Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” МОНГОЛЫН НЭР ХҮНДИЙГ ДЭЛХИЙД УНАГАСААР БАЙХ УУ

 Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагууд компаниа ашигтай ажиллуулах нь байтугай алдагдалд оруулсанд мундахгүй шалтаг тоочдог болжээ. Өмнөх Засгийн газрын үед буюу 2-3 жилийн өмнө байгуулсан гэрээ, түүнээс үүдэлтэй өрнөөс өдгөө хүртэл өндийж чадахгүй байгаа нь тэгээд хэний буруу юм бэ? Төр муу менежер гэдэг. Ингэж хэлэгдэх болсон нь төрийн өмчит гэх компаниудын дийлэнх нь алдагдалтай ажиллаж, төр бодлогын түвшинд зохицуулалт хийх үндсэн үүргээсээ хэлтийж, бизнес, аж ахуйн үйл ажиллагаанд хэт оролцдог болсонтой холбоотой. Тэр тусмаа Монголын гурван сая иргэний ирээдүйд хүртэх гол баялгийг бүтээгч “Эрдэнэс Тавантолгой” компанийн менежмент өнөөдрийг хүртэл зөв голдиролд орж чадахгүй байгаа нь өмнөх муу гэрээний үр дагавраас илүүтэй төр бүхнийг өөртөө авч, шийдвэр гаргахад цаг хугацаа алддаг, тэгсэн атлаа зөв гарц, шинэ боломжийг олж харж, нээж чадахгүй байгаатай нь хамаатай болов уу. Асуудал л гарвал төрийн төмөр нүүрээр далайлгадаг, үйл ажиллагааг нь зогсоодог, эсвэл нэгэнт байгуулсан гэрээгээ өөрчилж шинэчлэх гээд эргэж буцсан, гацааж зогсоосон арга замыг сонгодог жишиг Оюутолгой, одоо Тавантолгойд тогтож эхэлсэн нь олон зууны түүхтэй Монгол төрийн нэр хүндийг унагаж, төрд итгэх итгэлийг алдруулж эхэллээ.

Тавантолгойн ордыг эргэлтэд оруулж, дэлхийн “лангуун” дээр үнэ хаялцуулж олон улсын хөрөнгө оруулагч нарт Монгол орон үүцээ нээснээс хойш таван жил өнгөрөв. Хөрөнгө оруулалтын, олборлолтын гээд олон улсын хэд хэдэн тендер зарлаж байсан нь саяхан. Австрали, Канад, Энэтхэг, БНХАУ, БНСУ гээд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн гигантууд өрсөлдөж, тэднээс нэгийг нь сонгосон. Гэтэл сонгогдон шалгарч, албан ёсоор гэрээ хэлэлцээр байгуулсан Австралийн “Макмахон” компани Тавантолгойн Зүүн Цанхи дахь олборлолтоо зогсоосноо саяхан мэдэгдлээ. Австралийн хөрөнгийн биржийн ТОП-200 тоглогчийн нэгд тооцогддог, нэр хүндтэй компанийн хувьд аргаа барсан, албан ёсны хоёр дахь мэдэгдэл нь. 2012 оноос олборлолтоо эхэлсэн тус компанийнхан 2013 оны эхээр “Эрдэнэс Тавантолгой” компаниас олборлолтын төлбөрөө авч чадахгүй байгаагаа албан ёсоор илэрхийлж байсан бол хэдхэн хоногийн өмнө мөн л энэ шалтгаанаар үйл ажиллагаагаа зогсоолоо. Тэд 22 сая ам.долларын авлагатай аж.

“Эрдэнэс Тавантолгой” компани хамтрагч компаниудынхаа төлбөрийг барагдуулж чадахгүй, өрөнд баригдсан анхны тохиолдол нь ч энэ биш. Энэ оны дөрөвдүгээр сард Баруун Цанхийн нүүрсийг олборлож буй үндэсний гурван компанийн түншлэл болох “Монгол уурхайчин” мөн л 60 тэрбум төгрөгийн өрөө нэхэж, суулт хийж байв. Тэдний ард сэлбэг, хүнс, хувцас, түлш гээд ханган нийлүүлэгч 20 гаруй компанийн олон зуун ажилчин, 2000 гаруй айл өрх санхүүгийн хүндрэлд орж, “Эрдэнэс Тавантолгой”-гоос эхлэлтэй өрийн гинжин сүлжээнд хамрагдсанаа зарласан. Мөн нүүрсний тээвэр, ложистикийн үйл ажиллагаа эрхэлдэг “Алтанбогд” компани таван тэрбум төгрөгийн ажлын хөлсөө авч чадаагүйгээс тээвэрлэлтээ бүрэн зогсоож байв. Энэ мэтчилэн “Эрдэнэс Тавантолгой”-г тойрсон өрийн сүлжээ гадна, дотнын олон компанийн үйл ажиллагаанд нөлөөлөөд байгаа. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд үүнийгээ нуун дарагдуулж уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хэмээн өөрсдийгөө хамгаалсаар ирсэн ч, одоо дарайвч дардайна гэгч болоод байна.

