Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

А. Амарсайхан: Бид Монголоороо байхаа болиод солонгосжоод дууслаа

Мексикийн телевизийн “Халтар царайт” олон ангит кино монголчуудыг “атгаж” байсан цаг саяхан. “Нохойтой дөрвөн танкчин”, “Үхлийн архив” , “Километр бүрт” зэрэг байлдаантай киног эс тооцвол үндэснийхээ телевизээр үзсэн хайр дурлал, ээдрээтэй амьдралын тухай анхны цуврал болоод тэр үү, “Халтар царайт”-ыг гарах цагаар гудамжны хөдөлгөөн татарч, нийтийн унаа хүртэл явахаа больчихдог байж билээ. Тэр киноны үеэр хэрэг зөрчлийн тоо хүртэл эрс буурдаг байсан гэхээр алс холын мексикчүүд монголчуудыг ховсдсон мэт татаж чадсан. Тэр цагаас хойш олон орны теле цуврал кинонууд ар араасаа хөврөн гарч, өнөөдөр харин залхаах болж. Амьдралгүй гэмээр тэдгээр киноноос манай үзэгчид уйдаж, өөр ямар нэгэн бодитой зүйл хүсэх болсон. Тэрийг нь МҮОНТ-ээр гарсан “Хэцүү анги” олон ангит кино нөхөж чадсан болов уу. Уг кино зохиолыг бичсэн сэтгүүлч, зохиолч А.Амарсайхантай ярилцсанаа хүргэе.
-Монголчууд Солонгосын цуврал кинонд пологтоод байх үед МҮОНТээр “Хэцүү анги” кино гарч, ёстой л загатнасан газарт нь маажаад өгсөн. Таны анхны кино зохиол байх аа. Гарсан цагаасаа л бүх насны үзэгчдийг татах болсон шалтгаан нь юу байсан бол?

-Монголчууд амьдралд ойрхон бүтээл хүсэж, хүлээж байна. Цаг үедээ тохирсон болохоор хүмүүст хүрсэн гэж бодож байгаа. “Хэцүү анги”-ийн найруулагч Б.Навчаа иймэрхүү кино хийе гэсэн санал тавимагц нь би зөвшөөрсөн. Учир нь би бага, дунд, их сургуульд багшилж байсан болохоор сэдэв нь надад их ойр санагдсан юм. Үүнээс гадна бас нэг зүйл гэвэл, манайхан гадаадын цуврал киноноос залхчихаж. Зардал багатай болохоор манай телевизүүд солонгос кинонуудыг өрсөлдөн цацаж байгаа юм. Тэдгээр киног тухайн орны бараа бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор хийдэг учраас тэндээсээ бараг үнэгүй шахам ороод ирдэг юм байна. Тэгээд хөлс бага нэхдэг болохоор нь хэдэн муусайн оюутнуудаар орчуулга хийлгээд, дуу оруулахдаа ч мөн хямдхан хийнэ. Ардчилсан нийгэмд хэн юу гаргах нь хамаагүй мэт боловч энэ бол нийгэмд маш хортой. Бид монголоороо байхаа больж, солонгосжоод дууслаа шүү дээ. Хэдэн хүүхдүүд солонгос дуу, хөгжим сонсож, тэндхийн залуучууд шиг хувцаслаж, үс гэзэгнийх нь тайралт дуурайж, бүр “уба, муба” гэж ярих нь холгүй байна.
-Энэ кино ижил төрлийн бусад бүтээлээс юугаараа онцлог, давуу талтай болсон гэж дүгнэх вэ?
 -Өмнө нь манайд телевизийн олон ангит кино хийсэн туршлага байгаа ч “Хэцүү анги” шиг 60 ангитай бүтээл гараагүй. Тэгэхээр олон ангит кино хийх боломж байгааг бид харуулж чадсанаараа давуу талтай гэж боддог. Ер нь Монголын кинонуудын ялгарах нэг онцлог нь амьдралд тулгуурласан байдаг юм. Солонгос цувралууд бодит байдлаас дэндүү хол, амьдралгүй байгаа нь харагддаг шүү дээ. Би солонгос драмуудын логикгүй алдаануудыг олж харж, дүгнэлт хийхийн тулд уйгагүй үзэж, багагүй судалсан. Зүгээр байсан хүнийг гэнэт яагаад осолд оруулж, ой санамжийг нь алдуулах зэргээр ямар ч учир утгагүйгээр өвчинд нэрвэгдүүлээд байдаг гэхээр үйл явдлын өрнөл 2-3 шугамаар л явдагт байдаг. Юу гэхээр, гол дүрийн хоёр баатраа л тойроод байхаар хамрах цар хүрээ бага болж, эцэст нь тийм сонин мухардалд оруулахаас өөр аргагүй. Харин манай кинонд голлох долоон дүрийн эргэн тойронд үйл явдал өрнөж, хог түүж, хонгилд хоноглодог хүнээс авахуулаад, том албан тушаалтан, компанийн баян эзнийг хүртэл үзүүлэхийг зорьсон.

