Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бид өрнөдийн сэтгүүлзүйг Монголд нутагшуулахыг зорилоо

“Монгол Ньюс” группийн эрхэлдэг мэдээллийн аварга сүлжээнд долоо хоног тутмын “Ням гариг” гэсэн гоёмсог сэтгүүл нэмэгдэж байна. Шинэ сэтгүүлийг гаргах болсны гол учир юу байв. Амралт чөлөөт цагийн “Ням гариг” сонин сэтгүүл болон хувирчээ гэж ойлгож болох уу?
 – “Монгол Ньюс” группээс эрхлэн гаргаж буй сонинуудын ууган нь гэж хэлж болох амралт чөлөөт цагийн “Ням гариг” сониноо 64 нүүр бүхий долоо хоног тутмын сэтгүүл болгож уншигчдадаа өргөн барьж байна. “Ням гариг” сонин бол “амралт чөлөөт цагийн” гэсэн тодотголтой Монголын хамгийн анхны сонин байлаа. Уншигчдад яг энэ талын мэдээлэл ямар хэрэгтэй байгааг аав минь анзаарч, “Ням гариг” сониныг анх санаачилсан байдаг. Монголын нэртэй, чадварлаг сэтгүүлч Э.Сонинтогос эгч анхны эрхлэгч нь байж, тун амжилттай гарган богино хугацаанд олон мянган уншигчтай болгосон цагаас хойш энэ олон жилийн турш Монголын нэр хүндтэй сонины нэг байж ирлээ. “Улстөргүй амрах цорын ганц боломж” гэдэг уриа зорилго баримталж ирсэнд уншигчид талархалтай байдаг нь анзаарагддаг юм. Сониноо барууны форматтай сэтгүүл болгох төсөл хэрэгжүүлж байгаадаа баяртай байна. Өнгө үзэмж, мэдээллийн бүтэц, чанарыг илүү чадваржуулан, жинхэнэ орчин үеийн сэтгүүлийг уншигчдадаа хүргэх болно.
-Монголд маш олон сэтгүүл гарч байгааг та мэдэж байгаа. “Ням гариг” сэтгүүл тэднээс юугаараа ялгарах бол?

-Бид энэ цагийн уншигчдын ёс зүй болоод гоо зүйн таашаал, шаардлагад нийцэх сэтгүүл гаргахыг хүслээ. Монголчуудын хэрэглээ, сонирхлын хүрээ ямар их тэлж байгааг энэ олон сэтгүүл, сониноос харж болох ч уншигчдад өгч байгаа мэдээлэл тухайн сэтгүүлийн зорилго талаас нь бодолцвол учир дутагдалтай гэмээр зүйл анзаарагддаг. Ер нь хоорондоо их төстэй байдаг шүү дээ. Амралт чөлөөт цагт зориулсан Өрнөдийн сэтгүүлүүдийн уншигчдадаа өгч буй тэр мэдээллийг Монголдоо нутаг шуулахыг зорьсон нь бусад сэтгүүлээс ялгарах гол онцлог. Тухайлбал “FASHION POLICE”, “WEEKEND CRIBS”, “Оддын амьдрал”, “Ням гаригийн галерей” гэх мэт олон сонирхолтой булангаас тэрхүү өвөрмөц ялгааг уншигчид маань олж харах байх аа. Бүтцийн хувьд нэлээд шинэчлэгдсэн. Зөвхөн Монголын гэлтгүй Оросын телевизийн гол гол сувгуудын хөтөлбөрийг багтааснаараа онцлог. Уншигчид үүнийг биднээс их хүсдэг л дээ. Дээр нь цаас, хавтас, өнгө дизайны хувьд жинхэнэ сэтгүүл гэдэг рүүгээ илүү хандсан байгаа.
-Сэтгүүлд бичсэн Таны зурваст нэгэн “зоргоороо” охины тухай өгүүлсэн байна. Тэр хэн юм бэ?
-Бид түүнийгээ гоёмсог сэтгүүлийн охин тэнгэр хэмээж, “Ням гариг”-ын бэлгэдэл болгож байгаа юм. Хун шувуу хөлөглөөд биднийг зорин ирсэн гоо сайхны шинэ мэдрэмж, эрч хүч, манай сэтгүүлийн амин сүнс гэж ойлгож болно. Тэр охин зоргоороо, санаанд нь хэр баргийн зүйл нийцэхгүй. Гэхдээ соёлтой, хөгжилтэй, жинхэнэ орчин цагийн мэдрэмж түүнд бий. Түүнтэй байхад хэзээ ч уйдахгүй. Амьдралыг тань илүү сонирхолтой болгож чадна.
-64 нүүр бүхий өнгөт сэтгүүл гэхээр маш өндөр үнэ өртөгтэй гарах байх даа. –

Ер нь сэтгүүлийн өртөг их өндөр байгааг сэтгүүл, сонин эрхлэн гаргагчид мэднэ. Бидний хувьд уншигч, худалдан авагчдад аль болох ашигтай талаас сэтгүүлийнхээ үнийг тогтоосон. Өөрөөр хэлбэл өнөө цагт бүх юмны үнэ өсч байгаатай зэрэгцээд асар их стресстэй байгаа олонд дарамт нэмэхийг бид хүсэхгүй байна. -Сэтгүүлээ захиалгад оруулах уу?

-Яг үнэндээ энэ тал дээр багагүй бодолцох хэрэг гарч байгаа. Сэтгүүлээ хот, хөдөөд хүргэх, түгээх нь бидний нэг зорилго. Хэвлэл түгээлтийн дотоод сүлжээгээ ашиглаад захиалгад оруулахаасаа илүү шууд борлуулалтад гаргахыг анхаарч байгаа. Сэтгүүлийн хувьд энэ хувилбар илүү дээр санагддаг. Харин энэ улирлын захиалгат хугацаа буюу долдугаар сарын 1 хүртэл “Ням гариг” сонин маань сэтгүүлтэйгээ цуг давхар гарч, уншигчдад хүрч байх юм. Улаанбаатар хот дахь манай сонин борлуулах олон киоск, “Номин, “SKY”, “METROMALL”, “Миний дэлгүүр”, “Оргил”, “МАКС”- ийн сүлжээгээр сэтгүүлээ худалдаанд гарна. Үнэхээр нэг их сайхан амрахыг хүссэн хүнд “Ням гариг”, сэтгүүл маань зориулагдсан юм. Хов жив, улстөржилт, энэ тэр бүхнээс ангид илүү гэгээлэг мэдээллийг сэтгүүлдээ эрхэмлэхийг хичээлээ. Эцэст нь нэмэхэд “Ням гариг” сэтгүүл маань уншигчид өөрсдөө бидэнтэй хамтарч бүтээх сэтгүүл гэдгээрээ онцлог юм шүү.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.