Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Н.Хулан: Оролцогчидтойгоо хамт баярлаж, догдлох тэр мөч үнэхээр гайхалтай

Дуу хөгжимд чин сэтгэлээсээ дурлаж, түүгээрээ жигүүр хийж яваа мянга мянган залууст боломж олгодог “Universe best songs-2015” наадам тун удахгүй эхлэх гэж байна.
Оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 200 гаруй хүн бүртгүүлээд байгаа юм байна. Наадмыг эхэлсэн цагаас нь хөтөлж байсан Анууш, Одгэрэл нар өнгөрсөн жил ажлаа залуу үедээ хүлээлгэн өгсөн юм. Тэгвэл энэ жил ерөнхий редактор П.Одгэрэл, соёлын тэргүүний ажилтан Э.Гантулга, “Universe best songs-2011”-ын шилдэг оролцогч Б.Ган-Эрдэнэ, мөн UBS music-ийн хөтлөгчид Ц.Зэндмэнэ-Эрдэнэ, Н.Хулан нар хамтдаа хөтлөх юм.


“Universe best songs” наадмын залуу хөтлөгч Ц.Зэндмэнэ-Эрдэнэ, Н.Хулан нартай ярилцлаа. Бид наадмаас гадна сэтгүүлч, хөтлөгч мэргэжлийн сайхан нь юундаа байдаг, залуу хүний хүсэл мөрөөдлийн тухай чөлөөтэй ярилцсан юм.

 -Авьяаслаг залууст өөртөө итгэх итгэл, боломж олгодог “Universe best songs” наадам тун удахгүй болох гэж байна. Энэ жилийн онцлог нь юу вэ?

-Н.Зэндмэнэ-Эрдэнэ (З.Э): Телевизийн салбарт залуус бид ажил үүргээ хүлээн авч, амжилттай уран бүтээлээ туурвисаар байна. Шинэ ажил эхлэх бүрт маш том үүрэг хариуцлага ноогддог. Ажлаа амжилттай хийнэ гэсэн бүрэн итгэлтэйгээр урагшилдаг. UBS телевизийн хүчирхэг уран бүтээлчдийнхээ хамт жил бүр төслөө хэрэгжүүлдэг. Энэ онд бид наадмаа долоо дахь удаагаа хийх гэж байна. Өнгөрсөн жил “Best of the best бүх цаг үеийн шилдгүүдийг нэгтгэсэн наадам болсон.Тухайн үед “Universe best songs”-ийг дууслаа, өндөрлөлөө гэсэн яриа гарсан байсан. Энэ бол худлаа. “Universe best songs” цаашид олон жил үргэлжлэх байх.

-Энэ жил яагаад хуучин, шинэ хөтлөгчид хамтран хөтлөхөөр болсон юм бэ?


Н.Хулан: Зургаа дахь жилдээ зургаан хөтлөгчтэй байсан. Долоо дахь жилийн онцлог нь хуучны дотно танил болон шинэ залуухан хөтлөгчид хамтдаа хөтлөхөөр болсонд байгаа юм. “Universe best songs” наадмыг анхаас нь хөтөлж байсан хөтлөгч П.Одгэрэл, Э.Гантулга ах болон мөн Б.Ган-Эрдэнэ, Ц.Зэндмэнэ-Эрдэнэ бид тав наадмын турш үзэгчидтэйгээ хамтдаа байх болно.
Тэмцээнд оролцогчдын насны доод хязгаар 16 байдаг болохоор жил болгон шинэ үеийнхэн гарч ирдэг. 16 настнууд их зоригтой, тэсрэлт хийсэн тоглолт үзүүлдэг. Энэ жил ч мөн 16, 17 нас хүрч байгаа оролцогчид ихээр бүртгүүлж байгаад баяртай байна. Тэд цоо шинэ зүйлсийг үзүүлэх байх

-Та хоёр ямар мэргэжилтэй вэ. Аль сургуулийг төгссөн бэ?

 Хулан: Би Радио телевизийн дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн.

-З.Э. Би Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх сэтгүүлч коллежийн оюутан. Гурван жилийн өмнөөс UBS телевизэд сэтгүүлч, хөтлөгчөөр ажиллах болсон. Бидний хамгийн том хүлээж авсан уран бүтээл бол өнгөрсөн онд “Universe best songs” наадам байсан. Анхны бүхэн амттай, туршлага хуримтлуулсан ажил байдаг. Энэ жилийн наадмыг арай өөр өнцгөөс харж, улам илүү сонирхолтой, үзэгчдийнхээ таалалд нийцсэн байдлаар хөтөлнө.

-Хулан: Долоон хаврын турш наадам үргэлжилж байна. Наадам маань үзэгчдэд аль хэдийнэ танил дотно болжээ. Жил бүр онцлогтой, өвөрмөц болдог. Өнгөрсөн жил цоо шинэ хөтлөгчтэй байсан. Энэ жил шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон. Үүнийг нэвтрүүлэг гарч эхлэхээр үзэгчид олж мэдэх байх.

-Мэргэжил бүхэн өөрийн гэсэн “амттай” байдаг шүү дээ. Сэтгүүлч, хөтлөгч гэсэн мэргэжлийн сайхан нь юундаа байдаг вэ?

