Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мөрөөдлөө зорилго болгосон МӨНХБАТУУД

  “Нэр нэгтийн чих нэг” булангийн маань энэ удаагийн зочид бол өөр өөрсдийн ажиллаж байгаа салбартаа тод мөртэй, торгон жолоо өргүүлж яваа Мөнхбатууд. Монгол Улсын 20 дахь аварга хийгээд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхий зөвлөх, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, Монголын нэрийг дэлхийд таниулж яваа залуу эрдэмтэн гэсэн дөрвөн амидай ижил найман асуултад өөр өөрсдийнхөөрөө хэрхэн хариулсныг болгоон соёрхоно уу.

1. Мөнхбат гэдэг нэрнээсээ болж эвгүй байдалд орсон, эсвэл маш их бахархаж байсан тохиолдол танд бий юү. Нэртэй тань холбоотой сонин дурсамж байвал хуваалцаач?

2. Та амьдралынхаа харгуйд хэдэн км цагийн хурдтай явж байна вэ?

3. Монгол залуу хүнд зайлшгүй байх ёстой хамгийн гол чанар таныхаар юу вэ?

4. Яг одоо таныг байгаа газраас тань очиж аваад, нууц ажиллагаанд дайчлах болж, гэрийнхэндээ нарийн учрыг хэлэхгүй байхыг үүрэг болголоо гэж төсөөлье. Та бүтэн зургаан сарын турш утас, интернэт, шуудан холбоогүй газарт амьдрахаар болсон тухайгаа гэрийнхэндээ юу гэж тайлбарлах вэ. Мөн өөрийн дуртай ганц зүйлээ авч явж болно гэвэл та юу авч явах вэ?

5. Танд бусдаас нуухыг хүсдэг муу зуршил байдаг уу. Та түүнийг хаяхын тулд ямар нэгэн зүйл хийсэн үү?

6. Эр хүнийг сорви чимдэг гэдэгтэй санал нийлэх үү. Хамгийн сүүлд хэнтэй, хэзээ нударга зөрүүлснээ санаж байна уу?

7. Та одоо өөрийнхөө хүрнэ гэж зорьсон оргилын хаахна явна вэ. Тэр оргилд хүрэх зам хэр адармаатай бол?

8. Эсрэг хүйсийнхээ хүнээс сонссон мартагдахаарг үй сайхан магтаал, урмын үг юу вэ?

БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛАЛТАД ГАРАХААР ЭХНЭР МААНЬ АРААС ШОКОЛАД ЯВУУЛДАГ

Улсын аварга С.Мөнхбат миний төсөөлж байснаас харьцангуй нээлттэй, яриа хүн юм. “Манай нийгэм тэр чигээрээ хар бараан зүйлд их дурлаж байна. Хэвлэл мэдээллийнхэн үүнд тун “чухал” үүрэг гүйцэтгэж байгаад харамсдаг. Ямар сайндаа сүүлийн үед би Монголынхоо телевизийн сувгуудыг үзэхээ болиод Өвөрмонголын телевиз үздэг болсон” хэмээн сэтгэл зовинож явдаг зүйлээ ч аварга энэ богинохон хугацаанд хэлээд амжсан. Бяцхан нууц дэлгэхэд түүнийг барилдаж эхэлснээс хойш гэр бүлийн хүн нь Төв цэнгэлдэх хүрээлэнд наадам үзсэн удаагүй гэнэ. Ханийнхаа сүлд хийморийг дээдэлдэгтээ өдий хүртэл Бөхийн өргөө рүү ч зүглээгүй аж.