-Энэ кино гарч байхад ч, дууссаны дараа ч интернэтээр маш олон сэтгэгдэл хүлээн авсан гэсэн.

-Ер нь манайхан сэтгэгдэл үлдээхээсээ илүү харааж, зүхсэн, муу зүйл их бичдэг. Харин энэ киноны талаар байнга эерэг мэдээлэл, сэтгэлийн сайхан үг байсанд их баярласан шүү. “Солонгос киног дийлсэн сайхан бүтээл болж. Ийм кино гараад байвал бид гадаадын цуврал үзэх шаардлагагүй” гэсэн байна билээ. Кино сайн болсон тухай олон сайхан үг сонсож, урам авч байсан. Үүний хажуугаар миний багш нар, уран бүтээлчид нэг зүйлийг санал нэгтэй хэлж байсан. Юу гэхээр, “Хэцүү анги”- д монгол сэтгэлгээтэй, монгол хэлээрээ ярих гэж оролддог ганц хүүхэд байсан бол зүгээр байж гэсэн. Энэ шүүмжлэлийг дараагийн бүтээлдээ тусгасан.
-Ер нь цахим шуудан, блогийг хүмүүс бухимдлаа илэрхийлэх самбар мэтээр ойлгоод байх шиг санагддаг.

-Блогт нэвтэрч байна гэдэг бол айлд орж, зочилж байгаагаас зарчмын хувьд ялгаагүй юм. Зочин тухайн айлаа хүндэтгэх ёстой. Ер нь бухимдлаа ийм аргаар илэрхийлдэг хэсэг хүн бий. Тэд аливаа ололтод атаархаж, гутаан доромжилдог нь хувь хүний сэтгэхүйтэй холбоотой. Тэднийг судлаад, асууж сураглахаар голдуу гадаадад ажилладаг тэндээ хэн ч биш болчихсондоо бухимддаг тийм л хүмүүс юм билээ. Уг нь сайхан боловсролтой, мэдлэгтэй ч хүний газарт очоод тэр нь юу ч биш болж, боолын хөдөлмөр эрхэлж байгаа нь сэтгэлийг нь зовоодог. Тэрнээсээ болж өөртөө гутарч, бухимдлаа тийм аргаар илэрхийлэгчид. Цай зөөж, аяга угааж арай ахиу хөлс авч байгаа ч сэтгэл нь бодит байдалтай эвлэрч, хүлээн авдаггүй шиг байна билээ. Энэ бол нэг талаар эмгэнэл, харамсалтай л юм.

-Тэгсэн хэрнээ тийшээ зүтгэх хүний тоо улам л нэмэгдээд байна.
-Америк, Солонгосын хил даваадахвал болно доо гэсэн хүмүүс гадагшаа цувж байна шүү дээ. Яг тухайн нөхцөлдөө ороод газар тэнгэр шиг зөрүүгээс болж бухимдаж эхэлнэ. Тэгсэн хэрнээ энд сайхан байна гээд араасаа хүн дагуулаад байдаг. Энэ бол монголчуудын нэрэлхүү зантай холбоотой. Хотод нүүж ирж байгаа хөдөөгийнхөн ч ялгаагүй шүү дээ.
-Яагаад ийм байдалд хүрчихсэн юм бол?
-Үндэснийхээ бахархал гэдэг зүйлийг нэг л өдөр үгүй хийчихсэн улс шүү дээ, бид. 70 жилийн турш эх орон, сайхан амьдрал гэж магтаж, шүтэж, бахархаж ирсэн хүмүүсийн сэтгэхүй, сэтгэлийг нэг л өдөр хоослоод юу ч биш болгоод хаячихсан. Тэр үеийн юм бүхэн худал хуурмаг зүйл байсан мэтээр ярьж, “Тэр нам дарангуйлагч байж. Эх орныхоо төлөө амиа өргөнө гэдэг бол бараг онигоо шахуу юм” гэх зэргээр оюунд нь байсан бахархалтай бүхнийг нь арчаад, аваад хаячихаар яах юм бэ. Юугаа шүтэж, яахаа мэдэхгүй болчихсон гэж боддог. Бурхангүй үзлээр хүмүүжчихсэн хүмүүс тэр бурхан шашны талаар бол ярих ч юмгүй. Тэгэхээр шүтээн ч үгүй, бахархал ч үгүй болсон учраас Монголоо голж, гадагшаа тэмүүлээд байна. Үү нийг бага ч болов засахсан, үн дэс ний бахархлыг төрүүлэхсэн гэж бодоод хоёр дахь киногоо бичлээ. Одоо зураг авалтдаа орчихлоо. Ирэх есдүгээр сард дэлгэцнээ гарна.
-Одоо хийж байгаа цэрэг эрсийн тухай “Тусгай салаа” гэдэг кино юу. Юуны тухай өгүүлдэг вэ?

