Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Олон нийтийн радио, телевиз олон нийтийнх байгаасай

  МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл өчигдөр хуралдаж, тус байгууллагын ерөнхий захирлаар Ц.Оюундарийг томилов. Үндэсний зөвлөлийн хуралд 12 гишүүн оролцож, санал хураахад хүчингүй нэг санал гарсныг эс тооцвол нэр дэвшигч Ц.Оюундарь бараг 100 хувийн саналаар сонгогдсон байна. МҮОНРТ-ийн захирлын албан тушаалд АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Оюундарь, “Моннис” группийн дэд захирал Д.Сайнбаяр нар нэр дэвшсэн ч өрсөлдөгч нь нэрээ татсан учраас Ц.Оюундарь ганцаараа үлдсэн юм. Ийнхүү өчигдөр Үндэсний зөвлөлийн гишүүд түүнийг санал нэгтэйгээр МҮОНРТ-ийн захирлаар томилж, Л.Пүрэвдорж дарга тамгыг нь гардуулж өглөө. Шинэхэн захирал энэ сарын 2-ны өдрийн Үндэсний зөвлөлийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлж, 100 гаруй ажилтныг орон тооны цомхтголд хамруулахаас ажлаа эхэлнэ гэдгээ мэдэгдэв.

Ц.Оюундарь МҮОНТ-д сурвалжлагчаас эхлээд захирлыг нь хүртэл хийж байсан туршлагатай сэтгүүлч. Мөн 2006-2008 онд АНУ-ын Берклей хот дaхь Калифорнийн их сургуулийн Сэтгүүл зүйн дээд сургууль дүүргэж, энэ чиглэлээрээ магистрын зэрэг хамгаалсан. Тиймээс түүний ажил мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагад эргэлзэх зүйл байхгүй билээ. Өөрөө ч “МҮОНРТ хэмээх ажил үйлс нь унтарсан байгууллагыг өөд татах хэрэгтэй байна. Надад ийм хүндтэй үүрэг ногдож байхад татгалзах аргаг үй. Тиймээс хуулийн дагуу Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаа өгч, гиш үүнчлэлээсээ татгалзсан” хэмээсэн. Үнэхээр л хэлсэн шигээ ажиллаж чадвал сайнсан.

Монголын үндэсний радио, телевиз “олон нийтийн” гэсэн статустай болоод үйл ажиллагааны цар хүрээгээ илүү өргөн далайцтай, хүртээмжтэй болгох гэсэн биш харин ч хэн дуртай нэгнийх нь шүлсдэж орхидог “хэрүүлийн алим” болон хувирч, нэр хүнд нь шороотой хутгалдсаныг өдгөө бид бэлхнээ харж байна. “Олон нийтийн радио, телевиз үйл ажиллагаандаа хараат бус байх, бодит мэдээлэл олж авах иргэний эрхийг хүндэтгэх, олон ургальч үзэл, ил тод байдлыг эрхэмлэх, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн, улс төрийн намын бус, нийт үндэсний эрх ашгийг дээдлэх үндсэн зарчим баримтална” гэж Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 4.1-д заасан. Энэ зарчмыг цаасан дээр бус, бодит амьдрал дээр ажил хэрэг болгож, МҮОНРТ-ийг BBC, CNN, NHK шиг олон нийтийн эрх ашгийн төлөө үйлчилдэг байгууллага байх үндсэн зорилгод нь ойртуулаасай гэсэн хүсэл, хүлээлт монголчуудад их бий. Тиймээс олон нийт энэ байгууллагын шинэ захиралд ихээхэн итгэл найдвар хүлээлгэж буйг тэрбээр анзаарч байгаа биз ээ.

Нөгөөтэйгүүр АН-ын генсекийн суудлаараа дэнчин тавьж энэ албан тушаалд ирсэн түүнийг улс төрөөс хараат байж, төрийн эрх барьж буй уугуул намынхаа овоо хараанаас ангид ажил үүргээ гүйцэтгэж чадах эсэхэд нь эргэлзэж байгаа хүмүүст ямар “бэлэг” барих бол гэдэг сонин байна. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гиш үүд амралтын өдрөөр ээлжит бус хурал зарлаж, энэ байгууллагын ерөнхий захирлын албыг есөн жил хашсан М.Наранбаатарыг яаран сандран “түлхэж” унагасан нь цаанаа учиртай хэмээн олон хүн хардаж байгаа. Бас Үндэсний зөвлөлийн дарга Л.Пүрэвдорж “Хуулиараа бол 14 хоногийн дотор сонгон шалгаруулалт зарлаж МҮОНРТ-ийн ерөнхий захирлыг томилох ёстой ч миний зүгээс одоо шууд нэр дэвшүүлэх санал оруулж байна” хэмээн тэвдсэний учрыг олж хужрыг тунгаах гэсэн хүмүүс цөөнгүй байх нь лавтай. Эцэст нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг үнэхээр “будилааны хөрөнгө” мөн үү гэдгийг ялгаж танихад хүртэл Ц.Оюундарь та үйл хэргээрээ хариулт өгөх учиртай. Тиймээс таныг нийт монголчуудын эрх ашгийг дээдлэн хүндэтгэж, МҮОНРТ-ийг хэрхэн удирдан жолоодож, олон нийтийн статустай байгууллагыг яаж жинхэнэ утгаар нь төлөвшүүлж болдгийг үлгэрлэн харуулна хэмээн найдаж байна.

Монгол телевиз, Монголын радиог олон нийтийн болгох санаачилгыг анх гаргаж, энэ талаар олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэн, төр засгаас шийдвэр гаргуулж чадсаны цаана нийт монголчуудын эрх ашиг байсан юм. Тиймээс энэ байгууллагыг хэзээд олон нийтийнх байгаасай хэмээн бид хүсдэг.

Л.ГАНЧИМЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.