Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Ариунсан: хөшөөтийг стратегийн ордын жагсаалтад оруулах ёстой

Уул уурхайн салбарын тулгамдсан чухал асуудлуудаар байр суурийг нь сонирхох, ЭБЭХЯнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг тодруулахаар Дэд сайд Б.Ариунсантай уулзаж ярилцлаа.
-ЭБЭХЯ болон танай холбогдох агентлагийн удирдлагууд энэ оны нэгдүгээр сард УИХ-ын чуулган дээр Хөшөөтийн ордын талаар гишүүдийн асуулгад хариулсан. Тэр үед Хөшөөтийг стратегийн ордод оруулах талаар судалж, шалгах үүрэг авсан. Энэ чиглэлээр юу хийв?
-Геологийн бодлогын газрын дарга Ө.Оюунбаатараар ахлуулсан ажлын хэсэг томилж, Стратегийн ач холбогдолтой ордод тооцох шалгуурыг шинэчлэхээр ажиллаж байна. Стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтаас харахад нэлээд хэдэн орд сугарч үлдсэн нь ажиглагдаж байгаа. Дахин нягталж байна. Ганц Хөшөөт биш хэд хэдэн ордыг судалж байгаа. Эхний ээлжинд Стратегийн ач холбогдолтой ордод оруулах шалгуур, үзүүлэлтүүдийг тодорхой болгох шаардлагатай. Ажлын хэсэг ойрын үед үүнийг бэлэн болгоно.
-Социализмын үед улсын төсвөөр хайгуул хийгээд Хөшөөтийг 24.5 сая тонн нүүрсний нөөцтэй гэж тогтоосон. Одоо “Мо Эн Ко” компани энэ ордыг эзэмшиж, хайгуулын талбайг нь өргөжүүлэн нөөц тогтоож байгаа. Тэгэхээр Хөшөөтийг Стратегийн ордод оруулахаар болсон тохиолдолд бүлэг ордын хэмжээнд нь авах уу, эсвэл зөвхөн улсын төсвөөр нөөцийг нь тогтоосон тэр хэсгийг нь оруулах уу?
-Ер нь энэ асуудал зөвхөн Хөшөөт биш, бусад ордын хувьд ч яригдах асуудал. УИХ 2007 онд Стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтыг гаргахдаа тухайн үед тогтоогдсон байсан нөөцийн хүрээнд энэ асуудлыг шийдсэн. Социализмын үед одоогийнх шиг бассейных нь хэмжээнд нөөцийг бүрэн тогтоож, олборлох зорилго тавьдаггүй, орон нутгийн хэрэгцээг 20-30 жил хангах хэмжээний нөөц тогтоох зорилгоор хайгуулын судалгаа хийдэг байсан.

