Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ош-т тогтоосон онцгой байдал үргэлжилж, НҮБ Кыргызэд тусламжийн гараа сунгаж байна

Нэгдсэн Үндэстний Байгууллага Кыргызэд зориулж 71 сая доллар цуглуулах бодолтой байна. Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун энэ тухай мэдэгдлээ гэж АР мэдээллээ.

Ерөнхий нарийн бичгийн даргын өгүүлснээс үзвэл түүний хүмүүнлэгийн асуудал хариуцсан туслах Жон Холмс мөнгө гаргах чадалтай ивээн тэтгэгчидтэй хэлэлцээ хийж эхлээд буй юм байна. Түүнээс гадна Кыргызийн дүрвэгчдийг хүлээн авсан Узбекистанд зориулж хөрөнгө хуримтлуулахыг НҮБ уриалсан тухай Ерөнхий нарийн бичгийн дарга хэлжээ. НҮБ-ын хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах хороо CERF (Central Emergency Response Fund)-ээс Кыргызэд зориулж найман сая доллар босгочихоод буй тухай дээрх агентлаг уламжиллаа.

Кыргызийн өмнө зүгийн нутагт эмх замбараагүй байдал үүссэний улмаас 400 мянган хүн орон гэрээ орхин дүрвэсэн тухай НҮБ өмнө нь мэдээлсэн. Тэдний 75 мянга нь Узбекистан улсад дүрвэн оржээ. Энэ сарын 18-19-нд шилжих шөнө Кыргызийн дүрвэгсдэд тараах хүнсний бүтээгдэхүүн, майхан, хөнжил зэрэг хүмүүнлэгийн 40 тонн ачаа тээвэрлэсэн онгоц Узбекистан руу ниссэн тухай “Интерфакс” агентлаг мэдээллээ.

Орос, Франц, АНУ зэрэг орон, хэд хэдэн хүмүүнлэгийн байгууллага Кыргызэд тусламж үзүүлэхэд бэлэн байгаа тухайгаа мэдэгдээд байна.

Кыргызийн Түр Засгийн газар өнгөрсөн бямба гаригт Ош хот болон түүний ойр орчмын суурин газруудад тогтоосон онц байдлын хугацааг энэ сарын 25-ныг хүртэл сунгасан тухай зарлалаа. Өмнө нь Ошийн эрх баригчид ням гариг гэхэд барьж байгуулсан хориг хаалтаа буулгахыг нутгийн узбекчүүдээс шаардсан юм. Кыргызийн зэвсэглэсэн узбекүүд 400 кыргыз хүнийг барьцаалаад буй тухай Ош хотын захиргаа мэдээлжээ. Ошт үүссэн эмх замбараагүй байдлын улмаас хоёр зуу орчим хүн амь үрэгдсэн гэх албан ёсны мэдээ буй авч зарим эх сурвалж энэ тоо үүнээс ч давж магадгүйг мэдээлж байна.

Кыргызийн Түр Засгийн газрын тэргүүн Роза Отунбаева үймээн самуун дэгдэж буй Ошийг зорьж, тус хот, түүний захаар нисдэг тэргээр явж үзжээ. Тэрбээр мөн Ош хот,Ош мужийн иргэний нийгэм, цэргийнхний төлөөлөгчидтэй уулзаж, хотын эвдэрч сүйдсэн дүүрэгт зочилсон байна. Р. Отунбаева мужийн эмнэлэгт түргэн тусламжийн есөн машин хүлээлгэн өгчээ. Ош хотын байдал хэвийн болж, хүмүүс орон гэртээ эргэн ирэх болно хэмээн тэрбээр мэдэгджээ. Улс орны өмнө зүгт эмгэнэлт байдал үүсэж, хүмүүнлэгийн нөхцөл байдал нарийн түвэгтэй болсон ч гэлээ Үндсэн хууль батлахтай холбоотой ард нийтийн санал асуулга төлөвлөсөн өдөр буюу энэ сарын 27-нд болдогтоо болно хэмээн Р.Отунбайева хэлсэн байна.

Б.Буянцог

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.