Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ НИЙТИЙНХ БОЛНО

2009 онд УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос “Долдугаар сарын 1 ба хүний эрх” нээлттэй сонсгол зохион байгуулсан нь Монголын парламентын түүхэнд анхных байв. Дараа жил нь төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар сонсгол зохион байгуулсан. Ингээд ардчилал өндөр хөгжсөн орнуудын хууль тогтоох үйл ажиллагааны нэг чухал хэрэгсэл хэдийнэ болж чадсан “сонсгол” гэх нэр томъёо дөнгөж 2011 оноос УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд албан ёсоор ороод буй. Үүнээс хойш ядуурал хийгээд эрүүл мэнд, агаарын бохирдлын талаар сонсгол тус тус зохион байгуулсан. Ийнхүү шийдвэр гаргах дээд байгууллагын хүрээнд танил болсон сонсгол орон нутгийн түвшинд ч дэлгэрч буйн нэгээхэн жишээ бол өнгөрөгч онд нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-аас зохион байгуулсан “нэхмэлийн шар” гэх тодотголтой байрнуудын дахин төлөвлөлтийн талаар нээлттэй сонсгол хийсэн явдал. Өөрөөр хэлбэл, төрийн шийдвэрийг боловсруулахаас эхлээд батлах, хэрэгжилтийг нь хянах бүхий л үйл ажиллагаанд иргэдийнхээ санаа бодлыг ямар нэг хэмжээгээр тусгах гэсэн “сонсгол” гэх ойлголт, үйл ажиллагааны хэлбэр нь нэг үеэ бодвол бидэнд харьцангуй танил болжээ. Үүнээс гадна Үндсэн хууль болон хүчин төгөлдөр үйлчилж буй 30 гаруй хуульд төрийн ил тод байдлын зарчмын эрх зүйн үндсийг хуульчилсан байдаг. Гэсэн хэдий ч бодлого боловсруулах, гаргахад иргэдийн үгийг сонсох, санаа бодлыг нь шийдвэр гаргагчид уламжлах эрх зүйн тогтолцоо Монголд хангалтгүй байна. Өөрөөр хэлбэл, төрийн эрх барих дээд байгууллагын түвшинд л “сонсгол”-ыг ёс төдий оруулж ирснийг эс тооцвол манайд иргэдээ сонсох тогтолцоо бараг үгүй. Үүний илрэл нь “Том төрөөс ухаалаг төр лүү” санаачилгынхаа хүрээнд Ерөнхийлөгч Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барьсан явдал юм.

Тэгвэл “сонсгол” гэж чухам юуг хэлээд байна вэ. Ном, товхимолд үүнийг “Шийдвэр гаргах эрх бүхий байгууллагын хэлэлцэж буй шийдвэрийн талаар иргэн байр сууриа илэрхийлж, шийдвэр гаргагч үүнийг нь сонсох үйл явц” хэмээн тодорхойлсон байдаг юм билээ. Энэ бол мэтгэлцэж, харилцан ярилцангаа санал бодол солилцох төдий энгийн хэлэлцүүлэг биш аж. Хамгийн гол нь сонсголын явцад хэлэлцүүлэгт оролцдогоос хамаагүй олон хүн байр сууриа илэрхийлэх боломж бүрддэг гэнэ. Үүний нууц нь сонсголд оролцогчид тодорхой журам, нарийн дэгийн дагуу байр сууриа илэрхийлдэгтэй холбоотой гэнэ. Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болдог хэлэлцүүлгийн зохион байгуулалт нь сонсголын ерөнхий зарчим, хэлбэртэй нийцдэг хэмээн үнэлдэг.

Ерөнхийлөгчийн санаачилсан дээрх төсөлд хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, мөрдөн шалгах, захиргааны хэм хэмжээний болон төлөвл өлтийн, орон нутгийн гэсэн үндсэн долоон төрлийн сонсгол явуулж, төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахаар тусгажээ. Нийтийн ашиг сонирхолтой шууд хамааралтай нийгэм, эдийн засаг болон байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд хууль тогтоох сонсголыг явуулах бол ерөнхий хяналтын сонсголыг хууль, тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, эрх зүйн орчин орчныг төгс болгохын төлөө УИХ болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас зохион байгуулах аж. Ингэхдээ тухайн хууль, захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болсноос хойш 24-30 сарын дотор эхний хяналтын сонсголыг, дараагийнхыг таван жил тутамд нэгээс доошгүй удаа тогтмол явуулах юм. Ер нь дээрх сонсголуудын нэлээд нь УИХ-ын үйл ажиллагаатай шууд холбоотой байх юм. Тухайлбал, төсвийн хяналтын сонсголыг төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулан зохион байгуулах нь. Мөн олон нийтийн санаа бодлыг түгшээсэн хууль, улс төр, эдийн засаг, нийгмийн тодорхой асуудал, УИХ-ын гишүүн, УИХ-аас томилогдсон албан тушаалтан хууль зөрчсөн эсэхийг тогтоох зорилготой мөрдөн шалгах сонсголыг парламентаас явуулахаар тусгасан байна. УИХ-аас энэхүү сонсголыг явуулахдаа хэлэлцэх баримт, сэлтийг цуглуулах, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо байгуулан ажиллуулах аж. Түүнчлэн УИХ албан тушаалтныг томилохдоо нийт гишүүний дөрөвний нэгээс доошг үй хувийнх нь хүсэлтийг үндэслэн томилгооны сонсгол явуулахаар заажээ. Гэхдээ Засгийн газар болон нутгийн өөрөө удирдах байгууллага ч албан тушаалтныг томилохдоо дээрх сонсголыг зохион байгуулах боломжтой. Орон нутгийн сонсголыг УИХ, Засгийн газраас ИТХ-ын хүсэлт, холбогдох Байнгын хорооны шийдвэрийг үндэслэн тодорхой асуудлаар тухайн газарт нь очиж явуулах гэнэ. Харин захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн сонсгол явуулах үндэслэл, журмыг Захиргааны үйл ажиллагааны ерөнхий хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу явуулах юм байна.

Ийнхүү УИХ-ын чуулганы хуралдааны дэгд “байж болно” хэмээн тусгагдаж, байхгүй юм шиг байсан сонсголыг төрийн бүхий л шатны бодлого, үйл ажиллагаанд тусгайлсан хуулиар нэлээд өргөн хүрээнд зохион байгуулах анхны алхмыг Төрийн тэргүүн санаачиллаа. Хуулийн төсөлд дээрх зохицуулалтуудаас гадна сонсголд оролцогч, тэдгээрийн эрх, үүрэг, зохион байгуулалт, хариуцлагыг нарийвчлан тусгажээ. Сонсголыг зохион байгуулахад ямар ч нэмэлт зардал гарахгүй болохыг төсөл санаачлагч хэлж буй.

ТАВДУГААР БҮЛЭГ: БУСАД ЗҮЙЛ

27 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

27.1.Сонсгол зохион байгуулагч нь Нийтийн сонсголын тухай хууль тогтоомжийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг ногдуулах хүсэлтийг үндэслэл бүхий тайлбарын хамт шүүхэд гаргана.

27.2.Нийтийн сонсголын тухай хуулийг төрийн албан тушаалтан зөрчсөн бол Эрүүгийн хууль, Төрийн албаны тухай хууль, Сонгогдсон болон УИХ-аас томилогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуульд заасан хариуцлагыг ногдуулна.

(Нийтийн сонсголын тухай хуулийн төслөөс)


 Б.НОМИН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.