Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

М.Энхболд: Наадам хүртэл хуралдана биз дээ

 -Хаврын чуулганыг долдугаар сарын 1-нд хаах ёстой. 14 хүртэл хоногоор сунгаж болох ч УИХ-ын дарга захирамж гаргаагүй байна

УИХ-ын тухай хуулийн дагуу хаврын ээлжит чуулган долдугаар сарын 1 хүртэл хуралдах ёстой. Шаардлагатай бол УИХ-ын дарга дээрх хугацааг 14 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болох хуулийн заалт бий. Гэвч энэ удаагийн ээлжит чуулганыг маргааш хаах бололтой. Учир нь УИХ-ын дарга хаврын чуулганыг сунгаж хуралдуулах талаар ямар нэг захирамж гаргаагүй. Дээр нь УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаас баталсан энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваариас харахад хаврын чуулган долдугаар сарын 1 хүртэл л үргэлжлэхээр байгаа юм. Өнгөрөгч баасан гаригт ч бараг бүх Байнгын хороо хуралдаж, үргэлжлүүлэн нэгдсэн хуралдаан зарласан нь давчуу хугацаанд зайлшгүй хэлэлцэх асуудлуудаа багтаах гэснийх биз. Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хаврын чуулганы хугацаанд багтаан шийдвэрлэх ёстой хэмээн санал нэгдсэн байна. Нөгөө талаас намрын чуулган хүртэл эдийн засгийн байдал хүндэрч болзошгүй гэж үзэж байгаа тул долдугаар сарын 1-нд чуулганыг хаах нь зохисгүй гэдэгт санал нэгдсэн юм байна. Юутай ч Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжив.

Байнгын хорооны дарга А.Бакейн танилцуулснаар тус тогтоолд тусгуулахаар Ерөнхийлөгч 16, АН-ын бүлэг 28, МАН-ын бүлэг 37, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг 42, Засгийн газраас 111 төсөл санал болгожээ. Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар тусгайлан зургаан санал ирүүлсэн байна. Энэ сарын 26-ны байдлаар УИХ-д өргөн мэдүүлсэн нийт 123 төсөл байгаагаас хэлэлцүүлгийн шатанд 49, хэлэлцэж эхлээгүй 74 төсөл байгаа аж. Энэ удаагийн чуулганаар бие даасан хууль долоо, нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль 23, зээлийн хэлэлцээр соёрхон баталсан хууль дөрөв, УИХ-ын тогтоол 19- ийг батлаад буй. Энэхүү төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Энхболд “Яагаад гэнэтхэн намрын чуулганаар хэлэлцэх асуудал яриад эхлэв. Наадам хүртэл хуралдана биз дээ. Байнгын хорооноос дүгнэлт нь гарчихсан олон асуудал бий. Тэдгээрийг хэлэлцэхг үй хэрэг үү. Чуулганыг хаах талаар ярилцсан юм уу. Бид мэдээлэлг үй сууж байна. МАН-ын бүлгээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт хариуцлага тооцох асуудлыг өргөн барьснаас хойш сар болох нь. Хуулиараа эл асуудлыг өрг өн барьснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Тийм учраас хаврын чуулганы хугацаанд багтааж хэлэлцүүлээрэй. Сүүлийн үед эрх баригч хүчин, бүлгийн дарга Д.Эрдэнэбат өөрсдөд нь таалагддагг үй асуудлыг чуулган дамнуулж сунжруулах замаар хуралдааны дэг зөрчих боллоо.

Намрын чуулганыг өнгөрсөн өвөл хоёрдугаар сарын 18-ныг хүртэл хуралдуулах ёстой байсан ч арав хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 30-нд завсарлуулсан. “Давхар дээл”-ийг тайлах төслийг батлах болоход завсарлага авч, чуулганыг хаасан. Уг нь намрын чуулганаар нийт 36 төсөл хэлэлцэх ёстой байсан ч ердөө 19-ийг л хэлэлцэн, ажлаа дуусгалгүй хүчээр хаасан. Одоо яг тэр аргаа хэрэглэх нь. Нэг аргыг олон удаа хэрэглэх нь улс төрд их муухай харагддаг юм. Үүнийг байнгын хорооны дарга, бүлгийн дарга бодож үзээрэй. Энэ асуудал нь УИХ-д суугаа 26 гишүүний гарын үсэг биш. Гэтэл наадмаар тав хоног амарна, чуулганаа хаанаа гэж хүч түрж болохгүй. Энэ 26 гишүүн Монголын ард түмний 40 хувийн санал авсан” гэв. Үүнд Байнгын хорооны дарга А.Бакей “Хуульд зааснаар хаврын чуулганыг долдугаар сарын 1-нд завсарлуулах ёстой. Хугацаа дөхөж байна. Ээлжит чуулганы төгсгөлд дараагийн чуулганаар хэлэлцэх асуудлыг батлах ёстой. Одоогоор чуулганы хугацааг сунгах талаар албан ёсоор яриагүй. Үүнийг энэ долоо хоногт хэлэлцэхгүй бол амжихгүй” гэсэн хариулт өгсөн юм.

