Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хятадын “ХОЖЛЫН ХӨЗӨР”

 Ази тив дэх төмөр замын ачаа тээврийн хамгийн том цэг БНХАУ-ын баруун өмнөд хэсэгт орших Чэндү хотод бий. Энд өргөгч цамхагууд зогсоо зайгүй ажиллаж, аварга том чингэлгүүдийг ачааны нэг галт тэргээс нөгөөд буулгах ажээ. Эдгээр чингэлэгт хувцас хунар, гэр ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс эхлээд компьютер, автомашин хүртэл байх.

Саяхныг хүртэл өргөн хэрэглээний иймэрхүү бараа таваарыг Чэндүгээс зүүн зүгт 1600 гаруй км зайд орших Шанхай хотын боомтод буулгаад, Европ руу усан замаар зөөвөрлөдөг байв. Зургаан долоо хоног үргэлжилдэг байсан уг аяллын хугацаа өнгөрсөн жилээс хоёр долоо хоног болж богиносчээ. Хятадаас Европыг зорих ачааны галт тэргүүд одоо Казахстан, ОХУ, Беларусийн нутгаар дамжин, Польшийн нутагт чингэлгүүдээ буулгадаг болж. IUC буюу Олон улсын төмөр замын эвлэлээс гаргасан судалгаанд дурдсанаар Хятадын төмөр замын нийт урт өнгөрсөн жил 103 мянган км-ээс илүү гарч, дэлхийд гуравт бичигдэж байна. Ийм хэмжээний төмөр замтай, тэр дундаа өндөр хурдны галт тэрэгний зам багагүй хувийг нь эзлэх арваад улс л байдаг гэнэ. Харин Хятадын нийт төмөр замын урт ирэх 2025 он гэхэд хоёр дахин нэмэгдэх тооцоо гарсан. Ердөө дөрвөн жилийн өмнө 1000 гаруйхан км урт замтай байсан гэхэд энэ нь гайхаж биширмээр үзүүлэлт юм.

БНХАУ-ын төмөр замын бодлого, инженерчлэл саяхныг хүртэл гадаадынхнаас хараат байлаа. Британичууд 150 жилийн тэртээ тус улсын анхны төмөр замыг барьж өгсөн бөг өөд гадаадынхнаас ихэд болгоомжилдог асан Манж Чин гүрний төрийн түшээдийн хувьд төмөр зам гэдэг улсынхаа үүдийг алгуурхан нээх хамгийн аюулгүй, боломжит гарц байж. Хятадын төмөр замын хөгжилд Япон, ЗХУ болон Европын олон улс хувь нэмэр оруулсны дотор Франц, Германы компаниуд ихэд оролцоотой байсан гэдэг. Харин одоо харвасан сум шиг хурдлах орчин цагийн өндөр хурдны галт тэргүүд төдийгүй тэдгээрийн зорчих замыг хятадууд өөрсдөө үйлдвэрлэж байна.

Хятадын мэргэжилтнүүдийг гадаадаас “будаа идсэн”, бүр технологи хулгайлсан гэж сэрдэх хүм үүс байдаг ч бусдаас суралцаж, туршлага сууж, гаднын технологийг өөриймшүүлсний хүчинд төмөр замын салбараа хөгжүүлсэн гэж хятадууд ярьдаг. Юутай ч тус улсын төмөр замын их сүлжээ гэрлийн хурдаар дэлхийг хэрж эхлэв. Чэндү хотын Материал, техник хангамжийн албаны ханан дээрх газрын зургаас энэ нь тодорхой харагдана. Газрын зураг дээрх тэмдэглэгээнүүдийг үзвэл Хөх мөрнөөр бараа таваар зөөж, нутгийн төв хэсэгт хүргэх нь хүнд бэрх ажил байхаа больжээ. Дээрх албаны дарга Чэн Жоньуэгийн хэлснээр гадаадынхан Бээжин, Шанхай, Хонконг зэрэг эргийн дагуух том хотуудаар Хятадыг төсөөлдөг цаг ард үлдсэн байна. “Төмөр замын буянаар нутгийн баруун хязгаараас зүүн хязгаар руу саадгүй зорчдог боллоо. Чэндү шиг олон хот одоо хуурай газраар хүрээлэгдсэн, бөглүү газар биш, төмөр замын боомт болсон” гэж тэрбээр ярив.

