Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХЯНАГЧ НАР ХОРИГДЛЫН ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДАЖ БАЙНА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрынхан сүүлийн үед нэлээд хэл амтай байгаа. Гэвч энэ хэл амаа тэрүүхэндээ дарж нууцлан, болсон асуудлыг хэвлэлийнхэнд аль болохоор мэдэгдэхгүйг хичээж буй аж. Хэдий тийм боловч тус газрынхны хууль бус үйл ажиллагаа бидний чихний хажуугаар өнгөрсөнгүй. Энэ сарын дундуур манай редакцид ШШГЕГ-ын харьяа Сонсголонгийн хорих салбарт ял эдэлж байгаа залуу, хянагч болон ээлжийн ахлагч нартаа ухаангүй болтлоо зодуулсан талаар мэдээлэл ирсэн юм.

Бид ийм зүйл болсон эсэхийг тодруулахаар ШШГЕГ-ын холбогдох албан тушаалтнуудад хандсан боловч тэд ор тас нууцлаад өнгөрсөн. Сонсголон дахь Барилгын ашиглалтын өмнөх захиргаа буюу 1000 хүний хорих ангийн байр барьж буй салбарт Улаанбаатар хот дахь хорих ангиудаас хүмүүжигч нарыг авч ажиллуулж байгаа аж. Тэд наадмаас өмнө уг хорих байрыг ашиглалтад оруулахаар ялтнуудаа өдөр шөнөгүй шахан шавдуулж байгаа гэнэ. Тус ангийн дэд дарга, хошууч Б.Лхагважав, ээлжийн ахлагч, дэслэгч Б.Мөнх-Эрдэнэ нарын хэд хэдэн харгалзагч нийлж ялтныг удаа дараа зодож, толгой, нуруу нугасанд нь гэмтэл учруулжээ. Энэ явдал өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхээр болсон юм. Эхлээд ээлжийн ахлагч, дэслэгч Б.Мөнх-Эрдэнэ хүмүү- жигч О.Ганбаяртай зүй бусаар харилцан, улмаар ямар нэгэн шалтгаангүйгээр түүнийг зодсон байна. Бидний авсан мэдээллээр тэрбээр хүмүүжигчээ гяндан гэж нэрлэдэг хүлгээр хүлж байгаад нүүр рүү нь дэвсэх, бороохойдох зэргээр зодож тарчлаажээ. Хоригдол залууг Б.Мөнх-Эрдэнэ зөвхөн ганцаараа зодоод зогссонгүй, ээлжийн ахлагч Ерөөлт, Магнай нарын хамтаар гурван хоног тарчлаасан байна.

Тэд О.Ганбаярыг зодож байхдаа “Чамайг алчихсан ч яадаг юм бэ. Чиний араас амийг чинь нэхэж хэн ирэх юм бэ. Чи муу нохойн гөлөг” гэх мэтээр хэл амаар доромжилж байжээ. Ингээд тус хорих ангийн сахилгад хоригдлыг хийсэн аж. О.Ганбаяр тэнд ороод ухаангүй, өтгөн шингэнтэйгээ холилдон хэвтэж байсныг тэд тоосонгүй. Энэ оны хоёрдугаар сарын 1- нд түүнийг ээж, дүү нь эргэхээр очжээ. Гэтэл нийгмийн ажилтан болон эмч гэх хоёр эмэгтэй “Хүү чинь ойрын үед ухаан нь солиороод, дэмий зүйл яриад байх боллоо. Танайхны удамд сэтгэцийн өвчтэй, мэдрэл муутай, галзуу хүн бий юү” гэж асуужээ. Ээж нь “Тийм хүн огт байхгүй” гээд дэд дарга, хошууч Б.Лхагважаваас эргэлтийн зөвш өө рөл авч уулзахаар болжээ. Уг нь ялтнуудыг ар гэрийнхэнтэй нь хорих ангийн байрны хойд талд байрлах вагончикт уулзуулдаг юм байна.