Энэ зарчмаар Хөшөөтийн ордын нөөцийг тухайн үед хэсэгчлэн тогтоосон болохоор одоо бага нөөцтэй юм шиг харагдаж болно. Хамарч байгаа ерөнхий хэмжээгээр нь авч үзвэл Хөшөөт асар том нүүрсний бассейн юм. Тавантолгойн дараа орох хэмжээний маш том гэсэн үг. Хөшөөтийн ордыг эзэмшиж буй нөхөд нэмж хайгуулын үйл ажиллагаа явуулж, нөөцийг нь 87.5 сая тонн гэж батлуулчихаад байгаа. Тэд жилд 10 сая тн-ыг олборлоод найман жилд дуусгахаар төлөвлөсөн. Тиймээс Хөшөөт болон зарим нэг томоохон ордыг Стратегийн ач холбогдолтой ордын тоонд оруулах ёстой. Ингэж байж улс өнөөдөр баялгаа зөв ашиглана гэж УИХ-ын гишүүн З.Энхболд болон өөр бусад УИХ-ын гишүүд, эрдэмтэн мэргэжилтнүүдүзэж, шаардлага тавьж буй нь зүй ёсных. Стратегийн ордод орчихвол мэдээж улсын хэмжээнд бүх зүйл яригдаж, шийдэгдэнэ. Тавантолгой шиг зарчмаар бол төр хэдэн хувиа эзэмших, ямар зорилго баримтлах гээд бүх асуудлыг илүү өргөн хүрээнд шийднэ.
-Лицензийн асуудал Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрснийг Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл анхааралдаа авсан. Та энэ салбарын дэд сайдын хувьд лицензийг цэгцлэх, ялангуяа гаднын хөрөнгө оруулалттай компаниуд, тэр дундаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниудад хэт замбараагүй, хяналтгүйгээр лиценз олгосонд ямар байр сууринаас хандаж байгаа вэ?
-Ашигт малтмалын хууль хэрэгжсэнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд маш олон лиценз тараагдсан. Гаднын хөрөнгө оруулалттай компаниуд олноороо лиценз эзэмшиж байгаа нь үнэн. Ордуудын ашиглалтын байдлыг эргээд харахад бидэнд хожсон ч юм бий, хожигдсон ч юм их байна. Юун дээр хожив, алдав гэдэгт дүгнэлт гаргаж, цаашдын бодлогоо алсын хараатай, зөв тодорхойлох цаг ирсэн. Одоо нийт газар нутгийн маань 24.5 хувь нь лицензжсэн байна. Цаана нь үлдээд байгаа 75-76 хувьд байгаа ашигт малтмалын томоохон ордуудаа тодорхойлоод, дээр хэлсэн зарчмаар эрэл хайгуул хийж, нөөцөө тогтоож, аль нь хувийнх, аль нь орон нутгийнх, аль нь Стратегийн ач холбогдолтой байх, алийг нь гаднын хөрөнгө оруулалттайгаар ашиглах вэ гэдгээ тогтоох нь чухал. Өнөөдрийн хувьд уул уурхайд их хэмжээний хөрөнгө оруулчихсан гадна, дотнын олон компани байна. Тэдний лицензийг цэгцлэх тухай асуудал яригдаж байгаа ч ээдрээтэй олон асуудалтай тулгарч байгаа. “Гол мөрний урсац, ойн сав газрын тухай” хуулийн хүрээнд гэхэд маш олон лиценз цуцлах шаардлагатай байгаа. Гол мөрний урсац, ойн савын хил хязгаарыг тогтоох, хэрэв лиценз нь цуцлагдсан тохиолдолд нөхөн төлбөрийг олгох журам гаргах гээд олон ажлууд хийгдэж байна.
-Энэ хуулийг хэрэгжүүлсэн тохиолдолд улс хэчнээн төгрөгийн нөхөн төлбөрийг компаниудад төлөх тооцоо байгаа вэ. Зарим компаниуд амандаа орсон тоогоо хэлж, хэдэн зуун сая төгрөг нэхэж байгаа гэсэн мэдээлэл бий.
-Их хэмжээний хөрөнгө оруулсан компаниуд бий. Бас ажил хийгээгүй компаниуд ч байгаа байх. Тэдэнд төр нөхөн олговор олгохоор нэгэнт хуульчилсан. Эхний 30-40 аж ахуйн нэгжийн мэдүүлж байгаа тайлангаар нөхөн олговрыг тооцож үзэхэд 300-400 тэрбум төгрөг гарч байна. Мянга гаруй аж ахуйн нэгжийн лицензийг цуцалж, нөхөн олговор олгоно гэж тооцвол хэр хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулах нь ойлгомжтой. Нөгөө талаар нэг хууль хэрэгжүүлэхийн тулд ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа олон аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоочихоор эргээд манай уул уурхайн бүхэл бүтэн салбарын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуудал ч байгаа. Техник технологи, тэнд ажиллаж буй ажиллах хүчин, боловсон хүчин, ухаад, онгиччихсон байгаль орчны байдал гээд асар том асуудлуудтай тулгарч байгаа. Тиймээс маш нухацтай хандаж, тооцоо судалгаа гаргаж, хил заагийн асуудлыг нарийвчлан тогтоох хэрэгтэй.
-Байгаль орчинтойгоо үлдэх үү, баялгаа үргэлжлүүлж ашиглах уу гэдэг хоёр том сонголт бидэнд тулгараад байна. Гэхдээ таны хувьд уул уурхайн салбарыг унагачих вий гэсэн болгоомжлол илүү байх шиг байна аа даа?
-Бид өмнөх гашуун туршлагаа мартах учиргүй. Алтны үнэ өссөн үед 68 хувийн хэмээх үнийн өсөлтийн татварын хууль баталчихсан. 2005-2006 онд жилдээ 20 гаруй тонн алт улсад тушаадаг байсан бол 68 хувийн татвараас болоод 2007-2009 онд жилдээ долоо, наймхан, бүр дээд тал нь 13-хан тонн алт тушаадаг болсон. Үндсэндээ энэ татвараас болоод алтны салбар хоёр гурван жил зогсонги байдалд орсон. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд бүгд хөрөнгө оруулалтаа өөрсдөө босгож, улсаас ганц төгрөг авалгүй бор зүрхээрээ ажиллаж ирсэн. Тиймээс 68 хувийн татвараар дарах биш, энэ үеийг ашиглаад техник, технологио шинэчлээрэй, өр зээлээ дараарай гэсэн бол байдал өөр байх байсан.