-Мөнхбат гэдэг нэр их хүчирхэг, сайхан санагддаг юм. “Мөнхбат аа” гээд хүмүүс намайг дуудах тоолонд энэ үгийн утга учир, шид увидас нь надад ирж байгаа юм шиг санагддаг. Нэг сонирхолтой дурсамж дэлгэхэд, миний аварга цолны найран дээр дархан аварга Ж.Мөнхбат ирсэн юм. Тэгсэн манай хүн “Энэ зуунд Мөнхбат гэдэг нэртэй аварга төрсөн нь учиртай. Наадмын дараа Даваажаргал над руу утасдаад хэн түрүүлснийг асуухаар нь би “Аав нь түрүүлсэн шүү” гэж хэллээ. Учир нь би өөрийгөө хоёр зуун дамнасан аварга боллоо гэж бодож байна. Увсад Сүхбаатар гэдэг айлд нэг бурхан төрснийг мэдэрсэн аав нь хүүдээ Баянмөнх биш, Бат-Эрдэнэ биш Мөнхбат гэдэг нэр хайрлаж. Тэгээд тэр нь аварга болчихсон л байгаа байхгүй юү. Гэтэл цаана нь Баянмөнх, Бат-Эрдэнэ гэдэг нэртэй улсын начингууд байж л байна” гээд найранд ирсэн хүмүүсийг их хөгжөөж билээ.

-Машинаар зүйрлэвэл би одоо дунджаас арай дээгүүр хурдтай явж байна. Дахиад дээшээ өндөр хааз авахад ямагт бэлэн. Тийм хүч надад байна. Бөхтэйгөө холбоод яривал үеийнхнээсээ мэдээж арай илүү хурдтай байгаа л даа. Намайг “Шонхор” биеийн тамирын дээд сургуульд элсэх үед зөвхөн манайд гэхэд л 100 гаруй залуу үндэсний бөхөөр хичээллэх гээд ирж байсан. Цаана нь дахиад олон сургууль, дугуйлангуудад хэдэн зуун залуу үндэсний бөхөөр хичээллэж байгаа шүү дээ. Тиймээс миний хурд, мэдрэмж тэднээс арай илүү байсан болоод л өдий зэрэгтэй амжилт гаргаж яваа болов уу.

-Залуус маань ямар ч үед монгол гэдэг үндэстний үр сад гэдгээ бүү мартаасай гэж боддог. Тэгээд бас өөртөө таарсан зорилго, хүсэл тэмүүлэлтэй байгаасай. Түүнийхээ төлөө үнэнчээр тэмцдэг, тэр авьяас чадвараа хэдийд, хэрхэн гаргах вэ гэдгээ мэдэрдэг байх нь чухал гэж боддог. Өнөөдөр манай залуус өөрийгөө хэн бэ гэдгээ мэдээгүй байж сургууль төгсөнгүүтээ шууд л том дарга болох мөрөөдөлд автчихаад байна. Баян болох мөрөөдөлтэй бүсгүйчүүд нь болохоор интернэтээр хэдэн зураг хараад л харийн хүнтэй гэрлэхээр шийдэх жишээтэй. Хүний хувь заяа тийм хямдхан байж болохгүй биз дээ.

-Яасан “эвгүй” асуулт вэ. Бэлтгэл сургуулилалт хийнэ гэж хэлэх гэхээр арай л урт хугацаа байна аа. Өөрийгөө олох, хөгжүүлэх чиглэлээр бясалгал, даяанчлал хийхээр явлаа гэж хэлдэг юм бил үү. Монгол бөх бол манай үндэсний уламжлалт том соёл. Тиймээс энэ соёлыг тээж яваа хүний хувьд би тодорхой хэмжээнд шашин шүтдэг. Нөгөөтэйгүүр манай бөхчүүдийн дунд өрсөлдөөн асар их байдаг. Тэр бүхнээс өөрийгөө чөлөөлөх үүднээс хийморь лундаагаа өөдрөг байлгахын тулд бясалгал хийх хэрэгтэй боллоо гэвэл итгэх байх аа. Эсвэл ерөөсөө энэ хоёрыг хослуулах хэрэгтэй юм байна. “Хань нь зургаан сарын хугацаатай эрчимжүүлсэн бэлтгэлд явлаа, хажуугаар нь бас бясалгал хийх хэрэгтэй гэнэ” гэж л хэлье дээ (инээв).

