Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БУРХАН ХАЛДУН дээр хэн ч гардаггүй байжээ

Чингис хаан 1178-1206 оны завсарт тархай бутархай байсан Хиад аймгаа дахин нэгтгэн тэргүүлэх болж, улмаар Мэргид, Татар, Хэрэйд, Найманы ханлигуудтай хатуу ширүүн тэмцэл хийсний эцэст “эсгий туургатан улсыг … нэгтгэн барах” зорилгоо хэрэгжүүлэн Их Монгол улсаа байгуулсан билээ. Чингис хаан олон аймаг, овгуудыг нэгтгэж, аравт, зуут, мянгат, түмтийн шинэ зохион байгуулалтад оруулах үйл ажиллагааг гүйцэлдүүлж олон овог, аймгийг угсаатны хувьд ойртуулан шинэ монгол үндэстнийг бүрдүүлсэн. Мөн мянганы зохион байгуулалтаар гол түмнээ Чингис өөрөө авч, баруун, зүүн гараа (түмнээ) Мухулай, Боорчи нарт өгсөн. Тэмүжин Их хаан болоод хүүд, ах дүүс, хамтран зүтгэгчдийнхээ газар нут гийг дахин тодорхой болгохдоо хүү Толуйд (1225 он) нэмж түмэн хуяг өгч, Онон, Хэрлэн, Орхон, Туул, Сэлэнгэ тэргүүтэн Монголын гол орныг эзлүүлснээр Монголын гол орон-хиад аймгийн эрх мэдлийг дүү нараасаа хүүдүүддээ шилжүүлжээ. Ингэж XIII зууны тэргүүн хагаст Тулуйг бусад хаан хөвгүүдээс онцгойлон “Их ноён” хэмээн хүндэлж, жинхэнэ уугуул Монгол орон улсыг “Голын улс” хэмээн нэр лэх болсон. Нууц товчоонд нуган (нигун) хөвгүүд нутгаа эзэмшмүй, Гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуултугай гэх зэргээр заасныг тэмдэглэжээ.

1227 онд Их хааны шарилыг Хэнтий нурууны өвөрт Их өтөг гэдэг газар тээж авчран онголоод урианхан мянгатын ноён Удачи ноёноор Их хоригийг хамгаалуулж байсан байдаг. Ингэж Хамаг Монгол улсын хэзээний уламжлалт өлгий газар, тухайлбал Бурхан халдун уул болон гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуултугай хэмээн онголон дархалж, хаадын шарилын орд бүхий ихсийн газар Их хориг гэх болжээ. Зураг 2 Хан Хэнтийгээ дархалсны дараахан хааны ойрын сурвалжит удмынхан 1227- 1236 он хүртэлх хугацаанд өнөөгийн Хархорин хот хавь буюу Орхон, Туул голын нүүдэлчдийн “сонгодогт үүхт” бэлчир нутагт Их хааны хүрээ шилжин нүүснээр хиад овгийнхон энд шилжин суурьшжээ. Их хааны хүрээ нүүн ирсний бэлгэ тэмдэг болгож 1235 онд гурван давхар “Түмэн амгалант” ордныг Хар хүрэмд бариулжээ. Монгол улсын их хатдын Дөрвөн их орд Хэрлэн, Саарь хээр, Онгийн болон Идэр мөрөнд байсан гэдэг. Урианхан Удачийн мянган нь Хан Хэнтийн Бурхан халдун ууланд агсан Их хаадын хоригийг сахин хамгаалах чухал үүрэг хүлээдэг учир цэргийн албанд явдаггүй байсан аж.