– Зохиолын гол баатар Хурц бол удам дамжсан цэргийн хүн. Арми бол хүүхдийн цэцэрлэг биш. Алба хаахаар ирсэн цэрэг бие бялдар, сэтгэл зүйн талаар хүмүүжих ёстой гэдэг үүднээс өндөр шаардлага тавьдаг нэгэн. Энэ байдлыг нь зарим цэрэг ойлгохгүй, ачаалал даахгүйн улмаас шантарч, биднийг дарамталж байна гэдэг ойлголт гарах зэргээр кинонд олон зөрчилдөөн өрнөнө. Драм бол зөрчилдөөн гэцгээдэг шүү дээ. Кино маань бас бидэнд бахархах зүйл байна шүү гэдгийг өгүүлнэ. Монголын армийг хаана ч хүндэлдэг болж. Энэ бол Иракт армиа илгээсний ач. Америкийн армийн дарга, удирдлагууд нь “Монгол цэрэг шиг бай” гэж цэргүүддээ хэлсэн тухай олон удаа сонссон. Бас Америкт ажиллаж, амьдарч байгаа хэдэн оюутнууд ингэж ярьсан юм. Тэнд ажилладаг газрынх нь хүмүүс монгол цэргүүдийн тухай сайхан яриа сонсож л дээ. Тэгээд “Чи монгол хүн шүү дээ. Тэр мундаг цэргүүдийнхээ тухай яриач” гэж. Тэгсэн тэдэнд мэдэх зүйл хомс байсанд, интернэтээс материал хайж, уншсан гэсэн. Тэгэхээр манай арми олон улсад танигдаж чадсан байгаа биз. Энэ бол том бахархал юм.

-Та цэргийн алба хаасан уу?
 -Цэргийн алба хаагаагүй л дээ. Гэхдээ би цэргийн амьдралыг гайгүй сайн судалсан шүү. Судалгаанаас гадна биднийг дунд сургуульд сурч байхад иргэний хамгаалалтын хичээл их чанартай ордог байсныг мэдэрлээ.

-Зохиолоо бичих гэж цэргийн ангид байрлаж, судалгаа хийсэн гэл үү?
-Цэрэг эрсийн амьдралыг судлахын тулд би 013 дугаар ангид нэлээд хугацаанд байрласан. Амьдрал дундаас төрсөн зохиол гэж хэлж болно. Цэргийн амьдралыг мэдэхийн тулд тэдэнтэй найзалж, нээлттэй ярилцаж, их зүйл мэдэж, мэдэрсэн. Цэргүүд эхэндээ бага зэрэг дөлж байсан ч дотносоод ирэх үед их нарийн нарийн юм хэлж, ярьж, зөвлөсөн дөө. Зарим нь зовлонгоо хүртэл хуваалцаж байсан. Офицеруудтай их ярьж, өмнө нь болж байсан сонин явдлуудаас нь сонсож, армийн хүний жаргал, зовлонг мэдрэхийг хичээсэн. Тэр яриан дундаас л зохиол минь боссон. Тухайлбал, байгалийн гамшгийн үед ард иргэдийг нүүлгэн байрлуулах ажиллагаанд цэргүүдийг дайчилдаг шүү дээ. Тэр үед иргэд цэргүүдээс болж нүүж, гэр орноо орхих гэж байгаа мэт аашилдаг талаар ярьсныг зохиолдоо оруулсан. Бас нэг сайхан дурлалын түүх бий. Хөдөөгийн нэг цэргийг эгч нь эргэж ирдэг байж. Тэгсэн эгчийнх нь эргэлтийн хугацаа улам ойртоод байж л дээ. Сүүлд мэдэх нь ээ, эгч даргад нь сайн болчихоод л тэрүүгээр эргэлдээд байсан хэрэг.
-Судалгааны явцад армийнхны “но”-г олж харав уу. Хал цэргийн дарамт ч юм уу, эсвэл хэвлэлээр шуугиад байгаа шиг зүйл тэнд байв уу?

