Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол олон улсын яриа хэлэлцээг санаачилдаг улс болжээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хельсинкийн үйл явц”-ыг жишээлэн Зүүн хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг өрнүүлэх санаачилгыг өнгөрсөн онд болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII хурлын үеэр дэвшүүлсэн билээ.

Энэхүү санаачилгын талаарх анхны олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр Улаанбаатар хотод боллоо. Монгол, БНАСАУ, БНСУ, БНХАУ, ОХУ, Япон, АНУ, Голланд, ХБНГУ, ИБУИНВУ-ын судалгааны байгууллагын төлөөлөл оролцож, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын эрсдэл, эдийн засаг, дэд бүтцийн хамтын ажиллагаа болон бүс нутагт итгэлцлийг бэхж үүлэх асуудлаар хэлэлцэж санал бодлоо солилцлоо. Энэ нь Монгол Улс үүнтэй адил яриа хэлэлцээ, олон улсын арга хэмжээнд оролцох гэж оролддог байр сууриа хэдийнэ гээж санаачилга гаргах хэмжээнд хүрч, тэр нь ажил хэрэг болж чадаж байгаагийн томоохон илрэл гэлтэй. Өмнө нь дээрх санаачилгын хүрээнд 2013 онд тус бүс нутгийн улс орнуудын парламентын эмэгтэй гишүүдийн чуулга уулзалтыг Монголд зохион байгуулсан билээ.

Мөн энэ онд Зүүн хойд Азийн орнуудын хотын дарга нарын чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Тиймээс л “Улаанбаатарын яриа хэлэлцээ” нэг удаагийн арга хэмжээ биш, тухайн хэлэлцэх асуудлаас хамаарч хоёр болон гурван талт, цаашилбал олон талт яриа хэлэлцээг өрнүүлэх гол арга зам болно хэмээн талууд найдаж буй бололтой. Учир нь оролцогчид юуны түрүүнд бүс нутгийнхаа бүх улс оронтой найрсаг харилцаатай манай улс Зүүн хойд Азид тулгамдаж буй аюулгүй байдлын асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах бүрэн боломжтойг эл хурал харууллаа гэж үнэлсэн юм. Бүс нутгийнхаа асуудлаар олон жил судалгаа хийсэн эрдэмтдийн санал бодол Зүүн хойд Азид яриа хэлэлцээний механизм бий болгоход чухал ач холбогдолтойг ч онцолсон. Тиймээс улс орон болгоны шийдвэр гаргагчид анхаарч, тусгана гэж найдаж буйгаа илэрхийлж байлаа.

Хамгийн гол нь “Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь аль нэг улс буюу нэг талын эрх ашгийг илүүд үзэлгүй, бүгдэд нь байр сууриа тодотгох, ойлголцоход дөхөм болж чадахуйц зарчмын дор өрнөлөө. Үүнтэй холбоотойгоор уг хурлыг цаашид уламжлал болгон зохион байгуулахаа Монголын Стратегийн судалгааны хүрээлэнгийнхэн амлалаа. Энэ удаагийн хурлын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Батчимэг оролцсон. Уг хурлын хүрээнд дөрвөн салбар хуралдаан болсон юм.


 Б.НОМИН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.