Тус хотод өдгөө дэлхийн тэргүүлэх компаниудын тэн хагас нь салбараа нээсэн гэсэн мэдээ байна. Тэдгээр компанийн нэг “Аpple”-ийн Чэндү дэх салбарын мэргэжилтэн Якоб Мэйнард Хятадын төмөр замын хөгжлийг Европын аж үйлдвэрлэлийн хувьсгалтай адилтгасан юм. Гэхдээ төмөр замын хувьсгал саадгүй явагдсан уу гэвэл үгүй. Өндөр хурдны галт тэрэгний анхны сүлжээ 2007 онд ашиглалтад ороход хүн бүр талархан хүлээж авсан ч 2011 онд болсон аймшигт ослоор 40 гаруй хүн амиа алдахад “Төмөр зам хэр ирээдүйтэй салбар вэ” гэсэн асуултад дор бүрнээ хариулт эрж байв. Энэ ослын дараа төмөр замын зардал, ажиллагсдын аюулгүй байдал, авлигын хэрэг зэрэгт хамаарах олон асуудал босож, салбарын сайд нь огцорч, харьяалах яам нь хүртэл татан буугджээ. Харин гурван жилийн дараагаас төмөр замын асуудал гадаад харилцааны бодлогод жин дарж эхлэхэд төмөр зам, галт тэрэг зэрэг үгс хятад түмний үндэсний үзэлд хамаатай болж ирэв.

БНХАУ-ын Төмөр замын корпорацийн цахим хуудсанд төмөр замыг “гаднынханд үзүүлэх хамгийн том хожлын хөзөр” гэсэн бол Коммунист намын төв хэвлэлд “Хятадын өндөр хурдны төмөр замын сүлжээ дэлхийн хамгийн аюулгүй, хамгийн хурдан сүлжээ” гэжээ. Үүнийг дэлхий нийтэд батлан харуулах зорилго өвөрлөсөн тус улсын Ерөнхий сайд Ли Көцян Европ, Африк, Зүүн Өмнөд Азийн олон улстай энэ салбарт хамтран ажиллах гэрээ байгуулаад байна. Сүүлийн нэгэн жишээ дурдахад Л.Көцян өнгөрсөн зургадугаар сард Их Британид айлчлах үеэрээ тус улстай олон тэрбум ам.долларын өртөг бүхий төмөр замын гэрээ байгуулсны дотор Лондон хотыг Бирмингхэмтэй холбох өнд өр хурдны галт тэрэгний 190 гаруй км зам барихад хамтрахаар болсон юм. Энэ үеэр Хятадын хэвлэл мэдээллийнхэн Ерөнхий сайдаа Ерөнхий “борлуулагч” хэмээж, дипломат харилцаагаа “төмөр замын” харилцаа хэмээжээ. “Техник технологийг багахан хүрээнд ашигладаг, хөдөлмөрийн асар том хямдхан зах зээлтэй, зогсолтгүй өсөх хэрэглээтэй гэдгээрээ дэлхийд танигдаж асан Хятад улс төмөр замын ачаар нийлүүлэгч, түнш улс боллоо” гэж дүгнэх тоймчид ч байв.

Гэхдээ Хятадын албаныхны амбиц үүгээр хязгаарлагдахгүй. Хязгаар нутгуудаараа өндөр хурдны галт тэрэг явуулахаас гадна баруун бүсийн худалдааны бүсээ Төв Ази, Европ, цаашлаад нутгийн баруун өмн өд хэсгээ Зүүн Өмнөд Ази, Сингапур хүртэл төмөр замаар холбох сонирхол тэдэнд бий. Төв Азийн эрх баригчидтай тохиролцохоос эхлээд аюулгүй байдал, дипломат харилцаа, санхүү, эдийн засаг, техникийн гээд олон асуудал урган гарах ч энэ “тоглоом”-д Хятад хожих боломжтой. Саадгүй өсөж буй эдийн засаг, улс төрийн тогтвортой байдал, төрийн мэдэлд байх асар их хөрөнгөтэй төмөр замын компаниуд тус улсын давуу тал юм. Чэндү хотын зогсоолоос ачаа тээврийн галт тэрэг хөдөллөө. Дээр хэлснээр энэ галт тэрэг хоёр долоо хоногийн дараа Европт хүрнэ. Харин Хятадын эрх баригчдын найдаж буйгаар өндөр хурдны галт тэрэгний шинэ зам Төв Азийн нутгаар тавигдвал эндээс хөгшин тивд ердөө хоёр хоноод л хүрдэг болох юм.


 Г.ЛХАГВА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.