-Би чихэрлэг зүйлд, тэр тусмаа шоколаданд маш их дуртай. Бага байхын л “Чихрийн хулгайч” нэртэй байлаа. Ээжийн энд тэнд нуусан чихрийг яаж ийгээд л олчихдог хүүхэд байсан. Одоо ч орой унтахынхаа өмнө заавал шоколад идэх гээд байдаг муу зуршилтай. Чихэр, шоколадыг бол хүүхэдтэйгээ булаацалдаад л харин ч нэг иднэ шүү дээ. Ямар сайндаа л намайг бэлтгэл сургуулилалтад гарахаар эхнэр маань араас шоколад явуулдаг.

-Миний хувьд дургүй хүргэсэн хүнтэйгээ юу ч бодохгүй гар зөрүүлчихдэг байсан үеэ оюутны ширээнээс өндийгөөд орхисон. Монгол эр хүний бүх л сайн сайхан шинж чанар, генийг хадгалж байх учиртай бөхийн спортын том цолд хүрсэн болохоор хариуцлагатай байх ёстой. Гэхдээ бөх гэдэг зэвсэггүй л болохоос нэг талаас тулааны урлаг шүү дээ. Д.Сумьяабазар аваргаас нэг удаа “Та яагаад барилдахгүй байгаа юм бэ” гэсэн чинь “Ах нь 20 гаруй жил гладиатор байлаа. Одоо больё” гэсэн. Энэ их ортой үг. -Аав маань сумын заан хүн. Сумынхан аавыг “Заан” гээд их хүндэтгэдэг учраас багадаа сумын заан болъё гэж мөрөөддөг байсан. Сүүлдээ мөрөөдөл маань зорилго болон томорч, тэр хэрээрээ хичээсээр сумаас аймаг, улсын цолтой бөх болсон. Одоо бол бөх гэдэг уулын оргил руу их ойртож байна даа.

-Хань минь “Чи чадна аа” гэдэг үгээрээ надад их урам дэм өгдөг. Барилдаан эхлэхийн өмнө мессеж бичнэ. Ер нь манай гэрийнхэн бүгдээрээ л надтай хамт барилдаж, хамт унаж, давдаг даа.

ЮУНЫ ТӨЛӨӨ ДӨЧИН МЯНГАТЫНХ БИЛЭЭ ДЭЭ

Хөгжмийн зохиолч С.Мөнхбат хэмээх энэ эрхмийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байж болох. Харин гавьяат жүжигчин Д.Түвшинтөгсийн “Шүүдэр цармын цэцэг”, зууны манлай страдын дуучин Б.Сарантуяагийн “Бороо” зэрэг хит дуунуудын хөгжмийн зохиолч гэвэл үзэгч, сонсогчид нь эчнээ андахгүй. Гэхдээ С.Мөнхбат дууны уран бүтээлээс илүү дан хөгжмийн бүтээлдээ ач холбогдол өгдөг “гаж” нэгэн. А.П.Чеховын “Цахлай” жүжгийг 106 жилийн дараа Монголын театрын тайзнаа амилуулахад тэрбээр хөгжмийг нь бичсэн бөгөөд тэрхүү зохиолоо их тоодог гэсэн. Дуучнаас мэдрэмж, ур, ухаан шаарддаг учраас баргийн хүний “амлаж аваад” дуулчихдаггүй олон сайхан бүтээл туурвисан түүний дотоод сэтгэлээс “Сүүдэр цармын цэцэг” шиг, поп хатагтай Сараагийн “Бороо” шиг дуунууд дахиад өчнөөн төрөх боломжтой гэдэг. Харин уран бүтээлдээ тооноос илүү чанарыг чухалчилдаг С.Мөнхбат хөгжмийн зохиолч өөрөө дотроо юу бодож явдгийг таахын аргагүй.

-1960-аад онд Мөөеө аваргыг ид барилдаж байх үед би төрсөн юм. Тиймээс хөгшин эмээ минь надад Мөнхбат гэдэг нэр хайрласан юм гэнэ лээ. Энэ нэрээрээ бахархаж, хүндэтгэн дээдэлж явдаг шүү.

