Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Р.БУРМАА, О.БААСАНХҮҮ НАРЫН АДАЛ ЯВДАЛ

  Ойрын өдрүүдэд улс төрд өрнөж байгаа үйл явдлын гол дүр нь энэ хоёр эрхэм. Нэг нь албан тушаалд очих гэж, нөгөө нь нэрээ цэвэрлэх гэж оролдож байгаа юм. Шинэ оны шинэ сонин болоод байгаа адал явдлын цаад руу өнгийх гээд үзье.

О.БААСАНХҮҮ ГАНДАН БУУРАХГҮЙ

Энэ парламентын үед шинээр байгуулсан Өргөдлийн байнгын хорооны даргын квот шинэ хуваарилалтаар “Шударга ёс” эвсэлд ногдсон. Эвсэл дотроо МАХН илүүрхдэг учраас Байнгын хорооны даргад тус намаас нэр дэвшүүлэхээр болсон юм. МАХН-ынхан УИХ-д долоо, МҮАН гурван гишүүнтэй. Байнгын хорооны даргад нэр дэвшигчид “Өмнө нь Байнгын хорооны дарга байгаагүй. Ямар нэг албан тушаал давхар хашаагүй” гэсэн шалгуур тавихад тунаж үлдсэн нь О.Баасанхүү аж. Л.Цог УИХ-ын дэд дарга, Ц.Цолмон, З.Баянсэлэнгэ нар Байнгын хорооны дарга, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар сайд байсан. Ц.Оюунбаатар нь одоо Байнгын хорооны дарга. Ингээд ганц дан дээлтэн нь эрхэм гишүүн байжээ. “Шударга ёс” эвслээс түүнийг нэр дэвшүүлтэл Өргөдлийн байнгын хорооны гишүүд хоёронтоо санал хураагаад 50:50 хувиар тэнцэв. 50+1 буюу олонхийн саналаар УИХ шийдвэр гаргадаг. Байдал бишдээд ирсэн учраас эвслийнхэн энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулав. Энэ бол оны өмнө болсон үйл явдал. УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг уржигдар хуралдаад “О.Баасанхүүг зүтгүүлэх шийдвэрээ өөрчлөхгүй” гэсэн байна. Өргөдлийн байнгын хороо даргаасаа гадна 17 гишүүнтэй. Тэдний ес нь буюу дийлэнх олонх нь АН-ын гишүүн.

Мөн МАН-аас дөрөв, эвслээс гурав, бие даагч нэг гишүүн харьяалагддаг. Тэдний 50 хувь нь О.Баасанхүүг Байнгын хороо даргалж чадахгүй гэж үзээд байна. Хуульч мэргэжилтэй, УИХ-д “Шударга ёс” эвслээс жагсаалтаар сонгогдсон түүнийг голдог хүн парламент дотор цөөнгүй байдаг нь үүгээр батлагдсан хэрэг. Харин О.Баасанхүү өөрийгөө голохгүй байна. Тэр үүнийгээ “АН, МАН-ын эсрэг дуугардаг учраас намайг дэмжихгүй байна. Миний хувьд дарга болох гэж хүссэн юм алга. Гэвч энэ бол эвсэлд ногдсон квот, намаас өгсөн үүрэг шүү дээ” гэж тайлбарлав. Одоо улс төрийн тохиролцоогоо сануулж, элдэв яриа хөөрөө хийхгүй л бол асуудал гацчихаад байна. Заавал хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүн зүтгүүлэхийн оронд МҮАН-аас нэр дэвшүүлж болдоггүй юм уу гэсэн асуулт гарна. МҮАНын гишүүн Г.Уянгаас энэ талаар асуухад “20 жилийн турш Монголд албан тушаал хувааж ирсэн. Сайн, муу нь хамаагүй, тохиролцооны дагуу оруулж ирсэн хүнийг хүлээн зөвшөөрөөд явдаг шүү дээ” гэлээ. Эвсэл доторх хоёр намын харьцаа 70:30 учраас МҮАН-ынхнаас хүрд эргүүлэх боломж гарахгүй нь. Ингээд МАХН-ынхан дан дээлтэй ганц гишүүнээ дахин нэг зүтгүүлээд үзэх аж.

