Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ГАВЬЯАТУУДЫН “БАЦААН” ҮЕ

 Хүний амьдралын хамгийн гэгээн тунгалаг, эрх чөлөөтэй үе бол хүүхэд нас гэж би боддог. Тийм л гэм хоргүй эрх чөлөөнд хууль дүрэм зохихгүй. Магадгүй тийм учраас л хэчнээн адайр ааштай, ихэмсэг яравгар хүн байлаа ч гэсэн хүүхэд насныхаа тухай ярихаар дууных нь өнгө өөрчлөгдөж, харц нь зөөлрөөд ирдэг байх. “Миний бага нас” булангийн энэ удаагийн зочид болох дөрвөн гавьяат маань ч хүүхэд насандаа “очих” аяллын галт тэргэнд уриалгахан суув. УИХ-ын даргын ахлах зөвлөх, эдийн засгийн ухааны доктор, профессор, гавьяат багш С.Ламбаагийн бага нас Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багт өнгөрчээ. Хойд Тамирын голын эрэг дээр “хөх үдээр” болтлоо тоглон, тугал, хургатай хөөцөлдөж явсан түүний хүүхэд ахуй үеийн дурсамж Кино үйлдвэрийн хашаанд Монголын эртний ноёд, хатдын сүйх, жууз “хөллөн”, дайны үеийн модон тэвштэй машин, завь, танкаар тоглож өссөн соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргалынхаас шал өөр. Тэгвэл Драмын театрынхны зусландаа гарч, найзуудтайгаа уулзахыг тэсэн ядан хүлээдэг, ангийнхаа “Нүдлэн хамгаалах штабын дарга” хэмээх сонгуульт ажилтай гавьяат жүжигчин Ж.Оюундарь болон зургадугаар ангидаа Филатова гуайн өмнө дуулж явсан “Майка” хочит гавьяат жүжигчин С.Эрдэнэцэцэг хоёрын бага нас ч мөн л өөр өөрийн түүхтэй.    

ХАР ГЭРТ ЦООЖЛУУЛЖ ЯВСАН “ДЭГГҮЙ” ХҮҮ

Бороо орохоор гэрээ тойроод баярлан гүйлддэг хүүхэд одоо хэр олон бол. Хичээлдээ өдөр тутам мориор ирж, очдог, хаа таарсан газраа цүнхээ овоолж тавьчихаад ноцолддог бага насны дурсамжууд өдгөө түүх болжээ. Ийм гэгээн түүхийн эздийн нэг нь С.Ламбаа гуай. Түүнийг нэгдүгээр ангид ороход тэднийх Ихтамир суманд нүүж ирсэн бөгөөд Дээд эрэг гэдэг газарт даян аварга “буур” Жамьянгийнхтай айлсан буужээ. “Тэр хавийн айл саахалтын хүүхдүүд бүгд мориор хичээлдээ явж, хоёр км-ийн газраас усаа модон “машинаар” зөөдөг байсан. Хоёр дугуйтай, урт иштэй модон машинаа мөрөн дээрээ тохож, хоёр талд нь 10-ын бидонтой усаа зүүгээд “дид дид” хэмээн цуваагаар явцгаадаг байлаа. Өнөөх машинаа хамгийн гоё хийхийн тулд хүүхдүүд хоорондоо бас уралдана” хэмээн тэрбээр бага насаа дурслаа.

Хүүхдийн зохиолч Жамьянсүрэн захиралтай Ихтамирын дунд сургуульд сахилгагүй хүүхдүүдийг дотор нь цоожилж шийтгэдэг “хар гэр” байжээ. Манай хүн ч яаж зүгээр байх вэ, түүгээр нь “зочлоод” авч. Нэг, хоёрдугаар ангид байхад нь тус суманд цахилгааны шонгууд анх суурилуулж эхэлсэн аж. Шонгийн модон дээрх гоёмсог вааран хэлбэртэй гэрлийн бүрхүүлийг нь шохоорхсон хүүхдүүд чулуу давуулах гэж шидэж байгаад ийн шийтгүүлжээ. Шинэ бүрхүүлийг хагалах гэсэн хорлон сүйтгэх ажиллагаа биш, хүүхдийн сониуч, гэмгүй зангийн илэрхийлэл гэдгээ тайлбарлах боломж багачуудад байгаагүй нь харамсалтай. Хожим тэрбээр есдүгээр ангидаа аймгийн Нэгдүгээр арван жилийн сургуульд иртэл барилгачин төрүүлэх зорилготой 30 эрэгтэй хүүхэдтэй туршилтын ангид орчихсон гэдэг.