Тэр тусмаа “Макмахон” төлбөрөө авч чадаагүйн улмаас Тавантолгой дахь үйл ажиллагаагаа зогсоосныг дэлхийн хэвлэлүүдэд мэдээлж эхэлсэн нь Монголын нэр хүндийг дэлхийд шившиг болгоод байгаа юм. Гэтэл салбарын сайд болон “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагууд өөрсдийгөө хамгаалж, өрөнд баригдсан шалтгааныг өмнө нь нэгэнт байгуулсан гэрээ, хэлцэлтэй хамаатуулан суугаа нь хачирхалтай. Тавантолгойн нүүрсний орд нөөцийн хэмжээгээрээ дэлхийд эхний тавд багтдаг. Ийм том баялгаа дэлхийн тавцанд анх гаргахдаа бид яаж томорч, баярхаж байлаа даа. Гэтэл сүр дуулиантайгаар олон улсын тендер зарлаж, олборлогчийг нь шалгаруулсан “Эрдэнэс Тавантолгой” компани хийлгэсэн ажлынхаа төлбөрийг төлж чадахгүйгээ зарласан нь Монгол Улсын нэр хүндийг үл тоосон хэрэг. Тус компанийн удирдлагууд Тавантолгойн ордын үйл ажиллагаа, менежментийг явуулж чадахгүй, хэдэн сая ам.долларын өрийн сүлжээ үүсгэснээ дэлхийд зарлуулчихсан атлаа уучлал гуйх нь байтугай өөрсдийгөө хамгаалан суугаа нь бизнесийн ёс зүйд нийцэхгүй байна.

“Чалко”-д төлөх ёстой 350 сая ам.долларын өрийг гурван жилийн турш ярьж байгаа. Гэвч өнөөдрийг хүртэл өрийн үлдэгдэл болон зээлийн хүүнд нь хэдэн арван сая ам.долларын алдагдал үүрсэн хэвээр байна. Уул уурхайн сайд Д.Ганхуяг болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурь нарын энэ өрийн талаар илэрхийлсэн байр суурь алд дэлэм зөрүүтэй байна. Сайд нь үлдэгдэл болох 110 сая ам.долларын өрийг энэ жил төлж барагдуулна гэсэн бол компанийн захирал Я.Батсуурь өр төлөх нь байтугай үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаагаа мэдэгдсэн. Засгийн газар болон салбарын яам, төрийн мэдлийн компани нэгдсэн бодлого байхгүй нь үүнээс харагдана.

УИХ, Засгийн газар Тавантолгойн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд бодлогын түвшинд бүх л боломж, бололцоог олгож буй. БНХАУ-ын талтай түр гэрээ байгуулж, өрөнд зөөж байгаа нүүрсийг зах зээлийн үнээр үнэлэх боломж олголоо. Баруун, Зүүн Цанхийг хоёуланг нь нээж нэгийнх нь олборлолтоор өрөө төлж, нөгөөхөөр нь мөнгө олох боломж нээсэн. Гэтэл одоо аль алиныг нь ашигтай ажиллуулах нь байтугай алдагдалд оруулж үүдээ хаахад хүргэсэн нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн бодлого, менежмент нэг л биш байгааг харуулж буй. Си Зиньпин дарга ирээд ямар ч сайхан боломж олгоод, хэчнээн сая ам. долларын зээл тусламж олгож, дэд бүтэц бий болголоо ч Тавантолгойн орд энэ хэвээр ажиллавал урагшгүй ноёнд унхиагүй албат гэгч л болох нь. Олборлолт хийгээд ч тээвэрлэх дэд бүтэцгүй, IPO хийхээр мөрөөдөөд ч ашигтай ажиллаж чадахгүйгээ дэлхийд таниулж байгаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагуудыг яаж бизнесийн сэтгэлгээтэй болгох вэ?

