Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

М.Ивээл: Найруулагчийн ажлаа хийж байхдаа би түүнээсээ аз жаргалыг мэдэрдэг

 

Залуу насанд халгиж цалгисан их хүсэл мөрөөдлөөр жигүүрлэдэг. Монголын кино урлагт өөрийн шинэ өнгө төрхөөрөө орж ирж байгаа залуу найруулагч М.Ивээл АНУ-д кино найруулагч мэрэгжил эзэмшээд саяхан эх орондоо ирсэн. Тэрбээр дэлгэцийн анхны уран бүтээл “Цэн тогоруу” киногоороо үзэгчдэд бэлэг барих гэж буй. Түүний аав нь найруулагч О.Машбат, ээж нь гавьяат жүжигчин Н.Батцэцэг. Хүүхэд ахуйгаасаа уран бүтээлч гэр бүлд өсч, кино урлагтай ойрхон өссөн тэрээр Монголын кино урлагт өөрийн хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна.

-Америкт номын дуу сонсоод ирсэн гэсэн. Найруулагчийн онцлог арга барил тань юу вэ?

-Би Чикаго дахь Колумбиагийн Их сургуульд найруулагчаар төгссөн. Энэ сургууль техник талаас их зүйлийг заадаг бөгөөд олон сайн уран бүтээлч төрөн гарсан. Би аливаа уран бүтээлийн өгүүлэмжийг чухалчилдаг. Кино бол мэдрэмжийн урлаг. Олон жилийн дараа хүн киноны үйл явдлыг тодорхой санахгүй байж болно. Харин тухайн үед юу мэдэрсэн бэ гэдэг нь сэтгэлд нь тодоос тод үлдсэн байдаг. Аливаа уран бүтээлийн үнэ цэнэ цаг хугацааны шалгуураар тодордог.  

Кино маань үзэгчдэд юу хүргэх вэ. Зурглаач камераар хэрхэн харуулах, жүжигчид яаж амьдруулах, түүнийг хэрхэн хүний сэтгэлд буулгах вэ зэрэг бүх зүйл дээр найруулагч хүн ажиллах хэрэгтэй. Нөгөө талаар найруулагч аливаа уран бүтээлийг өөрийн сэтгэлдээ зурагласан байдаг. Түүнийгээ хамт ажиллаж байгаа уран бүтээлчдэдээ нүдэнд нь харагдаж, яг л өөрийн төсөөлсөн шиг харуулахын тулд төсөөллөө бусдад хүргэж ажиллах хэрэгтэй. Бүгд нэг зүйлийг төсөөлж, түүн дээрээ ажиллавал тухайн уран бүтээл яг л тэр төсөөллөөр буух учиртай. Үүнээс л уран бүтээлийн чанар харагдах байх.

-“Цэн тогоруу” киног “Монголын үнэртэй кино” хэмээн ярих хүн цөөнгүй байна. Аливаа уран бүтээл нийгмийн өмнө ямар нэгэн үүрэгтэй байдаг. Энэ киногоороо юу хэлэхийг зорьсон бэ?

-Миний хувьд агуулга бол хамгийн чухал зүйл байдаг гэж би дээр хэлсэн. “Цэн тогоруу” киногоороо залуусын гэгээн ариун хайр сэтгэл, тэдний хоорондын харилцаа, хүний мөн чанар, хүн байх ухаан, мөн монгол ахуйг харуулахыг зорьсон. Тэр ч утгаараа киноны зургийн ихэнх хэсгийг Архангай аймгийн Батцэнгэл суманд авсан.   