“Гол мөрний урсац, ойн сав газрын тухай” хуулийн хүрээнд цуцлагдах лицензүүдийн жагсаалтад ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа алтны олон компанийн талбай орсон. Ер нь ажиглаад байхад гол, горхигүй газар уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг хуурай технологи дэлхийд алга. Голтой, устай газар л геологийн тогтцоороо ашигт малтмалын хуримтлал үүссэн байдаг. Тиймээс бид хааж хориглох биш, харин зөв бодлогоор, байгаль орчинд сөрөг нөлөө багатай техник технологиор ашиглах ёстой. Нөхөн сэргээлтийг дүрэм журмын дагуу хийдэг, түүнийг нь хянадаг шалгадаг зарчимд шилжих ёстой.
-Стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад багтсан мөртлөө хувийн компаниудын мэдэлд оччихсон хэд хэдэн орд бий. Тухайлбал Хөвсгөлийн Бүрэнхааны фосфоритын орд. Энэ талаар ЭБЭХЯ ямар байр суурьтай байгаа вэ?
-Стратегийн ач холбогдолтой ордуудаа шинэчлэн тодорхойлоод, ашиглалт хийгээгүй байгаа том том ордуудаа буцааж авах нь зүйтэй. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордуудад эзэмшиж буй лицензийг зохицуулах хэрэгтэй. Бидэнд зохицуулсан түүх, туршлага бий шүү дээ. Ер нь бол хугацаа алдмааргүй байгаа юм. Хайгуулын зардлыг нь төлөхөөр бол төрөөс төлөөд, авах хэрэгтэй. Хамгийн гол нь Стратегийн ордын бодлого, шалгуурыг шинэчлэн тогтоох хэрэгтэй байна. Ингэвэл аль аль талдаа тодорхой, ойлгомжтой болно.
-Стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад багтсан тэр баялгийг төр эзэмших нь заавал ашиглана гэсэн үг биш гэж ойлгож байгаа. Бүрэнхааны фофоритын ордын хувьд заавал ашиглах, түүнийг ашиглахгүй бол болохоо байчихаад байгаа юм байхгүй шүү дээ. Та энэ талаар ямар бодолтой байна.
-Уул уурхайн бодлого, стратегийн ордоо тодорхойлсны дараа аль ордоо хэзээ ашиглах вэ гэдгээ тодорхой үе шаттай болгох шаардлагатай. Ашиглахгүй байж ч болно шүү дээ. Хөвсгөлийн фосфоритын ордыг чи тусгайлан асуугаад байна. Энэ ордыг улсын хэмжээний томоохон, зайлшгүй хэрэгцээнд л ашиглахаас биш, хувийн жижиг хэрэгцээнд ашиглуулахыг зөвшөөрөх ёсгүй. Ихээхэн хянуур хандахгүй бол онгон дагшин байгалиа, Хөвсгөл далайгаа үгүй хийх эхлэл тавигдана. Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр барьж, тэнд фосфоритын хэрэгцээ зайлшгүй шаардлагатай болсон үед Бүрэнхааны ордыг ашиглах шаардлага гарч магадгүй юм. Түүнээс биш аль нэг хувийн компанийн бизнесийн ашиг сонирхлоор ашиглахыг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй.
-Эрдэс баялгийн зөвлөл (ЭБЗ)-тэй холбоотой шүүмжлэлүүд сүүлийн үед нэлээд гарч байгаа. Хувийн нэг компанийн тайлангаар баялгаа багасгаж баталгаажуулаад байгаа юм биш биз гэх хардлага Ховдын Хөшөөтийн нүүрсний ордын нөөцтэй холбоотойгоор хөндөгддөг. ЭБЗ энэ ордын нөөцийг 87.5 сая тонноор саяхан баталгаажуулсан. Гэтэл хэдэн жилийн өмнө УИХ дээр 300-400 сая тонн нөөцтэй гэж гишүүдэд мэдээлж байсан. Компанийнх нь албан ёсны сайтад бүр 2.4-4.4 тэрбум тонн нөөцтэй гэж мэдээлсэн. Нэг ордын нөөц ийм олон янзаар яригдаад байгаагийн учрыг Та бүхэн олсон уу?
-Эрдэс баялгийн зөвлөл бол холбогдох мэргэжлийн байгууллагуудаас төлөөлөлтэй, ашигт малтмалын нөөц баталдаг, тайлан төлөвлөгөө хэлэлцэж, шийдвэр гаргадаг байгууллага. ЭБЗийн баталсан нөөцийн зарим асуудал дээр маргаан байдгийг үгүйсгэхгүй. Хөшөөтийн нүүрсний ордын хувьд “Мо Эн Ко” компани хайгуулын үйл ажиллагаа явуулж, өмнө нь улсын төсвийн хөрөнгөөр тогтоогдсон нөөцийг өсгөж 87.5 сая тонн болгосныг ЭБЗ баталж, ашиглалтын лиценз өгсөн. Энэ компани нэмэлт судалгаа хийгээд нөөц нь дахин өсвөл ЭБЗ бас нэмээд батална. Өнөөдөр тогтоосон нөөцөөр маргаашийнхийг нь хязгаарлаж, бүх нөөц нь гэж эцэслэн ойлгож болохгүй.

