Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тусгай шаардлага зөрчвөл нэр дэвшүүлэхгүй

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэлэлцэж эхлэв. Ийм төсөл боловсруулах санааг манай улстөрчид Чилиэс авсан бололтой. Төлөвлөснөөс илүү олсон мөнгөө хадгалдаг, аргагүйдсэн үедээ хэрэглэдэг “Зэсийн сан”-гийнхаа буянаар хямралыг хохирол багатай давсан цөөн орны нэг нь Чили аж. Түүнийг нь манайхан “Монгол Улсыг хөгжүүлэх сан” байгуулж туршиж, үр дүнгээ өгсөн гэнэ. Дэлхий нийтийг хамарсан эдийн засаг, санхүүгийн хямралын үеэр энэ санд байршуулсан хөрөнгө монголчуудыг элгээр нь хэвтүүлчихээгүй юм гэсэн санааг Ерөнхий сайд, Сангийн сайд хэлж, УИХ-ын дарга хүлээн зөвшөөрчээ.

“Монгол Улсыг хөгжүүлэх сан”-гийн хуулийг илүү боловсронгуй болгохын тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг боловсруулж, энэ оны эхний сарын 12-нд УИХ-д өргөн барьсан юм. УИХ-ын баасан гаригийн хуралдаанаар төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хууль батлагдсанаар төсөвт тодотгол хийдэг явдал арилна. Эрдэс баялгийн үнийн өсөлтийн нэмэлт орлогоор нийгмийн халамжийн арга хэмжээг санхүүжүүлж, эдийн засгийн өсөлтөө дэмжихэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлнэ. Зохих хэсгийг нь төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор тогтворжуулалтын санд байршуулна гэж Сангийн сайд С.Баярцогт төслөө тайлбарлав.

Төсвийн сайн засаглал, хариуцлагын тогтолцоог бэхжүүлнэ. Ингэснээр эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлого явуулах эрх зүйн орчин бий болох юм. Иргэдийн амьдрал тогтвортой, эрсдэл багатай болно. Бүхэлдээ эдийн засаг, улс төрийн таатай орчин бүрдүүлэхэд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль чухал эхлэл болно хэмээн Ерөнхий сайд С.Батболд төсөл өргөн барихдаа УИХ-д даргад итгэлтэй амласан. Тогтвортой байдлын тухай хууль батлагдвал эдийн засгаа алдаг улс төрийн амлалт байхгүй болно гэдэгт Засгийн газар итгэлтэй байна. Ерөнхийлөгчийн болон УИХын сонгуульд нэр дэвшүүлэгч хуулийн этгээд МАХН, АН шиг нэг, 1.5 сая төгрөг өгнө гэж ард түмнээ амлалтаар хуурахгүй болох нь.

Улсын эдийн засгийн чадавхаас хэтэрсэн амлалт өгвөл тухайн нам, нэр дэвшигчийг СЕХ бүртгэхгүй болно. Хэтэрсэн амлалтад тавих хязгаарыг “тусгай шаардлага” гэж нэрлэх бололтой. Үүнтэй холбоотойгоор ерөнхийлөгчийн, УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах юм байна. Тусгай шаардлагыг 2012 оны сонгуулийн нэр дэвшигчдэд тавьж эхэлнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.