Жүжигчид өөрийн дүрээ ойлгодог, мөн яг л тэр дүрд зориулагдсан мэт тохирсон тийм хүмүүсийг шалгаруулалтаар сонгож авсан байгаа. Залуу жүжигчин Э.Идэрболд, Б.Оюун-эрдэнэ нарын олон авьяаслаг залуус тоглосон. Ээж маань Төгсөө хэмээх эмэгтэйн дүрд тоглосон. Мөн Ардын жүжигчин Д.Мэндбаяр, гавьяат жүжигчин Д.Гүрсэд, Б.Магсаржав, Н.Нэргүйбаатар, “Жинжиймаа” кинонд ээжтэй хамт тоглож байсан жүжигчин У.Батбаатар ах гэх мэт туршлагтай олон  сайн уран бүтээлч тоглосон. Тэд нар маань нь өөрийн дүрээ маш сайн гаргасан гэж би бодож байгаа.

-Кино ямар хугацаанд бүтсэн бэ?

-40 хоногийн хугацаанд бүтсэн. Зургаа нэлээн шахуу авсан

 -Хүний “хүн” байх чанар, хайр сэтгэлийн талаар өгүүлсэн энэ киноны найруулагч аз жаргалыг юугаар хэмждэг бол. Таны хувьд аз жаргал гэж юу вэ?

Миний бодлоор аз жаргал өөрийн сэтгэлд хүрсэн зүйлсээ өөртөө бий болгож авах. Хүн насны эцэст амьдралаа дүгнэдэг байх. Тэр үед юунд ч харамсахааргүй амьдарсан бол энэ л аз жаргал юм болов уу. Аз жаргалыг хүн өөрөө бий болгодог. Хүн амьдралынхаа турш суралцсаар, өөрийгөө амьдралаас олдог гэж би боддог. Миний аз жаргал миний гэр бүл, мөн найруулагчийн ажлыг хийж байхдаа би түүнээсээ аз жаргалыг мэдэрдэг. Ирээдүйд гэр бүлтэй болохоор үр хүүхэд, хань минь миний аз жаргалын томоохон хэсэг болно гэж бодож байна. Одоохондоо энэ талаар надад төсөөлөл бага байна./инээв/ 

-Энэ кино таны хувьд дэлгэцийн бүрэн хэмжээний анхны уран бүтээл үү?

-Өмнө нь Комбиад богино хэмжээний уран бүтээл дээр нэлээд ажиллаж байсан. З0 гаруй богино хэмжээний кино найруулсан. “Цэн тогоруу” миний найруулсан анхны бүрэн хэмжээний уран сайхны кино. Ахтайгаа хамтарч кино зохиолыг  бичсэн нь сонирхолтой байсан. Бид хэт хэтрүүлэгтэй биш харин үйл явдлын хурц өрнөлийг чухалчилсан. Зохиол аль болох бодит байх хэрэгтэй. Ах минь  мөн Америкт кино найруулагчийн мэргэжлээр сурч, төгссөн.  

-Анхны уран сайхны бүрэн хэмжээний кино гэлээ. Анхны юм бүхэн алдаа оноотой байдаг шүү дээ. Зураг авалтын үед тохиолдсон хүндрэл бэрхшээл, хөгжилтэй зүйлсээс дурьдвал?

Нэг хөгжилтэй зүйл болсон юм. Америкт есөн жил болоод дөнгөж ирээд хоёр долоо хоноогүй байсан. Ирээд зарим хоол хүнддэх тохиолдол гардаг. Зураг авалтын үеэр гэдэс чанасан юм. Идээгүй удсан болохоор их сайхан санагдаад идэж өглөө. Маргааш нь байхгүй, түгжрэл үүсээд зураг авалт хойшилсон тохиолдол гарсан. Энэ мэт хөгжилтэй зүйл олон болсон.

-Энэ киног бичих сэдэл хэзээ төрсөн бэ?

-Аав, ээж маань зураг авалт болох газрын санааг хэлж байсан. Аавтай ярьж байхдаа хүн эрх чөлөөтэй байх, хүн хүндээ хайрыг өгөх талаар хоорондоо ярилцсан. Олон зүйлийг ярьж байгаад өгүүлэмжийн санаагаа ах бид хоёр бичсэн.

-Хосуудын хайр сэтгэлийг өгүүлсэн энэ киног цэн тогоруутай холбох болсон шалтгаан юу вэ?