Урианхай буюу Бодончар, Тэмүжин нарын түүхэнд хамгийн ойр, олон гардаг дарлигин овгийн томоохон тө лөө- лөгчид болох урианхай нарын Монголын түүхэн дэх гавьяа зүтгэл их юм. Зэв жанжны аймаг буюу урианхай нарын Монголын түүхэн дэх үүрэг ч их. Боданчарын анхны эрхэндээ оруулсан овог бол урианхай нар байв. Ер нь урианхай овог боржигин ноёдтой хиад аймгуудын гол бүрдүүлэгч хэсэг нь байсан байж болох талтай. XII зууны үед Урианхай нарыг дотор нь ойн урианхай, тал хээрийн урианхай хэмээн ялгадаг байжээ. Чингис хаан XIII зууны Их Монгол улсаа байгуулахдаа урианхай нараар дараах мянгатуудыг байгуулсан байна. Үүнд: Урианхайн Сүвээдэй баатар, Есүй Буха тайжи нарт нэжгээд мянган захируулан бас Удачи нэрт нэгэн мянган байгуулж, Монгол Улсын зүүн жигүүрт харьяалуулжээ. Урианхайн Есүн туа-таркид нэгэн мянган өгч, баруун жигүүрт оруулснаас Чингис хаан өөрийн ургийн Элжигидэйд гурван мянган өгсний нэг нь урианхай нараас голлон бүрдэж байжээ. Өнөөгийн Монгол Улсын баяд, дөрвөдүүдийн гол ноёлох цорос овог бол урианханы Зэлмийн үр хойчис мөн гэж зарим судлаачид тодорхойлсон нь тааралдаж байна.Зүүн түмнийг (халх цахар, урианхай) хаан өөрөө удирдаж, баруун түмнийг (ордос, түмэд, еншээбүү) дүү нь буюу хүү жонон удирддаг байсан гэдэг. Эдгээр зургаан түмнээс урианхай нь худаг ухах, их цэргийн толгой сэргийлэх үүрэгтэй бөгөөд байсан бөгөөд Батмөнх даян хаан Мин улсын явуулгаар ихэд суларсан Ляодуны хойг орчмыг хамгаалагч урианхайн гурван халх түмний үлдэгдлийн хүчийг сэлбэн Монголын өндөрлөгийг зүүн урд талаас халхлуулах зорилгоор бусад аймгуудыг Хянганыг давж нүүлгэж байв.
 Хянганы нурууны цаана байж хятад, манж хоёрын завсар харуул хийж байсан урианхай нар бослого гаргасан учраас урианхан нарыг халхын бүх нутгаар тараан байршуулсан. Батмөнх даян хаан “Урианхай эзний алтан хөмрөгийг сахисан, бас их заяат улс” тул тэднийг тараан жишиж хэрэггүй гэж байсан. Энд “эзний алтан хөмрөг” гэсэн нь их хаадын хоригийг хэлсэн. Өвөрлөгч эрдэмтэн Одон урианхай түмнийг бүрмөсөн доройтуулан тархааж, биеэ даасан түмэн байхыг болиулсан нь хожим 1538 оны орчим болсон хэрэг гэсэн байна. Харин эдүгээг хүртэл найман зууны турш Удачи ноёны мянганы үр удам Хан Хэнтий уулын эргэн тойрон Хэнтий аймгийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Баян-Адарга, Төв аймгийн Мөнгөнморьт суманд олон үе удам дамжин амьдарсаар иржээ. Хувьсгалын жилүүдэд үү рэг даалгавар нь тун ч бүрхэг болсон хэдий ч олон зууны турш зөвхөн ам дамжуулан өвөг дээдсээсээ захиасаа авч үлдсэн урианхан иргэд намрын сарын тодорхой өдрүүдэд уулын сүүдрээр баримжаа аван хамгаалах газар орноо сэргээн тодотгож, сэтгэл дотроо хадгалан санан зүтгэсээр байжээ. Тэд Хан уулыг төрийн тэргүүнүүд нуу цаар их цөөхөн бүрэлдэхүүнтэй очиж тахидаг, зөвхөн болсон идээтаргаар л тахидаг, олон нийтийн хувьд “хориг” л байсныг дахин дахин захиж байна. Дээр нь хэн ч гардаггүй байжээ. Өнөөдөр Отгонтэнгэр, Суварга хайрхан, Сутай, Алтан Хөхий уулуудын орой дээр нь гарч тахидаггүй шүү дээ. Ховдын ард түмэн Алтан Хөхийг ямар ч архигүй тахихыг ноднин Ерөнхийлөгчтэй очоод ажигласан билээ. Тэгвэл монгол төрийн гол тахилга болох Бурхан халдун дээр гарах нь байтугай ойртдоггүй байсныг үе залгамжилсан хоригийн отгуудын иргэд сануулсаар байна. Хан Хэнтийн оргил эдгээр уулсаас Онон, Хэрлэн голын эх эхэлдэг бөгөөд эх сав газар өнөөдөр ч онгон дагшнаараа байна. Зураг 3,4 Гэтэл саяын тахилгаар гэхэд 200 гаруй жийп замгүй газраар зэрэгцэн, Хэрлэн, Богдын голын эхний шавар намгийг туучин давхиж хөрсийг эвдээд зогссонгүй, жирийн зарим иргэд уулын орой руу дайрч байгааг яах вэ?