Мөн УИХ-ын гишүүн М.Батчимэг “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг яаралтай боловсруулахыг УИХ-ын даргаас үүрэг болгосны дагуу Засгийн газраас санал авахаар хүрг үүлээд байгаа” гээд төслийн “Бусад” гэсэн хэсэгт дээрх төслийг оруулах саналаа тэмдэглүүлэв. Намрын чуулганаар хэлэлцэхээр хуулиар заагдсан хууль тогтоомжийн төсл үүдээс гадна Шилэн дансны тухай, Худалдааны тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Монгол хэлний тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Сонгуулийн нэгдсэн хуулийн тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай зэрэг 20 төслийг нэр зааж тусгажээ.

МАН-ЫН БҮЛЭГ ЗАВСАРЛАГА АВАВ

Мөн энэ өдөр Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Байнгын хороод хийж, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд санал, дүгнэлтээ хүрг үүлэхээр болсон. Тухайлбал, Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Хууль сахиулахын их сургуулийн барилгын ажил өнгөрсөн онд эхэлж эрчимтэй явж байсан ч хөрөнгө мөнгөний асуудлаас болж энэ онд ашиглалтад орох бололцоогүй болсон” гэж дуулгасан. Харин Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “Төсвийн гүйцэтгэлд Үндэсний аудитын газар дүгнэлт гаргахдаа зарим зүйлийг ялгаж салгаж, тодорхой гаргамаар байна. Ажлын шаардлагаар яам, агентлагийн мэргэжилтнүүд гадаад явсан зардал ганцхан сайдынх шиг харагдан олон нийтэд буруу ойлголт төрүүлж байна. Миний бие өнгөрсөн жил ганц удаа гадаад томилолтоор явсан. Түүнчлэн өнгөрсөн жил Улаанбаатар хотын Газрын харилцаа, Өмчийн газар хоёрыг нэгтгэн Өмчийн газарт ажиллаж байсан 56 хүнийг нийлсэн байгууллага уруу шилжүүлснийг төрийн албан хаагчийн тоо мөн хэмжээгээр нэмэгдсэн мэтээр ташаа мэдээлэл гараад байгаа нь зүйд нийцэхгүй” хэмээн гомдоллоод амжсан.

Харин Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч. Хүрэлбаатар “2013 оны нэгд үгээр сарын 1-нээс улсын өрийн хэмжээ 5.8 их наяд төгрөгөөр өссөн. Яамд арилжааны банкинд хууль бусаар 108 данс нээж их хэмжээний мөнгө эргэлдүүлсэн. “Чингис” бондын мөнгөнөөс санхүүжүүлсэн “Гудамж” төслийн 46.9 тэрбум төгр өгт бүртгэл, тооцоо алга. Энэ нь хуулиар заасан хоёр хувиас хэтэрсэн. Хэрэв тайланд тусгасан бол ДНБд эзлэх төсвийн алдагдал 2.3 хувьд хүрч буй. Төлөвлөгдөөгүй худалдан авалтууд хийсэн. Автомашин унах эрхгүй 222 албан тушаалтан машин хэрэглэж байгаа. Энэ мэтчилэн албан тушаалтнуудтай холбоотой 157 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Мөн улсын нөөцөөс алга болсон буудай, шатахуун хаачив. Бараа материалын өсөлтийг нэр төрлөөр нь авч үзвэл дуусаагүй үйлдвэрлэл 241.8 тэрбум төгрөгөөр буурч, түүхий эд материал 9.3, бэлэн бүтээгдэхүүн 150.2, хангамжийн материал 225.2 тэрбум төгрөгөөр тус тус өссөн бол нөөцийн бараа 338.4 сая төгрөгөөр буурсан байна. Хангамжийн материалын дансны үлдэгдлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зарим төсвийн ерөнхийлөн захирагчийн бичиг хэргийн материал 2-32, аж ахуйн материал 1.5-2.5, түлш, шатах тослох материал 2.2-14.3, бусад хангамжийн материал 1.3-3 дахин өсчээ” гээд үүнтэй холбоотойгоор тодорхой мэдээллийг цаасаар гаргаж өгөхийг шаардаж, МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр завсарлага авч буйгаа мэдэгдсэнээр цөөнхийн гишүүд хуралдааныг орхин гарсан юм.


Б.НОМИН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.