Гэтэл тэдний хамаг булхайг нь ярьчих вий гэж сэрэмжилсэн үү, хошууч Б.Лхагважав өөрийнхөө өрөөнд харгалзагч нарынхаа дэргэд уулзуулжээ. Хянагч нарынхаа дарамтаас айсандаа О.Ганбаяр ээждээ юу ч яриагүй гэнэ. Маргааш нь ээж нь хүүгээ дахин эргэж, хувцсыг нь солих гэж очихдоо сая юу болсныг мэджээ. Хүүгийнхээ хувцсыг тайлахад гар нь гавны ормоор үрэгдэн цус шүүрч, бие нь хөх няц болсон байсан төдийгүй “Надад туслаач, ээж ээ” хэмээн уйлж байжээ. Ээж нь хошууч Б.Лхагважавтай уулзаж “Манай хүүхдийг ийм болтол нь зодсон байна. Ядаж эмнэлэгт хэвтүүлж өгөөч” гэж гуйжээ. Гэтэл Б.Лхагважав “Дээд газраас зөвшөөрөл авч байж эмнэлэгт хэвтүүлдэг. Дарга нар зөвшөөрөл өгөхгүй байна.


Энэ талаар ШШГЕГ-ын харьяа хорих 441 дүгээр ангийн хүмүүжигч О.Ганбаярын ээжээс тодрууллаа.

-Таны хүү хорих ангийн хянагч нартаа зодуулж, ухаан нь балартаж удаа дараа эмнэлэгт хүргүүлсэн талаар бид олж мэдлээ. Хүүгээ ийм болсныг та хэзээ мэдсэн бэ?
-Хүү маань Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн. 2008 оны тавдугаар сарын 8-нд танхайн хэргээр гурван жил зургаан сарын хорих ялаар шийтгүүлсэн. Ялаа ШШГЕГын харьяа жирийн дэглэмтэй 441 дүгээр ангид эдэлж байсан юм. Ял эдлэх хугацааныхаа ихэнх хувийг дуусгасан. 2009 оны арваннэгдүгээр сард тус ангийн салбар Сонсголонд барьж буй барилгад ажиллахаар хуваарилагдсан юм. Бид 2010 оны хоёрдугаар сарын 1-нд очиход эмч, нийгмийн ажилтан хоёр нь “Танайхны удамд ухаан мэдрэлгүй хүн бий юү. Танай хүү чинь ойрын үед жаахан солиороод байх боллоо” гэж хэлсэн. Манайханд тийм хүн байхгүй юм чинь байхгүй гэдгээ хэлээд хүүтэйгээ уулзахад хошууч Б.Лхагважавын өрөөнд харгалзагч нарын дэргэд уулзуулсан. Би маргааш нь хүүгийнхээ хувцсыг сольж өгөхөөр ирэхдээ болсон явдлыг мэдсэн дээ.
-Хүү чинь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж болоогүй юм уу. Мөрдөн байцаалтын шатанд хүүгийн тань сэтгэцийг үзсэн шинжээчийн дүгнэлт байдаг биз дээ?
-Давтан хэрэгтэй гээд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулаагүй. Хүү минь биллъярдын цохиураар хүний хамрыг хугалсан хэрэгт шийтгүүлсэн. Бид хохирлыг нь өгөх мөнгөгүй байсан учраас ялаа биеэр эдлэх болсон. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр сэтгэц эрүүл, ухаан мэдрэл бүрэн, ял эдлэх, хэрэг хүлээх чадвартай гэсэн дүгнэлт гарсан юм шүү дээ. Гэтэл одоо хүү маань эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирчихоод байна. Хянагч нар нь түүнийг удаа дараа хэрцгийгээр зодсоноос болоод ийм байдалд хүрчихлээ. Хэдийгээр хүү маань тодорхой хэмжээнд эрхээ хасуулж, ял эдэлж байгаа ч гэсэн хүний эрх гэж нэг юм баймаар.
-Хүү чинь шүүхээс оноосон ялын хэдэн хувийг нь эдэлсэн бэ. Хугацаанаас өмнө шүүх магадлангийн хуралд оруулж, гаргах боломж байхгүй юу?
-Ялынхаа 50-иас дээш хувийг эдэлсэн ч хохирлоо бүрэн барагдуулаагүй гээд шүүх магадлангийн хуралд оруулахаа хойшлуулсан. Уг нь ажлын хоног гээд овоо хэд хоног нэмэгдэж байсан ч зодуулснаас болж ажил хийж чадахгүй, ажлын хоног нь урагш ахихгүй болсон.

