Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЖЕМИЛ ЧИЧЕК: ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦЭЭРҮҮДИЙГ ЯАРАВЧИЛЪЯ

1969 оны зургадугаар сарын 24. Энэ бол Монгол, Турк хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон түүхэн өдөр. Олон зуун жилийн түүхийн шижмээр холбогддог ч улс гэрийнхээ харилцаа, хамтын ажиллагааг албачилж ёсчилсон эл өдрөөс хойш яг 45 жилийн дараа Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний их хурал (ҮИХ)-ын дарга ноён Жемил Чичек Монгол Улсад албан ёсоор айлчиллаа. Тус улсын хууль тогтоох байгууллагын даргын энэхүү айлчлал цаг хугацааны хувьд ийн давхцаж байгаа нь хоёр тал харилцаа, хамтын ажиллагааныхаа өнгөрсөн болоод ирээдүйд ихэд ач холбогдол өгч буйн илрэл.

Албан ёсны яриа, хэлэлцээний үеэр ч талууд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөж үүлэн хөгж үүлэхэд энэхүү айлчлал чухал ач холбогдолтойг тэмдэглэж байсан. Ноён Жемил Чичек УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар энэ сарын 23-26-нд манай улсад албан ёсоор айлчилж буй. Айлчлалын хүрээн дэх албан ёсны гол арга хэмжээнүүд өчигдөр боллоо. Хоёр орны парламентын дарга нар албан ёсны хэлэлцээ хийж, УИХ, ҮИХ хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурсан юм.

Хэлэлцээний эхэнд УИХ-ын дарга З.Энхболд түүхийн гүн хэлхээ холбоотой, хэл, ахуй, соёлын ижил төстэй, нийтлэг өв уламжлалтай Монгол, Туркийн ард түмний харилцаа сүүлийн жилүүдэд улам идэвхжиж, амжилттай хөгжиж буйд баяртай байгаагаа илэрхийлсэн. Мөн “Хоёр улсын иргэд 30 хоногийн хугацаатай харилцан визгүй зорчих болсон нь хоёр улсын бизнес, нийгэм соёлын болон иргэд хоорондын харилцааг хөгжүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлсэн” гэв. Ингээд тэрбээр арьс шир боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар Турк улсын туршлагаас судлахын зэрэгцээ хоёр улсын компаниудыг хамтран ажиллахыг хүсэж буйгаа мэдэгдлээ. Манай талаас орон сууц, дэд бүтэц, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарт Туркийн хөрөнгө оруулалтыг түлхүү оруулах сонирхолтой гэдгээ илэрхийлэв. Харин ҮИХ-ын дарга Жемил Чичек УИХ-ын даргын хөндөн тавьсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ажиллах болно гээд “Хоёр улсын хооронд үйлдвэрлэл хөгжүүлэхэд эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа маш чухал. Энэ асуудлаар хоёр улсын хооронд Ажлын хэсэг байгуулагдсан ч албан ёсны хэлэлцээ, уулзалтууд хийж эхлээгүй байна. Иймээс дээрх салбарт хоёр талын уулзалт, хэлэлцээрүүдийг яаравчлах саналтай байна” хэмээсэн юм.

Арьс ширний үйлдвэрлэлийн тухайд хоёр орны бизнес эрхлэгчдийн дунд үзэсгэлэн яармаг зохион байгуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх саналтай буйгаа илэрхийлж байлаа. Тэрбээр Монгол Улсаас суралцах оюутны тоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарахаа амласан. Мөн хууль сахиулах, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэв.

Эцэст нь тэрбээр “Турк, Монгол Улсын хооронд ямар нэгэн улс төрийн зөрчил байхгүй” хэмээн онцлоод, боловсрол, гэр хорооллын дахин төлөвлөлт, бүтээн байгуулалт гэх мэт олон салбарт хамтран ажиллах боломж байгааг дуулгалаа. Уулзалтын үеэр хоёр орны парламентын Тамгын газруудын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг талууд онцолж байсан. Тэд Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-гийн санхүүжилтээр УИХ-ын номын санг цахим хэлбэрт шилжүүлэх, хэвлэх цехийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийн нээлтийн ёслолд оролцож, тууз хайчлав.

2011 оноос хойш хоёр үе шаттай хэрэгжсэн төслийн нийт өртөг 692 мянган ам.доллар. Энэхүү төслийн хүрээнд УИХ-ын номын сангийн мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэхэд шаардлагатай есөн төрлийн техник хэрэгсэл нийлүүлж, ашиглалтад оруулсны зэрэгцээ хэвлэх, дэвтэрлэх, хавтас бүрж наах, огтлох зэрэг үйлдэл хийх хүчин чадалтай хэвлэлийн техник, тоног төхөөрөмж шинээр суурилуулжээ. Ноён Жемил Чичек дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав.

Ерөнхийлөгч агаарын тээвэр, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хамтран ажиллах талаар хөндсөн. Харин ҮИХ-ын даргад бараалхсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Туркийн хөрөнгө оруулалтыг цаашид орон сууц, зам гүүр, геологи, уул уурхай, эрчим хүч, арьс шир боловсруулах зэрэг салбарт түлхүү татах шаардлагатай” гэлээ.


Б.НОМИН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.