Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.ОЮУН САЙД НҮБ-ЫН УЛС ТӨРИЙН ӨНДӨР ТҮВШНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

 НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн Зөвлөлийн ивээлд Нью-Йорк хотноо 7 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд Тогтвортой хөгжлийн асуудлаар болж буй Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун оролцож байна. 

С.Оюун сайд  энэхүү улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийг тэргүүлэхийн сацуу НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн анхдугаар чуулганы даргын хувьд үндсэн илтгэгчээр оролцож, Байгаль орчны Ассамблейн анхдугаар чуулганы дүнг танилцуулав. 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2013 оны 67/251 шийдвэрийн дагуу НҮБ-ын Дүрмийн 22 дугаар заалтад үндэслэн НҮБ-ын үндсэн байгууллагын нэг болж энэ оны 6 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд Найроби хотноо  анх удаа түүхэн ач холбогдолтой чуулганаа хийсэн Байгаль орчны Ассамблейн даргын хувьд С.Оюун сайд чуулганыхаа дүнг ийнхүү танилцуулж байгаа юм.  

Байгаль орчны Ассамблейн анхдугаар чуулганд Кени Улсын Ерөнхийлөгч, Монако Улсын Төрийн тэргүүн, Ханхүү, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар биечлэн оролцож, хамтран ажиллах үүрэг амлалтаа нотолсны зэрэгцээ 159 улсын Засгийн газрын төлөөлөгчид түүний дотор, 110 улс сайдын түвшинд, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн 300 гаруй үндсэн байгууллагын төлөөлөгчид оролцож Рио+20 Бага хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх түүхэн алхмыг эхлүүлснийг тэрээр цохон тэмдэглэлээ. 

Байгаль орчны Ассамблейн анхдугаар чуулганы үеэр "Тогтвортой хөгжлийн зорилтууд болон 2015 оны дараах хөгжлийн зорилтууд, түүний дотор тогтвортой хэрэглээ болон үйлдвэрлэл", "Зэрлэг ургамал, амьтны хууль бус худалдаа" сэдвээр өндөр хэмжээний хэлэлцүүлэг, яриа хэлцээ өрнүүлж, нийт 16 тогтоол,  хоёр шийдвэр болон Сайд нарын Төгсгөлийн баримт бичиг баталж бодит үр дүнтэй ажилласан гэж С.Оюун сайд онцлов.   Тогтвортой хөгжлийн үндсэн тулгуур болох эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны асуудлыг цогцоор, бүхэлд нь нэгтгэсэн 2015 оны дараах Хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах, хүрээлэн буй орчноо хамгаалах, байгальд ээлтэй нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжсэн цогц, бодит үр дүнд хүрэх боломжтой Тогтвортой хөгжлийн зорилтуудыг тодорхойлох нь зүйтэй гэж Байгаль орчны Ассамблейн Анхдугаар чуулганаас шийдвэрлэснийг С.Оюун сайд Улс төрийн төрийн өндөр хэмжээний чуулга уулзалт, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн Зөвлөлд мөн танилцуулав.

  С.Оюун сайд Нью-Йорк хотноо ажиллах үеэрээ НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дарга Элчин сайд М.Сайдик болон Япон, Румын Улсын төлөөлөгчдийн тэргүүн Байгаль орчны сайд нартай тус тус уулзаж, санал солилцов. Түүнчлэн Ази, Латин Америк, Баруун Европ, Зүүн Европ, Африк зэрэг бүс нутгийн 5 бүлгийн дарга нартай уулзаж, Байгаль орчны Ассамблейн Анхдугаар чуулганы дүн, цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.

 

http://www.mfa.gov.mn

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.