Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэггүй гишүүдийг дэглэнэ

Манай УИХ-ын гишүүдийн их эрх дархад АНУ-ын Конгрессын нэгэн гишүүн “атаархжээ”. Бодоод үзэхэд нээрээ л “хязгааргүй” эрхтэй юм, манай гишүүд. “Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй” хэмээн Үндсэн хуульдаа заачихсан атлаа УИХ-ын 76 гишүүнийг онцолж, тэдэнд тусгай бүрэн эрх олгожээ. Эрх чөлөөний орон гэсэн тодотголтой АНУ-ын хууль тогтоогчдод ард түмнээсээ ялгарсан ийм бүрэн эрх байдаггүй юм байна. Гэтэл манайд аливаа асуудлаар тэднийг хууль, хяналтын байгууллагынхан шалгах болоход өнөөх бүрэн эрх гээч нь саад болно. УИХ-ын гишүүн учраас тэднийг шалгахын тулд хуулийнхан олон саад давж, бичиг цаас болж байж гэр, албан өрөө, машинд нь нэгжлэг хийх эрх авдаг. Үүнээс гадна чуулганы танхим, Төрийн ордондоо гишүүд “хаан”. Төрийн ажлыг чөлөөт цагаараа хийж, хувийн бизнесээ хөөцөлдөөд хууль тогтоох үүргээ биелүүлдэггүй гишүүнд ч төр дуугүйхэн л цалинг нь тоо ёсоор олгоно. Чуулганы танхим бол зарим гишүүний хувьд хичээлийн “завсарлагын үе”. Дугуй танхимдаа дураар сэлгүүцэн ширээ ширээ дамжин хуучилж, сонин гарчиглан, утсаар ярьж, зарим нь интернэтээр зугаалан, чаталж өнжинө. Ашиг сонирхол нь хөндөгдөхөөргүй хууль, тогтоолын төсөл хэлэлцэх үеэр бол ийм л дүр зураг харагддаг нь нууц биш. Тэгээд л санал хураалт болохоор ойлгосон ч ойлгоогүй ч товчлуур дарж орхино. Хэрэв ашиг сонирхол нь хөндөгдөх асуудал ярьж эхэлбэл гишүүдийн нойр илт сэргэж, мэргэн цэцэн үг урсгаж гарна. Бас болоогүй ээ, санал өгөх болохоор тохой залгасан андынхаа төдийгүй хэдэн ширээ алгасан гүйгээд ч хамаагүй өөрийн эрх ашигт нийцүүлэн бусдын өмнөөс товчлуурыг нь дарна.

Телевизийн дуран өөр рүү нь чиглэвэл иймэрхүү “жүжиг” тавих хүсэл нь нэмэгдээд ирдэг. Энэ мэт хэтэрсэн эрх чөлөөтэй байдлыг УИХ-ын дарга ганцаараа цэгцлэх гээд хүчрэхгүй нь хэцүү. Зарим үед онгод нь орж ам нь халсан гишүүдийн үгнээс хэн хүнгүй л залхдаг шүү дээ. “УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй” гэсэн хуулийн нэгэн заалт тэднийг энгийн ард түмнээс онцолсон бүрэн эрхийг давхар баталгаажуулдаг. Нэгнээ элдвээр доромжилж, булхай будлиан, бүр хувийн амьдрал, хөнжлийг нь хүртэл олон нийтийн өмнө сөхөж орхино гээч. Ингэлээ гээд тэд буруудахгүй, учир нь гишүүд ялангуяа танхим дотроо дархан эрхтэй. За нэг иймэрхүү хэт эрх чөлөөтэй байдлын алдаа, оноог мэдэрсэн Су.Батболд, Н.Батбаяр, Ц.МөнхОргил, Ч.Сайханбилэг нарын дөрвөн гишүүн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн бариад байна. Хэлэлцэх эсэхийг нь УИХ шийдчихсэн. Гэхдээ ардчилсан орны задарсан гишүүдийн сонирхолд энэ төсөл тэр бүр нийцэхгүй байгаа юм. Дураар бурах (өөрсдөө бол үзэл бодлоо илэрхийлж, хууль санаачлах эрхээ эдлэн, сонгогчдодоо ажлаа хийж байгаагаа харуулах гэж байна гэдэг)-ад нь дээрх төсөлд тусгасан тодорхой заалтууд саад болоод байгаа нь асуудал үүсгэжээ. Дэггүй гишүүдийг ямар нэг хэмжээгээр дэглэх зохицуулалт оруулсан уг төслөөс сонирхуулъя.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл:

9 дүгээр зүйл. Санал хураалт явуулах ерөнхий журам 9.5. Санал хураалт явуулах үед гишүүн санал өгөх эрхээ зөвхөн өөрөө эдлэх бөгөөд энэхүү эрхээ бусдад шилжүүлэх, бусад гишүүний өмнөөс санал өгөхийг хориглоно. 4/8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг: “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол Байнгын хороо урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед нам, эвслийн бүлгээс тав хүртэл, нам, эвслийн бүлэг байгуулаагүй намаас нэг гишүүн, бие даан нэр дэвшиж сонгогдсон гишүүд асуулт тавьж, нам, эвслийн бүлгээс гурав хүртэл гишүүн, бүлэг байгуулаагүй намаас нэг, бие даагчид үг хэлж болно. Байнгын хороод илтгэгч, асуух болон үг хэлэх гишүүдийг урьдчилан тогтоож тухайн долоо хоногийн хэлэлцэх асуудлын тов, дараалалд нэрсийг нь оруулан олон нийтэд урьдчилан мэдээлнэ. (Ингэснээр нэг асуудлаар танхимд цугласан бараг л бүх гишүүн үг хэлж, цаг сунжран залхаадаг, бараг сүүлдээ ямар асуудал ярьж буйгаа мартах шахдаг байдал цэгцэрнэ гэж үзжээ. Уг хууль батлагдвал одоогийн УИХ-ын хувьд нэг асуудлаар 13 хүн үг хэлж, асуулт тавина гэсэн үг. Цаг хэмнэнэ. Бас тухайн асуудлаар мэргэшсэн гишүүдийг л сонгож үг хэлүүлэх учир батлах хуулийн чанар сайжирна гэж үзэж буй юм. Гишүүд уг заалтад хамгийн их эмзэглэж байна. Универсал мэдлэггүй бол чуулганы бүрэн эрх дуустал 1-2 сэдвээр л ярьсаар сууна гэж байхгүй гэдгээ мэдэгдсэн. Бас хэдхэн гишүүн л ярьдаг болох нь, бусдынх нь үг хэлэх, сонгогчдодоо сурталчилгаа хийх боломж хаагдах нь хэмээн ихэд дургүйцэж буй. Гэхдээ бүх асуудлаар ярихыг хүсэж байгаа бол мэргэших, мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй. Ийм аргаар гишүүдийг чанаржуулъя гээд байгаа юм шүү дээ, төсөл санаачлагчид нь)

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.