Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Татвар төлөхгүй гэв үү

С.Жавхлан гээд сайн дуучин хүү бий. Харин сайн татвар төлөгч биш юм байна. Миний сонирхдог жанрын дууг дуулдаггүй болохоор дуу хуурных нь талаар сайн мэдэхгүй юм. Өчигдөр хийлгэсэн хэвлэлийн хурал дээр хэлснээс нь үзвэл мань хүн төрдөө гомдоод байгаа бололтой юм.
Залуу хүн болохоороо дэлхийг биш юм гэхэд улс орноо өөрчилөх, өөд татах бодолтой явдаг ч улс амьтан дургүйцээд ална тална гээд байгаа гэнэ. Хэн ямар бодолтой байх нь хувь хүний эрх төдийгүй түүнийгээ илэрхийлэх эрхтэй. Үүнд нь дургүйлхээд давчдаад байх зүйл миний хувьд алга. Гэхдээ татварыг мань хүн төрийн дарамт гэж ойлгоод гомдчихож. Тэр байтугай татвар төлж байгаагүй маань үнэн гэж авдаг юм байна. Юу гэсэн үг вэ. Үнэндээ бол татвар төлдөггүй хүн иргэншсэн аль ч нийгэмд байх бололцоогүй.

Эрхэм дуучний худалдан авч байгаа бараа үйлчилгээ болгонд татвар шингэсэн байгаа. Тухайн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулж байгаа газар төлсөн бүх татвараа шингээгээд зарж байгаа юм, танд. Шууд бус татвар төлөгч дуучин С.Жавхлан.
 Харин бизнес хийж олсон орлогоноосоо татвар төлөхгүй байх, (өөрөө төлдөггүй гэдгээ шууд хэлсэн) төлөхгүй гэдгээ олонд зарлана гэдэг гэмт хэрэг. Хулгай. Аль ч улсын төр ингэж үздэг. Таны төлөх ёстой байсан татвар өнчин хүүхдүүдэд талх, үгээгүй ядууст эм тариа, өвгөд хөгшидөд тэтгэвэр болон очих учиртай. Таны энгэрт гялалзах гавьяатын тэмдэгийг ч татварын мөнгөөр хийдэг юм шүү. Татвар төлөхгүй байна гэдэг үгээгүй ядуусаас, өнчидөөс хулгай хийж байгаа хэрэг. Гэмт хэрэг. Хүнлэг бус явдал.
Үзэл бодлоо илэрхийлсэний тань төлөө таныг ална шулна гээд байгаа балмад этгээдүүдийг илрүүлдэг, зохих шийтгэлийг нь оноодог цагдаа, шүүх, шорон шавхай бүгдийг нь та бидний татварын мөнгөөр санхүүжүүлнэ. Ингэж нийгмийг хамгаалах нь төрийн үүрэг. Татвар төлөх нь таны болоод миний үүрэг. Мансууруулах бодисын наймаачид, янханууд татвар төлдөггүй юм. Тийм учраас хууль бус байдаг. Татвараа төлөөд биеэ үнэлж болдог улс ч зөндөө бий.Татвараа төлсөн учраас бизнес нь хууль ёсных.
Таныг ард түмэндээ хайртайдаа, тэднийг гэгээрүүлэх гэсэн дээ дуулаад явдаг гэж бодохгүй л байна. Хүн гэдсээ тэжээхийн тулд хуулиар зөвшөөрөгдсөн түмэн янзын бизнес эрхэлдэг. Та бол тэдний л нэг. Ялгаатай нь та татвар төлдөггүй юм байна. Хууль бусаар бизнес эрхлэгч иргэн Жавхлан.
Харин ямар дуу дуулах, юу өмсөх, юунд дуртай, юунд дургүй чинь таны асуудал учраас би оролцох эрхгүй. Тэгээд ч надаа огт хамаагүй. Хүн гэмт хэрэг хийж байгааг харсаар байж дуугай өнгөрвөл нүгэл болно гэж бодоод энэ бүгдийг нуршив. 

О.Тогоо "Өнөөдөр" сонин

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.