Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Иран өөрийнх нь эсрэг хориг арга хэмжээг нусны алчууртай зүйрлэж байна

Иран цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлсээр байгаа учраас НҮБын Аюулгүйн Зөвлөл тус улсын эсрэг санхүү, цэргийн өргөтгөсөн хориг арга хэмжээ авсан тухай АР мэдээллээ.

Хоригийг Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүний 12 нь дэмжиж, Бразил, Турк улс эсэргүүцэж, Ливан улс түдгэлзэх байр суурьтай байжээ. Өнөөгийн нөхцөлд энэхүү хориг арга хэмжээ үр дүнгээ өгөхгүй гэж бид үзэж байна хэмээн НҮБ дахь Бразил улсын төлөөлөгч Мария Луиза Вионетти мэдэгдсэн байна.

Хориг арга хэмжээг чангатгах яах вэ, тэглээ гээд бид уран боловсруулахаасаа татгалзахгүй гэж Тегеран мэдэгджээ. ”Юу ч өөрчлөгдөхгүй. Бид шинжлэх ухааны хөтөлбөрийнхөө нэгийг нь ч тасалдуулан зогсоох бодолгүй байна. Буруу тийш нь чиглэсэн хориг арга хэмжээ авлаа. Энэ бол үр дүнгүй, дэмий алхам. Чангатгасан хориг арга хэмжээ нөхцөл байдлыг улам л ээдрээтэй болгоно” гэж Ираны талын мэдэгдэлд дурджээ. Иран улс НҮБ-ын хориг арга хэмжээг хогийн сав руу хаях ёстой хэрэглээд өнгөрсөн нусны алчуур хэмээн нэрлээд байна

Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмединежад: “АНУ, түү ний холбоотнууд эхлээд бидний тархи руу хориг арга хэмжээний бороохой далайж, дараа нь бидэнтэй хэлэлцээний ширээний ард сууна гэж бодож байгаа бол тэрүүн шиг эндүүрэл байхгүй. Тийм юм байж болохгүй. Тэд биднийг хүндэтгэж, шударга байх юм бол бид хэнтэй ч ярилцахад бэлэн байна. Тэгэхгүй хэн нэг нь бидэнд бүдүүлэг хандаж, хүчээр түрий барьж ярилцах гэвэл түүнд өгөх бидний хариу аль эрт тодорхой болсон байгаа” гэж хэлжээ.

Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн (Орос, Их Британи, Франц, АНУ, Хятад), мөн Герман улс Ираны эсрэг хориг арга хэмжээг чангатгах тухай тогтоолын төслийг бэлджээ. Өнгөрсөн тавдугаар сард Америкийн талаас Аюулгүйн Зөвлөлд санал болгосон тогтоолын төсөлд Ираны эдийн засагт болон тус улсын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборт хамаатай хориг арга хэмжээг оруулсан байна. Шинэ хориг арга хэмжээ авснаар хилийн чанадад эдийн засгийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон Ираны иргэд, компанийн жагсаалт өргөжих юм байна. Цөмийн салбарт үйл ажиллагаа явуулж буй гадаадын компаниудыг Тегераны зүгээс санхүүжүүлэхийг бас хориглох ажээ. Тогтоолын төсөлд мөн Ираны банкууд оролцсон мөнгөний гуйвуулалтад анхааралтай хандаж байх (уг мөнгө Ираны цөмийн хөтөлбөрийг дэмжихэд чиглэж мэднэ хэмээн тийнхүү болгоомжилж буй), нутаг дэвсгэртээ Ираны банкны шинэ салбар нээхгүй байхыг НҮБ-ын гишүүн бүх улс оронд уриалжээ.

Иранд нийлүүлэхийг хориглосон зэвсгийн талаарх өргөжүүлсэн жагсаалтад танк, хуягт тээвэрлэгч, цэргийн нисэх онгоц, агаараас цохилт өгөх нисдэг тэрэг, хөлөг онгоц,, мөн пуужин, пужингийн цогцолборууд орсон байна.

Б.Буянцог

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Иран өөрийнх нь эсрэг хориг арга хэмжээг нусны алчууртай зүйрлэж байна