Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАНЫ НЭР ХҮНД УНАХ ЁСТОЙ ЮУ

Албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний мөнгө завшсан хэрэгт сэжиглэгдэн хоригдсон ахлах зөвлөхөө хорих ангид биечлэн “эргэсэн” Ерөнхий сайдын дуулиан мөд намжихгүй бололтой. Засгийн газрын тэргүүн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд албан ёсны зөвшөөрөлтэй биш эсрэгээр хамсаатнаа өмгөөлж буй “мафийн толгойлогч” шиг заларсан тул олон нийт гайхахаасаа түрүүлж жигшив. Ерөнхий сайдын энэ үйлдлийн зөв, буруу эсэхийг шүүн хэлэлцэх кампанит ажил сүүлийн өдрүүдэд өрнөж байна. Хэвлэлүүд “Л.Гансүхийн баривчилгаагаар улс төр эхлэв үү”, “Н.Алтанхуягийн ойр дотны хүмүүсийг хэрэгт холбогдуулж, баривчлах замаар МАНАН байгуулах том улс төр зуны халуун, хүмүүсийн амралт зугаалгатай зэрэгцэн эхлэв үү. Энэ засгийн үед хууль, хүчний байгууллагууд өөрчлөгдөж, өөрсдийг нь томилсон нам, хүчний эсрэг тэмцэх зүрхтэй болов. Н.Алтанхуягийн Засгийн газрын бараг бүх сайд нарыг толгой дараалан шалгаж эхэллээ” гэх мэт олон янзын таамаг дэвшүүлж байгаа юм.

Гэвч зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн тухай дүрсэлдэг Холливудын киноны адал явдлыг амьдралд бодитоор харуулсан Ерөнхий сайдын үйлдлийг хууль хяналтын байгууллагынхан өөр өнцгөөс дүгнэж байна. Цагаан захтнуудын холбогдсон гэмт хэргийн тоог нэмсэн Л.Гансүхэд холбогдох хэргийг шалгаж буй АТГ авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх чиглэлтэй ажилладаг, бие даасан хараат бус төрийн тусгай байгууллага. Халдашгүй эрхтэй энэ байгууллагын хууль ёсны ажиллагаанд Ерөнхий сайд саад учруулж, Цагдан хорих газарт зөвшөөрөлгүй нэвтэрсэн нь санамсаргүй хэрэг биш. Үүний хариуд АТГ мэдэгдэл хийж, зөрүүлээд Ерөнхий сайд мэдэгдэл гаргаж байх юм. Засгийн газрын тэргүүн нь хууль сахиулах байгууллагынхаа толгойд сандайлсан байж боломгүй энэ үйлдэл хуулийнханд “Н.Алтанхуяг гэдэг хүний засаглалын үед төрт ёсонд байх учиртай нэгдмэл бодлого, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо гээгдэж, төрийн тусгай алба үнэ цэнэгүй болж яваа юм байна” гэх ойлголтыг өгч эхэллээ.

ӨМНӨХ ЗАСГИЙН ЭГЗЭГТЭЙ МӨЧҮҮД

Эрх мэдлийг төвлөрүүлж, хөрөнгийг бие даан шийддэг Засгийн газар буюу гүйцэтгэх засаглал хардлага сэрдлэгт байнга өртөж, олон нийтээс хамгийн их хатуу хөтүү үг дуулдаг. Шалгаж шалгуулж, буруутай нэг нь хуулийн хариуцлага хүлээсэн жишээ цөөн биш. Гэсэн хэдий ч авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж буй ахлах зөвлөхдөө сэтгэл нь зовж, сандарсан Н.Алтанхуягтай ижил үйлдлийг өмнөх засгийн Ерөнхий сайд нараас хэн нь ч үзүүлж байгаагүй. Ийм явдал засгийн түүхэнд тэмдэглэгдэж байсангүй. Ардчилсан холбоо эвслийг 1996-2000 онд засаг барих үед хуулийнхан “Казино”-гийн гэх тодотголтой хэргийг шалгасан. 1999 онд УИХ Казиногийн тухай хууль баталж, Монголд казино үүд хаалгаа нээхээр зэхэх үед эрх баригч Ардчилсан намын УИХ-ын гишүүд Улаанбаатарт мөрийтэй тоглоомын газар ажиллуулах эрх авсан макаочуудаас авлига авсан хэрэгт буруутгагдсан билээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Төв аймаг дахь Цагдан хорих байр 2014.07.31
Ерөнхий сайд Н.Алтанхуяг машинаас бууж байгаа нь

