Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.ЭЛБЭГДОРЖ: ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЭЛ, ГАДААД БОДЛОГО, ТУСГААР ТОГТНОЛООР БИД НЭГДМЭЛ БАЙХ ЁСТОЙ

 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр УИХ-ын гишүүн Х.Баттулгыг урьж уулзав. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан сүүлийн хэдэн өдрийн турш цацагдсан “100 чухал сэдэв” төлбөрт нэвтрүүлэг, түүнээс гарч буй үр нөлөөтэй холбогдуулан Төрийн тэргүүн байр сууриа илэрхийлэхийг хүсчээ. Уг нэвтрүүлгийн агуулга ард түмнийг талцуулж, хөрш үүдийн харилцаанд сэв суулгах хэмжээнд газар авсан учраас Монгол Улсын нэрийн өмнөөс ярих эрхтэй ганц албан тушаалтны хувьд Ерөнхийлөгч ийнхүү байр сууриа илэрхийлэхэд хүрснээ учирлана лээ. “Нарийн цариг тавибал БНХАУ Монгол Улсыг эзэлнэ” гэсэн агуулгатай дээрх нэвтрүүлгийг үзсэн хүмүүс гурван янзаар хүлээж авсан хэмээн Ерөнхийлөгч дүгнэсэн байна.

“Ахмад настай хүмүүс бухимдсан, хүүхэд залуучууд нэвтрүүлгийн санааг шууд утгаар хүлээж авсан. Харин арай юмны учир мэдэх хүмүүс халаглаж байна. Бид хоорондоо хагаралдах нь хэнд хэрэгтэй юм бэ. Ард түмэн үүнээс болоод талцаж, зодолдвол эрхэм гишүүд очиж салгах уу. Үндэсний эв нэгдэл, гадаад бодлого, тусгаар тогтнол гэсэн сэдвээр бид үргэлж нэгдмэл байх ёстой. Ийм асуудлаар нэг талын улс төр хийж болохгүй” гэлээ. Жирийн иргэд үзэл бодлоо илэрхийлэн хэлэлцэж болно, харин УИХ-ын гишүүн, төрийн түшээ хүнээс хүмүүс үлгэр дуурайл авах учраас хэлэх үг, хийх үйлдлээ бодох ёстой хэмээн Х.Баттулга гишүүнд зөвлөсөн юм. Төрийн тэргүүний хувьд дээрх нэвтрүүлгийг үзээд гайхсан гэнэ. “Хамтран ажилладаг түшээдээ харийнхны гар хөл гэж хэлэх эрх хэнд ч байхгүй. Хэний үгийг хэнээр хэлүүлээд, хэний сурталчилгааг хийгээд байна вэ гэж бодсон.

Дотроо иргэдээ хагаралдуулах, хөршөө муулах нь төрийн бодлого биш. Ийм зохион байгуулалттай, захиалгат нэвтр үүлэгт төрийн өндөр албан тушаалтай хүн оролцох ёсгүй. Захиалгат нэвтр үүлэг бүр үнэн байдагг үйг иргэд ойлгодог болсон. Телевизээр дамжуулан айлын хойморт суугаад хүний цус шинжилж болохгүй” гэлээ. УИХ-аас Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод одоо байгаа замтай огтлолцох чиглэл байвал өргөн царигаар барихаар тусгасан. Мөн бүтээгдэхүүн нь экспортод шууд тээвэрлэгдэх ашигт малтмалыг боловсруулах үйлдвэрээс хилийн боомт хүрэх ачаа тээвэрлэлтийн зориулалттай төмөр замын шугамын царигийн өргөнийг Засгийн газар УИХ-д танилцуулж шийдвэрлүүлнэ хэмээн заасныг Ерөнхийлөгч уншиж өгөв. “Монгол Улс өөрийн гэсэн бодлоготой. Хоёр хөрш рүүгээ чиглэх төмөр замыг тухайн улсад ашигладаг царигаар тавина гээд бодлогодоо тусгасан. Төмөр замаа дамжин өнгөрөх тээвэртэй уялдуулъя. Хоёр хөршийн нутгаар дамжих бол хөнгөлөлт эдэлье гэх мэтээр хэлэлцээ хийж байгаа. Урагшаа нарийн царигаар төмөр зам тавибал бүх шатанд монгол хүн ажиллана.