Та түрүүн хос гэж хэллээ. Цэн тогоруу бол хосоороо нисдэг шувуу. Киноны хэсэгт цэн тогоруу олон гарах болно. Үзсэн хүн үүнээс өөр нэр байж болохгүй гэдгийг ойлгох болно. Үзэгчид өөрсдөө үзээд ойлгох байх. /инээв/

-Та өөрийнхөө бүтээлийг шударга үнэлж чаддаг уу. Өөртөө ер нь хэр шүүмжлэлтэй ханддаг вэ?

-Хүн өөрийнхөө бүтээлийг яг шударгаар үнэлнэ гэж байхгүй байх. Харин уран бүтээлээсээ холдож хэсэг хугацаа өнгөрөөд, дараа нь өөр нүдээр харвал арай өөр харагдана. Жишээ нь жүжигчин Жонни Дэп миний сонссоноор өөрийнхөө киног нээлтэн дээр нь нэг үзээд, дахиж үздэггүй гэнэ л дээ. Яагаад гэвэл өөрийгөө дотроосоо хараад үзэгчдийн нүдээр харж чаддагүй. Дараа нь тоглолтыг нь өөрчилдөг учир үздэггүй гэсэн байдаг. Миний хувьд ч ялгаагүй хэр шударга өөрийгөө дүгнэнэ, тэр тусмаа улам сайн уран бүтээл гаргахын төлөө  хичээж чадна. Тэгэхдээ өөрийн хийсэн бүтээлээсээ хэсэг хугацаанд өөрийгөө холдуулах хэрэгтэй байх. Найруулагчийн биш үзэгчийн нүдээр харж чадахаар болсон үедээ л үзвэл урдаа байгаа зүйлээ харж чадах байх. 

-Урлагийн гэр бүлийн нэгэн гишүүний хувьд дэлгэцийн уран бүтээл ямар байх ёстой вэ. Шил шилээ даран гарч ирж байгаа олон кинонд та ямар үнэлэлт өгөх вэ?

-Кино хүмүүсийн сонирхлыг татах хэрэгтэй. Жишээлбэл, “Moon rise” кино байна. Найруулга нь яг л бодит ертөнц шиг хийсэн. Зарим найруулагч бодит амьдралыг кинондоо тусгадаг. Миний бодлоор хамгийн чухал зүйл найруулагч хүн ямар кино хийж байна, түүндээ үнэнч байх хэрэгтэй. Зарим кино бодит юм шиг хэрнээ хэтрүүлэгтэй, хэтрүүлэгтэй киног бодит юм шиг хийсэн байдаг. Энэ нь өөр өөртөө үнэнч биш байгаа хэрэг гэж би боддог.

Одоо олон кино гарч байгаа нь өрсөлдөөн бий болгож байна. Энэ нь Монголын кино дэлхийн түвшинд, мөн өөрийн орондоо улам хөгжих хөшүүрэг болж өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, урлагийн хөгжлийг түргэсгэх боломж бүрдүүлж  байгаагаараа сайн талтай.

-Америкт байхдаа Монгол кино үзэж байв уу?

Тэнд Монгол кино олоход маш хэцүү. Гэхдээ монгол киногоо үзэж байсан. Ирээд “Шарга даага”, “Ану хатан”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Миний хайр”  зэрэг кино үзсэн. Цаашид олон кино үзнэ.

-“Ану хатан”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” зэрэг киног найруулагчийн нүдээр дүгнэвэл?

Үзээд их сайхан санагдсан. Мэдээж урлаг талаас алдаа оноо байлгүй яахав. “Ану хатан” Монголын хуучны ахуйг үзүүлснээрээ онцлогтой байсан. Ер нь сайн кинонууд болсон байна лээ.