-Хүүд тань одоо болтол зовиур байгаа юм уу?
-Тийм ээ. Байнга толгой нь өвдөж, өдөр бүр эм уудаг. Бас нуруу нь хөдлөхөд хүнд, хэдэн хүрз шороо зөөхөд өвдөөд хэцүү байгаа гэсэн.
-Тэгээд та нар шүүх цагдаа, прокурорын байгууллагад хандсан уу?
-О.Ганбаярыг зодсон асуудлыг шалгуулахаар Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд хандаж өргөдөл гаргасан боловч тэд харьяаллын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст ханд гэж зөвлөснөөр тус хэлтэст өргөдөл гаргасан. Гэтэл байцаагч, хошууч Ганболд гэдэг хүн өргөдлийг маань хүлээн авсан боловч ямар ч ажиллагаа явуулалгүй хаасан байна лээ. Миний хүүг зодсон, хошууч Б.Лхагважавын ах нь ШШГЕГ-т нэлээд дээгүүр албан тушаал хашдаг юм гэсэн. Тэд танил тал, ар өврийн хаалгаар хэрэгсэхгүй болгосон юм болов уу гэж хардаж сууна. Бид дахин өргөдөл гаргасан.

Нийслэлийн прокурорын газарт хянагдаж байгаа гэв. Бид түүний өргөдлийг хэрхсэн талаар НПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Чойжилсүрэнгээс тодруулахад, “О.Ганбаярын ээжийн гаргасан өргөдлийг хянаж үзээд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр шилжүүлсэн. Өмнө нь тус хэлтэс шалгаад хэрэгсэхгүй болгосон байсныг бид үндэслэлгүй гэж үзэж дахин шалгуулахаар боллоо” гэв. Хавтаст хэрэгт нь түүний зодуулсны ул мөр, шарх сорвийг гэрэл зургаар баталгаажуулсан байсан талаар ээж нь бидэнд өгүүлсэн юм.

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрынхан анхандаа энэ хэргийг ихэд нууцалж байсны эцэст өнгөрсөн баасан гаригт бидэнд тодорхой хариу өгсөн юм. ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа Д.Даваа-Очир:

-О.Ганбаярыг зодсон асуудлыг цагдаагийн байгууллага шалгаад хэрэгсэхгүй болгосон. Манай хүмүүс зодоогүй болохоор хэрэгсэхгүй болгосон байх гэв.

ШШГЕГ-ын харьяа хорих ангид хүний эрх зөрчигдөж, хянагч нар нь хоригдлуудтайгаа зүй бус харилцдагийн нэг жишээ нь энэ. Өмнө нь Говьсүмбэр аймгийн хорих ангид ял эдэлж байсан Б.Булгантамирыг өвлийн хүйтэнд хөлийг нь хөлдтөл гадаа ажиллуулсан талаар бид дэлгэрэнгүй мэдээлж байсан. ШШГЕГ-ын харьяа Сонсголонд барьж буй ангид хүний эрх зөрчигдсөн тохиолдол ганц энэ биш гэнэ. Б.Лхагвасүрэн гэдэг хоригдол зодуураас болсон уу, баруун гар нь хөдлөхгүй болсон талаар эх сурвалж мэдээлсэн юм. Түүний зэрэгцээ, барьж буй барилга дээрээсээ унаж хөл нь хөдлөхгүй болсон ялтан ч байгаа тухай мэдээлэл бидэнд ирсэн юм. Хэдийгээр ялтан ч гэсэн тодорхой хэмжээний эрхтэй шүү дээ. ШШГЕГ-ын удирдлагууд хууль бус үйлдэл гаргаж, хоригдолтой зүй бусаар харилцаж буй ажилтнуудтайгаа хариуцлага тооцдог болмоор байна.


Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.