Тавантолгойтой хаяа залгасан орон нутгийн Тавантолгой, Ухаахудагийн уурхайд ч байдал хүндэрсэн. Нүүрсний экспортын үнэ тээвэрлэлтийн зардлаасаа ч илүү гарч чадахгүй болсон ийм үед “Эрдэнэс Тавантолгой” цаашид өрөнд баригдана уу гэхээс өөдөө харах шинж алга. Тэгээд ч БНХАУ Монголын нүүрсэнд 2-3 жилийн өмнөх шигээ үнэ хаяж, үүдээ дэлгэхээ больсон. Урьд нь өөрсдийн нүүрсний уурхайнуудаа хааж, манай Тавантолгойн нүүрсээр гангийн үйлдвэрүүдээ хангах бодлого барьж байлаа. Харин одоо энэ бодлогоо өөрчилж, нүүрсний салбартаа ирэх жилүүдэд цоо шинэ эко бодлого баримтлах талаар хэвлэлүүд нь мэдээлж эхэллээ. Эрчим хүчний, коксжих нүүрсний импортоо багасгаж, дотоодын нүүрсний үйлдвэрлэлээ дэмжин, агаарын бохирдлоо багасгахын тулд байгалийн хий, цахилгааны хэрэглээгээ нэмэгдүүлэх, хий, цахилгаан импортлох талаар ярьж байна. Ийм тохиолдолд импортын нүүрсэнд 10 хувийн татвар тогтоож, дотоод дахь экспортын 10 хувийн татвараа цуцалж, тэнцвэржүүлэх арга хэмжээ авах гэж байна. Тэгэхээр Монголын хар алт Хятадад хар шороо шиг үнэлэгдэж мэдэхээр болов.

Монголын нүүрсний хувь заяа урд хөршийн бодлого, шийдвэрээс бүрэн хамааралтайг цаг хугацаа бидэнд жилээс жилд мэдрүүлсээр байгаа. Хятадын төрийн бодлого нь зах зээл, хэрэгцээ шаардлага, хүрээлэн буй орчинтойгоо хүртэл уялдаатайгаар өөрчлөгдөн шинэчлэгдэж, энэ хэрээрээ сайжирсаар ирсэн. Гэтэл манай төрийн бодлого, үйл ажиллагаа өнгөрсөнтэйгөө зууралдаж, засаж залруулж буй нэрийдлээр цаг хугацаа өнгөрөх тусам уруудан доройтсоор өдий хүрэв. Мөнгөө бариад гүйж ирж байсан хөрөнгө оруулагчид дуудаад, даллаад ч ирэхээ болив. Өнөөдөр “Макмахон”, маргааш хэн биднээс нүүр буруулахыг хэлэх аргагүй боллоо. Манай үндэсний компаниуд өөрсдөө нүүрсээ олборлож чадна, гаднынхнаар дутахгүй хэмээн ярих хүн бий. Гэхдээ нэгэнт гэрээ байгуулсан л бол үүргээ биелүүлж аль аль талдаа хүндэтгэлтэй хандах нь бизнесийн зарчим. Энэ зарчим “Макмахон”-д ч, үндэсний олборлогчдод ч адил тэгш үйлчлэх учиртай. Харамсалтай нь “Эрдэнэс Тавантолгой” алтан зарчмаа үл ойшоож, ажлынхаа төлбөрийг барагдуулж чадахааргүйгээр болсон нь олон улсын тавцанд Монголын төрийг найдваргүй, итгэлгүй түншээр зарлахад хүргээд байгаа юм.

“Макмахон”-ы ард Австрали гэх улсын нэр хүндээс гадна өөр бусад орны бизнесийн түнш, хамтрагчдынхаа өмнө хүлээсэн үүрэг гэж бий. Тэд Австралийн Хамтын нөхөрлөлийн банк, HSBC, “Сүмитомо”, “Мицүи” зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн банктай хамтран ажилладаг. Эдгээр банк “Макмахон”-ы харилцагчийн хувьд Монголд, тэр дундаа Тавантолгойд анхаарал хандуулж байгаа. Гэтэл Тавантолгойд үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдөр ийм байдалтай үйл ажиллагаа явуулж байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин олох гэж олон улсад байдгаа барж буй төрийн бодлого, Монгол Улсын нэр хүндтэй харшилдаж байгаад эрх баригчид анхаарал хандуулах цаг боллоо. Монголын хууль гурав хоног гэдэг. Харин өнөөдөр “Монголтой байгуулсан гэрээ гурван жил” гэсэн яриа хөрөнгө оруулагчдын дунд гарч эхэлсэн нь Монголын төрд нэгийг бодуулж, хоёрыг сануулж байна.

 

 Д.ОЮУН-ЭРДЭНЭ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.