Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.АШИД БУРИАДАД “ДАВХАР ЦОХИЛТ” ХИЙЛЭЭ

 Буриадын өсвөрийн шатарчдын АШТ-д Монгол Улсын гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн Ц.Ашид хэмээх бяцхан шавиа сойжээ. Тэнд зохиогдсон Гэр бүлийн шатарчдын тэмцээнд түрүүлж, гранпри хүртээд байсан сайхь хөвгүүн энэ удаа ч ялалтын буухиагаа үргэлжлүүлэн, 13 насны ангилалд алтан медалиар энгэрээ мялаасан билээ. Тэмцээн дуусахаас нэг тавилын өмнө тэрбээр аваргалах болзол хангасан юм. Жийгээ багшийг Улаан-Үдээс ирээд байхад нь уулзаж, цөөн хором ярилцлаа.

-Буриадын УАШТ Улаан-Үд хотод долоо хоног боллоо. Олон улсын шатрын холбооны дүрмээр өдөрт нэг л тоглолт болсноороо онцлог. Өөрөөр хэлбэл, нэг өргийг 1 цаг 30 минутад тоглосон гэсэн үг. Тэмцээнд нийт 190 шатарчин өрсөлдсөн. Ц.Ашидын насанд 29 шатарчин оролцсон юм. Шалгарсан тамирчдыг цаашид ОХУ-ын АШТ-д оролцуулдаг юм байна. Буриадын бүх районоос өсвөр тамирчид тус тэмцээнд оролцсон. Медаль авсан тамирчнаа дасгалжуулагчийнх нь хамтаар шагнадаг бас нэг онцлог байна. Ерөнхийдөө маш хариуцлагатай, ур чадвар сорьсон тэмцээн боллоо. Энэ дашрамд онцлоход Улаан-Үдэд байгаа Консулын хамт олон бидний байр, хоолны зардлыг хариуцаж, өөрсдийнхөө буудалд байрлуулсанд чин сэтгэлээсээ талархаж яваагаа илэрхийлье.

-Тус тэмцээнд яагаад олуулаа оролцож болоогүй юм бэ?

-Цаг нь тулсан учраас виз, байр, хоолны зардлыг зохицуулах чирэгдэлтэй. Богино хугацааны виз өндөр үнэтэй гарна. Нэг хүн 80 долларыг гаргах хялбар гэж үү. Тэндэхийн юмны үнэ манайхаас нэг дахин илүү үнэтэй. Тэр бүхнийг зохицуулах бидэнд төдийлэн амар байгаагүй. Дасгалжуулагчийн үүднээс миний хувьд Буриадын шатрын холбоо болон сайн багш нартай нь харилцан туршлага солилцсон. Хөрш зэргэлдээ улсаас суралцах хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Буриад угаасаа Оросын шатрын школтой газар. Дөрвөн райондоо шатрын спортын дунд сургуультай гээд бод доо.

-Ц.Ашид тэмцээн дуусахаас нэг тавилын өмнө түрүүлэх болзол хангасан гэсэн. Өрсөлдөгчдөө хэрхэн үнэлж байгаа бол?

-Өрсөлдөгчид нь сайн байсан. Буриадад нэг сар хэртэй бэлтгэл хийсэн нь түүний бэлтгэлд үр дүнгээ өгсөн нь лавтай. Энэ хугацаанд Оросын дасгалжуулагчдыг авчирч, тэнд тодорхой хэмжээний сургалт явуулсан. Ирэх долдугаар сард бид ОХУ-д болох ОУТ-д оролцоно. Наймдугаар сард Буриадын шатарчдыг эх орондоо урьж Монголд зохиогдох тэмцээнд оролцуулах юм. Буриадын Биеийн тамир, спортын дунд сургууль шатрын төрөлжсөн ангитай. Тэнд ажилладаг багш нар нь монгол мөнгөөр бодоход 2 сая гаруй төгрөгийн цалин авдаг юм билээ.

-Ингэхэд Ц.Ашид хэдэн настай билээ? Цаашид ямар тэмцээнд оролцох вэ?

-Ц.Ашид маань 11-тэй. Оролцохоор төлөвлөж байгаа томоохон тэмцээн гэвэл өсвөр үеийнхний ДАШТ, сурагчдын ДАШТ байна.

 

Б.ӨГДЭЙ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.