Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ИРАКИЙН АСУУДЛААР ИРАНТАЙ ХЭЛЭЛЦЭНЭ

Иракт хүч түрэн орж ирсэн суннит босогчдын ISIS буюу Исламын Ирак ба Левантын улс хэмээх зэвсэгт бүлэглэлийг барууны орнууд дэлхий дахины аюулгүй байдалд заналхийлсэн, “Аль-Каида”- гаас хойших хамгийн аюултай үзэгдэл гэж нэрлээд байна. Энэ хөдөлгөөнийг хэрхэн зогсоох талаар АНУ-ын албаны хүмүүс Иракийн хөрш Иран улсын эрх баригчидтай хэлэлцээ хийхээр болжээ. Гэхдээ хэзээ гэдэг нь тодорхойгүй байна. Хоёр улсын албаныхан Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар энэ долоо хоногт багтан Австрийн нийслэл Вена хотод санал солилцоно. Тэгэхдээ Иракт цэргийн ажиллагаа явуулах, эсэх талаар тохиролцож магадгүй юм.

Ираны цөмийн хөтөлбөрөөс болж “дайснууд” болсон АНУ, Ираны эрх баригчдыг Иракт үүсээд байгаа нөхцөл байдал ойртуулна гэж ажиглагчид таамаглаж байна. Иракийн Мосул, Тикрит хотыг эзлээд байгаа ISIS-ийнхэн тус улсын Зэвсэгт хүчний 1700 гаруй албан хаагчийг хөнөөснөө мэдэгдээд байгаа. Тэд хэдэн арван хүнийг тууж яваа, заримынх нь ар нуруу руу буу тулгасан хэд хэдэн гэрэл зураг дэлгэсэн. Гэхдээ ирак цэргүүдийг босогчид хоморголон устгасан, үгүйг албаны хүмүүс баталж чадахгүй байна. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол 2003 онд Иракийн дайн эхэлснээс хойш тус улсад нэгэн зэрэг хамгийн олон хүн хөнөөсөн явдал энэ болох юм. Шашны хэт үзэлтнүүд 2006 оноос хойш Иракт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй ч тус улсын хотуудыг эзлэх ажиллагаа нь өнгөрсөн арванхоёрдугаар сард эхэлжээ. Тэд Иракийн шийт шашинт Ерөнхий сайд Нури Аль-Маликийг өөрсдийнх нь эсрэг бодлого баримталдаг гэж үздэг байна.


 Г.ЛХАГВА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.