Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БҮРЭН ЭРХИЙН АРД ХАРИУЦЛАГААС БУЛТАГЧДАД СОНГОГЧИД ДҮН ТАВИНА

“УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээхгүй” гэсэн хуулийн заалт бий. Хэн нэг гишүүн гэмт хэрэгт холбогдсон байгаад хуулийн байгууллага шалгах гэвэл “бүрэн эрх” хэмээх том саадтай тулна. Үүнийг түдгэлзүүлсний дараа л сая гишүүнийг байцаах эрх үүсдэг. 1992-1996 оны УИХ-д “казиногийн” гэх хэргээр гурван хүн дээлээ нөмөрсөн нь манай парламентын түүхэнд гишүүнд хариуцлага хүлээлгэсэн цор ганц тохиолдол байв. Үүнээс бусдаар бол ерөнхий прокурор шалгах хүсэлт оруулна, УИХ гишүүнээ цээжээрээ хамгаалаад л үлддэг. “Хадгаламж” банктай холбоотой асуудлаар 2004-2008 онд МАН-ын нэр бүхий дөрөв, тендер будлиантуулсан хэргээр Л.Гүндалай, Б.Эрдэнэбат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокуророос тус тус тавьсан ч УИХ боломж олгоогүй.

УИХ-ын гишүүний бүрэн эрх хэмээх том хаалтын ард ямар ч хариуцлагаас бултдаг жишиг улс төрд үйлчилж байна. “Гэмт хэрэг хийж байхдаа үйлдэл дээрээ баригдсан” ганцхан тохиолдолд л өнөөх бүрэн эрхийг шууд түдгэлзүүлэх учиртай. Гэвч ийм тэнэг хүн олдсон түүх одоогоор алга. Үүнээс гадна ард түмний тодорхой хэсгийг төлөөлж УИХ-д ажиллахаар сонгогдчихоод маргааш нь тэр бүхнээ мартаж орхидог улстөрч олон. Сонгогчидтойгоо уулзахгүй, тойрогтоо ажиллахгүй, тэдний эрх ашгийн төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй. Харин УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хувийн бизнес, амьдралаа өөд татах боломж хэмээн ойлгодог улстөрч цөөнгүй. Гэвч тэд дараагийн сонгуульд тойргоо солиод л дэвшчихнэ, гэнэдэж ханахгүй сонгогчид ч саналаа өгч орхино. Өмнөх дөрвөн жилд сонгогчдын төлөө юу хийсэн бэ, ажилласан уу гэх мэт огт хамаагүй, ямар ч хариуцлага ярихгүй. Ийм л хайнга тогтолцоо өнөөдөр үйлчилж байгаа. Тэгвэл үүнийг засах зорилгоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөл боловсруулжээ. Тухайн тойрогт хамаарах бүх нэгжийг оролцуулаад сонгогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, 10 хувь нь дэмжих юм бол гишүүнийг эгүүлэн татах босгыг төсөлд тусгасан байна. Ийм хуультай болчихвол улстөрчид дургүй хүнээ эгүүлэн татах кампанит ажил өрнүүлнэ гэсэн болгоомжлол хамгийн түрүүнд төрнө. “10-хан хувийн саналыг цуглуулах шиг амархан зүйл байхгүй. Энэ хууль зохион байгуулалттай ажиллагаа өрнүүлэх боломжийг нээнэ” хэмээн УИХ-ын гишүүд болгоомжилж байгаа.

Харин төсөл санаачлагч нь “Тойрогт хамаатай бүх нэгжийн сонгогчийг хамруулах нь тийм ч амархан биш” гэсэн тайлбар өгч байна. Жагсаалтаар сонгогдсон гишүүдийн хувьд нам нь энэ тухай саналыг УИХ-д оруулж шийдүүлнэ. Мөн чуулган, Байнгын хорооны хуралдааны гуравны нэгийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан гишүүдийг эгүүлэн татах асуудлыг ч тусгажээ. Төсөлд дорх гурван төрлийн хариуцлага тооцохоор заасан байна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, дэд дарга, гишүүд, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, УИХ-аас томилогддог албан тушаалтнууд, ИТХ-ын болон Засаг дарга нарт энэ хууль хамаатай.

1. Сахилгын хариуцлага: Хууль тогтоомж, тангараг, ёс зүйн дүрэм зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд гаргасан зөрчлөөс хамааран хариуцлага тооцно.

2. Улс төрийн хариуцлага: Үндсэн хууль, хууль, ёс зүйн дүрэм зөрчсөн албан тушаалтныг огцруулах буюу эгүүлэн татах, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг 2-4 жилээр хасах арга хэмжээ авна. (УИХ-ын гишүүдийн хувьд сонгуульд нэр дэвших эрх нь ч хязгаарлагдах биз ээ.)

3. Ёс суртахууны хариуцлага: Энэ нь албан тушаалтан буруугаа ухамсарлаж, сайн дураар хариуцлага хүлээх улс төрийн соёл бий болгох зорилготой зохицуулалт аж. Хэрэв албан тушаалтан ёс суртахууны хариуцлага сайн дураар хүлээвэл улс төрийн хариуцлагаас чөлөөлөхөөр төсөлд зохицуулсан байна. Төрийн тэргүүний энэ санаачилга манай түүхэнд хоёр дахь оролдлого болж буй юм. Өмнө нь өнгөрсөн оны есдүгээр сард Ж.Батзандан гишүүн УИХ-ын гишүүний эгүүлэн татах тухай хуулийн төсөл боловсруулж, тойргоос сонгогдсон гишүүнийг нийт сонгогчийн гуравны хоёр , жагсаалтаар сонгогдсон УИХын гишүүнийг тухайн намын төлөөллийн төв байгууллагаас эгүүлэн татах тухай санал гаргаж, түүнийг нь УИХ хэлэлцэн шийднэ хэмээн тусгасан байв. Гэхдээ тэрбээр төслөө өргөн барихын өмнө олон нийтийн саналыг авна гээд л энэ асуудал таг болсон юм.

Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох нь зайлшгүй чухал. Гэхдээ нэгнээ “дэгээдэж унагах” улстөржилтийн гарц нээчихгүйн тулд эгүүлэн татах саналыг маш сайн нягтлах, шалгах зохицуулалт оруулах учиртай. Төрийн тэргүүн “УИХ төслийг унагасан ч дахин оруулна, батлуулахын төлөө ажиллана” хэмээн мэдэгдсэн. Том төрөөс ухаалаг төр лүү явахыг үнэхээр дэмждэг бол УИХ-ын гишүүд уг хуулийг батлахаас эмээхгүй хэмээн найдъя.


С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.