-Ойрын үед би уран бүтээлийн олз омог ихтэй, олон ажилд дарагдаад байгаа учраас нэлээд өндөр хурдтай давхиж яваа гэж хэлж болно оо. Саяхан нэг түүхэн киноны хөгжим бичиж дуусгалаа. Одоо бас нэг томоохон бүтээл дээр “суугаад” байна. Хажуугаар нь ганц нэг дууны ая хийх юм. -Эх оронч сэтгэлгээтэй л байх хэрэгтэй байна. Үнэнийг хэлэхэд, өнөөгийн ихэнх залууст монгол гэсэн юм бараг үгүй болоод байх шиг. Хэл, соёл уламжлал, сэтгэлгээ, хувцаслалт, юманд хандаж байгаа байдал зэрэг нь гадаадынхныг хэт хуулбарлаад байна уу даа гэж эмзэглэдэг.

-Энэ талаар ёстой бодож байгаагүй юм байна шүү. Уран бүтээлийн ажлаар хөдөө явлаа гэж хэлдэг юм бил үү. Гэхдээ үүнд манай гэр бүлийнхэн итгэх болов уу даа (инээв). Би ийш тийшээ ажлаар явахаараа их сайндаа л нэг, хоёр сараас хэтэрдэггүй ш дээ. Тэгэхээр ярвигтай л юм. Харин өөрийн дуртай нэг юмаа авч явж болно гэвэл мэдээж боломж нөхцөл нь байвал муу төгөлдөр хуураа л “чирнэ” дээ.

-Хааяа зуун грамм татдагаас өөр муу зуршил гэхээр юм надад байхгүй байх аа. Залуу байхад уран бүтээлч найз нөхөдтэйгөө дарвиад нэлээд ууж иддэг байлаа. Сүүлийн жилүүдээс үүнийгээ их багасгаж байгаа.

-Хүнтэй гар зөрүүлсэн тохиолдол миний хувьд нэг их хол биш байх шүү (инээв). Юуны төлөө Дөчин мянгатынх билээ дээ. Залуу байхад ч нударга зөрүүлэхээс ер нь буцдаггүй байлаа. Одоо нас явсан хэрнээ л энэ зангаа тавихгүй байна.

-Би хүрнэ гэж зорьсон оргилынхоо дунд хавьд л явж байна даа. Урлагийн хүний, уран бүтээлчийн амьдрал бол адармаатай гэхээсээ илүү ихээхэн хүч хөдөлмөр, уйгагүй тэвчээр хатуужил шаарддаг зам юм болов уу. Хэн хөдөлмөрлөнө, хэн тэвчээр хатуужилтай байж чадна, тэр хүн оргилд хүрдэг.

-“Мөөгий, чи сайхан хөг аялгуутай, уран сэтгэмжтэй хөгжим бичдэг шүү” гэсэн үг бүсгүйчүүдээс их сонсдог.

БИД ЗАСГИЙН ГАЗРААС Ч ХУРДТАЙ АЖИЛЛАДАГ

“Ажил, ажил, бас дахин ажил” гэдэг үгээр Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбатыг тодорхойлж болмоор санагдав. Ажлаас өөр зүйл боддоггүй тэрбээр сүүлийн үед Шинэ жилийн баярыг хүртэл “Дахиад нэг санхүүгийн жил эхэллээ, шинэ төлөвлөгөөт жил ирлээ” гэж хүлээж авдаг гэсэн. Түүнд хувийн амьдрал гэж “байхгүй” болохыг өөрөө ч хүлээн зөвшөөрнө лээ.

-1960, 1970-аад онд хоёр Мөнх ид мандаж байсан учраас халхынхан хүү төрвөл Мөнхбат, баруун аймгууд болохоор Баянмөнх гэж нэр өгдөг байсан гэдэг. Намайг сургуульд ороход манай ангид гурван ч Мөнхбат байсан. Эр хүнд их сайхан зохидог нэр гэж боддог. Түвдээр бол Нацагдорж гэж орчуулагддаг.

