Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Англи иргэн МОНГОЛЫГ ХӨНДЛӨН ТУУЛАХААР замдаа гарлаа

Каракумын цөлийг 21 хоногт, Намибын цөлийг 82 хоногт туулж байсан туршлагатай аялагч, хүмүүнлэгийн элч, лектор Риплей Дэвенпорт манай улсыг хөндлөн туулахаар өчигдөр Улаанбаатараас аян замдаа гарлаа. Тэрбээр “Хүн байгальтай нягт холбоотой” уриан дор ганцаарчилсан явган аялал хийх бөгөөд Дорнод аймгийн Чойбалсан хотоос Баян-Өлгий аймгийн Өлгий хот хүртэл нийт 2750 км замыг 90 хоногийн хугацаанд хоёр зээрдээрээ туулахаар төлөвлөөд буй. Дорнод Монголын уудам талаас Их говь, Алтайн уулсыг хөндлөн гулд туулан Монголын баруун хязгаарт хүрэх энэхүү урт аяллын турш аялагч зориулалтын дугуйт тэргэн дээр 200 гаруй кг ачаа ачиж явах аж. Риплей Дэвенпорт Монголд хийх энэ аялалдаа гурван жил гаруй хугацаанд бэлтгэж, олон дэмжигч байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцсон байна. Үүний дотор аяллынхаа турш баримтат кино зураг авч, уг кино нь DISCOVERY CHANNEL сувгаар 2011 онд цуврал болон гарахаар төлөвлөгдсөн нь олны сонирхлыг татаж байна. Бүр таатай мэдээлэл гэвэл, түүний энэ аялал амжилттай болбол аяллын төгсгөлд DISCOVERY CHANNEL сувгийнхан хүрэлцэн ирж, Монголд кино хийх юм. Түүнчлэн аяллын тухай ном бичигдэнэ.

Иймд уг аялал дэлхий даяар сурталчлагдан, манай орныг дэлхийн хүмүүст бодит төрхөөр нь таниулах боломж олгож байгаагаараа ихээхэн ач холбогдолтой. Үүнээс гадна аяллын хугацаанд дэлхийн өнцөг булан бүрт суралцаж буй ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд газар зүйн хичээл дээрээ Риплей Дэвенпорттой шууд харилцан Монголын газар орны тухай туршлага судлах юм байна.
Английн иргэн Риплей Дэвенпорт Монгол дахь Еdurelief, Shelter Box, Hope & Homes for Children and UNICEF зэрэг хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хүмүүнлэгийн дөрвөн ч байгууллагад хандив өргөн тусалж байсан хүн юм байна. Тэрбээр одоо 39 настай, Их Британийн Цог жавхлант хатан хааны Тэнгисийн цэргийн тусгай хүчинд долоон жил алба хаасан. Мөн Персийн булан, Босни, Хойд Ирландын дайн болон Баруун Энэтхэгийн хар тамхины эсрэг үйл ажиллагаа, Их Британийн Цог жавхлант хатан хааны Тэнгисийн цэргийн HMS үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан нэгэн аж. Нэрт аялагч, хүмүүнлэгийн ажилтан, илтгэгчээс гадна Риплей дэлхийн алслагдсан аль хүнд хэцүү бүс нутгийг сонгон аялал хийдгээрээ алдаршсан. Түүний аяллууд ганц хүний бүрэлдэхүүнтэй, бие даасан байдгаас гадна бүх хоол хүнс, уух ус, хэрэгслээ өөрийн биеэр чирч явдгаараа онцлогтой.

Г.ГЭРЭЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.