Цагаан захтнууд холбогдсон хэргийн анхдагч болох энэ дуулианыг шалгаж, шүүн таслах ажиллагаа явагдаж дуусах хүртэл Ерөнхий сайдаар АН-ын лидер Ж.Наранцацрал, Р.Амаржаргал нар ажиллаж байсан ч тэд хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулаагүй. 2004 оны томчуудтай холбоотой авлигын бас нэг томхон дуулиан дэгдсэн нь “Гаалийн Баатарын хэрэг”. Хил, гаалийн сүлжээг ашиглах замаар их хэмжээний мөнгө босгож, МАХН-ын сонгуулийн кампанит ажилд хандивласан хэрэгт буруутгагдсан Гаалийн Баатарын хамсаатнаар экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Сангийн сайд Ч.Улаан зэрэг олон улстөрч нэрлэгдэж, хууль бус үйл ажиллагааг хэвлэлүүд илчилж, монголчууд энэ хэргийг чөлөөтэй шүүн хэлэлцсэн. Авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт нэр холбогдож асан Н.Энхбаяр тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байв. Үүнээс гадна 2004 оноос хойш цөөнгүй УИХ-ын гишүүн улсын төсөв, хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, завшсан байж болзошгүй хэрэгт холбогдон шалгагдсан түүхтэй. Тэдний хэн хэнд нь эрх мэдэл байсан. Харин хэн нь ч Н.Алтанхуяг шиг төрийн тусгай, хууль сахиулах байгууллагаар тохуурхаагүй. Хуулийнханд хэрэг шалгах, шийдвэрлэх боломж олгосон байдаг.

ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮРЭЭЛЛИЙНХЭН ЮУНЫ УЧИР ХОРИГДОВ

Засгийн газрын 2012 оны сүүлчээр эхлүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс хэсэг бүлэг хүн мөнгө угаасан дуулианыг Үндэсний аудитын газар илрүүлж, хөтөлбөр хэрэгжих явцад 3.6 тэрбум төгрөг бусдын гарт хууль бус орлого болж очсон гэдгийг АТГ тогтоогоод байгаа. Харин “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх компанийг Засгийн газар сонгон шалгаруулалт явуулалгүй эхлүүлж, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх энэ ажлыг охиныхоо “Эм Жи Эл Эс Би” компанид тендергүй авч өгсөн байдаг. Хэрэг шалгах явцад Л.Гансүхийг УИХын гишүүн БОАЖ-ын сайд байх үед туслахаар нь ажиллаж байсан Н.Даваахүү, Л.Эрдэнэбулган болон Гансүхийн эхнэрийнх нь төрсөн дүүгийн охин Б.Мөнгөнтуяа, Ерөнхий сайдын охин А.Саранзаяа, Н.Алтанхуягийн зөвлөх асан М.Тулга, Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Төмөрбаатар нар нийлж “Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө завшсан баримтууд гарч ирсэн аж. Энэ хүмүүс өөрсдөө компани байгуулж, тус аж ахуйн нэгжээр дамжуулан нийслэлийн гэр хороололд хямд үнээр нүүрс түгээж байв. 2012-2014 онд Багануурын уурхайгаас 279.000 тонн нүүрс шигшиж, ангилсан, чанартай нэг тонн нүүрсийг 27.500 төгрөгөөр авч, иргэдэд 80,000 төгрөгөөр худалдан ашиг олсон нь тогтоогдож эхэлжээ.