НЭГ ТӨГРӨГИЙН БООЦООТ УРАЛДААНЧИН

Золоо ахын бага нас Маахуур толгойн энгэрт өнгөрчээ. Монгол кино үйлдвэрийн хашаан дахь Зургадугаар цэцэрлэгийг дүүргэсэн түүний багын тоглоом бусад хүүхдийнхээс огт өөр. Киноныхны гологдол хальсаар сэлэм болгож тоглоно, Богд хааны сүйх, жуузыг “хөллөхөөс” эхлээд тэр үеийн хүүхдүүдийн сууж үзэх нь байтугай барааг нь ч ойроос төдийлэн харах боломжгүй “ЗИС-5” машины кабинд жолоог нь мушгин өдрийг өнгөрүүлдэг байжээ. Тэр байтугай, дэлхийд алдартай “Мосфильм”-ийн уран бүтээлчид хэрхэн ажилладгийг хэдхэн алхмын зайнаас харах боломж Кино үйлдвэрийнхний хүүхдүүдэд л байсан гэдэг. Зүүд шиг ийм бага нас нь түүнийг сургуульд ороход ч хамт байсан нь гайхалтай. 

Шинээр байгуулсан 15 дугаар хорооллын 30 дугаар сургуульд орж, орос хүүхдүүдтэй нөхөрлөсөн цагаас эхлээд үеийнхнээсээ арай өөр соёл, хүмүүжилд суралцжээ. Тэдэнтэй марк, бүс, бүч, хоккейн цохиур гээд солилцож болох юу л байна, тэр бүгдийг наймаалцаж явсан гэнэ. Орос хэл гаргууд сурсан Золжаргал хүү Оросын хэвлэлүүдийг шимтэн уншиж, тавдугаар ангиасаа мөсөн талбайд өдрийг өнгөрүүлж, хоккей, хөлбөмбөг амьдралынх нь салшгүй нэг хэсэг болсон байлаа. “Орбит”-оор шөнийн 02.45 цагаас гардаг хоккей, хөлбөмбөгийн тэмцээнийг алгасалгүй үздэг хэрнээ өглөө 08.30-д сургууль дээрээ “гозойж” байдаг хичээнгүй сурагчаа орос хэлний багш нь хичээлээс чөлөөлдөг болжээ. “Манай залуус одооноос л хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн үзэх гэж шөнө хагаслан суудаг болж байна. Харин бид тэртээ 1970-аад оны эхээр Финланд, Швед, Орос, Германы хоккейчдийн тоглолтыг тэгж үздэг байсан. “К үсгээр эхэлсэн хоккейчин, Б-гээр эхэлсэн хотын нэрийг таа” гэхчлэн ангидаа нэг төгрөгийн бооцоот уралдаан хүртэл зохиодог. Дөчинмянгатынхан “Битлз” сонсдогтой адил манай Маахуурынхан хоккей, хөлбөмбөгийн спортоор дамжуулан Европын ард түмний соёл иргэншил, зан заншилтай эрт танилцсан шүү” хэмээн тэрбээр үеийнхнээрээ бахархсан юм. 