-013 дугаар анги харьцангуй эрүүл орчин бүрдүүлж чадсан. Ямар нэгэн “но” гэхээр зүйл ажиглаагүй. Тэнд камерууд байрлуулчихсан юм билээ. Хэрэв хал цэрэг шинэ цэргийн байрлал руу нэвтрэх юм бол шууд дуудаад л асууна. Миний хажууд нэг хал цэргийг шийтгэж байсан. Ангийнхан надтай илэн далангүй байж, судалгааны ажилд тусалсанд энэ завшааныг ашиглаад талархлаа илэрхийлье. Ангийн захирагч, хурандаа Д.Төмөрбаатар, ангийн захирагчийн орлогч дэд хурандаа Ж.Даваарагчаа, Штабын орлогч, дэд хурандаа Ч.Алтангэрэл, ротын дарга нар гээд ер нь энэ кино бүтээхэд тусалсан хүн бүрт баярласнаа хэлье.
-Боломжтой айлын хүүхдүүд цэрэгт явдаггүй гэдэг. Таны ажигласнаар ямар байна вэ
-Ер нь дүйцүүлэх мөнгөө төлчихвөл цэрэгт явахгүй байж болдог ч одоо тийм явдал харьцангуй багассан гэсэн. Учир нь цэргийн алба хаасан хүнийг төрийн албанд ажиллуулна гэсэн хууль гарсан юм билээ. Армид ийм эерэг үзэгдэл бий болчихож.
-Таны бичсэн “Малчинд хэлэх зөвлөгөө”, “Малчин бол бурхан” хоёрыг хүмүүс их дэмжиж, алга ташин хүлээж авсан. Ер нь малчдыг жаахан “чимхэхэд” гэмгүй болжээ.
-Галсансүхийн пост шүлэг гарсны дараа “Малчинд хэлэх зөвлөгөө”-г бичих санаа төрсөн. Тэр үед би “Ардын эрх” сонинд нэг нүүр өгдөг байсан юм. Тэгэхэд тэр зөвлөгөөг хүмүүс янз бүрээр хүлээж авсан. Ер нь ойлгож, эерэгээр хүлээж авсан нь цөөхөн байлаа. Харин сүүлийн үед ялангуяа энэ жил шал өөрөөр хүлээн авч байгаа нь мэдрэгдсэн. Нийгмийн сэтгэлгээ их өөр болжээ. Ингэж бичихэд түлхэц болсон нэг түүх ярихад, би 2003 онд улаан загалмайн тусламж хүргэхээр Говь-Алтай аймгийн ихэнх сумаар явсан юм. Би хөдөө телевизийн сурвалжлагч байсан үе. Тэгсэн Хөхморьт сумын нэг малчин өвгөн хүүтэйгээ барьцаж, радио өгсөнгүй гэж гомдоллож, нэхээд сүйд болж байна. Би яриаг нь бичээд зогсож байтал, сумынхан нь ирээд “Наад хүнийхээ яриаг битгий гаргаарай. Мянгат малчин хэрнээ малаа дарж тоолуулна. Эдний сүрэгт эвэр нь үжирсэн шар олон бий. Тэгсэн хэрнээ юм нэхээд байх юм” гэж байсан. Сүүлийн үед тэр хүн шиг алгаа тоссон малчин олон болчихжээ. Ялангуяа 76 тойргоос гишүүн сонгодог болсноос хойш бүр давраачихлаа шүү дээ. Заавал тэдэнд юм өгөх ёстой мэт ойлголт төрүүлчихэж. Нөгөө хэд нь ч гэсэн нэхээд л сууж байдаг.
 -Таны бодлоор 76 гишүүн байх нь буруу юу?
-Ардчилал авчирсан гэдэг алтан хараацайнууд тэр үед юу ярьж байснаа эргээд нэг санаасай гэж боддог. Тухайн үед Улс төрийн товчооны есөн хүн, яам, тамгын газар долоо байсныг захиргааны нүсэр том, хүнд суртлын аппарат гэж байсан биз дээ. Тэгсэн одоо нөгөө ес чинь 76 болчихсон, дээр нь туслахууд, тамгын газрынхан гээд тоогоо алдчихлаа шүү дээ. Долоон яамыг 16, 17 болгоод, дэд сайдуудаар хүрээлүүлчихлээ. Нөгөө ярьсан зүйл яасан бэ. Эсрэгээр нь хийгээд, жинхэнэ хүнд суртлын орон болгочихлоо шүү дээ. Оросуудыг луйварчин гээд л хөөсөн. Тэд бидэнтэй хамтарч Эрдэнэтийг байгуулахдаа 51 хувийг бидэнд эзэмшүүлсэн байдаг шүү дээ. Тэгсэн өнөөдөр Оюутолгойн 36 хувийг манайх эзэмших юм ярьж байна. Уур хүрч, бухимдмаар байгаа биз дээ.
