Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

F ҮНЭЛГЭЭ БУЮУ ШИНЭЧЛЭЛД УЧРАХ СААД

 АТГ-аас яамдад “Шударга, ил тод байдал”- ын үнэлгээ хийжээ. Үүгээр Гадаад харилцааны яам сүүл мушгиж, 37 хувь буюу F үнэлгээ авсан юм байна. Шинэчлэлд уриалж, төрийн албанд бугшсан буруу, булхайг өөрчлөх, ил тод байдлыг зарчмаа болгон ажиллахаа мэдэгддэг Засгийн газрын нэг яам нь үндсэн шалгуураа давсангүй. Салбарын сайд Л.Болд ч түргэн авч, ийнхүү бүдэрсэн шалтгаанаа хайсан юм биз. Эцэст нь тэрбээр яамных нь нэр хүндийг доош татсан буруутныг олжээ. Баасан гаригт Л.Болд сайд тушаал гаргаж, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга С.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөн, оронд нь Мэдээлэл, харилцаа холбооны зохицуулах хорооны дарга асан Б.Болдбаатарыг томилсон байна. Өөрөөр хэлбэл, тус газрын даргад асуудал байсан гэсэн үг. С.Сүхболд өмнөх Засгийн газрын үед дээрх газрын дэд даргаар ажиллаж байсан нэгэн. Л.Болд сайд 2012 оны есдүгээр сард түүнийг дарга болгож, тушаал дэвшүүлсэн юм билээ. Ажлаа мэддэг хүн хэмээн түүнд найдсан нь буруу байсныг сайд ухаарсан бололтой.

Төрийн захиргааны удирдлагын газар бол ГХЯ-ндаа нэг жижиг “вант улс”. Энэ газрын дарга нь хүн ажилд авах, ЭСЯ, Дипломат төлөөлөгчийн газарт хэн ажиллахыг шийдэх, хилийн чанад руу ажилтнуудаа сургалтад явуулах, тендер зохион байгуулах эрхтэй. Төрийн албанд, тэр тусмаа Гадаад харилцааны яаманд ажилд орох сонирхолтой залуус олон. Тэр хэрээр эрэлт их байдаг аж. Харин экс дарга энэ эрэлтэд дөрөөлөн хууль зөрчиж байсан хэмээн сайд нь үзжээ. ГХЯ-нд ажилд орох, гадагшаа ЭСЯ, Дипломат төлөөлөгчийн газарт ажиллахын тулд төлдөг мөнгөний тодорхой ханш ч тогтсон гэсэн мэдээлэл байдаг. Уг нь аль улс дахь манай ЭСЯ, Дипломат төлөөлөгчийн газарт орон тоо гарсан бэ гэдгийг Төрийн захиргааны удирдлагын газар судалж, түүнд нь нээлттэй шалгаруулалт явуулах учиртай. Гэхдээ энэ байдал бүр мартагдах шахсан нь дээрх шалтгаантай холбоотой байсан бололтой. Мөн 2013 оны төсвийн тодотголоор тус яамны зарим хөрөнгө оруулалтыг хассан. Гэтэл С.Сүхболд дарга дур мэдэн Тендерийн үнэлгээний хороо байгуулан төсөвт байхгүй худалдан авах ажиллагааны таван багц тендерийг сонгон шалгаруулжээ.

Төсөв мөнгө нь тодорхойгүй тендер зарласан, өмнөх тендерүүдийг будилуулан буцааж, тоног төхөөрөмжөө нийлүүлсэн компаниудыг хохироосон гэх мэдээлэл ч бий. Хохирсон компаниуд нь төрийн шатны дээд байгууллагад хандан гомдол гаргасан юм билээ. Энэ мэтээр “вант улс”-ын дарга удаа дараа хууль зөрчиж, том толгой гаргасан гэнэ. Мэдээж түүнд урьдчилан сануулга өгсөн ч үл тоосон юм байх. Шинэчлэлийн Засгийн газрын болон салбарын сайдын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлдэггүй, заримыг нь дэмжихгүй гэдгээ ч ил тод хэлдэг байжээ. Түүнчлэн Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн төрийн сангийн хоёр ч мэргэжилтнээр эхнэрийнхээ дүүг болон найзыгаа сонгон шалгаруулалтгүйгээр томилсон байна. Эхнэрийнхээ дүүг ОХУ дахь ЭСЯ-нд ажиллуулахаар шийдчихсэн, аравдугаар сард ажлаа авах ёстой өнөөх хүн нь удахгүй нярайлах гэж байгаа гэх.

Энэ мэтээр албан тушаалаа урвуулан ашигласан, ил тод бус ажилласан удаа дараагийн үйлдлийг нь үндэслэн ажлаас чөлөөлсөн юм байна. Гэхдээ С.Сүхболд энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа сурагтай. Юутай ч Гадаад харилцааны сайд итгэлээ хяналтаар сольж, буруутай хүмүүст хариуцлага тооцохоос “унасан” ажлаа өөд татаж эхлэхээр шийдсэн бололтой. АН-ын удирдлагууд шинэчлэлд уриалаад л байдаг, гэвч хэрэгжүүлэх үүрэгтэй дунд шатны дарга нар нь өнгөн дээрээ үүнийг дэмжээд хэрэг дээрээ эсэргүүцдэгийн нэг жишээ нь энэ юм. Шинэчлэлийг бүх шатанд, жигдхэн хийхэд анхаарахгүй бол энэ мэт “саад” мундахгүй нь.


С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.