Р.БУРМААГИЙН ШОУ

Бороо ороод дуусчихсан. Бүр чийгний үнэр ч арилчихсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар байгуулагдчихсан, ажилдаа орчихсон. Тийм байтал гишүүн Р.Бурмаа гэнэт цув нөмрөв. Сайдын суудлын төлөө АН-ын фракцууд өрсөлдөж, Хүнс, хөдөө аж ахуйн сайдад Р.Бурмааг нэр дэвшүүлэх саналаа гаргаж байх мөчид, үгүй ядаж Ч.Сайханбилэг нэрийг нь өргөн барьсны дараа тэр цуваа нөмөрсөн бол бүх зүйл өөрөөр харагдах байв. Гэтэл “бүтэн жил” өнгөрсний дараа “Би УИХын гишүүнээс татгалзах хүсэлтээ Бүлэгтээ тавьсан” гэж мэдэгдлээ. УИХ-ын гишүүн сайдаар давхар ажиллахыг хамгийн их эсэргүүцэж, Ерөнхийлөгчийн уг санаачилгыг Н.Алтанхуягийн танхимын үеэс хэрэгжүүлэх ёстой хэмээн намаасаа зөрөн зүтгэсэн хүн нь тэр. Тэгснээ сайд болох боломж гараад ирмэгц тэр бүхнээ умартаж орхисон. УИХ-аас түүнийг сайдаар томилж, алх цохих хүртэл олон нийт “Р.Бурмаа одоо УИХ-ын гишүүнээсээ татгалзах байлгүй дээ. Арай ч хэдхэн хоногийн өмнө ярьж байснаа мартаад давхар дээл өмсөхгүй биз” хэмээн найдаж байлаа. Гэтэл тэр тухайн үедээ сэтгүүлчдээс зугтаж, чуулганы хуралдаан дээр энэ талаар ам ч нээгээгүй. Тохиролцчихсон учраас гишүүд ч тэр тухай асууж “улалзуулааг үй”. Эрхэм гишүүн энэ чигээрээ нүүрээ ширлээд дууссан бол бас арай өөр. Гэтэл гэнэт л “Би гишүүнээсээ татгалзана” гэж ярих нь тэр.

АН-ын бүлэг уржигдар 13.00 цагт хуралдсан. Үүний өмнөхөн тэр сэтгүүлчдэд ийм мэдэгдэл хийсэн. Тэгсэн атлаа Бүлгийнхээ хурал дээр ороод бүр өөр зүйл ярьсан гэнэ. “Сэтгүүлчид намайг гишүүнээсээ татгалзах уу гээд байх юм. Р.Бурмаа УИХ-ын гишүүнээс татгалзахгүй гэдгийг Бүлгээс албан ёсоор хэлж өгөөч” хэмээн гуйсан гэнэ. Сэтгүүлчдэд ярихдаа эрхэм гишүүн “Гэхдээ эмэгтэй гишүүдийн зүгээс ийм алхам бүү хийгээч гэж хүссэн. Дээрээс нь бусад гишүүн Сонгуулийн хуулийн Ажлын хэсгийг ахалж, эхэлснээ дуусгахыг хүссэн. Би гишүүнээс татгалзвал Б.Мэдрээ орж ирнэ. Тэр жил гаруйхны хугацаанд гишүүн болоод яах вэ. Чи бүрэн эрхээ дуусга гэсэн” гэх мэтээр хаяагаа манасан юм. “Ерөнхийлөгч Засгийн газрын тухай хуулийг дахин оруулж ирвэл би дэмжинэ, хэрэгжүүлнэ” гэж хэлэхээ мартсангүй. Бүлэг дээрээ хэлсэн зүйл, гишүүн байхаа болино гэхдээ зүүсэн тайлбар сэлтээс нь харвал тэр зүгээр л нэр хүндээ хамгаалжээ. Цагаа олоогүй ийм алхам нь түүнийг эр зоригтой, хариуцлагатай улстөрч гэхээс илүү шоудаж байна л гэж харагдуулж буй юм.

Р.Бурмаа гишүүний суудлаасаа татгалзахгүй, хүсэлтээ гаргасан ч нам нь хүлээж авахгүй. Харин тэр оролдлого хийсэн, нэр цэвэр үлдэнэ. Ийм л тооцоог “бүтэн жил” бодож байж олсон юм болов уу даа. Түүнд цаг үеийн мэдрэмж дутчихжээ. Сайдад нэр дэвшүүлэхэд л ингэсэн бол Р.Бурмаа од болох байлаа.

С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.