Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Чихэвчний хөгжим сонсохдоо “60:60”-ын дүрмийг баримтал

 

XXI-р зуун  бол техник технологийн эрин үе билээ. Энэ хөгжлийг дагаад I-phone. I-pad, I-pod, MP зэрэг олон шинэ технологи гарч, залуусын өдөр тутмын амьдралын салшгүй хэрэгцээ болсон. Зөвхөн гар утаснаасаа л гэхэд хөгжим, FM сонсож, кино клип үзэх бүрэн боломж өнөөгийн бидэнд бий болсон. Харамсалтай нь хүн төрлөхтний бүтээсэн бүхэн эргээд ямар нэг байдлаар сөрөг нөлөө үзүүлэх болсон нь жилээс жилд батлагдсаар. Үүний нэг нь чихэвчний хөгжим юм.

Чихэвчний хөгжмийг залуус хажууд байгаа хүнд саад болохуйц чангаар сонсох нь цөөнгүй. Тэд өөрсдийн чухал эрхтэний нэг болох чих буюу сонсголын эрхтэнийг гэмтээж байгааг анзаардаггүй.

Ойр дотны найзууд, гэр бүл, өөрийн үеийн залуус нийлсэн 14-27 насны 50 гаруй хүнээс бид судалгаа авсан юм. Тэдний 64 хувь нь чихэвчний хөгжмийг өдөр болгон хэрэглэдэг, хамгийн багадаа л нэгээс гурван цаг сонсдог гэлээ. Судалгаанд оролцогчдын зургаахан хувь нь л хөгжмийнхөө дууг маш сул тавьж сонсдог гэж хариулсан юм.

Тэд үүнийгээ орчны дуу чимээнээс өөрийгөө тусгаарлах, ялангуяа автобусны хэрүүл шуугианыг сонсохгүйн тулд, уйдаагаа гаргах зэрэг шалтгаантай хэмээн тайлбарлаж байна.

Судалгаанаас 1980, 1990 оны хүүхдүүдийн сонсох чадвар муудах нь бусад үеийнхнээс 30 хувиар илүү байдаг гэсэн тооцоо гарчээ. Энэ нь чихэвчний хөгжмийг удаан хугацаагаар чанга сонсдогтой холбоотой аж

Энэ талаар Улсын клиникийн төв эмнэлгийн Чих, хамар, хоолой сонсгол судлалын эмч Б.Мишээлтээс тодруулахад, “Сүүлийн үед хүүхэд залуус чихэвчний хөгжмийг ихээр хэрэлэх болсон. Энэ нь шуугианы дүлийрэлд хүргэж болзошгүй юм. Тодорхой цаг хугацаанд байнга үргэлжилсэн децибелийн дуу чимээг шуугиан гэх ба энэ нь аажимдаа дүлийрэлд хүргэдэг. Энэ нь хөгжмийнхөө дууг хэр чанга, сул тавьсан болон сонсож байгаа хугацаанаас хамаарна. Чихэвчний хөгжим 120 дэцибел хүртэл ч чангардаг байна. Хэрвээ 120 децибелээр цаг хагас сонсоход л сонгсгол буурч болно хэмээн доктор Фрой хэлсэн байна. Чихэвчний хөгжмийг хамгийн чангадаа л 60 хувиас хэтрүүлэхгүй, нэг өдөрт 60 минут л сонсох дүрмийг баримтлах, хэрвээ чанга сонсвол таван минутаас хэтрэхгүй байх хэрэгтэй” гэлээ.

Чихэн дотор дунгийн хэсэг гэж бий, дун дотор мэдрэлийн үслэг эсүүд байна. Чанга дуу чимээ нь түүнийг шууд гэмтээдэг байна. Нэгэнт гэмтсэн эс дахин сэргэдэггүй аж. Сонсгол муудах нь тухайн үедээ мэдэгдэхгүй ч нас ахих тусам анзаарагдана. Тиймээс дууг нь багасгах нь сонсголоо хамгаалах арга замын нэг юм.

Тэгвэл нам гүм байгаа өрөө 20, бидний яриа 60, гудамж талбайн чимээ 70, онгоц хөөрөхөд 110 децибелийн дуу чимээг тус тус гаргадаг бол шөнийн клуб 120-оос дээш децибел дуу шуугианыг үүсгэдэг юм байна.

Дэлхийн бусад орнууд чихэвчний хөгжмийг сонсоход тусгай хязгаарлалт тавьсан тохиолдол байдаг аж. Франц болон Европын орнуудад I-pod-ийг 100 децибелээс илүү чанга авиа гаргахгүй байх хязгаарлалт тавьж, хууль гаргасан байдаг. Австралид 80-85 децибелээс илүү чангаар нэг цагаас хэтрүүлэн сонсоход л сонсгол гэмтэнэ гэсэн тооцоо гаргажээ. Бостон дахь хүүхдийн эмнэлэгийн Чих, хамар, хоолойн эмч Брайн Флигор “CD тоглуулагч 85 децибелээс илүү дуу, авиа үүсгэдэг” гэж үзжээ.

Сонирхуулахад, бидний сайн мэдэх алдарт жүжигчин Вүүпий Голдберг ”Би “Аспартик” сонсголын аппаратыг хэрэглэдэг байсан. Олон жилийн турш чихэвчний хөгжим сонссоноос сонсгол минь муудсан” хэмээн нэгэн ярилцлагадаа дурьджээ. Таны чихэвчээр сонсож буй хөгжим хажууд байгаа хүнд чинь сонсогдож байвал та сонсголоо эрсдэлд оруулж байна гэсэн үг юм.

Тиймээс нас ахихдаа таг дүлий болчихгүйн тулд яг одооноос л сонсголоо хайрлах хэрэгтэй.

М:Болорцэцэг

 

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.