Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ДАМАСКТ ДАЙНЫ ГАЛ ТҮР НАМЖЛАА

Сирийн нийслэл Дамаск хот дахь палестин дүрвэгсдийн Яармук хуарангийн эргэн тойронд гал нээхийг хориглох тухай тус улсын Засгийн газрын шийдвэрийг босогчид дагаж мөрдөхөөр болжээ. Ингэснээр Дамаск хотын хэд хэдэн дүүрэгт дайны гал түр намжаад байна. Гал зогссоноор хуаран руу нэвтрэх аюулгүйн зам нээгдэж, дүрвэгсдэд тусламжийн бараа хүргэх гарцтай болох юм. Гэхдээ Сирийн арми, Яармук дахь сири босогчид болон Палестиний хэд хэдэн зэвсэгт бүлэглэл хоорондын гал зогсоох тухай нэг бус гэрээ өмнө нь хэрэгжиж эхлэхээсээ өмнө хүчингүй болж байсан учир энэ удаагийн тохиролцоо хэдий хугацаанд хүчин төгөлдөр байх нь тодорхойгүй байна.

Гурав дахь жилдээ үргэлжилж буй Сирийн иргэний дайны улмаас Дамаск хот байлдааны талбар болж, өнгөрсөн долдугаар сараас хойш 18 мянга гаруй хүн бүслэлтэд орсон гэж эх сурвалжууд мэдээлдэг. Олон улсын хүний эрхийн байгууллагуудын тооцоогоор өнгөрсөн жил гаруйн хугацаанд палестин дүрвэгсдийн хуаранд 100 гаруй хүн өлсгөлөнгөөр нас барсан гэнэ. Хүмүүнлэгийн байгууллагууд, тэр дундаа НҮБын Палестин дүрвэгсдийн асуудал эрхэлсэн хороо сүүлийн хоёр долоо хоногийн турш хуаран руу хүнс, эм тариа оруулахыг оролдсон ч бүтэлгүйтсээр байгаа аж.

1948 оны Араб, Израилийн дайнаас зугтсан палестинчүүд Яармук хуаранг байгуулжээ. Энэ нь хилийн чанад дахь палестин дүрвэгсдийн хамгийн том суурин юм. Харин Сирийн иргэний дайн хурцдаж, 2012 оны сүүлчээр дайсагнагч талууд тус хуаран руу нэвтэрсэн нь дүрвэгсдийн амьдралыг улам дордуулсан байна. Ажиглагчдын онцолдгоор уг хуаран нь дүрвэгсдийн бусад хуарантай харьцуулахад амьдрах орчин нь хамгийн хүнд хэцүү нь аж. Уг газрыг мөн Сири дэх аллага, хүчирхийллийн илэрхийлэл болсон гэдэг.


Г. ЛХАГВА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.