-Хамгийн хурдан хэмнэлтэй ажилладаг байгууллагыг толгойлж байгаа учраас байж болох дээд хурдаараа л явж байна даа. Бид бол Засгийн газраас ч хурдтай ажилладаг. Тэгж байж л бүхний түрүүнд манлайлж, шинийг санаачлагч байх ёстой. Залуус маань өнөөдөр ярилцаад нэг шинэ зүйл санаачиллаа гэхэд маргааш нь түүнийгээ ажил хэрэг болгох боломж нь байна. Тиймээс үрэлтийн хүч багатай учраас бид хурдтай байх нь ойлгомжтой.

-Манай залуус монгол хүнд л байдаг энэрэнгүй, нинжин сэтгэлээ гээхгүй байгаасай гэж хүсдэг. Тэгээд дээрээс нь өөрийн гэсэн зорилготой байхад хүрэхгүй газар, мэдэхгүй, чадахгүй зүйл үгүй дээ.

-Намайг зургаан сар байтугай хугацаанд таг болоход “Манай хүн ажлаа л хийж яваа даа” гэдэг итгэл үнэмшил гэрийнхний минь тархинд бат суусан даа. Гэрээ мартсан Гэсэр гэдэг шиг олон жилийн турш маш шаргуу ажиллаж байгаа учраас намайг ойлгоно оо. Тиймээс л гэрийнхэн маань “Муу юм болбол дуулдана, тэгэхгүй сураг чимээгүй байхыг бодоход нөгөөх минь сайн л яваа юм байна” гэж боддог гэсэн. Биднийг тусгаар улсын иргэн гэдгийг батлах иргэний үнэмлэх, гадаад паспорт маань байна. Тиймээс тэр хоёрынхоо аль шаардлагатайг аваад л явна даа.

-Муу зуршилгүй хүн гэж юу байх вэ. Оюутан байхад минь надад байсан муу зуршлынхаа 80 шахам хувийг гээгээд байна. Гагцхүү хумсаа заавал хүнээр авахуулах гээд байдаг муу зуршлаа орхих гээд санасандаа бүрэн хүрэхгүй л байна (инээв).

-Одоо цагт хүмүүс харин ч сорвио арилгах гээд янз бүрийн тос энэ тэр хэрэглэдэг юм биш үү. Би өөрөө хүүхэд ахуй үедээ чулуугаар байлдаж тоглож байгаад хэд хэдэн сорвитой болсон л доо. Нударга зөрүүлэхийн тухайд гэвэл их ойрхон нэг тийм тохиолдол гарсан. Гэхдээ яримааргүй байна. Нударгаараа хэлэхээс өөр аргагүй тохиолдол хааяа үеийнхэн дунд гарна шүү.

-Залуу хүний зорилго том байх тусмаа сайхан. Зорилготой хүн завгүй байдаг. Завгүй хүн аливаа асуудалд гомдоллоод суух биш, яаж ийгээд гарц шийдлийг хайж олдог. Тиймээс миний өмнөө тавьсан цаг тухайн үеийн зорилгуудын дийлэнх нь биелж байгаа. Би өөрийгөө тэтгэвэрт гарсан хойноо дурсамжаа бичвэл нэлээд сонирхолтой, баргийн хүний сонгоод яваад байдаггүй түүхэн дүр зураг гарна гэдэгт итгэдэг.

-Намайг хүн магтаад эхэлбэл би “За, энэ юу болоод эхлэв” гээд, давхар нүүдэл бодох маягтай байдаг хүн. Багаасаа л тийм байсан учраас миний эргэн тойрныхон намайг бараг магтдаггүй юм даа. Гэхдээ нэлээд олон эмэгтэй нэг дүгнэлт хийсэн учраас түүнийг нь хэлье. “Өөрт нь байгаа боломж нь тэг байхад заавал үүнийг хийнэ гэж зүтгэдэг. Зүтгэсэн юмныхаа ард нь заавал гардаг хүн” гэдэг үгийг би голтой юм болов уу гэж бодсон.

