Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ-ын даргын ангийнхан 50 жилийн дараа уулзлаа

Сүхбаатарын талбай өнгөрөгч бямба гаригт хөл хөдөлгөөн ихтэй байсан юм. Дал гарсан буурлууд манай ангийн хөвгүүд ирж байна, миний ширээний охин яг хэвээрээ байна хэмээн уулзалдаж байлаа. Ховд аймгийн төвийн арван жилийн сургуулийг 1960 онд төгсөгчдийн “Үүрнээсээ ниссэн хагас зуун жил” баяр болж буй нь энэ аж.

Нэг давхар, хэдхэн ангитай сургуулиа халаах гэж галч болж байсан, самбар шохойгоо сонирхон үзэж байснаа дурсах гээд тэдний ярих зүйл барагдашгүй. Нэг нутаг усныхан болохоор гурван анги байсан ч нэг анги мэт элэгсэг дотно тэд 91-үүлээ арван жилээ дүүргэж байсан аж. Тэдний дунд алдар  цуутан, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулсан хүн олон юм билээ. Нэг нь болох Ж.Уртнасан агсан АИХ-ын даргын албыг хашиж байсан бол өдгөөгийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл мөн тус төгсөлтийн 10а ангийг төгсчээ.

Шинэ Үндсэн хуулийг тэдний зургаа нь батлалцаж, УИХ-ын гишүүнээр тав нь сонгогдож байсан түүхтэй. Ажил үйлсээрээ тэргүүлж гавьяат, Төрийн шагнал хүртсэн эрдэмтэн, профессор ч цөөнгүй. Нэг ангийнхан нас 70 гарсан хойноо хүүхэд насны дурсамжаа ярьж байхдаа 91 төгсөгчөөс нутагтаа малаа маллан, одоо ч Ховд аймагт амьдарч байгаа ганцхан малчнаа дурсав. Тухайн үед аав, ээж хүүхдүүдээ малчин болгохыг л хичээдэг байсан бол тэд 90-үүлээ дээд боловсрол эзэмшсэн юм билээ. Тус сургуулийг төгсөгч С.Төөдөө “Бид 91-үүлээ, гурван өөр анги байсан ч нэг ангийн хүүхдүүд мэт эвсэг байжээ.
Тавин жилийн дараа уулзаж байгаа нэгнээ хараад шууд таньж байгааг бодоход бид дотно үерхэж явжээ. Би 10в ангийг төгссөн. Манай ангийн багш н.Бадамсүрэн гэдэг хүн байлаа. Тэр хүнд хийж чадахгүй зүйл гэж үгүй. Нөгөө “Багш” найраглал дээр “Барилгад очвол инженер, багт гарвал ухуулагч, хөгжим баривал дуучин…” гэдэгтэй л адил хүн байлаа. Улсын өндрийн харайлтын аварга, шатрын спортын мастер, дуулж хуурдана.
Бид бүгд л багш шигээ хүн болохыг хүсдэг байлаа. Тавин жилийн дараа уулзалдах үнэхээр сайхан байна” гэв. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл бямба гаригт ажилтай байсан ч төгсөлтийнхөө баярт заавал очно гэсэн амлалтаа биелүүлсэн. Тавин жилийн өмнө тус хамт олноос гэр бүл болсон нь цөөнгүй аж. “Манай ангийн охиныг аваад хурим хийгээгүй нөхөр байгаа юм. Одоо хуримаа хий” гэхэд “Та нарыг урья” гэснээр хоёр буурлын хуримыг хийхээр тэд явцгаалаа. “Наадаж өссөн багын нөхөд насаараа нэгэндээ ангийн хүүхэд” гэдэг үнэхээр үнэн юм билээ. Дал гарч аль эрт ач, гуч, зээгээ үзсэн тэд ангийн охид, хөвгүүдээ хараад хөл нь газар хүрэхгүй баярлах аж.

Х.СҮРЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.