Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төрийн нууцтай танилцах албан тушаалтныг ТЕГ-аар шалгуулах ёстой

ТЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, ахмад Б.Зулаагаас хэвлэлээр гарч буй зарим асуудлыг тодрууллаа.

Монголбанкны ОНХХ-ийн захирал Б.Лхагважав саяхан тус банкны зөвлөх, БНСУын иргэн Ли-г төрийн нууцын зэрэглэлтэй мэдээлэлтэй танилцдаг гэж ойлгогдохуйц ярилцлага өгчээ. ТЕГ улсын хэмжээнд төрийн нууцын хадгалалт, хамгаалалтыг хариуцдагийн хувьд ямар тайлбар өгөх вэ?

-Тийм ээ, ярилцлагыг уншсан. Монголбанкны ОНХХ-ийн даргын ярилцлагаас нь иш татъя л даа. “Нууцын зэрэглэлтэй мэдээллийг аливаа хэлбэрээр задлахгүй байх үүргийг ноён Ли гэрээгээр хүлээсэн байгаа” гэж тэрбээр хэлжээ. Нууцын зэрэглэлтэй материал гэдэгт юуг ойлгож буйг сайн мэдэхгүй байна. Ярилцлагаас харахад Төвбанк гадаадын иргэнд төрийн нууцтай танилцах боломж олгожээ гэж ойлгогдохоор байгаа. Уг нь төрийн нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтныг ТЕГ-аар шалгуулж, зөвшөөрөл авсны үндсэн дээр зохих баталгаа гаргуулан ажиллуулах тухай Монгол Улсын Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцыг хамгаалах тухай журамд тодорхой заасан байдаг.

-Төвбанкнаас зөвшөөрөл хүсэж, танайд хандсан уу?

-Монголбанкнаас энэ асуудлаар манай байгууллагад хандсан зүйл байхгүй.

-Гадаадын иргэн төрийн нууцтай танилцах эрхзүйн зохицуулалт байдаг юм уу?

– Төрийн нууцтай холбогдох харилцааг хуулиар зохицуулахаас аливаа байгууллага, гадаадын иргэний хооронд байгуулсан гэрээгээр зохицуулахгүй. Хэрвээ төрийн нууцад хамаарах мэдээллийг зохих зөвшөөрөлгүй, дур мэдэн гадаадын иргэнд танилцах боломжийг Монголбанкны удирдлага олгосон байвал энэ нь хууль зөрчсөн хэрэг болно.

– Нууцын зэрэглэлтэй материал гэдэг нь төрийн нууцад хамаарах асуудал байвал яах ёстой вэ?

– Хэрэв төрийн нууцтай холбогдох асуудал гарч ирвэл өөр зүйл шүү дээ. Шалгах л хэрэг гарна.

Энэ дашрамд нэг зүйл асуумаар байна. Танай байгууллага Баян-Өлгий аймгаас нэг хүнийг авчран шалгаж байгаа тухай мэдээ хэвлэлээр гарч байна. Ямар хэрэгт хэн гэдэг хүнийг шалгаж байна вэ?

– Иргэн Бураан овогтой Гылымханыг Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан эд зүйл улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэх мэдээллийг шалгах шаардлагатай болсон тул Баян-Өлгий аймгаас манай ажилтнууд авчирсан. Одоогоор эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтнээр цагдан хорьж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Г.Цолмон


0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.