Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг АТГ-аас ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

 – ЭЗХЯ-нд тавьсан чагнах төхөөрөмж энэ хэрэгт холбоотой бололтой –

Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатарын өрөөнөөс өнгөрсөн баасан гаригт тагнах, чагнах, дүрсжүүлэх төхөөрөмж илэрсэн нь дуулиан болоод байгаа билээ. Уг төхөөрөмжийг АТГ-ын Гүйцэтгэх албанаас тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэл байгаа ч үүнийг батлах боломжгүй. Прокурорын байгууллагынхан “Гүйцэтгэх ажлын мэдээлэл улсын нууцад хамаардаг” хэмээн мэдээлэл өгөхөөс татгалзаж буй.

Б.ШИНЭБААТАР: ТАГНУУЛЫНХАН ЧАГНАХ БОЛОН ДҮРС БИЧЛЭГИЙН ТӨХӨӨРӨМЖ ИЛРҮҮЛСЭН

ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар өчигдөр хэвлэлийнхэнд хандаж болсон явдлын талаар мэдээлэв. Тэрбээр “Өнгөрсөн баасан гаригт буюу зургадугаар сарын 20-ны өглөө ажилдаа ирэхэд өрөөний маань таазнаас шохой, шороо унасан байсан. Өмнө нь бас ингэж шороо, шохой унасан ч тэр үед анзааралгүй, үйлчлэгчээ дуудаад цэвэрлүүлчихдэг байсан. Өнгөрсөн баасан гаригт үүнийг ямар учиртай юм бол гэж бодоод сайддаа хэлэхэд “Наад асуудал чинь ноцтой хэрэг. Холбогдох газраар нь шалгуул” гэж зөвлөсөн. Ингээд Тагнуулын ерөнхий газарт хандахад тэндээс хүмүүс ирж үзлэг хийгээд чагнах төхөөрөмж болон дүрс бичлэгийн жижиг камер илрүүлсэн. Би төрд насаараа, шударгаар ажиллаж ирсэн. Ингэж иргэдээ тагнаж, чагнаж болохгүй гэж бодож байна. Энэ хугацаанд миний хувьд ямар нэгэн асуудалд холбогдож байсан түүх үгүй. Төрийн албан хаагчийг хэн, ямар зөвшөөрлөөр чагнав, эсвэл хувь хүн чагнасан юм уу мэдэхгүй. Ямартай ч энэ асуудлыг тагнуулын байгууллагаар шалгуулах хүсэлт гаргасан. Зөвхөн миний өрөөг шалгаад бусад өрөөнд ийм төхөөрөмж тавьсан, эсэхийг тагнуулын байгууллага шалгаагүй. Миний өрөөнд улс орны ирээдүйн хөгжлийн талаар ярилцдаг, нууцлаад байх зүйл байдаггүй. УИХ болон Байнгын хорооны хуралдааны үеэр бүгд ил болдог” гэв.

Н.МӨНХБАТ, Б.ШИНЭБААТАР НАРЫГ ШАЛГАХ ҮНДЭСЛЭЛ БАЙГАА ГЭНЭ

АТГ-ын Гүйцэтгэх албанаас Гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийн хүрээнд тагнаж, чагнасан байх магадлалтай гэж дээр дурдсан. Гадаадаас өндөр хүүтэй өрийн бичиг буюу бонд гаргаж, улмаар түүнээс орж ирсэн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулан ард түмнийг өрийн дарамтад унагаж байна хэмээн шүүмжлэх болсон. “Чингис”, “Самурай” зэрэг бондын хөрөнгийн зарцуулалтыг АТГ-аас анхааралдаа авсан талаар өнгөрсөн тавдугаар сард тус газрынхан мэдэгдэж байсан. Үүнтэй холбогдуулж Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг шалгаж эхэлсэн гэдгийг прокурорын байгууллагын баттай эх сурвалж бидэнд хэллээ. Эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцон дөнгөж шалгаж эхэлж байгаа болохоор илүү мэдээлэл өгөх боломжгүй байгаа бололтой. Түүнийг чухам ямар хэрэгт холбогдуулан шалгаж буйг АТГ-ынхнаас тодруулахад “Шалгаж эхэлсэн нь үнэн” гэхээс өөр мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Бидэнд олдсон мэдээллээр Н.Мөнхбатын холбогдсон хэрэгт Б.Шинэбаатарыг шалгах үндэслэл байгаа гэнэ.

 

 

Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.