НАДААС АСУУЛГҮЙГЭЭР НАМАЙГ ЯМАР НЭГЭН ЗҮЙЛ ХИЙХИЙГ ШААРДВАЛ БИ ТАТГАЛЗАНА

Дэлхийн гуравдагч орнуудын ШУАийн залуу эрдэмтдийн шагналыг хүртсэн эрдэмтэн судлаач Б.Мөнхбат, Г.Цэрэнчунт нар өнгөрсөн оны “Монголын гэгээ” яах аргагүй мөн билээ. Тус шагналыг олгохдоо шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, судалгааны үр дүнг нь үндэслэн шалгаруулж, Дэлхийн хөгжиж буй орнуудын шинжлэх ухааны академи (TWAS)-д дэвшүүлдэг юм. Доктор Б.Мөнхбатын хувьд хагас дамжуулагч шинэ материал үйлдвэрлэх зориулалттай цөмийн судалгааны реакторын дизайныг судалж, үр дүнгээ гадаад, дотоодын эрдэм шинжлгээний хурал, зөвлөгөөнд удаа дараа танилцуулан, энэ чиглэлийн мэргэжлийн сэтгүүлүүдэд олон тооны өгүүлэл нийтлүүлсэн байна. Мөн тэрбээр Цөмийн судалгааны төвд хандиваар авсан компьютерүүдийг угсран, өндөр хүчин чадал бүхий кластер сервэр зохион бүтээснээс гадна реакторын хийцийн холбогдолтой тооцоог шавь нарынхаа хамт амжилттай хийж байгаа юм.

-Эцэг эхээс минь хайрласан нэр тул үргэлж бахархаж явдаг. Нэрээ англи хэл рүү заримдаа утгачлан орчуулах шаардлага гардаг юм. Их өвөрмөц байдлаар орчуулагддаг.

-Нэлээд хурдтай явж байгаа болов уу гэж боддог шүү. Өнөөгийн Монголын нийгэм ч залуус биднээс улам хурдтай явахыг шаардаад байгаа мэт санагддаг.

-Монгол гэлтгүй, ер нь залуу хүнд байх ёстой хамгийн гол үнэт зүйл бол чанартай, өндөр боловсрол болов уу. Тэгээд түүнийгээ ашиглаж, бас бусдад үнэлүүлж чадах чадвар бас зайлшгүй байх ёстой гэж боддог.

-“Дайчлах” гэсэн үгийн утгаас их хамаарна даа. Надаас асуулгүйгээр намайг ямар нэгэн зүйл хийхийг шаардвал би татгалзах болов уу. Хэрвээ асуусан тохиолдолд гэрийнхэндээ үнэнийг л хэлнэ дээ. Нэлээд зузаан ном аваад, бас хуудасных нь завсар гэр бүлийнхээ зургийг хийгээд авч явах болов уу.

-Бусдын өмнө гарч ярих, өөрийн бодлоо нээлттэй хэлэх чадвар их муу байсан. Тэгээд тоймгүй олон удаа давтаж, сургуулилсны үр дүнд одоо арай гайгүй болж байгаа (инээв).

-Санал нийлэхгүй байна. Заавал сорвитой болох хэмжээнд хүрч байж асуудлыг шийдэх албагүй шүү дээ. Нэлээд олон жилийн өмнө бусадтай гар зөрүүлж байсан л байх. Одоо бол сайн санахгүй байна.

-Уулын оргилоор төсөөлвөл, би одоо уулын бэлд явж байгаа юм болов уу. Миний мацаж байгаа оргил эгц шовх, бас хад асга ихтэй харагдаж байна даа.

-Гэргийн минь надад үргэлж хэлдэг “Чи чадна шүү дээ” гэсэн үг л хамгийн сайхан нь юм даа.

Л.ГАНЧИМЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.