Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Н.Алтанхуяг: Цуурхал тараагаад ажил хийлгэхгүй байна, Газрын хуулийн төслөө татна

“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өчигдөр болж, Засгийн газрын тэргүүн цаг үеийн сэдвээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Үүнээс өмнө тэрбээр “Мэдээлэл, харилцаа холбооны үндэсний сүлжээний өргөтгөл, шинэчлэл” төслийн хүрээнд 150 сумыг өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбосны цахим нээлтийг хийсэн юм.

Мэдээлэл, шуудан харилцаа холбоо, технологийн газар төслийг захиалж, “Зэт Ти И” компани ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан аж. 150 сумын төлөөлөл Ерөнхий сайдтай цахимаар шууд холбогдож, туузаа хайчилсан. Засгийн газрын тэргүүн энэ үеэр “332 сумын 90 хувь нь интернэт сүлжээнд холбогдлоо. Одоо 30 гаруй сум үлдсэн. Үүнийг Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд интернэттэй холбоно” гэв. Төслийн хүрээнд алслагдсан сум руу нийт 9000 км өндөр хурдны сүлжээ, дамжуулах байгууламж тавьжээ. 150 сумын 129 нь нэгдсэн хяналтын сүлжээнд холбогдсон, үлдсэн 21 нь наймдугаар сарын 15-ны дотор бүрэн ашиглалтад орох гэнэ. Цаана нь 37 сум интернэтгүй үлдэж байгаа юм. Эдгээр нь газар зүйн байршил, техникийн нөхцөл байдалтай холбоотой юм байна. Үүний дараа Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариулав.

-“Буянт-Ухаа-1” хорооллын орон сууцанд захиалга өгч, азтан болсон иргэд жилийн найман хувийн хүүтэй зээлд хамрагдаж чадахгүй хүлээлт үүсээд байна. Засгийн газар орон сууцны журамдаа өөрчлөлт оруулсан юм уу?

-Засгийн газраас гаргасан журамд “Буянт-Ухаа-1” орон сууцанд хамрагдсан иргэн түүнийгээ 15 жилийн турш зарж болохгүй гэж заасан байсан. Гэхдээ бид арилжааны банкуудаас ирүүлсэн саналын дагуу тус байрыг банкны барьцаанд авах боломж олгож, журамд өөрчлөлт оруулсан. Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгоно гэж ойлгох хэрэгтэй.

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн Газрын тухай хуулийн төсөлд эдийн засгийн эргэлтэд оруулах нэрээр мөнгөтэй хүмүүст эзэмшүүлж, ашиглуулахаар тусгасныг олон нийт эсэрг үүцэж байна. Эзэмшүүлэх хугацаа бас хэтэрхий урт байна гэсэн шүүмжлэлд ямар тайлбар өгөх вэ?

-Олон нийтийн сүлжээгээр дамжуулан гүтгэлэг цацдаг сөрөг үзэгдэл бий боллоо. Твиттер, фэйсбүүкээр цацсан шиг тийм агуулга хуулийн төсөлд тусаагүй. Түүнийг нь хэлэхээр зөрүүлээд бөөн хэрүүл үүсгэх юм. Өнөөдөр өглөө Ц.Баярсайхан сайдаас асуусан, “Тийм юм байхгүй” гэж хариулж байна лээ. Өчигдөр УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “11-11” төвд ажиллаж, энэ асуудлаар иргэдэд хариулт өгсөн. Түүнээс хойш л надад мессеж ирлээ. Цуурхал тараагаад ажил хийлгэхгүй байна. Энэ бол газар хуваагаад авчихсан цөөн иргэдийн дэгдээж байгаа дуулиан. Уг нь дээрх хуулийн хүрээнд иргэддээ газар эзэмшүүлэх өргөн боломж нээх байсан. Бид буруу зөрүү юм хийх гээгүй, гэхдээ Ц.Баярсайхан гишүүнтэй яриад төслөө татаад авъя гэсэн. Хүмүүсээр мессеж бичүүлээд, олон нийтийн сүлжээгээр хэрэлдэх төвөгтэй юм. Тиймээс урьдчилаад иргэдэд зөв ойлголт өгч, тайлбарласны дараа ирэх намар төслөө дахин өргөн барина. Засгийн газар гаднынханд газраа хувьчилж, зарахгүй гэдэгт иргэд итгэх хэрэгтэй. Гэвч суртал ухуулга их яваад байна.

-УИХ-аас Иргэний нисэхийн салбарт баримтлах төрийн бодлогыг баталсан. Түүнд ойрын жилүүдэд МИАТ компанийг хувьчлахгүй гэж заасан, үүнийг яагаад өөрчлөх болов?

-Би бүхнийг мэддэг мэргэн жараахай биш. Гэхдээ алдагдалтай ажиллаж буй МИАТ компанийн 49 хувийг хувьчилж, 51 хувийг нь төрд авахаар тусгасан. Миний хувьд арай илүүг хувьд өгч, төр бага хувь авч үлдэх нь зөв гэсэн байр суурьтай байгаа.

-Төмөр замын шинэ шугам барих тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Төмөр замын царгийг ямар байдлаар шийдвэрлэхээр тусгасан бэ?

-Энэ асуудлыг гишүүн Х.Баттулгыг сайд байхад шийдсэн. Өчигдөр хуулийн төслийг дахин өргөн мэдүүллээ. Төмөр замыг дандаа нарийн царигаар барина гэсэн үг биш. Үндсэн сүлжээ өргөн царигт суурилна. Экспортын чиглэлийн төмөр зам нарийн байх уу, өргөн байх уу гэдгийг тухай бүрт нь Засгийн газар УИХ-аар шийд үүлж байх хуультай юм. Тиймээс Засгийн газар олон удаа хэлэлцсэний эцэст Тавантолгойгоос урд хөрш рүү тавих төмөр зам нарийн царигтай байх нь тохиромжтой гэж үзсэн. Тавантолгойгоос өргөн төмөр зам тавьчихвал нүүрс шилж үүлж ачих зардал өндөр болно. Тэр хэрээр нүүрсний үнэ өсөхөөр байгаа.


 С.УУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.