Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

НОЙР

“Зав гарвал унтаад, завсар гарвал идээд” байх дуртай хүн байдаг. Хүмүүс ам муутай байдаг ч уг нь их зөв хандлага юм гэнэ лээ. Сайн амарч унтаагүй, ходоод хоосон хүний гараас олигтой юм гарахгүй. Би л лав тэгдэг. Нойр дутуу, өглөө цайгаа уугаагүй бол ажилд ирээд гараас юм гарахгүй. Бага байхад их унтах муухай, эрт сэрвэл ном сайн сурдаг энэ тэр гээд эмээ, өвөө их доргиодог байж билээ.

Хүүхэд байхад ч яахав аминдаа сайн хүн болох гээд эрт босдог, ядаж босох юмсан гэсэн хүсэл байдаг ч анги дээшлэх тусам гонж болно доо. Болж л өгвөл унтах гээд байна. Одоо ч тийм. Өглөө хичээлдээ явах гэж байхад өөр хүмүүс унтаад байгааг харахаар танд ямар сэтгэгдэл төрдөг байсан бэ. Надад бол завшуулж байгаа, шулуулж байгаа юм шиг оргиод байдаг байсан. Хүн босчихоод байхад тэд нар юу вэ. Бараг одоо ч ийм сэтгэгдэл төрдөг. Зарим хүний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөдөг яриаг сонсохоор харамссандаа “Үгүй чи унтаж л байхгүй дээ” гээд хэлчихмээр болох юм.

Унтахгүй ч гэсэн зүгээр хэвтэж байх бас л жаргал шүү. Саяхан нэг ном харлаа. “Өглөөний хүн” гээд. Зохиогчийг нь хэн ч гэлээ дээ мартчихаж, нэг япон хүн л байсан. Эхэндээ нэрийг нь харчихаад миний ашиг сонирхлын эсрэг ном байна гэж бодоод уншихгүй яваад байсан. Тэгсэн нэг удаа жорлонд аваад орсон, үгүй яах вэ. Нэр нь өөр болохоос яг миний ашиг сонирхолд нийцсэн ном байдаг байгаа. Бүдүүн баргаар хэлбэл хүн нар шингэхэд унтаад, нар мандахад босчихсон байх ёстой гэж номлосон эд. Ёстой ч юу байхав. Ерөөсөө хүний бие организм хэдэн зуун мянган жилээр ийм байдалд дасчихсан, энэ нь эвдэгдвэл өөдтэй юм болдоггүй гэдгийг олон жишээгээр баталжээ, уг номонд.

Японы том хотуудад хүмүүс нь шөнийн амьдралтай болчихсон, илүү цагаар их ажилладаг, ядаргаа тайлах нэрээр архи хэтрүүлэн хэрэглэдэг, ажил гэр хоёр нь хэт хол зэргээс болоод сэтгэл санааны дарамтад орж, ядарч, дампуурч байгаагийн нэг гол шалтгаан нь дээр дурдсан байгалийн зохилдлогоо алдагдсаных гэж зохиогч нотлохыг оролджээ. Хэлсэн жишээнээс харвал бараг л үнэн юм шиг санагдсан шүү. Нар жаргахад биш юм гэхэд орой 22-23 цагийн хооронд унтаад өглөө 06-07 хооронд босдог хүмүүсийн ажлын бүтээмж эрс дээшилж, замын бөглөөнд хүртэл оролгүй сэлүүхэн байхад ажилдаа ирдэг аж. Хамгийн гол нь нэгэнт шөнийн амьдралын хэмнэлд орчихсон, хамаг ажлаа шөнө сууж амжуулдаг хэрнээ нойроо нөхөж чаддаггүй хүмүүс энэ бүхнээ өөрчлөх аргыг, өөрчлөөд амжилтад хүрсэн жишээ өнөөх номонд бишгүй бий.

Шөнийн амьдралд нэгэнт дасчихсан хүн тийм ч амархан өглөөний хүн болж чаддаггүй гэнэ. Нэлээд ноцолддог юм байх. Няцаж, шантрах нь ч байдаг аж. Шөнө унтахаа больчихсон, өглөө босдоггүй нэг залуу яаж ч хичээгээд өглөөний хүн болж чадсангүй. Эцэст нь ажлын цаг дуусмагц гэр лүүгээ гараад алхдаг арга олж. Бараг дөрвөн цаг алхаад гэртээ 22 цагийн орчим унах гэж байгаа амьтан орж ирдэг агаад усанд орж, хоол идээд 23 цагт тас. Ширүүн тэмцлийнхээ үр шимийг амсаж өглөөний хүн болж чадсан төдийгүй муугүй амжилтад хүрчээ. Гол нь сэтгэлийн дарамтгүй, ядаргаанд оролгүй тайван амьдарч эхэлжээ. Их унтахдаа биш хамгийн чухал нь шөнө сайн унтах, байгалийн хуваарийн дагуу. Манай Монголд ч ялгаагүй ийм залуус олноороо байна. Би өөрөө ч орно. Кино үзээд л байна, өглөө нь юу үзсэнээ бараг санахгүй. Тэгсэн мөртлөө унтаж байгаа хүмүүсийг шулаач мэтээр хардаг гэж байгаа. Өглөө босохгүй. Цөмөөрөө нэг оролдоод үзэх үү. Хөлбөмбөгийн ДАШТ гээд нэг байгалийн зохилдлогоог алдагдуулагч эхэлж байна даа. Яршиг энэний дараа болох уу. Ээлжийн амралтаа аваад үзэж байгаа айхтар нөхдүүд байна шүү.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.