Зөвхөн энэ үйлдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, тогтоомжийг зөрчиж байгаа бол цаана нь албан тушаал, албаны эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэг нуугдаж буй. Түүгээр ч зогсохгүй дээрх нөхдийн үүсгэн байгуулсан компаниуд “Нүүрс” хөтөлбөр алдагдалтай” хэмээн танилцуулж, 2012 оны арванхоёрдугаар сарын 22-нд Засгийн газраас 854 сая, Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Төсвийн тусгай сангийн хөрөнгөөс 1.5 тэрбум төгрөг гаргуулсан байх юм. “Нийслэлээс зуу гаруй км-ийн цаана хэдэн сая тонн нүүрс хэвтэж байна. Энэ баялгаар нийслэлийн гэр хорооллын өвлийн нүүрсний хэрэглээг хамгийн хямдаар хангана” гэж мэдэгдэж байсан Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх гэр хорооллынхны нэрийг барьж, төсвийн хөрөнгийг тэрбум, тэрбумаар нь завшсан хэрэгт буруутгагдан хоригдсон болохоос улстөрийн зорилгоор баригдаагүй гэдгийг АТГ-ын энэ баримт гэрчилж буй. Гэвч Ерөнхий сайд төрсөн охин болон ахлах зөвлөх нарыг нь шалгаж буй эл хэргийг “гүтгэлэг” гэж үзэж байгаа юм. Магадгүй, энэ хэрэг түүний бодож байгаа шиг гүтгэлэг байж болно. Хэргийг шалгах явцад тодорхой болох үнэн, худлаас өрсөж Н.Алтанхуяг яагаад яаран сандран мэдэгдэл гаргаж, Төрийн өндөр албан тушаалаар халхавчилж, төрийн тусгай, хууль сахиулах байгууллагын ажиллагаанд саад учруулав. Яагаад Төрийн тусгай хамгаалалтын газраар хэвлэлийн хурал хийлгэн, төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагуудын дунд хагарал үүсгээд байна вэ.

ЕРӨНХИЙ САЙДЫН АЛБАН ТУШААЛ ХАШИХ ЭРХИЙГ ХАСАХ УУ, АЛБАДАН АЖИЛ ХИЙЛГЭХ ҮҮ

Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байр руу “халдсан” Ерөнхий сайд Н.Алтанхуягийг АТГ Хууль зүйн сайдын 2013 онд баталсан “Баривчлах, цагдан хорих байрны дотоод журам”, Эрүүгийн хуулийг зөрчиж байгаа аж. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245.2 дугаар зүйлд “Энэ хэргийг албан тушаалаа ашиглаж үйлдсэн бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 300- 500 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Гэвч Н.Алтанхуяг энэ хуулийн дагуу хариуцлага хүлээх эсэх нь эргэлзээтэй. Тэрбээр “Нүүрс” хөтөлбөрийг ард иргэдэд үр өгөөжөө өгч, амжилттай хэрэгжсэн. АТГ-аас явуулж байгаа хэрэг шалгах ажиллагаа бол Засгийн газрын хийсэн ажлын нэр хүндийг унагах, хорлон саатуулах үйлдэл” гэж үзэж буйгаа мэдэгдсэн. Түүгээр ч зогсохгүй гэмгүй хүмүүсийн эрхэнд халдсан энэ үйлдэлтэй Монгол Улсын Ерөнхий сайд миний бие хатуу тэмцэх болно” гэв. Хэдийгээр Н.Алтанхуяг шийдэмгий мэдэгдэл хийж байгаа ч Ерөнхий сайдын албан тушаалаа ашиглан Цагдан хорих байранд нэвтэрч орсныхоо төлөө хариуцлага хүлээх учиртай.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.