-Ашигт малтмалын лиценз эзэмшиж буй зарим компаниуд олон улсын хөрөнгийн бирж дээр манай талын ямар ч хяналтгүйгээр хөрөнгө босгож буй асуудал сүүлийн үед нэлээд яригдаж байгаа. Энэ талаар манай холбогдох яам, байгууллагууд мэдээлэлгүй, харилцан холбоогүй байдаг гэсэн шүүмжлэл байдагт Та ямар хариу өгөх вэ?
-Уул уурхайн компаниуд түрүүчээсээ олон ул сын хөрөнгийн биржүүд дээр хувьцаа гаргаж эхэлсэн. Хувьцаагаа нэгэнт гаргачихсан компаниудыг бид одоо буруутгаж болохгүй. Энэ бол Монголын уул уурхайд шинэ зам тавьж өгч байгаа хэрэг. Харин одоо хувьцаагаа гаргах гэж байгаа компаниудад нөхцөлийг нь судалж, бүрдүүлж өгөх алхам руу орох хэрэгтэй байна. Өмнөговийн хилээр зөөж гаргадаг нүүрснийхээ ашгаар сэтгэдгээ бид больмоор байгаа юм. Тэр зөөж байгаа нүүрсийг хэд дахин өсгөх, үнэ хүргэх боломж биржүүдэд байна. Тиймээс манай яамны гол зорилт бол олон улсын түүхий эдийн бирж дээр Монголынхоо баялгийг дэлхийн жишигт нийцсэн үнэлгээнд оруулж, олон улсад гаргах явдал юм.

Ерөнхий сайд С.Батболд уул уурхайн салбарынхантай уулзахдаа Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах, үндэсний компаниудыг олон улсын бирж дээр хувьцаа гаргахыг уриалсан. Энэ дагуу бид нэлээд сайн судалгаа хийж байна. Олон Улсын хөрөнгийн биржид бүртгүүлэх уул уурхайн тусгай үнэлгээнүүд байдаг. Ордын, металлын, нөөцийн үнэлгээг нь хийдэг тусгай эрх бүхий олон улсын байгууллагууд бий. Энэ чиглэлийн байгууллагуудтай холбоо тогтоох, зарим нэгэн байгууллагын гишүүнээр элсэх асуудал ч бий. Гишүүнээр элссэн үед тэндээс мэргэжилтнүүдийг нь авчраад, Монголд үнэлгээ хийх эрхтэй байгууллага байгуулаад, өөрсдөө үнэлгээгээ хийдэг болсны дараа олон улсын хөрөнгийн биржид хувьцаа гаргах албан ёсны үүд хаалга бидэнд нээлттэй болно.
-Үндэсний хөрөнгө оруулалттай компани Монгол Улсынхаа нэрээр дэлхийд хувьцаагаа гаргах боломжтой болно гэсэн үг үү?
-Тэгнэ. Өнөөдөр Монголын баялгийг үнэлүүлж хувьцаа гаргаж байгаа ч яг монгол хүний нэрээр, Монгол компанийн нэрээр биржид бүртгэгдэж, гарч ирж чадахгүй байгаа. Бараг бүгд л гаднын компанийн, гаднын хүний нэр дээр бүртгэлтэй. Тэгсэн хэрнээ цаана нь дуудагдаж байгаа ордынх нь нэр Монгол. Тэгэхээр бид Монголынхоо компаниудад одоо үүд хаалгыг нь нээж өгөх нь чухал болоод байгаа юм.
-СЗХ-ны албан бус судалгаагаар олон улсын хөрөнгийн биржид манай ашигт малтмалын ордыг барьцаалан 21 компани хувьцаа гаргаж байгаа гэсэн тоо баримт байна. Энэ компаниуд хувьцаагаар босгосон хөрөнгөнөөсөө Монгол Улсад татвар, хураамж төлдөг үү?

