Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гуравдугаар төв эмнэлгийн сувилагчийг хөнөөхийг завджээ

Эрүүл мэндийн байгууллагынхны хүнд суртал, уурлаж бухимдсан иргэний ухамсар дорой үйлдэл, эмч, өвчтөнүүдийн харилцааны доголдлоос үүдэн нэг сувилагч “Эрүүл мэндийн салбарын ажилчдын өдөр”-өөрөө амиа алдах шахав. Жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригт дээрх өдрийг тэмдэглэдэг. Харин энэ жилийн “Эрүүл мэндийн салбарын ажилчдын өдөр”-өөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн сувилагч эмэгтэй болон түүнд туслах гэсэн жирийн иргэнийг Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн, 29 настай Г уурлаж бухимдсандаа хүзүүнд нь хутгалж хүнд гэмтээлээ. Хэрэгтэн Г-ийн ээж тус эмнэлгийн Уушги судлалын тасагт хэвтэж эмчлүүлэхээр өнгөрсөн баасан гаригт очсон аж. Гэвч сувилагч 26 настай Б болон эмч нар нь “Хэвтүүлэх ор байхгүй, өнөөдөр хэвтүүлэх боломжгүй байна” гэжээ. Гэвч Г тэр өдөртөө хэрүүл хийж, эмнэлгийнхэн болон хэвтэж эмчлүүлэгсдийн тав тухыг алдагдуулж байсан учраас цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэнэ. Гэвч цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй байсан учраас тэр орой нь суллан явуулжээ.

Харин цагдаад баригдсандаа өширхсөн, ээжийг нь эмнэлэгт хэвтүүлээгүйд гоморхсон Г хутга авч очин Уушги судлалын тасгийн сувилагчийг, хамт байсан 24 настай иргэн Э-гийн хамт хүзүүнд нь хутгалж хүнд гэмтээсэн гэнэ. Мөн өөр нэг сувилагч руу дайрахад нь бие хамгаалах урлагаар хичээллэдэг байсны ачаар бүсгүй түүний үйлдлийг таслан зогсоож, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Тус тасагт хэвтэж эмчлүүлж буй нэг хүнтэй уулзахад “Өмнөх өдөр нь хэрүүл хийгээд зогсож байсан залуу бямба гаригийн өглөө их л ууртай шатаар өгсөж байхтай таарсан. Түүнийг сувилагч нарыг хутгална гэж бодоогүй. Их л хор, шартай хүн бололтой” гэсэн юм. Өөр нэг хүн “Хутгалуулсан сувилагчийн бие хүнд байгаа гэсэн. ГССҮТ-д эмчилж байгаа гэж эмч нар ярьж байна лээ. Иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч буйгийн нэг илрэл л энэ байх даа. Хүний амь үрэгдээгүй нь яамай. Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийхгүй бол цаашид эмч, сувилагч нарын амь нас үрэгдэхгүй гэх газаргүй болох нь” гэж байлаа.

Харин тус эмнэлгийн эмч, ажилтнууд энэ тухай ярихыг хүссэнгүй. Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эх сурвалж “Сэжигтэн Г-г саатуулах үндэслэл байхгүй учраас баасан гаригт гэр рүү нь явуулсан. Гэтэл бямба гаригийн өглөө 07.30 цагийн үед хоёр хүн хутгалсан байна. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьж шалгаж байна” гэв.



Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.