 -“Хэцүү анги” кино хийхдээ залуучуудын дунд тодорхой судалгаа хийсэн байх. Таны үеийнхэн болон гаднынхантай харьцуулахад манай залуучууд хэр байна вэ. “Одоогийн залуучууд бидэн шиг байж чадахгүй байна” гэдэг хүн олон.
-Цаг цагаараа байхгүй гэдэг дээ. Юм хөгжиж байна шүү дээ, үе үеэрээ өөр байх нь аргагүй юм. Өмнө, хойч үеэ муулаад яах юм бэ. “Би чиний насан дээр ганц дэвтрээ гамтай хэрэглэж, бэхэнд дүрдэг үзгээр бичдэг байлаа” гэж найзын маань аав хүүгээ загнаж л дээ. Хүү нь “Тэр бол таны л үе” гэж. Үнэхээр тэр үе шиг бэхэнд дүрдэг үзгээр өнөөдөр хэн бичих юм бэ. Яаж ч бодсон өнөөгийн хурданд ч тохирохгүй биз дээ. Тэгэхээр сайнтай, муутай л хорвоо хойно орчин үеийн залуучуудад ололт ч, дутагдал ч бий. Гэхдээ сайн нь илүү. Манай хүүхдүүдийн мэдлэг, чадамжийн түвшин сайн гэж боддог. Хэнээр ч заалгаагүй хэрнээ техник, компьютер, гар утасны учрыг одоогийн хүүхдүүд олчихож дөнгөж байна шүү дээ. Тэр бол хөгжил.
 -Тэгвэл хүүхэд, залуу чуудыг унш, мэд гэж шахаад байх шаардлагагүйгээр өөрсд өө сурах чадвартай. Тийм нөхцөл нь бүрэлдсэн гэж ойлгож болох уу?
 -Яг өөрийнхөө үе шиг байлгах гэж, гомдоллох нь учир дутагдалтай. Бид ном уншиж мэдээлэл авдаг байсан бол одоо өөр олон шугамаар авах боломжтой болж. Дүрсээр мэдээлэл авахыг залуучууд илүүд үзэж байна шүү дээ. Сүүлийн үед комикс цувралууд их гарах болсон нь мөн л үүнтэй холбоотой. Мөн блог гэдэг зүйл орчин үеийн хүүхэд, залуучуудын чухал хэрэглээ болчихжээ. Өмнө нь уншиж оюунаа задалдаг байсан бол одоо хүүхдүүд цахим хуудсанд бичиж сэтгэлгээгээ задалж байгаа нь цаг үетэйгээ холбоотой. Бичихийн тулд толгойгоо ажиллуулж л байгаа шүү дээ.
-Та их зөөлөн аав байх аа.
-Би ихэр хүүтэй. Тэднийгээ ингэ тэг гэж шахаад байхгүй ч өөрсдөө бүх юмаа зохицуулаад, мэдээд хийчихсэн л байдаг. Ер нь хүүхдийг захиргаадаж, загнаж зандрах дэмий. “Хэцүү анги”-ийн аавууд хүүхдээ загнадаггүй биз дээ.
 -Монгол хэлний дүрмийн сан болон зөв бичих дүрэм алдагдаж байгаа нь блогтой холбоотой гэдэг шүүмжлэл дагуулдаг. Үнэхээр яана аа гэмээр буруу бичсэн, хэт товчилсон хэлбэр харагддаг шүү дээ.
-Дүрэмгүй, хүссэнээрээ бичдэг боллоо гэдэг ортой ч энэ нь өнөөгийн хурдтай бас холбоотой. Тэр дүрмээс илүү хурд нь чухал гэж үздэг болж л дээ. Хэлний соёл алдагдаж байгааг нь бодохоор санаа зовоох асуудал мөн. Гэхдээ энэ талаар бид яриад шийдэл олохгүй. Бодлогын түвшинд зохицуулах хэрэгтэй байх аа. Компьютрээр нь дамжуулан зөв бичихийн дүрмийг программ болгон суулгавал яадаг бол гэж заримдаа би боддог.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.