй зорчихоос эхлээд хөнгөлөлт эдэлж байхад бидэнд тийм зүйл байдаггүй. Сургуулиас эмнэлэг хүртэл таксигаар явдаг. Өдөрт унаанд 500-1000 төгрөг зарцуулдаг. Тэгэхээр хөдөөгийн бидэнд ч хөнгөлөлтийн карт хэрэгтэй. Эсвэл хотын оюутнуудыг ч мөнгөө төлөөд автобусанд суудаг болговол шударга. Засгийн газрын эрхмүүд бэлэн мөнгө олгохын оронд ажлын байр бэлтгэж өгөөч.

ЕРТӨНЦ

Нийгмийн халамж эрхлүүлэх биш, туслах зорилготой

  Скандинавын орнууд нийгмийн халамжийн бодлого, үзүүлэлтээрээ дэлхийд тэрг үүлдэг. Эдгээр улс ДНБ-ийхээ 30-аад хувьтай тэнцэх мөнгөөр иргэдээ халамжилдаг байна. Гэхдээ энэ нь эдийн засагт нь тушаа болдоггүй, нийгэмд тэгш бус байдал үүсгэдэггүй нь халамж эзнээ олж, төрийн хишиг хүртэгсэд улсдаа эргээд чадлынхаа хэрээр, үнэнч шударга зүтгэдэгтэй холбоотой юм. Мөн социалист маягийн ийм халамж, үйлчилгээг чөлөөт зах зээлтэй хослуулж, татварын “алагчилсан” бодлого хэрэгжүүлэн, өндөр орлоготой иргэдээс их, бага орлоготой иргэдээс бараг татвар авдаггүй нь Скандинавын орнуудын нийгмийн халамжийн үйлчилгээг амжилтад хүргэжээ. Халамж, хөнгөлөлтийн хариуд иргэд хариуцлага хүлээх ёстой гэсэн хандлагаараа Умардын загвар хэмээн нэрийддэг халамжийн ийм бодлого бусад орныхоос ялгарна. Дани, Финланд, Норвеги, Исланд, Шведийн иргэн бүр бүх шатны боловсрол үнэгүй эзэмшиж, эрүүл мэндийн үндсэн үйлчилгээ үнэгүй хүртдэг. Харин үүнийхээ хариуд бага гэлтгүй татвар төлж, хүүхдээ вакцинд хамруулж, сонгуульд оролцож, нийгмийн ажилд хувь нэмрээ оруулж, ажил хөдөлмөр эрхлэх үүрэгтэй. Энэ нь эрүүл, боловсролтой иргэдийг бэлтгэж, ажилгүйдэл, ядуурал, гэр бүлийн тогтворгүй байдал зэрэг олон зүйлээс сэргийлдэг байна. Умардын ийм загвараас хөгжиж байгаа орнууд жишээ авах нь их байна. 20-иодхон жилийн өмнө хамгийн ядуу буурай орны нэг байсан Бразил улс Скандинавын орнуудаас санаа авч “Bolsa Familia” (Гэр бүлийн хөнгөлөлт) гэх хөтөлбөрийг хэрхэн амжилттай хэрэгжүүлснийг жишээ татъя. 2003 оноос хэрэгжиж буй уг хөтөлбөрийг өдгөө дэлхийн хамгийн амжилттай, хамгийн үлгэр жишээ болохуйц халамжийн бодлого гэдэг байна. Өмнө нь ядуус олонтой, тэдэндээ хувцас хунар, хоол хүнс, бэлэн мөнгө тараахаас өөр дорвитой ажил хийж байгаагүй Бразилийн эрх баригчид энэ хөтөлбөрийн ачаар эдийн засгаа хөгжүүлж, ядуурлыг бууруулсан гэж ажиглагчид үздэг. “Bolsa Familia” нь амьжиргааны түвшин доогуур, хүүхэдтэй гэр бүлийг хямд үнэтэй ч чанартай хүнсээр хангаж, орон сууцны хүүгүй шахам зээлд хамруулдаг хөтөлбөр юм. Хөтөлбөрт хамрагдагсад хариуд нь хүүхдээ сургуульд сургаж, эрүүл мэндийг нь улсад даатгах үүрэгтэй. Энэ нь 12 сая орчим бразил өрхийг ядуурлаас аварчээ. 2011 оны хоёрдугаар сарын байдлаар бразилчуудын 26 хувь буюу 44 сая нь эл хөтөлбөрөөс хишиг хүртэж, өмнө нь ажилгүй байсан 26 сая гаруй хүн “Bolsa Familia”-гийн ачаар ажилтай болсон байна. Нийгмийн халамж, үйлчилгээ гэдэг иргэдийг эрхлүүлэх биш, харин тэдэнд туслах зорилготой. Тиймээс ч үр хүүхэд нь эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж, сургуульд сурах болсон нь орлого багатай хүмүүст итгэл төрүүлж, ажил хийх нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн гэж нийгэм судлаачид үздэг. “Bolsa Familia”-д хамрагдсан өрхүүдэд бэлэн мөнгө тараадаггүй. Харин гэрийн эзэгтэйд нь Иргэний хуудас нэртэй зээлийн карт олгоно. Сар бүр олгох мөнгө нь тухайн өрхийн хүүхэд вакцинд хамрагдсан, эсэх, хичээлдээ сайн сурч байгаа, үгүйгээс шалтгаалан харилцан адилгүй байна. Энэ нь халамжийн эл хөтөлбөрийг үр дүнтэй, улсад хохиролгүй болгосон гол хүчин зүйл гэнэ. Өдгөө хөгжиж буй орнуудыг эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлэгч орны нэг болсон Бразил улс ДНБ-ийхээ 0.5 хувийг “Bolsa Familia”- д зарцуулж байна.

Л.ГАНЧИМЭГ, Т.ТӨГӨЛДӨР, Ч.ЗУЛ8 Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ8 Г.ЛХАГВА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.