-Энэ асуудлыг бид бас ярьж эхэлсэн. Манай татварын хуульд хилийн гадна, гадаад улс оронд олсон орлогоос эрх шилжүүлэх, эзэмших, ашиглах, худалдах замаар олсон орлогоос хувь хүн 10 хувь, хуулийн этгээд 30 хувийн татвар төлөх заалт бий. Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг гадаадын биржүүд дээр арилжаалж байгаа хувь хүн болон хуулийн этгээд энэ заалтын дагуу Монгол Улсад татвар төлөх ёстой.

Гэтэл энэ хууль хэрэгжихгүй байгаа. Жишээ татахад одоо яригдаад байгаа, Хөшөөтийн ордыг эзэмшиж буй “Мо Эн Ко” компанийн хувьцааны арилжааны талаарх мэдээллийг Хонконгийн хөрөнгийн биржээс бүрэн авах шаардлага байгаа боловч тийм боломж манайд одоо бүрдээгүй байна. Энэ нөхцөлийг бүрдүүлэхийн тулд олон улсын давхар татварын гэрээ хэлэлцээрүүдийг судалж, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханшийг тодорхойлдог томоохон биржүүд оршиж буй орнуудын татварын байгууллагатай хамтран ажиллах шаардлага тавигдаж байна.
-Одоогийн байдлаар “Мо Эн Ко” компани Хөшөөтийн нүүрсний баялгаар 2.9 тэрбум долларын хөрөнгө босгочихоод үүнийхээ бараг 10 хувиас ч бага мөнгөөр Монголд хөрөнгө оруулж байна. Үүнийгээ маш их хэмжээний хөрөнгө оруулсан мэтээр сурталчилж байгаа нь дэндүү шударга биш байна шүү дээ.
-Үнэхээр босгосон хөрөнгийнхөө өчүүхэн хэсгээр Монголд хөрөнгө оруулж байгаа. Нэг талдаа чиний энэ ярьж байгаа маш зөв. Нөгөө талдаа Монголд төлөх ёстой татвараа төлчихсөн гээд бүх баялгийг нь зөөчихөж байгаа нь угтаа бол үүнтэй ав адилхан шүү дээ. Тиймээс өнөөдөр уул уурхайн бодлогоо тодорхойлж, компаниудын нийгмийн хариуцлагыг бий болгож, анхаарлаа маш сайн хандуулах цаг болсон. “Бороо гоулд” компани дээр ганц жишээ хэлье. Энэ компани 40 тонн алтыг маань аваад явсан. Үүнийхээ төлөө Монгол Улсад татвар төлсөн үү, төлсөн. Гэхдээ 40 тонн алтыг нь, мөнгийг нь гадагшаа гаргаад аваад явчихаж байгаад нийгмийн хариуцлага байх ёстой биз дээ. Тэр баялаг хэнийх юм бэ? Монголынх. Тэр баялгаар хэн хөгжих ёстой юм бэ. Монгол Улс. Гэтэл бүгдийг нь татвар төлөөд л аваад явчихаж байна. Тиймээс Ашигт малтмалын ч юм уу, эсвэл Уул уурхайн хуулиар компаниудын хариуцлага гэдэг заалтад улсад төлөх ёстой нийт татварыг нь хасаад үлдсэн ашгаас нь олж байгаа орлогын тодорхой хувь, 40-50 хувь нь ч юм уу тухайн улсын нийгмийн хөгжлийн салбарт зориулагдах ёстой гэдгийг хуульчлан оруулах ёстой. Ингэсэн тохиолдолд 40 тонн алтны ядаж 15 тонных нь үнэ, одоогийн дундаж ханшаар 600 тэрбум төгрөг буюу манай улсын нийт төсвийн гуравны нэг хувь нь Монгол Улсын хөгжилд зориулагдан үлдэх жишээтэй. Ингэж зохицуулдаг олон улс орны жишээ бий.
-Уул уурхайн салбарын тулгамдсан асуудлаар илэн далангүй, дэлгэрэнгүй ярьсан Танд баярлалаа.

Д.ОЮУН-ЭРДЭНЭ  "Өнөөдөр" сонин

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.