Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол Улс 10 тэрбумын эрэлд

“Bloomberg” агентлагийн сурвалжлагч Ханни Ван Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын зөвлөх Ч.Ганбатаас ярилцлага авсныг http://www.businessweek. com цахим хуудсанд мэдээлжээ. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын талаар сонирхолтой мэдээлэл гарсныг уншигчдадаа хөрвүүлэн сонирхуулья.


Монгол Улс ашигт малтмалаа боловсруулах үйлдвэрийн цогцолбор байгуулахын тулд 10 тэрбум долларын эрэлд гарчээ. Өмнийн говийн Сайншандад зэс, газрын тос боловсруулах томоохон үйлдвэр сүндэрлэхийн зэрэгцээ цахилгаан станц, кокс-химийн үйлдвэр босохоор байна. Эл цогцолборын гол түүхий эдийг дэлхийд томоохонд тооцогдох Тавантолгойн коксжих нүүрс, Оюутолгойн зэс, алтны ордоос бий болгохоор байгааг Монголын ЗТБХБын сайдын зөвлөх Ч.Ганбат хэлэв. Үүний зэрэгцээ Тавантолгойг Орос, Хятадтай холбох төмөр замын төслийг санхүүжүүлэх хөрөнгө оруулагчдыг хайж байгаа юм.

“Монгол Улс төв Азийн Кувейт болж чадна” гэж Ч.Ганбат онцлоод, “Ашигт малтмалын нөөц энд байна. Худалдан авагч дэргэд бий. Бидэнд зөвхөн бүгдийг уялдуулан зохицуулж, олон улсын туршлагатай нийцүүлэх л дутагдаж байгаа юм. Энэ нь ч боломжтой” хэмээв. Дэлхийд толгой цохих Тавантолгойн орд зургаан тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Эдүгээ “Рио Тинто” болон “Айвенхоу майнз” Оюутолгойн зэс, алтны төслийг хэрэгжүүлж буй. “Рио Тинто”-гийн тэмдэглэснээр дэлхийн хамгийн том зэсийн нөөц болох Оюутолгойг 30-аас дээш жил ашиглах бөгөөд энэ хугацаанд 30-50 тэрбум долларын орлого олохоор байгааг Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн есдүгээр сард мэдэгдэж байлаа.

Хятад, Оросын хооронд хавчуулагдсан далайд гарцгүй Монгол Улс 2.7 сая хүн амынхаа амьжиргааг дээшлүүлэх хөгжлийн стратегиа боловсруулсан. 2015 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг өнөөгийн 1900 доллараас 5000 доллар болгох зорилт тавьсан байна. Харин 2016-2021 онд энэ үзүүлэлтийг 12000 долларт хүргэснээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ Малайзыг давж, БНСУ, Тайваны түвшинд хүрнэ гэж Ч. Ганбат хэлэв. Дэлхийн банкны мэдээллээс үзэхэд 2008 оны байдлаар Монголын ДНБ 5.3 тэрбум доллар байжээ.

“Moody’s Investors Service”- ийнхээр бол Монгол Улсын зээлжих зэрэглэл “В1” байгаа нь Фижи болон Папуа шинэ Гвиней улстай дүйцэхүйц чансаа юм. “Бид олон улсын хөрөнгө оруулагчдыг татахг үй бол төсөл эхэлж чадахгүй” гэж Ч.Ганбат онцоллоо. “Hong Kong Exchanges & Clearing” компанийн маркетингийн захирал Лоуренс Фок Улаанбатарт байх үеэрээ Монгол Улс хөрөнгө оруулагчдын хувьд сэтгэл татам байж чадахыг хэлсэн. Учир нь, Хятадын эдийн засаг үлэмж хэмжээгээр өсөж, эрэлт хэрэгцээ нь нэмэгдсээр байгаа. Энэ нь Монгол Улс төдийгүй ашигт малтмалаар баян бусад орны хувьд томоохон завшаан болохыг Лоуренс Фок тайлбарласан.

Эдүгээ монголчууд Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор хийгээд төмөр замын төслийн “мастер төлөвлөгөө” хийх инженер, барилгын компаниуд болон менежментийн зөвлөгөө өгөх багийг хайж байна. Тендерийг ойрын хугацаанд зарлах бөгөөд ирэх наймдугаар сарын сүүлчээр шалгаруулалт явагдаж дуусах төлөвтэй. Үүний үр дүнд төслийн “мастер төлөвлөгөө” ирэх жилийн дөрөвдүгээр сар гэхэд бэлэн болох ёстой аж. Монголын Засгийн газар ирэх жилийн хоёрдугаар хагаст барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь 2-3 жил үргэлжилж, 2014 оноос үйлдвэрлэл эхлэх юм. Харин 2017 он гэхэд улсын төсөвт орлого төвлөрүүлэхээр байгааг тооцоолжээ.

Нью-Йоркийн “Commerzbank AG”-д зургаан жил ажилласан Ч.Ганбатыг өнгөрсөн оны долдугаар сард Монголын Засгийн газар Уолл-Стритээс урьж авчирсан бөгөөд Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын төсөлд ажиллуулж байгаа юм. “Эдүгээ Монголын ДНБий 65 хувийг уул уурхайн салбар эзэлж байна. Аж үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд анхаарахгүй бол 2021 он гэхэд дээрх үзүүлэлт 95 хувьд хүрч, улсын эдийн засаг эрдэс баялгийн салбараас хэт хамааралтай болох төлөвтэй. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнийн хэлбэлзлээс Монголын эдийн засгийн байдал шууд шалтгаалах болно. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг байгуулах нь энэ эрсдэлээс хамгаалахын зэрэгцээ 2010-2021 онд нийт 78.000 ажлын байр шинээр бий болгоно” хэмээн Ч.Ганбат онцоллоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.