Асуултыг дөнгөж сонсоод л Хулан инээмсгэлэн, бодлогоширч суугаа харагдсан. Түүний ертөнц миний хувьд их л сонирхолтой санагдсан нь өөрийн facebook хуудаснаа “Миний аз жаргалын шалгуур ерөнхийдөө доогуур. Хүмүүс шиг нямбай, шаардлага өндөртэй биш болохоор байнга л аз жаргалтай байдаг гэсэн эгэл хэрнээ ухаалаг мөрүүд, “Өндрөөс унах дуртай. Паркийн тоглоом, овон товонтой зам, адармаатай зүүднүүдэд мэдрэгддэг тэр сонин мэдрэмж” гэсэн түүний илэрхийлэл үүнийг батлаад өгсөн юм.


З.Э: Шинэ бүхний эхлэл, шинэ болгоныг эхлээд мэддэг нь миний мэргэжлийн онцлог. Мэдэж, сонссон зүйлээ өөрийн мэдрэмж, арга барилаар бусдад түгээж дамжуулах нь надад илүү амттай санагддаг.

Хулан: Энэ мэргэжил их сонирхолтой. Шинэ содон мэдээллийг залуустай хуваалцан, хөгжмийн хэмнэл дунд байдаг нь надад эрч хүчийг өгдөг. Хөгжмийн сувгийн хөтлөгч байх нь их онцлогтой санагддаг. Би бичиж, хөтлөхөөс гадна сүүлийн үед дуулж, бүжиглэж байгаа (инээв)

З.Э: Зөвхөн “Universe best songs” наадам төдийгүй манай UBS телевиз залуусыг маш ихээр дэмждэг. Тэдэнд ямар боломж, нөөц байгааг сайн олж хардаг. Бидэнд бичдэг, хөтөлдөг байхаас гадна дуулах, бүжиглэх, жүжиглэх зэрэг олон талын авьяасыг нээх боломж олгосон.

Хулан: Монголын залуу уран бүтээлчдийн олонхи нь энэ наадамтай холбогдсон байдаг. Маш олон залуу хүмүүст мөрөөдлөө биелүүлэх боломж олгодог.

З.Э: Манай наадмын үр дүн хүн бүхэнд ил харагддаг. Зургаан жилийн хугацаанд энэ наадмаас төрсөн дуучид олон. Тэд эхнээсээ мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллан, цомгоо гаргаж, тоглолтоо хийсэн нь байна. Мөн өөрийн гэсэн сонсогчдийн хүрээллийг бий болгож байгааг харахад яах аргагүй энэ наадмын бас нэгэн бахархал, үр дүн тодордог.

-Өнгөрсөн жил “Мөрөөдлийнхөө төлөө ухаалаг амьдарцгаая” уриан дор зохиогдож байсан. Энэ жилийн уриа юу вэ?

-З.Э: Энэ жил “Боломж үргэлж бидний гарт” гэсэн шинэ уриатай болсон. Энэ тухай бид дөнгөж саяхан сонсоод сууж байлаа. Залуус өөрийгөө дайчлан хөгжүүлэн, авьяас мэдлэгээ нээгээсэй гэж уриалж байгаа.

Хулан: Авьяас чадвараа хөгжүүлэх юм бол боломж үргэлж бидний гарт “Universe best songs”

-Өнгөрсөн жил хөтөлж байхад сэтгэлд үлдсэн хамгийн гайхалтай мөч юу байв?

З.Э: Хамгийн гайхалтай мэдрэмж наадам өндөрлөөд шилдэг оролцогчид “Гала тоглолт” хийхэд төрдөг. Хоёр, гурван өдрийн турш UB palace дүүрэн үзэгчдийн дунд “Сайн байна уу ” хэмээн шилдэг оролцогчдоо танилцуулан, тэдний гайхамшигт тоглолтыг хүргэнэ гэдэг миний хувьд хамгийн сэтгэлд ойр үлдсэн дурсамж юм.


Хулан: Шалгаруулалт руу орох гээд догдолж байхад нь бид мөн яриа авах гэхээр хүүхдүүд бүр их догдолж, сандардаг. Тэр нөхцөл байдлыг даван туулаад тайзан дээр шүүгчдийн өмнө дуугаа дуулаад буцаад тэнцсэн хэмээн баярлаж гарч ирж байгаа тэр мөчийг харах үнэхээр гайхалтай. Наадмын энгийн өдрүүд, оролцогчидтойгоо хамт баярлаж, догдлох тэр мөч үнэхээр гайхалтай.  Зэндмэнэ-Эрдэнэ урлагийн гэр бүлд төрж, өссөн болохоор ч тэр үү “хөгжимгүйгээр өөрийн амьдралаа төсөөлөхийн аргагүй, миний нэг салшгүй хэсэг” гэсэн бол Хулан тайзны араас гайхалтай сайхан дуу хоолойг сонсон,сайн сонсогч байхыг хүсдэг гэнэ. Мөн бүртгүүлж буй ороцогчидоо шинэ, содон, гайхалтай дуу сонгохыг тэд уриаллаа.
М.Болорцэцэг

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.