Бид улсынхаа эрх ашгийн үүднээс яриа, хэлэлцээгээ хөршүүдтэйгээ хийж байгаа. Уг нь та сайд байхдаа л хийчих байсан. Одоо энэ асуудлыг тогтоолын төсөлд тусгасан байгаа” гэсэн юм. Мөн дээрх бодлогыг батлахад салбарын сайд байсан хүн эдгээр заалтыг мэдэх ёстой гэлээ. “Төмөр замаар дамжуулж зөвхөн БНХАУ биш, олон улстай холбогдоно. Далайд гарна. Энэ бол том боломж. Ази, Европыг холбосон төмөр замын хөгжл өөс нэг нэвтрүүлгээс үүдэн хоцрох ёсгүй” гэдгийг тэрбээр энэ үеэр сануулав. Бас “Төмөр зам ачааллаа даахаа больсон, уурхайгаас машинаар нүүрс тээвэрлээд хөрс эвдэрсэн. Тиймээс төмөр замаар ачаагаа тээвэрлэх, давхар нуруутай болох шаардлагатай болсон. 2008 онд таныг сайд болоход би дуудаж уулзаад, хүрз барих чадалтай бүх хүнийг дайчилж хоёр жилийн дотор төмөр зам барь гэж хэлсэн. 2010 онд ч хэлсэн. Одоо болтол зам бариагүй байна. Өөрөө ажил хийхгүй, бусдаар ч хийлгэхгүй юм. Аж үйлдвэрийн парк байгуулах талаар ч ярьсан. Танд энэ бүх ажлыг хийх цаг хугацаа, боломж байсан. Тиймээс хүмүүс танаас “Яагаад энэ ажлыг сайд байхдаа хийгээгүй юм бэ. Монгол Улс өөрийн гэсэн бодлоготой. Гэтэл бодлогогүй нэг хэсэг нь баялгаа худалдах гэж буй мэтээр ярих хэрэггүй. Цаг хугацаа ямар ч ашигт малтмалаас үнэтэй. Төмөр замын асуудлаар зургаан жил маргалаа. Энэ хугацаанд зарим төрлийн ашигт малтмалын үнэ унаж, шинээр орлуулах бүтээгдэхүүн ч гарч ирж болно.

Монгол Улс өвөрмөц байршилтай. ОХУ, БНХАУ-ын дунд оршдог. Тиймээс энэ мэт асуудлаар хоёр хөрштэйгээ хэн хэнийхээ эрх ашгийг бодолцон ярилцаж, шийдэхээс аргагүй. Хөршөө муулдаг гадаад бодлого байж болохгүй. Монгол Улс босно, хөгжинө гэсэн итгэлээр зүтгэж, ажиллаж буй хүмүүс, хүүхэд залуусын итгэлийг мохоож болохг үй. Аливаа ажлыг хийж чаддаг хүн гэж байдаг юм. Төрд, төсөвт ойртуулмааргүй хүмүүс ч гэж бий” хэмээн онцлов. Хэвлэл мэдээллийн байгууллагууд, телевизүүдийн удирдлагад ч үг дайлаа. Мэдээллийн хэрэгслүүд өөрийн удирдлага, бодлоготой. Тэгсэн атал илт гүжирдсэн ийм нэвтр үүлгийг цацаад сууж буйг буруутгасан юм. Мөн нэвтрүүлэг хийж байгаа хүмүүс нэрээ зарлаад ил тод ажиллах ёстой гэлээ. Төрийн тэргүүн ийнхүү загнах, зөвлөхийн дундуур ярьж байх зуур УИХ-ын гишүүн Х.Баттулга чимээгүй сонсов. Үүний дараа хэвлэлийнхнийг гарахыг хүссэнээр уулзалт хаалттай үргэлжилсэн. Хөшигний цаана гишүүн байр сууриа илэрхийлсэн биз ээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.