Энэ нь Их хоригийг хэдэн зуун жил нууцалж хамгаалж ирсэн түүхэн уламжлал, нутгийн иргэдийн байгаль орчноо хамгаалах үйлсэд ашиглах туршлага, чадавхи, түүхийг яаралтай сэргээх шаардлага байгааг харуулж байна.. Ийм учраас юуны түрүүн байгаль орчноо хамгаалах үүднээс Хэнтийн урианхан мянгат болон Их хоригийн хорин өрхийн уламжлал үйл ажиллагааг судлан “шинэ цаг үед тааруулан сэр гээх” буюу Их хоригийг дахин тогтоох, тэдэнд Батширээт, Биндэр, Дадалын болон бусад иргэдээс сонгон оролцуулах (Богдын голын гүүрнээс цааш гардаггүй болох) хэрэгтэй болов уу. Дараа нь Их хоригийн хилийн гадна ёслол хүндэтгэл, түүх дурсгалын цогцолборыг Богд, Тэрэлжийн голын бэлчирт Дэлүүн болдогийг санагдуулах өндөрлөгийг түшин, сүүлийн хоёр ч Ерөнхийлөгчийн зарлигийн үзэл санаанд нийцүүлэн байгуулах, зөвхөн алсаас хүндэтгэл үзүүлдэг хатуу журмыг сэргээн батжуулах ёстой. Нүүдэлчдийн нутгийн уламжлалт төв хэсэг нь Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөл, Хянганы уулс болон Монголын их говиор газар зүйн хувьд хамгаалагдсан байдаг бөгөөд нүүдэлчдийн төр засгаас хамгаалъя гэсэн газар орноо сонгон, олон арга хэлбэрээр хамгаалж байсныг түүхийн дээрх баримтууд харуулж байна. Чингис хаан тархай бутархай “орондоо орох завгүй” хатгалдан байлдаж байсан олон овог аймгуудыг нэгтгэж аравт, зуут, мянгат, түмтийн зохион байгуулалтад оруулж, дэлхийд тэргүүлэх улс гүрнийг байгуулсан түүхэн туршлагаас суралцах шаардлага өнөөдөр ч байна. Ялангуяа дэлхийн хүчирхэг корпорацуудтай уул уурхайн салбарт өрсөлдөж, эх орныхоо баялгийн хувь хишгээ ард түмэндээ хүртээх улс үндэстний амин чухал эрх ашиг биднийг олон зүйлийг бодож, түүхийн хамгийн сайн үеэсээ ч дахин суралцахыг шаардаж байна.. Саяхан ажил хэрэгч олон хүмүүсийн эх оронч санаачилга зүтгэлээр бий болсон “999” нэгдлийг чухам энэ л зарчмаар өөрчлөн зохион байгуулж байж амжилтад хүрч болох юм. Хоёр мянга орчим аж ахуйн нэгжүүд аравт, зуут, мянгатын зохион байгуулалтад орж арав, зуу, мянган биснесмэнийг удирдаж, төлөөлдөг хүнээ зөв сонгож чадаад, сахилга хариуцлагыг дээдэлж байж л монгол улс түүхийн энэ хариуцлагатай цаг үед амжилтад хүрэх нь дамжиггүй юм. Тэгэхгүй бол Оюутолгой, МАКын уурхайн менежментийг одоогийн Тавантолгойд байгаа монгол аж ахуйн зохион байгуулалт, үйл ажиллагаатай харьцуулаад монголчууд “чадваргүй”, “гадаадынханд уурхайгаа өгөөд ашгаа аваад зүгээр сууцгаая” гэсэн маш хортой явуулга газар авах нь ээ. Монголчууд эвтэй, нэгдсэн зохион байгуулалттай байхдаа л хүчирхэг байдаг билээ.


Ч.СОСОРБАРАМ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.