Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Бямбацогт: Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийг өршөөх нь шударга ёсонд нийцэхгүй

 Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих нэрийн дор өргөн барьсан татварын өршөөл үзүүлэх хуулийн төсөл нь хөрөнгө орлогын мэдүүлгээ худал бөглөсөн, хөрөнгөө нуусан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн авлигачдыг өршөөхөд чиглэгдсэн гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байна. Энэ хуулийн төсөлд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан хөрөнгө орлогоо 2014 оны долдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1 хүртэл хугацаанд илчилсэн хувь хүн, хуулийн этгээдийг өршөөхөөр тусгажээ. Энэ нь Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчмыг алдагдуулж байна гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт онцоллоо. Тэрээр "Мөрөөрөө бизнес хийж яваа хүмүүс, олон өрхийн амьдралыг авч яваа бизнес эрхлэгчид шударгаар татвар төлснийхөө төлөө хохирдог байж болохгүй.

Хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан нөхдийг өршөөнө гэсэн хуулийн төсөл оруулж ирсэн нь шударга ёсны зарчимд харшилж байна" гэлээ. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл нь аж ахуйн нэгж, иргэдэд зориулагдсан гэхээсээ илүүтэй хуулиа сахин биелүүлдэггүй, авлига авч хууль бусаар хөрөнгөжсөн цагаан захтнуудыг өөгшүүлсэн. Өөрөөр хэлбэл, "хуульчлагдсан авлигачид" болж хуулиар өршөөгдөх боломжийг олгож байна. Нөгөө талаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэх мэт хууль бус хөрөнгийг Монголд оруулж ирэх үүд хаалгыг нээх эрсдэлтэй. Мөн шударгаар эд хөрөнгөө бүртгүүлж татвараа төлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн урмыг хугалсан, хууль зөрчиж болдог, хуулиа биелүүлсэн нь хохирдог юм байна гэсэн ойлголтыг татвар төлөгчдөд бий болгож байна. Түүнчлэн нуусан хөрөнгөө ил болгосон тохиолдолд тухайн аж аж ахуйн нэгж, иргэн дээр шинэ мэдээллийн сан үүсгэж нууцлах бөгөөд дахин эрүүгийн хэрэг үүсгэхгүй, мөрдөж шалгахгүй юм байна.

Мөн 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх тайлан, баланс, хөрөнгө орлогын мэдүүлэг, холбогдох мэдээллийг устгахаар заасныг МАН-ын бүлэг буруушааж байна.  Эл хуулийн төсөлд нууцлахаар заасан мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэвлэн нийтлэхийг хориглоно гэж заасан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Энэ тухай мэдээллийг ил болговол иргэнийг таван сая, аж ахуйн нэгж байгууллагыг 50 сая төгрөгөөр торгоно гэсэн заалт оруулсныг ч МАН-ын бүлэг дэмжихгүй гэлээ.  Мөн Газрын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан эрх баригч намын зүгээс хийсэн мэдээлэлд ч хариулт өглөө. Бүлгийн дарга С.Бямбацогт "Газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын төлөө санаа зовж үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэд, төрийн бус байгууллага, тэр байтугай УИХ-ын гишүүдийг хэлсэн үгийнх нь төлөө хариуцлага тооцно, хууль хяналтын байгууллага шалгах ёстой гэж эрх баригчид айлган сүрдүүлж, дарамталж байгаа нь буруу" гээд МАН-ын бүлэг газар шорооныхоо төлөө дуугарч байгаа иргэн, төрийн бус байгууллагуудыг хамгаална гэдгээ илэрхийлэв. 

Ч.Хүрэлбаатар: Үндсэн хууль зөрчсөн Газрын хуулийн төслийг татаж авах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Үндсэн хууль зөрчсөн Газрын тухай хуулийн төслөө Засгийн газар эргүүлэн татах ёстой гэж мэдэгдлээ. Үндсэн хуулийн 6.5-д "Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно" гэж заасан. Гэтэл Засгийн газраас өргөн барьсан Газрын тухай  хуулийн төслийн 15.5-д "Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмших эрхийг худалдана" гэж тусгажээ. Мөн тэрээр "Үндсэн хууль зөрчсөн хуулийн төсөл боловсруулж өргөн барьсан Засгийн газрыг АН-ын бүлгийн дарга нь хамгаалахдаа өмнөх рүүгээ гүтгэсэн байдлаар мэдээлэл хийсэн. 2002 оны Газрын хууль дээр ийм заалт байсан гэж ярьсан нь ташаа" гэв.

Ч.Хүрэлбаатар гишүүний хэлснээр 2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн 6.3-т "Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно" гэж заасан байдаг аж.  Засгийн газраас 2013 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр өргөн барьсан Газрын тухай хуулийн төслийг дөрвөн хоногийн дараа холбогдох байнгын хороогоор хэлэлцсэн. Уг нь Үндсэн хуультай эн тэнцэхүйц ач холбогдолтой Газрын хуулийн төслийг хэлэлцэхээс өмнө ажлын хэсэг байгуулж, мэргэжлийн хүмүүс, ард нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн бол үр дүн нь илүү байх боломжтойг ч тэрээр тодотгов. Иймээс МАН-ын бүлэг Үндсэн хууль зөрчсөн Газрын тухай хуулийн төслөө Засгийн газар татаж авах, олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж дахин зөв хэлбэрээр нь оруулж ирэх шаардлагатайг онцлов.  

Ё.Отгонбаяр: АН-ын бүлгийн дарга уучлал гуйх ёстой

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр мэдээлэл хийхдээ УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр твиттерээр жиргэж, хүмүүст Газрын хуулийн төслийн талаар буруу ойлголт төрүүлж байна гэсэн юм. Энэ талаар Ё.Отгонбаяр гишүүн байр сууриа илэрхийлэв. Тэрээр газрын асуудлаар үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг хууль хяналтын байгууллагаар дарамталж, Үндсэн хуулиар олгосон эрхэнд нь бүдүүлгээр халдаж байгаадаа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат уучлалт гуйх ёстой гэв.  Мөн цааш нь хэлэхдээ "Газрын тухай хуулийн төсөлд газар эзэмших эрхийг үндсэндээ өмчлөх эрх болгон хувиргасан байгаа. Хуулийн зохицуулалтаас үзвэл "Газар өмчлөх гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах", "Газар эзэмших гэдэг нь гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах"-ыг хэлнэ. Гэтэл Засгийн газраас өргөн барьсан Газрын тухай хуулийн төслийн 27 дугаар зүйлд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрлөөр газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх, барьцаалах эрхийг нь нээж өгөхөөр тусгасан байна. Энэ нь захиран зарцуулах эрх үнэн хэрэгтээ нээгдэж байна гэсэн үг. Тийм болохоор ийм асуудал дээр байр сууриа илэрхийлэхээс өөр аргагүй" гэв.

Ер нь монгол хүн бүрийн эрх ашгийг хөндөж байгаа асуудлыг одоо шийдвэрлэх гэж яарах хэрэггүй. Булган аймгийн уулзсан малчин болгон бэлчээрийг эзэмшүүлж болохгүй гэсэн санал тавьж байгаа. Тиймээс малчдаас асуух ёстой. Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн хуулийн төсөл өргөн барьчихаад энэ талаар байр сууриа илэрхийлсэн хүмүүсийг хууль хяналтын байгууллагаар айлган дарамталж болохгүй гэж Ё.Отгонбаяр гишүүн хэллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.