-Хоёулаа эргээд хүүхэд нас руу тань аялья л даа. Бага байхдаа кинонд тоглож байсан гэдэг. Энэ мэргэжлийг яагаад сонгосон бэ? Магадгүй бага байхаасаа кино урлагтай ойр өссөн тань нөлөөлсөн болов уу. Кино жүжигчин больё гэж бодож байв уу. Хүүхэд болгон өөрийн мөрөөдөлтэй байдаг шүү дээ?

-Хүүхэд насандаа эргээд очино гэхээр их сонирхолтой санагдлаа.  Анх Жигжидсүрэн найруулагчийн “Цагаан сүүний домог” кинонд тоглож байсан. Кинонд тоглох ямар ч бодол тухайн үед байгаагүй. Ээжтэй харьцаж байхыг хараад Жийгээ найруулагч намайг шалгаад тоглуулж байлаа. Мөн “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий”-д тоглосон. Эндээс их зүйлийг сурч авсан. Хэсэг хугацааны дараа “Вансэмбэрүү”-д мөн тоглосон. Би магадгүй Монголдоо байсан бол жүжигчин болчихсон байхыг ч үгүйсгэхгүй. Ээж намайг телевизийн хөтлөгч болохыг санал болгодог байлаа. Америкт очоод ч жүжигчин болно гэж боддог байж байгаад найруулагч болохыг сонгосон. Бага байхдаа хааш хаашаа нэг ам км, дэлхийн бөмбөцгөөс мэнгэ шиг товойсон дөрвөлжин байшин бүхий компанитай болоод банкны захирал болно гэж мөрөөддөг байлаа. Тэндээ улс гүрэн байгуулаад дэлхийг байлдан дагуулна гэж төсөөлдөг хүүхэд байсан. Ах бас банкны захирал болно гэхээр нь би өөрийнхийгөө өөрчилсөн удаатай. ”Зүүдэнд ирсэн хонгорхон ижий”-д тоглоод Холливуудын кино жүжигчин болно гэж бодсон ч удаатай.

-Та ямар найруулагчийг үлгэр дууриал болгодог вэ?

-Ааваасаа үлгэр дууриалал авч их зүйлийн сурсан. Гадаадаас Darren Aronofehy, Paul Homes Andersen зохиолыг хөөж кино найруулдаг мундаг найруулагч байдаг. Найруулагч болгон өөрийн гэсэн онцлогтой. Зарим нь зохиолоороо, зарим нь жүжигчидтэйгээ сайн ажилладаг зэрэг өөрийн арга барилтай байдаг. Тэр болгоноос бага ч гэсэн зүйл суралцан, өөртөө шингээхийг боддог. .

-Цаашдын төлөвлөөгөө тань юу вэ. Америк руу буцах уу?

-Би дахин уран бүтээл хийхийг одоохондоо яарахгүй байна. Монголд, Америкт ирж очин байна даа.  Монголын кино урлагийг гадаадад гаргахыг зорьж байна.

-Ер нь таны бодлоор залуу хүн ямар байх хэрэгтэй вэ?

-Хүний залуу насанд аливаа зүйлийг ухаарах үе байдаг байх. 30 гараад ихэнх зүйлс жигдэрдэг. Гучин нас хүртлээ хүн өөрийгөө судалж, өөрийгөө олж авдаг байх. Тиймээс ч би гадаадаар аялах ч юмуу, бусад улсын соёл, ахуйтай танилцаж өөрийгөө олон зүйлд сорихыг хичээдэг. Тэгж байж гуч гараад илүү их мэдлэгийг хуримтлуулах байх.

-Уран бүтээлч хүн Холливуудад орно гэж боддог л байх?

-Би Холливууд гэж мөрөөдөхөөс илүү хүний сэтгэлд хүрсэн уран бүтээл хийхийг хүсдэг. Мөн Канн, Оскар зэрэг олон фестивалд оролцохыг хүсдэг. Монголын урлагийг дэлхийн түвшинд гаргаж ирэхийг хүсэж байна. 

Баяралалаа. Их сонирхолтой ярилцлага боллоо.

М.Болорцэцэг

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.