Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ 77 гишүүнтэй болох уу

УИХ-ын гишүүдийн тоо нэгээр “нэмэгдэж” магадгүй нь. Засгийн газар, УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч гэсэн гурван субъект хууль санаачлах эрх эдэлдэг. 2000 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн Засгийн газрын сайд байж болохоор зааснаар тэд нэг тогоонд орсон.

Одоо энэ “тогоонд” Ерөнхийлөгч нэмэгдэж хууль тогтоох эрх эдлэгчид нэг дороо цугларч мэдэхээр болов. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Ерөнхийлөгч өргөн бариад буй. Төрийн тэргүүн нь санал хураалтад оролцож, товчлуур дарахаас бусдаар УИХ-ын гишүүний нэг адил эрхтэй байхаар тэрбээр төсөлдөө тусгажээ.

Ерөнхийлөгч хуулийн төсөлд саналаа хэрхэн өгөх, түүнийг нь Байнгын хороо, чуулганаар яаж хэлэлцэх талаар зохицуулалт одоо хэрэгжиж байгаа хуульд байхгүй аж. Энэ хоосон зайг нөхөхийг зорьжээ. Ингэснээр УИХ, түүний бүтцийн байгууллагатай Ерөнхийлөгч бүтээлчээр хамтрах боломж бүрдэнэ гэж үзжээ.

Гишүүд үүнийг нь “Ерөнхийлөгч бидний бүрэн эрхийг булаацалдах нь, 77 дахь гишүүнтэй болох нь” гэх мэтээр шүүмжлэв. Эрх мэдлээ чамлалаа гэх яриа ч гарсан. Нөгөө талаар амласан өөрчлөлтөө ажил болгоход илүү оролцохыг тэрбээр зорьсон байж мэдэх. Ерөнхийлөгч өөрөө завдахгүй ч биет төлөөлөгч, зөвлөхөө Байнгын хорооны хуралд суулгаж, гишүүдээс асуух, бас хариулах боломжтой гэнэ. Юутай ч хуульд нэмэхээр тусгасан заалтыг сонирхуулъя.

1/ 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: 18.2. Энэ хуулийн 18.1-д заасны дагуу хуваарилсан төсөл, түүнд хавсаргасан баримт бичгийг уг төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө холбогдох Байнгын хороо нийт гишүүн, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлнэ.

2/ 21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэг: 21.11. Байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгч буюу түүний бие төлөөлөгч хууль санаачилгаас асуулт асууж, саналаа урьдчилан бичгээр томъёолж хуралдаан даргалагчид өгсний үндсэн дээр саналын үндэслэлээ тайлбарлан таван минутаас илүүгүй хугацаанд үг хэлж санал хураалгах, олонхийн дэмжлэг аваагүй бол нэгдсэн хуралдаанд зарчмын зөрүүтэй саналаа тайлбарлан үг хэлж санал хураалгах хүсэлтээ Байнгын хорооны санал, дүгнэлтэд тусгуулж болно.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.