НҮДЛЭН ХАМГААЛАХ ШТАБЫН ДАРГА

Найзуудынх нь гэр бүлийнхнээс гадаад руу хүн явбал хэзээ ирэхийг нь дахин дахин асууж шалгаадаг тийм л үе гавьяат жүжигчин Ж.Оюундарийн хүүхэд насны дурсамж дуртатгалын салшгүй хэсэг нь. Тэгтлээ “санаа тавьдгийн” цаад учир нь үнэндээ гадаадаас авчрах бохь, чихэр идэхсэн гэсэн хүслээс үүдэлтэй. Эгч нь Орост сурдаг учраас тэрбээр энэхүү шаналгааг биеэрээ мэдэрч өсчээ. Эгч нь ирлээ гэвэл Драмын театрын зуслангийн хүүхдүүд тэднийд шавж, “Карандаш” тэргүүтэй янз бүрийн чихэр, бохьтой болцгооно. “Зун хурдаг болоосой” хэмээн хүсдэг байсан тэрбээр зуслангийн найзуудтайгаа үй зайгүй үерхэж явсан, театрт ямар нэг үзвэр гарахад уран бүтээлчдийн хүүхдүүд гээд эхний эгнээнээс үздэг байсан давуу эрхтэй бага насаа хамгийн сайхан үе хэмээн онцолсон. Уран бүтээлч аав, ээжээсээ дутуугүй хүүхдүүд нь хоорондоо жигтэйхэн их элэгтэй байсан болохоор арга ч үгүй биз.

Гавьяат жүжигчин маань  багадаа хэтэрхий гэмээр нийгмийн идэвхтэй хүүхэд байжээ. Ариун цэврийн даргаас эхлээд бүлгэмийн, салаан, бүр ангийн эд хогшлыг тоо ширхэг бүрээр нь хариуцан авч хамгаалах үүрэгтэй  Нүдлэн хамгаалах штабын дарга хүртэл бүх л албыг хашиж байсан гэнэ. Ямар сайндаа л аливаа зүйлийг нягт нямбай, хариуцлагатай хийх гэж махран зүтгэсээр байгаад “Ошин” нэр авч байх вэ дээ. Зарчимч охин маань хааяа гангармаар санагд­вал формоо богиносгон тайрч, хан­цуй­гаа цагаан тор болон даа­вуугаар эм­жин, хормогчоо янз бүрээр индүүдэн өмсдөг байж. Бас тэр үеийн хүүхдүүдийн адилаар үе үе үсний туузаа өөрчлөн гангарчихаа мэднэ.

ӨВӨӨГИЙН УРТЫН ДУУГААР ХҮМҮҮЖСЭН “МАЙКА” ОХИН

Дуучин С.Эрдэнэцэцэг багаасаа л сургуулийнхаа урлагийн үзлэгт оролцдог идэвхтэй охин байжээ. Дуу хөгжмийн багш нь нэгэн удаа хичээл орж байгаад түүний дуулахыг нухацтай сонссоноор сургуулийнхаа “Энхтайван” чуулгад оруулсан байна. Чуулгынхаа бүх арга хэмжээнд оролцдог байсан тэрбээр зургадугаар ангид байхдаа Хүүхэд, залуучуудын тавдугаар чуулганд оролцож, Филатова гуайн өмнө анх дуулсан түүхтэй. Тэгэхэд Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон байгуулагдаад удаагүй байсан бөгөөд ирээдүйн гавьяатын анхны том тайз нь тэр байжээ. “Өвөө маань намайг багад хажуудаа суулгаад л уртын дуу аялж өгдөг байсан. Тухайн үед яасан дуусдаггүй урт удаан дуу вэ” гэж боддог байж билээ. Гэтэл тэр цаг үе л намайг урлагийн хүн болоход хамгийн их нөлөөлсөн болов уу гэж хожим боддог” хэмээн эрэвгэр нүдэн дуучин бүсгүй ярилаа. Хөвгүүд түүнд хайрын захиа харамгүй өгдөг ч тэрбээр тун даруухан охин байсан болохоор тэгсгээд өнгөрүүлдэг байсан гэнэ. Харин ээж нь яагаад ч юм охиныхоо үсийг урт жаахан ургангуут нь тайрчихдаг байсан тул ангийнхан нь түүнийг “Майка” хэмээн дууддаг байж. Тухайн үед Чехословакийн “Сансрын охин Майка” гэдэг кино ид гарч байсан учраас тайрмал үстэй гол дүрийн охиноор төлөөлүүлсэн нь тэр л дээ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.